Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 418

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багт оршин суух Мэндбаяр овогт Лхамсүрэнгийн Баттогтохын Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Л.Баттогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Баттогтох шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн эрх бүхий хүмүүс хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгээгүйгээс болоод улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Баттогтох нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 511 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдлийн зөвлөлийн тэгүүлэгчдийн хурлын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай тогтоол, Эх орон нэгдлийн зөвлөлийн хоёр дугаар хуралд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдөр суусан төлөөлөгч гишүүдийн хурлын протколын хуулбарууд, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчД.Бямбасүрэн, П.Пунцагцэрэн, С.Даваадулам нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэйбайна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Мэндбаяр овогт Лхамсүрэнгийн Баттогтохыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА