Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ХШТ/58

 

Л.Б, Э.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Л.Б, шүүгдэгч Э.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Л.Б-ы өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 227 дугаар магадлалтай Л.Б, Э.О нарт холбогдох 2302 00403 0023 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1967 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй дээд боловсролтой, химийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... газрын ... ангийн захирагчаар ажиллаж байсан, ам бүл 3, ... , ...-ийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, У овгийн Л-ийн Б, (РД: ... ).

 

2.Монгол Улсын иргэн, 1977 оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... газарт Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, ...-ийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Э-ийн О, (РД: ... ).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

1.Шүүгдэгч Л.Б нь ... газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/925 дугаартай тушаалаар ... газрын даргаар, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар ... газрын дэргэдэх ... ангийн захирагчаар шилжин томилогдон нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу гэрийн эмчилгээнд олгох мансууруулах болон сэтгэцэд нөлөөт тариаг эмчилгээнд хэрэглэх зорилгоор ... газрын Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.О-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж 2021 онд 3.030 ширхэг трамадол тариаг, 2022 онд 300 ширхэг трамадол тариаг тус тус захиалан авсан,

үүнээс “М” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 216.000 төгрөгөөр авсан 150 ампул трамадол, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 130.909 төгрөгөөр авсан 100 ширхэг трамадол, “А” ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 176.000 төгрөгөөр авсан 200 ширхэг трамадол, “М” ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13.090 төгрөгөөр авсан 10 ампул трамадол тарианы үнэ болох нийт 535.999 төгрөгийг ... газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлүүлж,

мөн 2.870 ампул трамадол тариаг захиалан өгч, өөрөөр нь төлбөрийг нь төлүүлж, өөрт нь давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн Э.О-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд буюу бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

 

2.Шүүгдэгч Э.О нь ... газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/93 дугаартай тушаалаар ... газрын аврах ангид эмч, сэтгэл зүйчээр, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/380 дугаартай тушаалаар ... газрын ... хэлтэст Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр шилжин томилогдон ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажлын байрандаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу гэрийн эмчилгээнд олгох мансууруулах болон сэтгэцэд нөлөөт тариаг эмчилгээнд хэрэглэх зорилгоор ... газрын даргаар ажиллаж байсан Л.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж 2021 онд 3.030 ширхэг трамадол тариа, 2022 онд 300 ширхэг трамадол тариаг захиалан авч Л.Б-д тус трамадол тариаг өгч,

үүнээс “М” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 216.000 төгрөгөөр авсан 150 ампул трамадол, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 130.909 төгрөгөөр авсан 100 ширхэг трамадол, “А” ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 176.000 төгрөгөөр авсан 200 ширхэг трамадол, “М” ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13.090 төгрөгөөр авсан 10 ампул трамадол тарианы үнэ болох нийт 535.999 төгрөгийг ... газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлүүлж,

мөн 2.870 ампул трамадол тариаг захиалан өгөхдөө Л.Б-аар төлбөрийг нь төлүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар цагаатгах тогтоолоор Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт Л-ийн Б,  Б овогт Э-ийн О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, 227 дугаар магадлалаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүхийн шийдвэрийн шаардлагыг хангаагүй” үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дашдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Тус хэрэг нь 2021 оны 01 дүгээр сарын 08-аас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний хооронд гарсан байна. Уг хугацаанд “М” ХХК, “А” ХХК-аас эм, эмийн хэрэгсэл худалдан авч хэрэглэсэн байна.

Тухайн үед Монгол Улсад Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж байсан бөгөөд Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ээс 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл бэлэн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байсан. Үүнтэй холбоотойгоор ...-ын алба хаагчид гэртээ харих завгүй, тасралтгүй үүрэг гүйцэтгэж байсан.

Шүүгдэгч Л.Б нь арваад жилийн өмнөөс гурвалсан мэдрэлийн өвдөлт, тархины судасны эмгэгийн улмаас архаг хууч өвчтэй болсон бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өвчний улмаас өвдөлтөө намдаахын тулд эм, тариаг худалдан авсан байдаг. Ийнхүү шүүгдэгч Л.Б нь нийт 535.999 төгрөгийн эм, тариаг ... газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлүүлж, уг тариаг Э.О-аар захиалуулж тариулсан нь өнөөдрийн хэргийн шүүгдэгч болох гол шалтгаан болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Л.Б, Э.О нарын үйлдлийг гарцаагүй байдлын улмаас уг гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг оруулж мэтгэлцсэн ч анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хууль хэрэглээний зөв дүгнэлт хийсэн гэж үздэг.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Анхан шатны шүүхээс Л.Б, Э.О нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдэл шууд шалтгаант холбоотой гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй, эргэлзээ бүхий болохыг зөв тодорхойлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна. Тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй. Үүний нэг илрэл нь 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 143 дугаартай прокурорын яллах дүгнэлтэд авагдсан улсын яллагчийн ялласан баримтуудаас тодорхой харагдаж байна. Уг яллах дүгнэлтэд авагдсан нотлох баримт болох гэрч Э.О, Б.Б, Т.О, Ө.Г, Б.А, С.С нарын мэдүүлэг, Л.Б, Э.О нарын ажилд томилсон тушаалын хуулбар, ажлын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэдийгээр яллах талын баримтад авагдсан ч шүүгдэгч нарын талын нотлох баримтууд, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн баримтууд авагдсан болохыг анхаарах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоож чадсан. Хэргийн бодит байдлыг тогтоох гэдэг нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил, маргаантай асуудалтай холбоотойгоор үнэн зөв, бодит мэдээллийг цуглуулж, шинжилж, үнэлэн тодорхойлох үйл явц байдаг. Энэ нь шүүхийн үйл ажиллагааны чухал хэсэг бөгөөд дараах үндсэн зорилготой байдаг:

  1. Үйл явдал хэрхэн болсон, үнэн зөв эсэхийг тодруулах - Хэрэг гарсан нөхцөл байдал, оролцогч талууд, тэдний үйлдэл, үр дагаврыг тодорхойлох,
  2. Баримт, нотлох зүйлсийг цуглуулах, шалгах - Гэрчийн мэдүүлэг, бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоох,
  3. Хууль зүйн үнэлэлт өгөх - Хууль зөрчсөн эсэх, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлж чадсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг дүгнэхдээ шүүгдэгч Л.Б-ы биеийн эрүүл мэндийн байдал, эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдал, Э.О эмч хүний үүргээ гүйцэтгэсэн байдал зэргийг нотлох баримтуудад үндэслэн хангалттай дүгнэлт хийж чадсан.

Гэмт хэрэг гарсан байдал хавтаст хэргээс дүгнэж үзэхэд Л.Б нь 10 гаруй жилийн өмнө хүнд өвчний улмаас хэд хэдэн хагалгаанд орсон бөгөөд уг өвчин нь эмчлэгдэхгүй, асар их өвдөлт мэдэрч, зовоож шаналдаг байсан нь үйл баримтаар нотлогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэж заасан бол, арван долдугаар зүйлд “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж тодорхойлсон байдаг. Мөн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “эрүүл мэндээ хамгаалуулах” гэж хуульчлан заасан байдаг.

Энэхүү хуулийн заалтуудыг үндэслэн, иргэн хүн өөрийн эрүүл мэндийг хамгаалах эрхтэй бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 хэсэгт “эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг тодорхойлсон байна. Л.Б нь уг өвчний улмаас амь бие, эрүүл мэнд нь хүнд байдалд байсан нь хавтаст хэрэгт авагдсан эрүүл мэндийн баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. “Өвчин” гэж хүний болон амьтны бие махбод, сэтгэл зүй, эд эс, эрхтэн тогтолцоонд хэвийн үйл ажиллагааны алдагдал үүсгэж, тухайн организмын ерөнхий байдлыг доройтуулж, таагүй шинж тэмдгүүд илрэх эмзэг байдлыг хэлнэ.[1] Өвдөлт гэдгийг Олон улсын өвдөлтийн судалгааны холбоо (IASP) дараах байдлаар байдлаар тодорхойлсон. “Өвдөлт нь эд эсийн гэмтлээс үүдэлтэй эсвэл ийм гэмтэл учрах боломжтой нөхцөл байдалтай холбоотой таагүй мэдрэмж, сэтгэлзүйн туршлага юм. Энэ нь өвдөлт зөвхөн бие махбодын мэдрэмж төдийгүй, тухайн хүний сэтгэлзүй, туршлага, мэдрэлийн тогтолцооны ажиллагаатай холбоотой гэсэн үг юм.[2] Энэ их өвдөлтийн улмаас “... өвдөлт хэвээр байсан заримдаа үхэх талаар надад бодогдож байсан” гэх Л.Б-ы мэдүүлгээс[3], мөн яллагдагч Э.О мэдүүлэгтээ “... Тиймээ өвдөлт их байсан учраас трамадол тариаг тарьж байсан. Хагалгаа хийлгэхээр гадаад улсад явах гэсэн боловч цар тахлын улмаас явж чадахгүй байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал) ямар хүнд хэцүү байсан болох нь нотлогддог. Энэ өвчнөө дарахын тулд трамадол эмийг хэрэглэж байсан талаарх баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Хэрэв тухайн тариаг хэрэглэхгүй бол өвдөлтийн шоконд орж, амь насаа ч алдаж болох нөхцөл байдлын талаар яллагдагч нар хангалттай мэдүүлж ирсэн байна.

Өвдөлтийн шок гэдгийг хүчтэй өвдөлтийн улмаас үүсэж, цусны эргэлт, амьсгал, мэдрэлийн болон бусад тогтолцоонд ноцтой хямрал үүсгэдэг. Энэ байдал хүндэрвэл олон эрхтний дутагдалд хүргэж, яаралтай эмчилгээ хийлгээгүй тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй талаар анагаах ухааны эх сурвалжуудаас харж болохоор байна.

Харин Э.О нь эмч хүн бөгөөд эмчийн тангаргаа биелүүлэн, түүний эрүүл мэндийг хамгаалах үүргээ гүйцэтгэснийг буруутгах үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Л.Б, Э.О нар нь онцгой байдлын алба хаагчид бөгөөд, үүний зэрэгцээ төрд тангараг өргөсөн алба хаагчид болох нь тухайн цаг үед буюу цар тахлын улмаас гэртээ ч харих завгүй эх орон ард түмнийхээ төлөө ажиллаж байсан болох нь,
  2. Л.Б нь хүнд өвчтэй байсан бөгөөд уг өвчиндөө трамадол тариулах шаардлагатай байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Т.О, гэрч Б.А, мөн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,
  3. Л.Б-ы ажиллаж байсан алба нь сар бүр алба хаагчдын эрүүл мэндэд зориулан 1 сая төгрөгийн төсөвтэй байсан бөгөөд 2023 оны 01 сарын 01-ний өдрийн Хэмнэлтийн хуулиар 480.000 төгрөг болсон талаар гэрч Д.У, гэрч С.Б нарын мэдүүлэг болон ... газраас ирүүлсэн албан тоотуудаас,
  4. “М” ХХК, “А” ХХК-аас тухайн трамадол эмийг албаны давуу байдлаар аваагүй гэж үзэх нөхцөл: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг ... газарт 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 01/15 дугаартай албан тоотоор “...Тус газраас 2021, 2022 онд “М” ХХК (********), “А” ХХК (********) сар бүр хэрэгцээт эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн захиалга өгч худалдан авалт хийж байсан ба “мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм”-ийг худалдан авах, хуваарилах тусгай гэрээ хийгдэж байгаагүй болно” гэсэн албан мэдэгдэл гарсан байна. Мөн гэрч “А” ХХК-ийн менежер, нярав Б.С-ын “...Улсын болон хувийн эмнэлгүүд, эмийн сангуудад гэрээ байгуулсан үндсэн дээр олгодог. Иргэн хүнд трамадол тариаг зарахгүй, харин эмийн сангаас уг тариаг авах эрхтэй...” хэмээн мэдүүлсэн. Түүнчлэн, асуулт: “Трамадол тариаг аж ахуйн нэгж, байгууллагад авахад тавигдах шаардлага, зөвшөөрөл гэж байдаг уу” гэхэд хариулт: “Гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагад тариаг олгож байна.” гэжээ. Энэхүү баримт нь 2015 оны 02 сарын 24-ний өдрийн 68 дугаартай “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам”-ын 5.2 дахь заалтад үндэслэсэн бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага нь мансууруулах эмийг зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд болон мансууруулах эмээр үйлчлэх эрх бүхий эмийн сангуудад нийлүүлэх эрхтэй. Түүнчлэн, тухайн байгууллагын худалдан авах гэрээг үндэслэн эмийг олгох зохицуулалттай байна. Иймээс албаны эрх хэмжээг ашиглаж трамадол тариаг авсан гэх үндэслэл байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримуудаар хангалттай нотлогддог болохыг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч өгөхийг хүсэж байна.

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан асуудлыг тодотговол: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байна. 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах ” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ. Гэтэл Л.Б нь хүнд өвчний улмаас трамадол эмийг хийлгэх шаардлагатай байсан, Э.О нь эмч хүний үүргээ гүйцэтгэсэн үйлдлийг албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм. Тодруулбал, ... газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13/55 дугаартай албан тоотоор “...2021, 2022 онуудад “М” ХХК, “А” ХХК -аас сар бүр хэрэгцээт эм тариа, эмнэлгийн хэрэгслийн захиалга өгч худалдан авалт хийж ирсэн ба мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм худалдах худалдан авах тусгайлан гэрээ хийгдээгүй” талаар албан бичигт дурдсанаас үзэхэд тухайн байгууллагын нэрээр давуу байдал олж авсан болох нь үгүйсгэгдэж байна. Мөн 2023 оны 01 сараас хэрэгжсэн Хэмнэлтийн хуулиас өмнө алба хаагчдын эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг байсан талаар гэрч Д.У, С.Б нарын мэдүүлгээр нотлогддог. Энэ нь шүүгдэгч нарын үйлдэлд албан тушаалын давуу байдал үүсгэсэн байдал тогтоогдохгүй байна.

Тухайн зүйлийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгоно, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж “Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэжээ. Гэтэл шүүгдэгч Л.Б, Э.О нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үйлдэл биш гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэгдүгээрт албаны давуу байдлаа ашиглан хууль зөрчсөн нотолгоо байхгүй, хоёрдугаарт хувийн ашиг сонирхлын үүднээс бус, эрүүл мэндийн шаардлагаар эмчилгээ хийлгэсэн, гуравдугаарт өөрсдөдөө хууль бусаар давуу байдал бий болгоогүй.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэмт хэрэгт тооцогдсон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тооцно” гэж заасан байдаг боловч, Л.Б, Э.О нарын үйлдэл нь уг заалтад хамаарахгүй байна. Учир нь Л.Б нь хүнд өвчтэй бөгөөд уг өвчин нь асар их өвдөлт үүсгэдэг тул трамадол хийлгэх шаардлага гарсан. Э.О нь тухайн байгууллагын эмч хүн бөгөөд хүний эрүүл мэндийг хамгаалах тангараг өргөсөн, эмнэлгийн мэргэжлийн үүргээ гүйцэтгэж трамадолыг түүнийг эмчлэх зорилгоор хийлгэсэн. Иймд тэдний үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй гэж цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дашдорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж, яллагдагчаар татагдсан цагаас тэдгээрт хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, Э.О, Л.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хэрэгт эргэлзээтэй зүйлс олон байсан. Тухайлбал, анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч “шүүгдэгч нарын үйлдэл нь гарцаагүй байдлын шинжийг агуулж байна” гэх агуулгаар тайлбар гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудыг үзвэл, хэд хэдэн эргэлзээтэй нөхцөл байдал харагдана. Нэгдүгээрт, энэ хэрэг нь зөрчлийн хэрэг үү, гэмт хэрэг үү гэдэг эргэлзээ үүссэн. Хоёрдугаарт, прокуророос зүйлчилсэн хэргийн үндсэн шинжүүдийг авч үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх нөхцөл байдал бий эсэх талаар эргэлзээ үүссэн. Өмгөөлөгчийн хувьд, хэрэгт авагдсан баримтууд эргэлзээтэй, гэвч хуулиар хориглосон эм, бэлдмэлийн талаарх үйл баримт нотлогдсон тул тус нөхцөл байдлыг гарцаагүй байдлын үндсэн шинжтэй гэж үзэж, анхан шатны шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд, тэдгээрийн нотломж, өмгөөлөгчийн санал, прокурорын дүгнэлт зэргийг дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх яллах талын нотлох баримтуудыг ямар нэгэн үндэслэлээр няцааж чадаагүй тул прокурорын зүгээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хүлээж авсан. Гэтэл улсын яллагчийн бүрдүүлсэн нотлох баримтуудын дийлэнх нь цагаатгах талын нотлох баримт байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүн өөрийн биеийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хийгдсэн үйлдлийг албан тушаалын эсрэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуульд албан тушаалаа ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийн шинжийг эргэлзээ гарахааргүй хуульчилсан. Л.Б нь эрүүл мэндийн асуудалтай, хүнд өвчтэй, тодорхой эм, тариа хэрэглэх шаардлагатай нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Хэрэв тухайн эм, бэлдмэлийг хэрэглэхгүй бол Л.Б амь насаа алдах байсан учраас эмч өөрийн үүргээ гүйцэтгэсэн болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Түүнчлэн энэ хэрэг нь зөрчлийн шинжтэй юу, гэмт хэргийн шинжтэй юу, гарцаагүй байдлын шинжтэй юу, эсхүл хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх үү гэдэг нь эргэлзээтэй байгаа тул өмгөөлөгчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргасан. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны асуудлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Учир нь, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжиж, Монгол Улсын Засгийн газраас 8 удаа өндөржүүлсэн бэлэн байдал, 8 удаа онц байдал зарласан. Шүүгдэгч нар хоёулаа онцгой албан хаагчид бөгөөд энэ хугацаанд гэртээ харих завгүй ажиллаж байсан. Л.Б-ы өөрийн амь биед аюултай өвчний улмаас үүссэн өвдөлтийг дарахын тулд хийсэн үйлдэл нь гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг шүүх бүрэлдэхүүн дүгнэж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээ хангалттай” гэв.

 

Шүүгдэгч Л.Б-ы өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нэгдүгээрт, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан үндэслэлийг няцаагаагүй гэх үндэслэлээр, хоёрдугаарт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг баримталж цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл хуульд заасны дагуу прокурор нь шүүгдэгчийг яллах, цагаатгах нотлох баримтыг тал бүрээс нь цуглуулах үүрэгтэй. Яллах дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд тусгагдсан баримтууд нь шүүгдэгчийг цагаатгах баримтууд байсан. Гэтэл уг асуудлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Тухайлбал, ... газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар Л.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс ... газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл хэрэгт авагдсан зарлага, орлогын баримт, төлбөрийн хүсэлт, төрийн сангийн баримтууд нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших хугацааны баримтууд байсан. Өөрөөр хэлбэл, тус цаг хугацаанд Л.Б нь ... газрын даргаас чөлөөлөгдөж, ... дугаар ангийн дарга болсон. Тэгэхээр албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх үндэслэлгүй. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт нийцээгүй хууль бус үйлдэл, эсхүл үйлдэхүй юм. Энэ асуудлыг анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо зөв дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын үйлдлийг нийгэмд аюултай гэж үзэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн бөгөөд албаны үүргээ урвуулан ашигласан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Л.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Миний бие энэ өвчнөөр 7-8 жил өвдөж, 5 удаа хагалгаанд орсон. Хүн өвчний өмнө сөгддөг юм байна лээ. Одоогоор миний бие эдгээгүй байгаа. Ямар өвчин гэдэг нь тодорхойгүй. Ерөнхийдөө хавдар гэсэн. Тодруулбал, гурвалсан мэдрэлийн өвдөлт. Миний бие Турк, Тайланд улсуудад тархиндаа 5 удаа хагалгаа хийлгэсэн. Өмгөөлөгч нарын гаргасан саналын дагуу миний биеийн байдлыг харгалзан үзэж цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Э.О хяналтын шатны шүүх хуралдаанд “Хэлэх саналгүй” гэв.

 

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Төрийн албаны хоёр албан тушаалтан албаны бүрэн эрх, албан тушаалын давуу байдлаа ашиглан энгийн иргэнд хязгаарлалттай, жороор олгогддог, хэрэглээний тусгай тайлан гаргадаг хуулийн зохицуулалт бүхий мансууруулах эмийн жагсаалтад багтах тариаг их хэмжээгээр авч ашигласан нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Нэгдүгээрт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдэл нь албан тушаалын гэмт хэргээс гадна өөр гэмт хэргийн шинж буюу нийлмэл гэмт хэргийн шинжтэй үйл баримт байсаар байхад анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ хуулийг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 24 дүгээр тогтоолд нотлох баримтад эргэлзээ төрвөл хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх асуудлыг тайлбарласнаас өөрөөр буюу буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна. Хоёрдугаарт, шүүгдэгч нарыг давуу байдлаа ашиглан олж авсан трамадол гэх тариа нь Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 184 дүгээр тушаалын хавсралтад дурдсан Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын мансууруулах эмийн жагсаалтын 14 дүгээрт байдаг бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар хяналтад байлгавал зохих эм юм. Түүнчлэн тус эмийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар эмчийн заалтаар хэрэглэхээр, мөн хуулийн 13 дугаар зүйлийг 13.1.3, 13.1.6-д тус тус заасны дагуу жоргүйгээр болон хүчингүй болсон жороор олгохгүй, жорд заасан хэмжээнээс илүү тоогоор олгохыг хориглодог. Мөн иргэн мансууруулах эмийг эмчийн жоргүйгээр хэрэглэхийг хориглодог. Үүнээс үзвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй эсэхийг бүрэн шалгаж тодруулаагүй байхад хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, хэрэгт авагдсан гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Л.Б-ы дансны хуулгыг үзвэл 1 жилийн хугацаанд сар бүрийн тодорхой давтамжтай “эмийн мөнгө”, “шилжүүлэг” гэсэн утгатай, анхаарал татахуйц 32 удаагийн, нийт 47.000.000 орчим төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг. Гэтэл энэ асуудлыг шалгаж тодруулаагүй. Шүүгдэгчийн 1 жилийн хугацаанд авсан 3.330 ширхэг ампул тариаг гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа буюу 388 хоногт хуваан тооцвол нэг өдрийн хэрэглээнд 8.5 буюу 8-9 тариа зарцуулсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгчийн авсан тариа нь дандаа 100 миллиграммын хэмжээтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Гэтэл шүүгдэгчийн эм хэрэглээний байдлыг хэрэгт авагдсан баримттай харьцуулан дүгнэж, шалгаагүй орхигдуулсан нь үндэслэлгүй бөгөөд эдгээр байдлуудыг эцэслэн шалгасны эцэст хууль зүйн дүгнэлт хийх боломж үүсэж байна. Бүх мэдээлэл нээлттэй болсон өнөөгийн цагт трамадол тарианы талаар интернэтээр судлах боломжтой болсон. Ингэхэд уг тариа нь мансууруулах бодис агуулдаг, донтуулдаг, зөвшөөрөгдөх тунгийн дээд хэмжээ нь өдөрт 50 миллиграммаас хэтрэхгүй, шаардлагатай тохиолдолд 100 миллиграммыг 4 цаг тутамд эмчийн хяналтад хэрэглэх бөгөөд ингэхдээ 2 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэхийг зөвшөөрөхгүй гэх баримт нийтэд ил тавигдсан байна. Эдгээр баримтуудыг харьцуулан шинжлэн үзэхэд, анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дашдоржийн магадлалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг үндэслэн Л.Б, Э.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

 

2.Прокуророос Э.О-г ... газрын аврах ангид эмч, сэтгэл зүйч болон ... хэлтэст Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр шилжин томилогдон нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж,

албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу гэрийн эмчилгээнд олгох мансууруулах болон сэтгэцэд нөлөөт тариаг эмчилгээнд хэрэглэх зорилгоор ... газрын даргаар ажиллаж байсан Л.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж нийт 3.330 ширхэг трамадол тариаг захиалан авч Л.Б-д өгсөн,

үүнээс “М” ХХК-аас авсан 260 ампул трамадол, “А” ХХК-аас авсан 200 ампул трамадол тарианы үнэ 535.999 төгрөгийг ... газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлүүлж, мөн 2.870 ампул трамадол тариаг захиалан өгөхдөө Л.Б-аар төлбөрийг нь төлүүлж бусдад давуу байдал бий болгосон,

мөн шүүгдэгч Л.Б-ыг ... газрын дэргэдэх ... дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдэхэд татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

3.Анхан шатны шүүхээс “шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байна” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “цагаатгах тогтоол хуулийн шаардлага хангахгүй” үндэслэлээр хүчингүй болгосон байна.

 

4.Хяналтын шатны шүүх Л.Б, Э.О нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн авч хэрэгжүүлээгүй гэж дүгнэж, энэ талаар шүүх хуралдаанд гаргасан прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үлээ.

 

5.Хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Л.Б нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн тодорхойлсноор “гурвалсан мэдрэлийн нервалги, гавлын бусад тодорхой эмгэг” гэсэн оношоор 10 орчим жил эмчилгээ хийлгэж, мэс засалд хэд хэдэн удаа орсон,

мөн ... газрын харьяа, ... дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа ... газрын ... хэлтэст нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Э.О-аар дамжуулан, ... газрын нэрийн өмнөөс “М” ХХК болон “А” ХХК-аас Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/184 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-ын мансууруулах эмийн жагсаалтад багтсан “Трамадол” хэмээх олон улсын нэршилтэй, 100 мг тунгийн хэмжээтэй тарианаас 535.999 төгрөгийн үнийн дүн бүхий 460 ампулыг ... газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлж, 2870 ширхгийг өөрийн зардлаар төлж авсан гэх,

мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг тусгай зөвшөөрлийн дагуу импортоор оруулж ирдэг “А” ХХК, “М” ХХК-ууд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Словени, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Словак зэрэг улсуудаас импортолж, ... газарт тус мансууруулах үйлчилгээтэй эмийг гэрээ байгуулахгүйгээр, захиалгаар олгож байсан, 

... газрын хувьд гамшиг, осолд өртсөн хүн болон алба хаагчдадаа трамадол тариаг хэрэглэдэг байсан гэх,

Нийслэл дэх төрийн аудитын газраас 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд баталгаажуулах аудит хийж зөрчилгүй дүгнэлт олгосон гэх нөхцөл байдлуудын талаарх нотлох баримтууд авагджээ.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “... гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах ...” гэж тодорхойлж, уг зорилтын хүрээнд мөрдөгч, прокурор хуульд заасан хэрэгслээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх, гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтоох, зүйлчлэл, гэм буруу, ялын асуудалд зөв дүгнэлт өгөх үндэс болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч этгээд нь нотлох баримтыг цуглуулж, түүнийг бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдсөн байдлыг тогтоох бөгөөд энэхүү үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хуульчилсан билээ.

 

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээ, баримтыг илрүүлмэгц хэргийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор “Quis, Quid, Ubi, Quibus auxiliis, Cur, Quomŏdo, Quando” (хэн, юуг, хаана, хэний тусламжтай, ямар зорилгоор, хэрхэн яаж, хэзээ) гэсэн зарчмын дагуу шалган нотолдог ба энэ нотолгооны стандарт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулахгүй байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдээгүй хүнийг хэлмэгдүүлэн ял халдаахгүй байх, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод хүрэх алхам юм.

 

7.Хэрэгт авагдсан баримтууд, хоёр шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэн нөхцөл байдалтай холбогдуулан дүгнэхэд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, хэргийн бодит байдлыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн тул дор дурдсан асуудлуудыг гүйцэд шалгах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

7.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь нийгмийн ёс суртахуун, эрүүл мэндэд ноцтой хор уршиг учруулах аюул заналхийлдгийн хувьд түүнийг гагцхүү зайлшгүй шаардлагад үндэслэн, эрүүл мэнд, судалгаа шинжилгээ, гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр тодорхой этгээдийг ашиглахыг зөвшөөрсөн байдаг ба Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд түүнийг ашиглах зорилго, ашиглаж болох байгууллагыг тодорхой заажээ.

 

Тус хуульд нийцүүлэн Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам”-аар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, экспортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, хэрэглэхэд тавигдах шаардлагыг нарийвчлан зохицуулсан бөгөөд журмын 4.1-д мансууруулах эмийг эмнэлгийн нөхцөл, хөнгөвчлөх эмчилгээний хоспис, шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу гэрийн эмчилгээнд болон яаралтай тусламж үйлчилгээнд хэрэглэхээр,

6.1-д эмийн найрлагад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис эмчилгээний тунгаар орсон байвал эмч эмийн жор бичихээр,

6.6, 6.7-д төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвүүд нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт захиалж авах ба тухайн байгууллагын захиалга болон өмнө авсан жорын маягтын зарцуулалтын тайланг үндэслэн жорын маягтыг олгож байхаар зохицуулсан.

 

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг эмнэлгийн болон эрдэм шинжилгээний байгууллага, тусгай мэргэжлийн төвүүдэд олгохоор зохицуулсан байхад ... байгууллага мансууруулах эмийг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гэрээ байгуулахгүйгээр худалдан авч, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байсан нь хууль, журамд нийцсэн эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.

 

7.2.Гэрч Д.У (1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал), гэрч С.Б (1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал) нар онцгой байдлын байгууллагад эм бэлдмэлийг осол аваар, гамшгийн үед дуудлага мэдээлэлд очиж, тухайн иргэдэд анхан шатны тусламж үзүүлэх болон алба хаагчдад анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор ашигладаг,  эм бэлдмэлийг хэрэглэсэн иргэн, алба хаагч буцаан төлөх журам байхгүй, ... газар нь нэг сард 480.000 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах төсөвтэй талаар мэдүүлснээс гадна “эм бэлдмэл зарцуулах журам байхгүй гэж бодож байна” гэж мэдүүлжээ.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 187-203 дахь талд ... газрын 2021 оны “Эм тариа, эмнэлгийн хэрэгслийн орлого, зарлагын тайлан”-г хавсаргасан ба уг 2021 оны 01 дүгээр сарын 15-аас 11 дүгээр сарын 25-ны өдрийг хамарсан тайланд Л.Б-д 4 удаагийн үйлдлээр нийт 460 ширхэг трамадол олгосон талаар тусгагдсан бол бусад албан хаагчдад болон иргэнд трамадолыг олгож, хэрэглэж байгаагүй, “Аврах анги”-д тодорхой нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл олгож байсан байх боловч үүнд трамадол багтаагүй байна.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар ... газар эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл авахад хэдий хэмжээний мөнгө төсөвлөсөн, үүнээс мансууруулах үйлчилгээтэй өвчин намдаах эм худалдан авахад ямар хэмжээний мөнгө төсөвлөсөн болох, тус байгууллагын эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагаа, түүнтэй холбогдох гэрээ, хэлцэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагналтад төрийн аудитын байгууллагаас баталгаажуулах аудит хийсэн гэх боловч энэ нь хууль тогтоомж, стандартад нийцсэн нь бодитой эсэх, ... газрын харьяа анги, салбаруудын эмийн сан, яаралтай тусламжийн багцад трамадол байх ёстой эсэх, мөн Л.Б нь 3.330 ампул трамадолоос өөрийн мөнгөөр худалдан авсан гэх 2.870 ампул трамадолын мөнгийг хэрхэн төлж байсан зэрэг асуудлуудыг тодруулалгүй орхигдуулсныг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

7.3.Хэргийн 3 дугаар хавтасны 122-124 дүгээр талд байх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 377 дугаар дүгнэлтэд “Л.Б-ы тархины судасны эмгэгийн шалтгаантай архаг хууч өвчний эмчилгээнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон трамадол эмийг хэрэглэж болно” гэсэн ба гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд буюу “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх 388 хоногт 3.330 ампул трамадол эм хэрэглэсэн гэх эмнэлгийн баримт байхгүй тул хэтрүүлэн хэрэглэснийг тогтоох боломжгүй” гэж тусгагдсан байна.

 

Харин шүүгдэгч Л.Б-д эмчилгээ хийж байсан эмч Б.А “... Би Л.Б-д трамадол тариа хэрэглэх эмчилгээ бичиж өгч байсан. Өвдөлтийн эрчмээс хамаараад 12 цагаар нэг удаа хэрэглэхээр трамадол тариа бичиж өгдөг. Бүр их хүчтэй өвдөх тохиолдолд 8 цагаар нэг удаа хэрэглэхээр бичиж өгч болдог. Хугацааг бол 14 хоногоор хэрэглэхээр өгч байсан. ...” (1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал) гэж мэдүүлсэн, мөн хэргийн 3 дугаар хавтасны 113 дугаар талд “Трамадол 50 мг, 12 цагийн зайтай 14 хоног уух” гэсэн бичиглэл бүхий эмч Б.А-ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, 114 дүгээр талд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Трамадол 50 мг, 12 цагаар 10 хоног булчинд тарих” гэсэн энгийн эмийн жорын бичиг авагджээ.

 

“Трамадол” олон улсын нэршил бүхий мансууруулах эм нь өвдөлтийг эмчлэхэд ашигладаг “опиат” хэмээх нэгэн төрлийн эмийн ангилалд хамаардаг бөгөөд энэ ангилалд хар тамхины төрлийн намуу цэцгээс гаргаж авсан буюу байгалийн, мөн тархины төв мэдрэлийн системд шууд нөлөөлж, өвдөлт намдаах, хүчтэй сэтгэл хөдлөлийн хариу урвалыг өөрчлөх шинж чанар бүхий нийлмэл аргаар гарган авсан хагас болон бүтэн синтетик нэгдлүүд багтдаг байна.

 

Эрүүл мэндийн салбарт өвчтөний өвдөлтийг намдаахад ашиглагддаг боловч эмнэлгийн бус, зүй бус хэрэглээ, удаан хугацаагаар, эмчийн хяналтгүйгээр хэрэглэх нь донтох, хөлрөх, амьсгалахад хүндрэх, амьсгалын замын хэсэгчилсэн болон бүрэн бөөгнөрөл үүсэх, ноцтой тохиолдолд ухаан алдах, комад орох зэрэг гаж нөлөө үзүүлдэг аж.

 

Иймд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, бусад Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас ч мансууруулах төрлийн эмийн хууль бус, зүй бус хэрэглээтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эмчийн хяналт дор хэрэглэх, бөгөөд эмчлүүлэгчийн өдөрт авах хэмжээ 400 мг, нэн шаардлагатай, тухайлбал мэс заслын дараах нөхцөлд өдрийн дээд хэмжээ 600 мг байх нь зохистой талаар зөвлөмж, тайлан дээрээ тусгасан байдаг байна.

 

Шүүгдэгч Э.О нь шүүгдэгч Л.Бд трамадол тариаг тарьсан тоо хэмжээ, давтамжийнхаа талаар Л.Б гэрчээр “... Нэг өдөр хүчний өвдөлт ихтэй өдөр дээд тал нь 5-6 ампул трамадол хэрэглэдэг байсан. Доод тал нь 2 ампул трамадол хэрэглэж байсан. ...” (1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал), Э.О яллагдагчаар “... Ажлын цагаар буюу өдөрт 4-5 ширхэг трамадол тариаг тарьж байсан. Шөнө бол гэр бүлийн хүнээрээ тариагаа хийлгэж байсан байх ...” (3 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал) гэжээ.

 

Дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь 100 мг тун бүхий трамадолыг ямар хэмжээгээр хэрэглэж байсан, худалдан авсан нь нотлогдсон нийт ампул трамадолыг Л.Б нь өөрөө хэрэглэж байсан эсэх, энэ талаарх тэдний  мэдүүлэг бодитой эсэхийг тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг хийхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

 

8.Эрүүгийн эрх зүйн онолын хувьд субъект нэг үйлдлээр Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэргийн шинжийг бий болгох зүй тогтол байдаггүй бөгөөд хэд хэдэн гэмт хэргийн шинж зэрэгцэн оршиж байгаа нөхцөл байдлыг хэм хэмжээний өрсөлдөөн гэж томъёолдог байна.

 

Өөрөөр хэлбэл, субъект хоёр, түүнээс дээш гэмт хэргийн шинжийг бий болгосноор тэдгээрийг зохицуулах хэд хэдэн хэм хэмжээ зэрэгцэн оршиж, зохицуулалтын өрсөлдөөн үүсгэж байдаг.

 

Дээрх дүгнэлтүүдийг нэгтгэхэд, шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэгт хуульчилсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус ашиглалттай холбогдсон гэмт хэргийн шинж бий эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоосны эцэст шүүгдэгч нарын гэм бурууг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ гэж хяналтын шатны шүүх дүгнэж, хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Ийнхүү магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

9.Давж заалдах шатны шүүхийн магадлалд цагаатгах тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй талаар дүгнэхдээ “... харилцан зөрүүтэй дүгнэсэн нь дээрх хуульд нийцжээ” гэсэн логик алдаатай дүгнэлт хийснийг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 227 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

Д.БАТБААТАР

Б.БАТЦЭРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

[1] Оксфордын толь бичиг.

[2] Эх сурвалж: International Association for the study Pain (IASP), 2020 (IASP албан ёсны веб сайт).

[3] Яллагдагч Л.Б-ы 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэг.