Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 474

 

 

     “ТЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “ТЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэрээр: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан “ТЗ” ХХК-ийн НЗД-д холбогдуулан гаргасан “НЗД-ын  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “ТЗ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч төлөөлөгч Ч.Д давж заалдах гомдолдоо: ““ТЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

“ТЗ” ХХК нь MV-011893 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий Хан-Уул дүүргийн Бөхөгийн голын адаг-1 нэртэй газарт 104,45 га газрыг 2015 онд шилжүүлэн авсан. Энэ цагаас эхлэн АМГУУХ-т ашиглалтын үйл ажиллагаа явуулах хүсэлтийг гаргасаар ирсэн.

НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж нь НМХГ болон НБО-ны хамтарсан хяналт шалгалтыг үндэслэн “ТЗ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

1. Маргаан бүхий НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, НИТХ-ын Тэргүүлэгчийн 2016 оны 50 дугаар  тогтоолыг тус тус үндэслэн “ТЗ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг.

НМХГ болон НБО-ны хамтарсан хяналт шалгалтыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаар удирдамжийн дугаар 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн байдаг.

Гэтэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчны нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан байхыг шаардаж байна. Дээрх хуулийн шаардлага нь нутгийн захиргааны байгууллагаас санал ирснийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргахаар заасан байна.

Үүний дагуу анхан шатны шүүхээс тус хуулийн шаардлагын дагуу нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэж НБО-ны газар дүгнэлт гаргасан эсэх асуудлаар нотлох баримт шаардахад НБО-ны газраас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/1866 дугаар албан бичгээр нутгийн захиргааны байгууллага бус МХГ-ын саналыг харгалзан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 02/959 дүгээр дүгнэлтийг гаргасан гэжээ.

Үүнээс үзэхэд нутгийн захиргааны байгууллагаас санал ирээгүй байхад БОГ-ын тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай дүгнэлт гаргасныг шүүх бодит байдлаар дүгнээгүй байна.

2. “ТЗ” ХХК нь маргаан бүхий MV-011893 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны АМГКХ-ийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан.

Үүнээс хойш ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан учир зохих эрх бүхий байгууллагуудаас цаг үргэлж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүссээр ирсэн.  Энэ нь ч шүүхээс хэргийн газарт хийсэн үзлэгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогддог.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө” гэж заажээ.

 “ТЗ” ХХК нь олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, олборлолт явуулаагүй учир худалдан борлуулах ажиллагаа хийгээгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нөхцөл байдал үүсээгүй.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий хэрэгт авагдсан нотлох баримтад бодит дүгнэлт өгөх замаар хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхилоо. 

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хэвлэлийн бага хурлын мэдээ, НЗД-ын  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг тухайн өдөр нийслэлийн албан ёсны цахим сайтад байршуулснаас үзэхэд хариуцагчаас сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч “ТЗ” ХХК нь 2016, 2017 онд үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн хирнээ үйл ажиллагаа явуулаагүйн улмаас дээрх албан шаардлагыг биелүүлэх боломжгүй байсан эсэх, албан шаардлагаар тогтоосон нөхцөл байдал нь бодитоор тогтоогдсон эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага,  түүний үндэслэл нь маргаан бүхий захиргааны акттай хэрхэн уялдаж, түүний улмаас нэхэмжлэгчийн чухам ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэрхэн хөндөгдөж байгаад дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжаар холбогдох хууль тогтоомж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан байх бөгөөд үүнд “ТЗ” ХХК багтжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан.

Гэтэл уг маргааны хувьд хариуцагч А/609 дүгээр захирамжийг гаргахдаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмлэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх  тухай” 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын дүнг буюу НМХГ-ын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 дугаартай албан шаардлагыг үндэслэжээ.

НМХГ-ын 02-05-201/763 дугаартай албан шаардлагад “...уурхай дээр байх ёстой баримт бичгийн бүрдэл дутуу, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тайлагнаагүй, тухайн жилийн төлөвлөгөөг батлуулаагүй, олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн, биологийн нөхөн сэргээлт хийж, нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэж өгөөгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгээгүй, гүний худгийн зөвшөөрөл, дүгнэлтгүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил гаргасан” гэжээ.

НБО-ны газраас НЗД-д хүргүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр дүгнэлтээр газар ашиглагч нь газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсээр давхцалтай, хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль тогтоомж зөрчиж олгосон, улсын байцаагчийн гаргасан удаа дараагийн шалгалтаар зөрчлөө арилгаагүй, биелэлт ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай улсын байцаагч санал гаргасан, 2017 оны 05 дугаар сард улсын байцаагчийн гаргасан хугацаатай албан шаардлага тогтоосон хугацаанд биелүүлээгүйг дурдаж, ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасны дагуу цуцлуулах саналыг хүргүүлсэн байх бөгөөд зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад нэхэмжлэгч “ТЗ” ХХК багтаагүй болох нь НБО-ны газрын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/286 дугаар албан бичгийн хавсралтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “хариуцагч нутгийн захиргааны байгууллагаас санал авалгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэх гомдол үндэслэлтэй байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “ТЗ” ХХК нь маргаан бүхий ашигт малтмалын талбайд үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон, хариуцагчаас уг үйл баримтыг үгүйсгэж маргаагүй тул ашиглалтын үйл ажиллагааны улмаас үүсэх эвдрэлийг арилгах буюу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүгээр маргаан бүхий А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

“ТЗ” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15/36 дугаар албан бичгээр “...хууль батлагдсантай холбогдуулан бид ашиглалтын үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу”, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15/170 дугаар албан бичгээр “...манай талбайн 85 хувь нь урт нэртэй хуульд хамрагдсанаар бид тусгай зөвшөөрлийн талбайдаа олборлолтын үйл ажиллагаа огт явуулаагүй ба талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаа тул холбогдох тодорхойлолтыг гаргаж өгнө үү”, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15/198 дугаар албан бичгээр “...ойн давхцлыг хасаж өгнө үү”,  2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16/12 дугаар албан бичгээр “...бидний аргагүй байдлыг харгалзан үзэж, комисс томилон бодит байдлыг газар дээр нь тогтоон өгч, манай үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү”, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16/142 дугаар албан бичгээр “...манай 2016 онд үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайланг хүлээн авна уу”, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16/143 дугаар албан бичгээр “...2017 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг “Х” тайлангаар хүргүүлж байгааг хүлээн авна уу”, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “...комисс томилон бодит байдлыг газар дээр нь тогтоон өгч тодорхойлолт гаргаж өгнө үү” гэх агуулга бүхий албан бичгүүдийг удаа дараа төрийн эрх бүхий байгууллагуудад гаргаж байхад захиргааны байгууллагууд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд нь уялдаа холбоотой ажиллаж хариу өгөөгүй, уг асуудлыг шийдвэрлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч компани 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн эсэх, бодит байдалд үйл ажиллагаа явуулсан эсэх, ямар үйл ажиллагаа явуулснаар холбогдох хууль, тогтоомжид заасан нийтлэг үүрэг, болон байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар нягталж, тогтоолгүйгээр, нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тусгай зөвшөөрлийг цуцлах саналд дурдагдаагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

 Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчсөн, уг нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн талбайг буцаан авсантай холбоотой нөхөх олговрыг олгоогүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж дүгнэхээр байна. 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр зохицуулсан.

Дээр дурдсанаар тухайн үед нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэх үндэслэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нь тогтоогдсон тул тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь аливаа байдлаар зөрчихгүйгээр шийдвэрлэх ёстой байжээ.

Гэтэл үүний дараа нэхэмжлэгчийн МV-011893 тусгай зөвшөөрлийн талбай нь  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай болсон нь хэрэгт авагдсан баримтаар[1] тогтоогдож байна.

НЗД-ын  А/609 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч тухайн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 

Гэхдээ нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмших эрх НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол гархаас өмнө буюу 2015 онд үүссэн байх тул  шүүхийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцүүлэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тодруулбал, маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй, Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолуудаар баталсан ойн сан бүхий газрын хилийн заагтай, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус хэдий хэмжээгээр давхцаж байгаа, ашигт малтмалын МV-011893 тусгай зөвшөөрөлтөй талбайн тодорхой хэсгийг ашиглах боломжтой эсэх, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөн олговорыг ямар хэмжээгээр олгох зэрэг асуудлыг шүүхээс тогтоох боломжгүй тул энэ талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч дээр дурдсан зүйлүүдийг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий А/609 дүгээр захирамжийн “ТЗ” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг    “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-д тус тус заасныг баримтлан НЗД-ын  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “ТЗ” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 89 дахь тал