| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00414/И |
| Дугаар | 414 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 414
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 353 дугаар байрны 23 тоотод оршин суух Ширчин дангин овогт Хүрэлчулууны Баттулгын Үрчлэлтийг хүчингүй тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданцэцэг, үрчлэгч О.Хүрэлчулуун, Д.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Х.Баттулга шүүхэд гаргасан хүсэлтэндээ: 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн охин Б.Үжинг өөрийн аав О.Хүрэлчулуун, ээж Д.Рэгзэдмаа нарт үрчлүүлсэн. 2014 онд эхнэр бид хоёр сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд суурьшин амьдарч байна. Миний аав ээж хоёр 2018 онд өндөр насны тэтгэвэртээ гараад Улаанбаатар хотруу шилжихээр болсон тул охин Үжинг өөрийн асрамжинд авч дүүгийнх нь хамтаар өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Одоо охин маань бидэнтэй хамт амьдарч байгаа аав, ээж маань үрчлэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрч байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн охин Б.Үжинг хадам аав О.Хүрэлчулуун, хадам ээж Д.Рэгзэдмаа нарт үрчлүүлсэн. 2014 онд нөхөр бид хоёр сургуулиа төгссөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд суурьшин тусдаа амьдарч байна. Хадам аав ээж хоёр 2018 онд өндөр насны тэтгэвэртээ гараад Улаанбаатар хотруу шилжихээр болсон тул охин Үжинг өөрийн асрамжинд авч дүүгийнх нь хамтаар өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Одоо охин маань бидэнтэй хамт амьдарч байгаа хадам аав, ээж маань үрчлэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрч байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
О.Хүрэлчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Үжинг үрчилж авсан. 2018 онд өндөр насны тэтгэвэртээ гараад Улаанбаатар хотруу шилжихээр болсон тул үрчлэлт хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Охин Б.Үжин одоо аав ээжтэйгээ амьдардаг гэв.
Д.Рэгзэдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Үжинг үрчилж авсан. 2018 онд өндөр насны тэтгэвэртээ гараад Улаанбаатар хотруу шилжихээр болсон тул үрчлэлт хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Охин Б.Үжин одоо аав ээжтэйгээ амьдардаг гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Баттулга Үрчлэлтийг хүчингүй тооцуулах-ыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Х.Баттулга нь Б.Үжинг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эцэг, эх О.Хүрэлчулуун, Д.Рэгзэдмаа нарт үрчлүүлсэн, үрчлэлтийг хүчингүйд тооцож хүүхдийг эцэг эхэд нь буцааж өгөх нь хүүхдийн эрх ашиг сонирхолд хохиролтой нь тогтоогдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үрчлэгч О.Хүрэлчулуун, Д.Рэгзэдмаа нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгрэлийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 024/002348 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-т зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Үжинг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ширчиндангин овогт Ойдовын Хүрэлчулуун, Элс овогт Дамдинпүрэвийн Рэгзэдмаа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА