| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00108/Э |
| Дугаар | 00114 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигин ургийн овогт Баярсайханы Гд холбогдох эрүүгийн 1932000000123 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хоол үйлдвэр үйлчилгээ, техник технологич мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн * тоотод оршин суудаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигин ургийн овогт Баярсайханы Г. /РД:*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ амйгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Айриш” бааранд ширээн дээр байсан архины шилнүүдийг хагалсаны улмаас Х.Тжын зүүн гарын 3,4-р хурууны шөрмөсний тасрал, баруун, зүүн гарын сарвууны ар хэсэгт зүсэгдсэн шарх үүсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Зж нь миний нөхөр байгаа юм 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөө гэрээсээ 10 цагийн үед гараад тэгээд гэртээ ирээгүй юм гар утасруу нь залгахаар утсаа авахгүй ер нь найз Гттэйгөө нийлэхээрээ ингээд алга болчихдог юм өмнө нь олон хоногоор хэд хэдэн удаа алга болж байсан юм. ингээд 2019 оны 6 сарын 03-ны өдрийн орой 22 цагийн үед нөхөр Зжаа хайгаад Айриш баарны тэнд явж байтал Бт, Гт нар таарахаар нь Зжыг асуусан чинь мэдэхгүй гэж хэлээд баарлуу орсон чинь Зж хүний араар ороод нуугдаад байж байхаар нь миний уур хүрээд очоод ширээн дээр байсан бүх зүйлийг нь гараараа татаад хагалсан тэгсэн тэр Х. Тж гэх залуугийн гарыг хагарсан шил гэмтээсэн юм байна лээ. Би нөхөр Зждаа уурлаад тэгсэн юмаа тэрнээс биш хэн нэгнийг гэмтээе гэж бодоогүй ээ манай нөхөр Зж хэдэн хоногоор хамаагүй алга болчихдог юм. Зж бид хоёр гэр бүл болоод 5 жил болж байна энэ хугацаанд нэг охинтой 3 настай уг нь гайгүй байсан тэгсэн Гттэй нийлээд л уугаад алга болчихдог болсон. Өөрөөр янз бүрийн асуудал байхгүй намайг цохиж зодоод байдаггүй юмаа. Миний буруу би хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Х.Тж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: …“Би 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр уул руу алтан явтал замд бороо орсон. Ингээд буцаад Мандал сумын төвд ирээд найз Гб, Об, Болдоо гуравтай биллярд тоглосон. Орой 22 цагийн орчим биллярднаас гараад “Айрш” баарны хажуугаар явж байсан чинь Гт, Золоо хоёр зогсож байсан. Болдоо тэр тэр хоёртой юм ярьж байгаад бид хэд “Айрш”-руу цуг орсон. Тэнд ороод бид хэд нилээд сууцгаасан. Болдоо, Гб, Об бид 4 хүний 2-3 шил пиво уусан. Тэгтэл нэг эмэгтэй ирээд ширээн дээр байсан архи, пивыг 2 тийш нь гараараа самарч цацсан. Хагарсан шил миний зүүн гарыг зүсчихсэн. Тэгтэл цагдаа цаанаас хүрээд ирсэн. Тэр эмэгтэй Золоог текний хажууд очсон. Би гар өвдөөд байхаар нь гараа хартал шалан дээр цус асгарчихсан миний зүүн гарын ар тал зүсэгдээд ангайчихсан байсан. Би Золоо нөгөө эмэгтэй хоёр дээр очоод эмэгтэйд чи миний гарыг зүсчихсэн байна шдээ гэхэд тэр эмэгтэй надруу чи мэдрэл муутай юмуу гар хөлөө авах чинь яасын гээд надруу уурласан. Энэ үед цагдаа нар хажууд байсан. Нэг цагдаа нь тэр эмэгтэйд энэ чиний хохирогч шдээ чи ингэж уурлаж болохгүй гэж хэлсэн. Харин нөгөө цагдаа нь намайш аваад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр миний гарыг оёж өгөөд шөрмөс чинь тасарчихсан юм шиг байна. Яаралтай хот яв гээд 13А бичиж өгөөд намайг гаргасан. Ингээд би цагдаа орж мэдүүлэг өгөөд шууд хот явсан. Намайг хэн ч хаана ч цохиогүй. Зүгээр Золоогийн эхнэр гэх эмэгтэй архи пивоны шил хагалснаас болж миний гарыг зүсчихсэн. Тэгээд зүүн гарын 3,4 үеийн шөрмөс таслачихсан. Миний баруун гар бас зүсэгдсэн. Гэхдээ судас шөрмөс таараагүй. Өөр гэмтэл учраагүй. Би гомдолтой байгаа. Би хот явж эмчлүүлсэн болон замдаа гаргасан зардал мөнгөө нэхэмжилнэ. Би зүүн гараараа бичиж юм хийдэг солгой гартай хүн. Энэ асуудлаас болж ажил төрөл ч хийж чадахгүй байгаа. Намайг 45 хоног гипстэй бай гэсэн. Тэгэхээр ажил хийж мөнгө олж чадахгүй хэцүү байна гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/
Гэрч Б.Об мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “... Х.Тж, Гб, Болдоо бид 4 уулзаад биллярд тоглож байгаад 22 цаг өнгөрч байхад биллярднаас гараад харих гээд явж байгаад Төөгий, Золоо, Улака хочтой залуучуудтай таараад баар орохоор болоод болсон. Тэгээд бид 4 Төөгий, Улака, Золоо нартай цуг сууж байтал гаднаас Золоогийн эхнэр гэх эмэгтэй орж ирээд ширээ дээр байсан зүйлүүдийг самарч шидээд тэгээд л сууж байсан Х.Тжын гарыг хагарсан шил нь зүсээд гэмтсэн. Ингээд эмнэлэг дээр осоод үзүүлтэл шөрмөс нь тасарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,
Гэрч С.Гб мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...Ингээд тоглож байгаад орой 22 цагийн үед гараад харих гээд явж байгаад Айриш нэртэй бааранд орж жоохон сууя гээд орсон. Тэгсэн Төөгий, Золоо, Улака хочтой залуучууд сууж байсан. Тэгээд бид нарыг ширээндээ суучих гэхээр нь цуг суусан.Тэгээд цуг суугаад удаагүй 5 орчим минутын дараа тэр Золоогийн эхнэр гэх эмэгтэй гаднаас орж ирээд ширээ дээрх, архи, пивыг бүгдийг нь гараараа хамаад шидсэн. Тэгсэн Х.Тжын гарыг хагарсан шил зүсээд гэмтээсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлтэл зүүн гарых нь алганы арынх нь судас, шөрмөс нь тасарсан байна. Улаанбаатар хот руу яв гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Гэрч Э.Об мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...орой 22 цагийн орчимд гараад харья гэсэн боловч замаараа Айриш баар луу ороод Төөгий, Золоо, Улака хочтой залуучуудтай таараад баар луу орсон. Тэгээд нэг ширээнд дөнгөж цуг сууж байтал гаднаас Золоогийн эхнэр гэх эмэгтэй гаднаас бааранд орж ирээд бид нарын сууж байсан ширээнд дээрх зүйлүүдийг бүгдийг гараараа хамаад шидсэн. Тухайн үед би үйлчлэгчийн лангууны дэргэд зогсож байсан юм. Тэгсэн Х.Тжын гар нь гэмтсэн. Тэгээд эмнэлэг орж үзүүлсэн чинь зүүн гарых нь шөрмөс тасарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 13 хуудас/
Гэрч Ц.Зж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...Бид нар архи, пиво уугаад би талбай дээр бүжиглэж байтал Тж гарчихаад орж ирэад танай эхнэр гадаа ирчихсэн байна гэж надад хэлсэн. Бид хоёр ширээн дээрээ очтол Олзоо, Гб хоёр сууж байсан. Бусад нь гарчихсан байсан. Тж манай эхнэрийг надаас түрүүлж хараад миний араар нуугдчих гээд намайг араараа оруулсан. Энэ үед манай эхнэр хүрч ирээд ширээнд дээр байсан шилтэй архи, пивонуудыг хоёр тийш нь гараараа самарч цацсан. Тэгтэл архи пивонуудын шил нь хагарсан. Яг энэ үед гаднаас хоёр цагдаа орж ирж таарсан. Тэгээд манай эхнэр бид хоёрыг нэг цагдаа нь аваад гарсан. Араас Тж гарч ирээд миний гар зүсэгдчихлээ гэж тэр цагдаад хэлсэн. Тэр цагдаа Тжыг эмнэлэг рүү авч явж үзүүлээд иргэн гээд аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15 хуудас/
2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 127 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...
1.Х.Тжын биед зүүн гарын 3,4-р хурууны шөрмөсний тасрал, баруун, зүүн сарвууны ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 22-дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06 дугаар хуудас/
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 2324 дүгээр хуудас/
Хохирогч Х.Тжаас ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 37-38 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 32 дугаар хуудас/, шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 34 дүгээр хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/,эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 36 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт оршин суудаг нь үнэн гэх багийн засаг даргын тодорхойлолт /хх-н 31 дүгээр хуудас/, хохирол төлсөн тухай баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Айриш бааранд ширээн дээр байсан архины шилнүүдийг хагалсаны улмаас Х.Тжын зүүн гарын 3,4-р хурууны шөрмөсний тасрал, баруун, зүүн гарын сарвууны ар хэсэгт зүсэгдсэн шарх үүсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Х.Тж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: …“ Намайг хэн ч хаана ч цохиогүй. Зүгээр Золоогийн эхнэр гэх эмэгтэй архи пивоны шил хагалснаас болж миний гарыг зүсчихсэн. Тэгээд зүүн гарын 3,4 үеийн шөрмөс таслачихсан. Миний баруун гар бас зүсэгдсэн. Гэхдээ судас шөрмөс таараагүй. Өөр гэмтэл учраагүй. Би гомдолтой байгаа. Би хот явж эмчлүүлсэн болон замдаа гаргасан зардал мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, Гэрч Б.Об мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...Золоогийн эхнэр гэх эмэгтэй орж ирээд ширээ дээр байсан зүйлүүдийг самарч шидээд тэгээд л сууж байсан Х.Тжын гарыг хагарсан шил нь зүсээд гэмтсэн. Ингээд эмнэлэг дээр осоод үзүүлтэл шөрмөс нь тасарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/, Гэрч С.Гб мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...ширээ дээрх, архи, пивыг бүгдийг нь гараараа хамаад шидсэн. Тэгсэн Х.Тжын гарыг хагарсан шил зүсээд гэмтээсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлтэл зүүн гарых нь алганы арынх нь судас, шөрмөс нь тасарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/, Гэрч Э.Об мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...Золоогийн эхнэр гэх эмэгтэй гаднаас бааранд орж ирээд бид нарын сууж байсан ширээнд дээрх зүйлүүдийг бүгдийг гараараа хамаад шидсэн. Тухайн үед би үйлчлэгчийн лангууны дэргэд зогсож байсан юм. Тэгсэн Х.Тжын гар нь гэмтсэн. Тэгээд эмнэлэг орж үзүүлсэн чинь зүүн гарых нь шөрмөс тасарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 13 хуудас/, Гэрч Ц.Зж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...Энэ үед манай эхнэр хүрч ирээд ширээнд дээр байсан шилтэй архи, пивонуудыг хоёр тийш нь гараараа самарч цацсан. Тэгтэл архи пивонуудын шил нь хагарсан. Араас Тж гарч ирээд миний гар зүсэгдчихлээ гэж тэр цагдаад хэлсэн. Тэр цагдаа Тжыг эмнэлэг рүү авч явж үзүүлээд иргэн гээд аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15 хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №127 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г нь мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Гг хохирогч Х.Тжын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Гг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ амйгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Айриш бааранд ширээн дээр байсан архины шилнүүдийг хагалсаны улмаас Х.Тжын зүүн гарын 3,4-р хурууны шөрмөсний тасрал, баруун, зүүн гарын сарвууны ар хэсэгт зүсэгдэж бусдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Х.Тж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэлэлцэгдэх төлбөргүй, Б.Г өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон ургийн овогт Баярсайханы Г /РД:МБ96092301/-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Б.Гд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.