| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00421/И |
| Дугаар | 421 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 421
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаарбаг 22-04 тоотод оршин суух Тахилгат овогт Түмэнбаярын Мягмарын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Т.Мягмар, прокурор Д.Ганцэцэг нароролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Т.Мягмар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Тунсаг овогтой Жамбанинж нь Онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул Монгол Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 125 дугаар магадлалаар цагаатгасан байдаг. Т.Жамбанинжийн охин болох Д.Цэрэндолгор нь цагаатгалын нөхөн олговорыг хөөцөлдөж байгаад 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Миний бие Д.Цэрэндолгорын төрсөн хүү юм. Зууны мэдээ сонины 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №86 /5272/ дугаартай нийтлэлд нөхөн олговор олгох тухай хэвлэгдсэн. Иймд нөхөн олговорын мөнгийг олгож өгнө үү гэв.
Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Мягмар нь Т.Жамбанинжийн зээ хүү мөн учраас хэлмэгдлийн нөхөн олговор авах тухай хүсэлт гаргажээ. Т.Жамбанинж нь хэлмэгдэж, цагаатгагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Д.Мягмарын иргэний үнэмлэхний хуулбар, Монгол Услын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 125 дугаар магадлал, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/236б дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхээс хүсэлт гаргагчид 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр олгосон №15212 дугаартай цагаатгалын үнэмлэхний хуулбар, Зууны мэдээний сонины 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №86 /5272/ дугаар нийтлэл зэргээс үзэхэд хэлмэгдэгчийн нөхөн олговорын 1000000 төгрөгийг Б.Мягмарт олгох үндэслэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тунсаг овогтой Жамбанинж нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул Монгол Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 125 дугаар магадлалаар цагаатгасан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Монгол Улсын Дээд шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр олгосон №15212 дугаартай цагаатгалын үнэмлэхний хуулбар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 125 дугаартай магадлал зэргээр, Дамбын Цэрэндолгор нь хэлмэгдэгч Тунсаг овогт Жамбанинжийн төрсөн охин мөн болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 236б дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Д.Цэрэндолгор нь 2006 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0022098/120 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар, түүний өвлөгч нь Түмэнбаярын Мягмар болох нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 036 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Улс Төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олгох олговрын 1000000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хүсэлт гаргагч Т.Мягмарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улс Төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаартухайн хүнд олгох нөхөх олговрыг сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасаг нь улсын төсвөөс олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тусудирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-тзааснаар Улсын төсвөөс 1000000 төгрөгийг гаргуулан Тахилгат овогт Түмэнбаярын Мягмарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1.9-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын Хаан банкны 5540607728 тоот данснаас буцаан гаргуулж хүсэлт гаргагчид олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА