Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 168

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,

Шүүгдэгч: М.Ө, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003710250 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.Ө,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Ө нь Баянконгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-21-35 тоотод тоотод 2019 оны 05 сарын 02-ны өдөр Н.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч М.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хөдөөнөөс манай найз Ө ирээд бид 2 гэртээ 1 шил архи уусан. Би нэг их согтоогүй гайгүй байсан. Тэгээд би Өын хамт морь руу нь явах гээд гарах гэхэд манай эхнэр Н.У намайг гаргахгүй гээд мотоцикл болон хувцаснаас татаад байхаар нь би гараараа хувцаснаас гарыг нь тавиулах гэж савсан чинь Н.Уийн хамар руу нь цохичихсон. Тэгээд би яваад өгсөн юм. Цохисноо ч мэдээгүй тэгтэл хамар руу нь цохисон байна лээ. Би түүнийг цохьё гэж бодоогүй миний хувцас болон мотоциклоос татахаар нь гараа авах гээд татсан чинь цохиулсан байсан. Тэгэхэд Ө хашааны гадаа гарчихсан байсан. Ө тэр талаар мэдээ ч үгүй байх. Ө бид 2 тэгээд морин дээр нь очоод байж байгаад хадмынд нь очоод Номин-Эрдэнийн найз залуу Ца руу яриад ирээд аваадах гэхэд Ца, Номин-Эрдэнэ эхнэр нар ирж авсан. Тэгээд гэртээ харихад цагдаа ирээд намайг авч явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Н.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манайд М.Өын найз Өсөх нь хөдөөнөөс ирээд манайд байхдаа тэр 2 нэг шил архи уусан. Тэгээд согтчихоод манай нөхөр найзтайгаа хамт мотоцикл жолоодож морь руугаа явна гэхээр нь би "явуулахгүй” гээд мотоциклыг нь өгч явуулахгүй гэж мотоциклоос нь татсан чинь М.Ө “яах гээд байгаа юм” гээд гараа хүчтэй татсан чинь миний нүүр. хамар руу 1 удаа цохисон. Тэгээд найзтайгаа хашааны хаалгаар гараад яваад өгсөн. Би мотоциклоо өгч явуулаагүй. Тэгээд би уурандаа охиндоо “энэ нэг юм чинь намайг цохичихпоо” гэж хэлсэн. Тэгтэл манай охин Номин-Эрдэнэ найз Цатайгаа хамт гэрт ирээд намайг аваад М.Өыг хайгаад олоогүй лагдаад Номин-Эрдэнэ дуудлага өгсөн. Тэгээд гэртээ ирээд байж байхад Ца руу М.Ө өөрөө залгаад “намайг ирээд аваадах” гэсэн тэгэхээр нь Ца. Номин-Эрдэнэ 2 яваад М.Өийг аваад ирсэн чинь цаглаа асаас нь орж ирээд барьж аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

... М.Ө өмнө нь намайг зодож байгаагүй. Янз бүрийн авир гаргаад байдаггүй юм. Найзтайгаа явахад нь явуулахгүй гэхэд уур нь хүрсэн юм байлгүй гараа татахдаа намайг цохичихсон... гэх мэдүүлэг /57-58/

4. Гэрч С.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би тухайн өдөр ажлаасаа ирж байхад над руу манай найз охины ээж нь болох Н.У залгаад уйлаад “Ө хамар руу цохичхоод яваад өглөө та 2 хаана явж байна” гэсэн. Тэгэхээр нь би “ажлаа дуусгаад явж байна яваад очъё” гэсэн. Би тэгэхэд Номин-Эрдэнэтэй хамт явж байсан тул шууд яваад очиход Н.Уийн хамар нь хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд Н.Уийн хамт бид 3 гадуур хайгаад Өыг хайгаад олоогүй. Тэгтэл Номин-Эрдэнэ цагдаад дуудлага өгсөн. Тэгээд орой нь Ө над руу залгаад “ирээд аваадах” гэхээр нь би Номин-Эрдэнэтэй хамт Политехникийн коллежийн гаднаас очиж авахад нэлээн согтуу байсан.Тэгээд гэр рүү нь очоод цагдаад хэлсэн. Тэгтэл цагдаа ирээд аваад явсан. Номин-Эрдэнэ бид 2-ын дэргэд зодоон болоогүй. Мотоциклтойгоо гарах гэхээр хорьсон чинь цохисон юм шиг байна лээ. Би тэр талаар нь сайн асуугаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

5. Гэрч А.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Бөмбөгөр сумаас ирээд найз М.Өынд очсон. Тэнд М.Ө бид 2 нэг шил архи хувааж уучхаад жаахан унтаж байгаад босож морь руугаа явсан. Би Өлзий- Оршихын гэрээс түрүүлээд гараад алхсан. Би морин дээр яаж очсоноо санахгүй байна. М.Ө нь эхнэр Н.Уийг зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Намайг гарч явсны дараа л зодоон болсон юм шиг байна лээ. Намайг Өын гэрт байхад Н.У зүгээр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн:

1 Н.Уийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Иргэн Н.Уийн биед 2019.05.02-ны өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтэл тогтоогдсонгүй.

4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй .гэх дүгнэлт /хх-ийн 15-16/ болон хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.Ө урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 77-78 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Ө нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-21-35 тоотод 2019 оны 05 сарын 02-ны өдөр хамтран амьдрагч Н.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Н.У мэдүүлэг, гэрч С.Ца, А.Ө нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Өийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч М.Өид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч М.Ө, хохирогч Н.У нар нь албан ёсны гэр бүл биш боловч хамтран амьдраад 9 жил болж байгаа нь нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч М.Ө нь Н.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь нотлогдож байна. Иймд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд прокуророос зүйлчилсэн зүйлчлэл зөв гэж үзлээ.

Шүүгдэгч М.Өид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж гэж үзлээ.

Шүүгдэгч М.Өид оногдуулсан ялыг түүний орлогын байдлыг харгалзан хоёр хувааж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Өид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.Ө нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул урьд ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Өийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Өийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.Өид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Өид нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч М.Өийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Өид хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Өид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Өид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ