Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1854

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05773 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

            Зээлийн гэрээний үүрэгт нийт 3 611 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч    ХХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч       ХХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга      Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХ миний бие зээлдэгч ХХХХ-тай 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар сарын 7 хувийн хүүтэй 2 300 000 төгрөг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан болно. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйл болох 75-51 УНГ улсын дугаартай “KIA PRONTIER” маркийн автомашин барьцаанд авсан болно. Гэвч зээлдэгч ХХХ нь гэрээний үүргээ зөрчиж зээлсэн 2 300 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байх тул Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид үүрэгтэй гэж заасны дагуу Зээлийн гэрээний үүргээ 309 хоног хэтэрүүлсэн ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2 300 000 төгрөгөөс хоног тутмын алдангийн 11 500 төгрөг болох бөгөөд алдангид тооцогдох анзын дүн 309 хоногт 3 553 500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анз нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул үндсэн зээлийн дүн 2 300 000 төгрөгийн 50 хувь болох 1 150 000 төгрөгийн алданги тооцохоор байна. Иймд үндсэн зээл 2 300 000 төгрөг, 1 сарын хүү болох 161 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алдангид 1 150 000 төгрөг нийт      3 611 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч өнөөдрийг хүртэл нийт 7 сарын хүү болох 1 050 000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

Хариуцагч ХХХ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ХХХХ аас 2 300 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Энэхүү зээлийн 2 150 000 төгрөгийг ХХХ-ын Хаан банкин дахь дансанд тушаасан. Одоо 150 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Би өмнө нь 150 000 төгрөг төлнө гэсэн боловч одоо шүүх хуралдаанд 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрөөд дуусгах саналтай байна. Би сар бүр 150 000 төгрөгийг 1 жил төлсөн. Би осолд ороод хүнд ажил хийж чадахаа больсон тул нэмж төлбөр төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХаас 2 116 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХ д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 494 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48 814 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 1 274 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...ХХХ миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05773 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тэгш эрхийг хангаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй байх явдал билээ. Гэтэл шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, эрх, үүргийг нь ойлгомжтой тайлбарлахгүй нэхэмжлэл гардан авахаар ирсэн намайг наад баримтууд дээрээ гарын үсэг зур гэж хэлэн гарын үсэг зуруулсан, надад юун дээр зурж байгааг маань ч сайн тайлбарлаагүй. Мөн шүүх хуралдаан болох тухай хэлэлгүй шүүхээс дуудаж байна ир гэж хэлээд намайг ирэнгүүт нь ямар ч бэлтгэлгүй байхад хуралдааныг хийсэн. Шүүхээс шүүх хуралдааныг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дараа намайг дуудаж хэргийн материалтай танилцуулах ёстой байсан юм билээ гэтэл огт тийм ажиллагааг шүүх хийлгүйгээр хурлаа хийсэн. Мөн миний бие нэхэмжлэгчид түүний дансаар 2 150 000 төгрөгийг шилжүүлж байсан бөгөөд би бараг бүх мөнгөө төлж дуусгасан. Гэтэл шүүх намайг ХХХХ д 2 116 500 төгрөг төл гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Надад нотлох баримт цуглуулах боломж ч олголгүй, баримтгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн амаар энэхүү хэргийг шийдвэрлэж намайг хохироосонд гомдолтой байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн эрхийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна. 

 

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 611 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлэгч ХХХХ нь зээлдэгч ХХХХ-д 2 300 000 төгрөгийг 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүртэл буюу нэг сарын хугацаатай 7 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн байна. /хэргийн 7 дугаар тал /

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй байна.

 

            Хуульд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч ХХХ нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2 300 000 төгрөг, зээлийн хүүд 161 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

           

            Зохигчид зээлийн гэрээний үүрэгт төлсөн үнийн дүнгийн асуудлаар маргаж, нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагчийг 1 050 000 төгрөг төлсөн гэж, хариуцагч ХХХ 2 150 000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргажээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2 150 000 төгрөг төлсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар уг байдал нь тогтоогдохгүй байна.

 

            Хэргийн 19 дүгээр талд хариуцагч ХХХын бичсэн “...миний бие ХХХХ аас 2 300 000 төгрөгийг зээлж авсан үнэн. Энэхүү зээлийн 2 150 000 төгрөгийг ХХХХ-ын 5085044185 тоот дансанд шилжүүлсэн...” гэсэн бичгийн баримт авагдсан байгаа боловч уг бичгийн дагуу дээрх мөнгийг шилжүүлсэн болохыг хариуцагч өөрөө нотлоогүй байна. Учир нь хариуцагч нэхэмжлэгчид 2 100 000 төгрөгийг бэлнээр эсхүл дансаар шилжүүлсэн болохоо нотлоогүй тул дээрх баримтыг үндэслэн хариуцагчийг 2 150 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Зохигчид зээлийн гэрээнд зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлд 1 250 000 төгрөг зээлийн хүүд      161 000 төгрөг, алдангид 705 500 төгрөг нийт 2 116 500 төгрөг төлүүлэхээр шийдвэрлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хариуцагч ХХХХ-д эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нэхэмжлэлийн нэг хувийг гардуулсан, хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлсэн, 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хэргийн материалтай танилцуулсан баримт хэрэгт авагдсан байх тул хариуцагчийн “…эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүй” гэх үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

                                                                                                                            

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05773 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХХын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                               Ц.ИЧИНХОРЛОО