Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 553

 

А.Түвшинзулд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цолмон /томилолтоор/,

яллагдагч А.Түвшинзул, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн гаргасан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 640 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5/43 тоот прокурорын эсэргүүцэлд үндэслэн А.Түвшинзулд холбогдох 201625012539 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Их тугтан овгийн Авирмэдийн Түвшинзул, 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, охин, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 7-22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: МЮ79062502/,

А.Түвшинзул нь давтан үйлдлээр, “Дестинейшнь Монгол” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа иргэн Б.Баясгалангийн орон сууцны зээлийн төлбөрт тушаасан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2.000.000 төгрөгийг, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 2.000.000 төгрөгийг бэлнээр,

мөн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Хосхийморь” ХХК-ийн менежер Г.Саранцэцэгээс шилжүүлсэн 2.607.390 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 1.997.480 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч нийт 8.604.870 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: А.Түвшинзулд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.”, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/”, 80.1.2 дахь хэсэгт “уг гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 316 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжид заасан хэргийн нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна гэж шүүх үзэв.

Тухайлбал: “Хосхийморь” ХХК-иас “Дестинейшнь Монгол” ХХК 28.000.000 төгрөгийн бараа материал худалдаж авсан болон “Дестинейшнь Монгол” ХХК-ийн хэний зөвшөөрлөөр ямар зорилгоор, хаашаа, ямар данс руу дээрхи 28.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар шалгаж тогтоох,

яллагдагч А.Түвшинзулд иргэн Г.Саранцэцэгээс шилжүүлсэн гэх 2.607.390 төгрөг, 1.997.480 төгрөгийг “Хосхийморь” ХХК-иас “Дестинейшнь Монгол” ХХК-д буцааж өгөх төлбөр мөн эсэхийг тус тус санхүүгийн баримтуудаар нарийвчлан шалгаж тогтоох хууль зүйн шаардлагатай гэх үндэслэлээр А.Түвшинзулд холбогдох 201625012539 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...А.Түвшинзулын аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа давтан үйлдлээр завшиж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруу нь нотлогдож, тогтоогдсон тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

Хохирогч Д.Батцэцэгийн “...Манай компанийн харилцагч “Хосхийморь” ХХК-иас манай компанийн нэрийг барьж НӨАТ-ын 2.607.390 төгрөг хувийн дансандаа хийлгэж завшсан. Тэгээд манай компаниас “Хосхийморь” ХХК-д шилжүүлэх ёстой байсан 3.997.480 төгрөг байснаас 1.997.480 төгрөгийг нь 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Түвшинзул нь өөрийнхөө “Голомт” банкны 3459256445 гэсэн данс руу хийлгэж авсан. Эдгээр учруулсан хохирол нь баримттай байгаа. Мөн дотоод аудит, хөндлөнгийн газрын Санхүүч нэртэй аудитын гаргасан дүгнэлтээр тогтоогдож байна.” гэж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Батцэцэгийг дахин байцаасан тэмдэглэл “...Манай компанид Саранцэцэг нь худалдсан барааныхаа НӨАТ-н падааныг бичиж өгөх ёстой байтал бичиж өгөхгүйгээр бэлнээр Түвшинзулын данс руу 2.607.390 төгрөг өгсөнийг А.Түвшинзул нь өөрийнхөө хувийн дансанд хийж завшсан. Мөн “Дестинейшнь Монгол” ХХК Саранцэцэгт бараа материалын мөнгө болох 3.839.596 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 1.997.480 төгрөгийг Түвшинзул нь Саранцэцэгт илүү явуулсан байна. 1.997.480 төгрөг нь өөр компанид өгөх ёстой мөнгө гээд өөрийнхөө хувийн дансанд хийлгэж завшсан.” гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ж.Цэвээндоржийг дахин байцаасан тэмдэглэл “...Хосхийморь” ХХК нь манай компанид хавтан нийлүүлэх гэрээтэй байсан, тэгээд манай “Дестинейшнь Монгол” ХХК-н ерөнхий нягтлан бодогч А.Түвшинзул тухайн үед хавтан авч байгаа юм гээд 28.681.300 төгрөгийг “Хосхийморь” ХХК-ийн ажилтан Саранцэцэгийн данс руу шилжүүлэх шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд гарын үсгээ зураад “Хосхийморь” ХХК-ийн ажилтан Саранцэцэгийн данс руу 28.681.300 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хийсэн. Манай компани “Хосхийморь” ХХК-иас хавтан авах гэж мөнгө шилжүүлсэн юм. Би Саранцэцэгийн дансыг цээжээр мэдэхгүй байна ямарч байсан данс руу нь шилжүүлсэн..., Саранцэцэгээс бараа материал авсаны төлбөр 28.681.300 төгрөгийг манай компани төлсөн, үүний НӨАТ-н буцаан олголт болох 2.607.390 төгрөгийг манай компани авах ёстой юм. Гэтэл Түвшинзул нь өөртөө авсан байсан. Харин 1.997.480 төгрөгийг Түвшинзул нь Саранцэцэгээс илүү мөнгө явуулсан байна гээд авсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Түвшинзул нь “Хосхийморь” ХХК-д 3.839.596 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна гэж надад танилцуулаад “Хосхийморь” ХХК-ийн ажилтан Саранцэцэгт шилжүүлсэн. Тэгээд Саранцэцэг рүү яриад илүү мөнгө шилжүүлсэн байна 1.997.580 төгрөгийг нь буцаагаад явуул гэж хэлээд өөрийн хувийн дансандаа авсан байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Саранцэцэгийн “...Надад Түвшинзул нь хэлэхдээ манай найз бараа худалдан авах гэж байгаа юм 20.000.000 төгрөгийн бараа материал авна гэсэн. Тэгээд над руу 28.681.300 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр миний данс руу шилжүүлэхээр нь би залгаад 8.000.000 төгрөг нь ямар учиртай юм бэ гэж асуутал наад мөнгөндөө тааруулаад бараа явуулчих гэсэн. Тэгэхээр нь би тааруулаад барааг нь явуулсан. Тухайн өдөр Түвшинзул нь над руу яриад дээрх мөнгөний НӨАТ-н хөнгөлөлт болох 2.607.390 төгрөгийг над руу миний данс руу хийчих гэхээр нь би шууд шилжүүлсэн. Дээрх бараа материал нь “Дестинейшнь Монгол” ХХК-ийн бараа байсныг би сүүлд нь бараа буухад мэдсэн. Дээрх 28.681.300 төгрөгийг миний 5094411175 гэсэн данс руу бараа материал авахаар шилжүүлсэн. Манайхаас Түвшинзул нь бараа аваад нөгөө компанид нь НӨАТ хэрэггүй гэсэн над руу 2.607.390 төгрөгийг нь явуулчих гэхээр нь би явуулсан. Хэрэв би дээрх бараа материалыг “Дестинейшнь Монгол” ХХК авч байгааг тухайн үедээ мэдсэн бол НӨАТ-н баримт бичиж өгөх байсан бас хувийн дансаар мөнгө авахгүй байсан. Манай компани “Дестинейшнь Монгол” ХХК-иас авлагатай учраас би 2015 оны 23 дугаар сард тэдний компанийн ерөнхий нягтлан бодогч А.Түвшинзул руу яриад 2.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гэхэд за манай дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би очих гэж явж байтал над руу Түвшинзул залгаад чи дансаа өгчих гэхээр нь би кассын орлогоо бариад очиж байна гэтэл дараа нь бичээд өгчих дансаа явуулчих гэхээр нь за за тэгье гээд дансаа өгсөн. Тэгэхэд Түвшинзул нь миний дансанд 3.839.596 төгрөгийг шилжүүлээд над руу би өөр компанийх байсан юм чи буцаагаад миний “Голомт” банкны данс руу шилжүүлчих гэхээр нь 10 дугаар хорооллын “Голомт” банкнаас шилжүүлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай эдийн засгийн шинжээчийн “Дестинейшнь Монгол” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийж гаргасан Аудитын дүгнэлт үндэслэлтэй байна. “Дестинейшнь Монгол” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Хосхийморь” ХХК-ийн менежер Саранцэцэгийн данс руу Хавтангийн төлбөр 28.681.300 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Саранцэцэгээс орлого 2.607.390 төгрөгийг Түвшинзулын данс руу шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “Хосхийморь” ХХК-ийн менежер Саранцэцэгийн дансанд Хавтангийн төлбөрт 3.839.596 төгрөг шилжүүлсэн. Энэ өдөртөө Саранцэцэг буцаалт гэсэн утгатайгаар 1.997.480 төгрөгийг Түвшинзулын данс руу шилжүүлсэн. “Дестинейшнь Монгол” ХХК-ийн борлуулалтын орлогоос 4 сая төгрөг, бусдад төлсөн төлбөрөөс 4.604.870 төгрөг буцааж шилжүүлж авсан, 7.005.954 төгрөгийн НӨАТ-н өр үүсгэсэн, нийт 15.680.734 төгрөгийн өр Түвшинзул дээр үүсэж байна. Эдгээр дутагдал нь санхүүгийн тайлангууд, НӨАТ-н тайлангууд, орлогын мэдүүлгүүд, орлогын ордеруудаар нотлогдож байна.” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралт, Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын тэмдэглэл, шинжээч байцаасан тэмдэглэл “...Дээрх 2.607.390 төгрөг болон 1.997.480 төгрөгийн нийт 4.604.870 төгрөгийг Сарангэрэл Түвшинзулд шилжүүлсэн мөнгө...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, яллагдагч А.Түвшинзулын “Голомт” банкны 3459256445 дугаартай харилцах төгрөгийн дансны хуулга “...Г.Саранцэцэгээс 2.607.390 төгрөг орлогдсон”, “1.997.480 төгрөг орлогдсон” зэрэг нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч А.Түвшинзул нь “Дестинейшнь Монгол” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа “Хосхийморь” ХХК-ийн менежер Г.Саранцэцэгт шилжүүлсэн хавтангийн төлбөр 28.681.300 төгрөгийн НӨАТ гэж 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 2.607.390 төгрөгийг Г.Саранцэцэгт хавтангийн төлбөрт 3.839.596 төгрөгийг шилжүүлээд илүү мөнгө шилжүүлсэн байна, буцаалт гэж 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 1.997.480 төгрөгийг тус тус өөрийн данс руу шилжүүлэн авч, “Дестинейшнь Монгол” ХХК-ийн буюу аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа авч завшсан болох нь тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж тогтоосон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Шүүх яллагдагч А.Түвшинзулын гэмт үйлдлийн болсон үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж, нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үнэлж дүгнэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана.” гэх заалтын дагуу яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 640 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 316 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжид заасан хэргийн нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Хохирогч Батцэцэг, гэрч Цэвээндорж, Саранцэцэг, бараа бэлтгэн нийлүүлсэн гэрээ, 167 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх ажиллагаанууд нь бүрэн хийгдсэн байхад шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.” гэв.

Яллагдагч А.Түвшинзулын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийг өмнө шийдвэрлэсэн анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад тодорхой заалтуудад байцаан шийтгэх ажиллагаа явуулахаар буцаасан. Тэгээд мөрдөн байцаалт явагдаад прокуророос шүүхэд шилжсэн үед эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүд хавтаст хэрэгт бүрэн тогтоогдоогүй. Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлогдвол зохих нөхцөл байдлууд дутуу нотлогдсон гэж үзсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч А.Түвшинзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 640 дүгээр захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Түвшинзулд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байжээ.

Иймд анхан шатны шүүх А.Түвшинзулд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, А.Түвшинзулд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 640 дүгээр захирамжийг хүчингүй болгож, А.Түвшинзулд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл яллагдагч А.Түвшинзулд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ