Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 180

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Хохирогч: Д.С, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч: Э.Б, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 15.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002290209 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э.Б,

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 02 дугар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан Баянсайр 7 дугаар багийн нутаг Хайсандай гэх газарт мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг,

Мөн яллагдагч Э.Б нь зорчигч Д.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан байхдаа бэртэл, гэмтэлтэй байхад нь амь нас эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас Д.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би эрүүл байсан бол Д.Сыг хэзээ ч хээр үлдээхгүй. Тухайн өдөр архи уугаад салхинд цохиулаад тасарсан байсан учир түүнийг хээр үлдээсэн байх би өөрөө тухайн өдөр юу болсон талаар мэдэхгүй байгаа юм...Би хохирогчийн Улаанбаатар хотод эмчилгээнд явсан зардалыг бүрэн төлж барагдуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 172-173/

2. Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

... Манай гэр болохоор Баянхонгор аймгийн Баацагаан “Товгор” 5 дугаар багийн нутаг “Халзан дов” гэх газарт байдаг юм. Тэнд би өвөө, эмээтэйгээ хамт амьдардаг юм. Манай ээж сумын төв дээр сургуулийн үйлчлэгчээр ажилладаг ба аав болохоор 2017 онд өнгөрсөн. Би өөрөө айлын 2 дахь хүүхэд болж хорвоод мэндэлж байсан юм. Миний дээд талын ахыг Бат-Эрдэнэ гэдэг ба сумын төвд ээжтэй цуг байдаг. Мөн миний доод талын 2 дүүгийн нэг нь сумын төв дээр цэцэрлэгт явдаг нөгөөдөх нь болохоор хотод оюутан юм байгаа.

Одоо болсон явдлын талаар ярих юм бол 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байх хөдөө байх өвөө, эмээгийн гэрээс оройн 18 цаг болж байхад /яг нар жаргаж байсан гэх, малаа хашчихаад гарсан гэх/ өөрийнхөө ногоон өнгийн “Мустанг”- 150 маркийн мотоцикльтой ганцаараа хуурай ах болох Доржготовынд очсон юм. Манай өвөөгийн гэр /өөрийнхөө байх гэрийг/ сумын төвөөс 10 гаран киллометрийн зайд байдаг ба Доржготовынх манай өвөөгийнхөөс 8 км зайд байдаг юм гэх. Би тэднийд зүгээр л очсон юм. Хэн нэгэн дуудаагүй, утсаар ярьсан ч зүйл байгаагүй. Тэднийд очиход гэрт нь Доржготов эхнэртэйгээ байж байсан.

Намайг очиход Доржготов бага зэргийн халамцуу байсан ба надад 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архийг задалсан. Тэрийг нь болохоор Доржготов бид хоёр л уусан юм. Архийг бол нэлээн удаан сууж уусан. Дунд нь хоол хийлгэж идсэн. Тэгээд би одоо санахад 23-00 цагийн хооронд байх архийг яг ууж дуусч байхад миний 88811851 дугаарын утсруу найз болох /багадаа цуг өссөн гэх/ Сумъяа /90787841/ дугаарын утснаас залгасан. Тэр залгачихаад надад чи хаана байгаа гэхээр нь Доржготовын гэрт байна гэсэн чинь би Баацагаан суман дээр Эрдэнэбатын гэрт нь ирсэн байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би Доржготовын гэрээс ганцаараа өөрийнхөө мотоцикльтой гараад сумын төвд байх Эрдэнэбатын гэрлүүн ирэхэд Эрдэнэбат, түүний авгайн байсан. Ороод Сумъяаг хаана байгаа бэ гэсэн чинь тэдний хашаанд байх Болдоогийн гэрт байгаа байх гэж хэлсэн. Тэгээд тэднийхээс гараад хажуу талын Болдоогийн гэрлүүн ороход Сумъяа, Ууганбанди, Бат-Эрдэнэ, Дашням нар сууж байсан. Тэд нар намайг ороход архи уусан зүйл байгаагүй утсаа оролдоод сууж байсан. /Гэхдээ бүгдээрээ архи уусан л байсан, Болдоо ахын гэрт л уусан юм шиг байна лээ/ Болдоо ах өөрөө байгаагүй.

Би Болдоогийнд ороод удаачгүй байж байхад Эрдэнэбат араас орж ирээд манай авгай цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэнд байсан бүх хүмүүс гараад зугтаасан би болохоор хашаанд байдаг айлын байшингийн араар ороод зогсож байхад сумын цагдаа ирсэн. Тэр ирчихээд хэсэг байж байгаад яваад өгсөн. Тэгэхээр нь би буцаж Эрдэнэбатын гэрлүүн ороход авгайн сууж байсан ба Эрдэнэбатыг яасан бэ нэг тийшээ явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тэдний гэрийн хаалгнаас гарахад үүдэнд Сумъяа зогсож байсан. Тэгээд бид хоёр хоорондоо одоо хаашаа очих уу гэж ярьж байгаад Доржготовын гэрлүүн очихоор болсон юм. Тэгээд би өөрийнхөө мотоциклоо жолоодоод араар Сумъяа суугаад бид хоёр Доржготовын гэрлүүн 01-02 цагийн хооронд очсон юм. Тэднийд очиход Доржготов авгайтайгаа байж байсан ба унтах гээд ороо зассан байсан. Доржготов өөрөө нэлээн согтсон байсан.

Сумъяа тэднийд цагаан сар гараад очоогүй юм уу Доржготов болон авгайтайн золгочихоод сууж байхад тэднийх Сумъяад 0.5 литрийн Ерөөл архийг задалсан. Тэр архийг Сумъяа бид хоёр л голцуу уусан юм. Доржготов тасраад унтаад өгсөн.

Сумъяа бид хоёр нөгөө өгсөн архийг нь тэднийд хувааж ууж дуусгаснаа санаад байна. Тэгээд тэднийхээс одоо хэдэн цагийн үед явсан болохоо санахгүй байна. Лав л гадаа гараад би өөрийнхөө мотоциклоо мордож миний араар Сумъяа сууж байсныг санаад байна. Тэгээд хөдлөөд явсан юм. Гадаа гараад салхинд цохиулсан уу, тэгээд би тасарсан байсан юм. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй өглөө сэрсэн чинь гэртээ өвөөгийндөө очсон байсан юм.

Тэгээд гадаа гарсан мотоциклын урд багана нь далийцан, буруу талын дөрөөн муруйсан, гагнуулсан байсан өвдгөвч хугарсан, 2 толь байсан ба нэг нь алга байсан мөн дифузер нь хагарсан байсан. Би тэгэхээр нь мотоциклоос унасан болов уу гэж бодсон юм. Тэгээд юу ч бодоогүй Сумъяатай ч холбогдоогүй хониндоо явчихаад ирсэн. Тэгээд маргааш нь манай хэсгийн цагдаа сумын төв дээр дуудуулсан. Ирсэн чинь чи Сумъяатай цуг явсан юм уу тэр одоо эмнэлэгт байгаа гэж хэлсэн. Мөн хэсгийн цагдаа надад хэргийн газраас авсан гэх мотоциклын хагарсан толь, дифузер зэргийг харуулсан. Үзсэн чинь миний мотоциклынх мөн байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 106-108/

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой гэрээсээ 17 цагийн үед гараад Доржготовынд очиж 1 шил архи хувааж уугаад би С руу залгахад хүрээд ир гэсэн. Тэгээд Сыг очиж аваад бид 2 Эрдэнэбат ахынд очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд бид 2 буцаж Доржготовынд ирээд дахиад 1 шил архи уусан. Би тухайн үед нэлээн согтсон байсан учраас салхинд гараад тасарчихсан. Маргааш өглөө нь босоод харахад мотоцикль эвдэрсэн байсан. Өдөр нь сумын цагдаа залгаад зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

4. Хохирогч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Удаа ч үгүй Б өөрийнхөө мотоциклтой ирээд намайг араараа суулгаад авч явсан...Тэгээд тэднийхээс сум руу явах санаатай тухайн үеийн цагийг санахгүй байна мотоциклийг Б жолоодоод би араар нь суугаад хөдлөөд явсан юм. Тэгээд замдаа явж байхдаа мотоцикптой онхолдож би одоо санахдаа зөөлхөн газарт ойчсон санаад байна.Тэгээд тэрнээс хойш юу болсон эсэхийг санахгүй байна...3үүн талын чих огт юм сонсохгүй байгаа мөн баруун гарын чигчий хуруугаа тайруулсан. Толгой ихээр өвдөж хааяа ухаан алдаж унана...Би өөртөө хийлгэсэн эмчилгээ болон бусад зардалыг гаргаж өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/

5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С мэдүүлэхдээ: Би цагаан сараар сум руу явсан. Суманд очоод 2 айлаар орчихоод байж байтал Бат-Эрдэнэ залгаад 2 пиво аваад ир гэхээр нь авч очиж уучихаад байж байтал хажуу айлын эгч цагдаа дуудаад хамт байсан хүмүүсийн зарим нь баригдсан. Тэгээд С залгахаар нь хүрээд ир гэж хэлээд хамт Доржготовынд очиж архи уусан. Тэндээсээ гараад төв орох гэж яваад замдаа ойчсон. Тэрнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд хотод хагалгаанд орсон байсан гэв.

6. Гэрч Ц.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 10-ны өглөө миний утас руу Г залгаад С одоо Баянхонгор аймгийн Баацагаан сумын эмнэлэгт байна.Мөн тухайн үед С дэмийрэлтэй байгаа талаар хэлсэн...А гэх хүн 2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө сумын төвөөс Бөөн цагаан нуур луу явах замд түүнийг олсон юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

7. Гэрч О.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... тэгээд аймгаас буцаад 2019 оны 02 дугаар сарын 09-ний үүрийн 04 цагийн үед наашаа Баацагаан сум руу ээж, ах, эхнэр, найзууд болох Мөнхтөр, О нарын хамт гарсан юм. Тэгээд Баацагаан сумын төвд орж ирэхэд 06 цаг 50 минут болж байсан байх тэгээд ээжийг Баацагаан сумын Товгор 5 дугаар багийн нутаг Хайсандай гэх газар хүргэж өгөхөөр явсан юм. Хайсандаа гэх газар сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд зүг рүү 3 км-ийн гарангийн зайд байдаг юм. Тэгээд тийшээгээ явж байхад замын хувьд Баянцагаан, Бөөн цагаан нуур орох зам байсан сумын төвөөс ойролцоогоор 1 км гарангийн зайд яг замын гол хэсгээр ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хүний байрлалын хувьд доошоогоо харсан хүн хэвтэж байсан.Тухайн хүнийг хараад тооромз гишгэж машинаа зогсоож машинаасаа буугаад тэр хүн хэвтэж байсан хэсэг рүү ганцаараа очсон юм. Тэр хүн доошоогоо харсан хэвтэж байсан ба тэгэхээр нь баруун талын мөрнөөс нь татаж үзэхэд нүүрний хэсэг нь нийлэхүйдээ цус болсон хэн болох нь танигдаагүй миний чихэнд тэр хүний амьсгалж байгаа чимээ сонсогдсон тэгэхээр нь буцаж машиндаа очиж суугаад тэр хүний хэвтэж байсан хэсгийн баруун талаар нь гараад цаана байх ээжийн гэрт ээж болон ахыг буулгачхаад буцаад сумын төв орж ирээд цагдаагийн хэсэг дээр ирээд хэсгийн цагдаа Год зам дагуу хүн хэвтэж байгаа талаар хэлэхэд тэр тухайн газрыг зааж өг гэхээр нь түүнийг дагуулж хэргийн газарт очсон юм. Тэр газарт очоод хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г утсаараа зураг аваад байх шиг байсан. Тэгээд тэр хүнийг зөөж эмнэлэг оруулъя гээд миний машины хойд талын тээшинд хэсгийн цагдаа О, Мөнхтөр бид дөрөв нөгөө хүнийг өргөж оруулаад тэндээс хөдлөөд сумын эмнэлэг дээр авчирч буулгасан юм. Тухайн үед цастай байсан ба тэрүүхэн тэндээ л хөдөлж хэвтсэн шинжтэй байсан, би бодохдоо хэсэг хэвтсэн болов уу гэж бодсон юм...Сумъяагийн хэвтэж байсан хэсгээр 2-3 алхмын зайд мотоцикл унасан гэмээр шарвалтын мөр үүссэн байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 72-73/

8. Гэрч Б.Лгийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

… 2019 оны 02 дугаар сарын 10-ны өглөөний 06-08 цагийн хооронд байх гэрт ганцаараа өөрийнхөө мотоциклтой ирсэн. Тэр ирчхээд орон дээрээ унтаад өгсөн. Бид нар тухайн үед босоогүй байсан юм...үзсэн түүний өмсөж явсан дээр хувцас нь нилэнхүйдээ шороо болсон байсан. Мөн мотоциклийн хөгжим нь хагарсан байсныг нь би өөрөө харсан юм. Мөн түүний хамраас нь бага зэрэг цус гарсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 77-79/

9. Гэрч М.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Ирэхдээ Сумъяатай цуг ирсэн. Тэр хоёр ирэхдээ Б мотоциклийг унаад Сумъяа нь болохоор араар нь суусан ирсэн. Тэр хоёрыг явахад гадаа лав гэгээ ороогүй байсан. Яг хэдэн цагийн үед явсан эсэхийг одоо мэдэхгүй байна. Б мотоциклоо жолоодоод Сумъяа араар суугаад хөдлөөд яваад өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 82-84/

10. Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тус өдөр нь шинийн 6 өглөө байсан ба бараг өглөөний 08 цаг болж байхад эмнэлэг дээр сумын хэсгийн цагдаа Б.Г түүнийг машинаар зөөвөрлөж авчирсан. Сумъяа болохоор ухаангүй шахуу сэрэхгүй байсан. Мөн нэлээн даарсан болов уу гэмээр ерөнхийдөө чичирсэн өмдөндөө шээсэн байдалтай байсан. Түүний нүүрний хэсэг хамар, болон нэг хацрыг нь бүрхсэн цус гоожсон тэр нь хатсан байсан. Мөн зүүн талын чихнээс нь цус гар хатсан байсан. Анхандаа түүнийг таниагүй, сүүлд нь нүүр амыг нь цэвэрлэсний дараа Сумъяа болохыг мэдсэн юм. Тухайн үед түүний амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд тодорхойлогдохгүй байсан. Миний ээлжин дээр л лав юм ярьдаггүй байсан. Хувцас нь нэлээн норсон байсан. Мөн толгойн дахь үснээс нь шороо нэлээн асгарч унасан... гэх мэдүүлэг / хх-ийн 85-86/

 11. Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ээжийг Баацагаан сумын Товгор 5 дугаар багийн нутаг Хайсандай гэх газарт хүргэж өгөхөөр явсан юм. Хайсандай гэх газар нь сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд зүг рүү 3 км-ийн гарангийн зайд байдаг юм. Тэгээд манай хүн машинаас ганцаараа буугаад очиж үзчихээд ирээд осгосон юм уу амьсгаатай хүн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаатай цуг ирье гэж хэлээд тэндээс хөдлөөд цаашаагаа яваад ээж ахыг хүргэж өгчхөөд буцаад сумын төв орж ирээд хэсгийн цагдааг аваад нөгөө газар луу буцаж очсон юм... гэх мэдүүлэг / хх-ийн 91-92/

12. Гэрч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 02 дугаар сарын 09-ны эсхүл 10-ны өглөө байсан. Баацагаан сумын эмнэлэгт Сумъяаг ухаангүй байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь өдөртөө л гараад Баацагаан сум руу ирсэн юм. Ирээд үзсэн чинь Сумъяа ухаангүй баруун талын гар, толгой, зүүн талын чих нь битүү хавдсан чихнээс нь ус гоожиж байсан. Духны зарим нэг хэсгүүдэд нь шалбархай үүссэн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 96-97/

13. Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Түүнийг манай эрүүл мэндийн төвд анх авчирсан байхад хамгийн анх би өөрөө үзлэг хийсэн юм. Үзлэгээр ухаангүй комын байдалтай осголттой байсан. Үзлэг хийж байхад түүний зүүн талын чихний дотор хэсгээс цус гарсан байдалтаи байсан. Түүнд хийсэн үзлэгийг үндэслэн баруун гарын 3,4,5-р хуруу хөлдсөн, зүүн чихний дэлбэн хөлдсөн байсан учир осголтын хөнгөн зэрэг мөн суурь ясны хугарал гэж онош тавьж эмчилгээ хийж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 98-99/

14. Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 06 цаг 52 минут болж байсан байх би тэгэхэд цагаа харсан юм. Манай цагдаагийн хэсгийн хаалгыг хүн нүдсэн юм. Тэгэхээр нь гарч харсан чинь А гэх хүн өөрийнхөө машинтайгаа ирсэн байсан. Тэгээд түүнээс юу болсон талаар асуухад сайрын арын хэсгийн зам дээр хүн хэвтэж байна гэсэн тэгэхээр нь тэд нарын машинд суугаад газар дээр нь очиход хоёр гараа дээлийнхээ ханцуй руу хийж доошоо харсан эрэгтэй хүн байсан. Тэгэхээр нь тэр хүн рүү ойртож үзэхэд амьсгаатай нэлээн хурхирч байхаар нь дээлээс татаж эргүүлж үзэхэд чихнээс нь цус гарсан тэр нь урсаж нүүр нь цус болж хөлдсөн байдалтай байсан. Тэгээд өөрийнхөө утсаар 2 кадр зургийг аваад А болон цуг явсан хүмүүстэй тэр хүнийг машинд зөөж оруулж эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт ирээд цагаа харахад 07 цаг 05 минут болж байсан. Сын хэвтэж байсан газраас цаашаа нуур тал руугаа 2-3 алхмын зайд мотоциклийн зүүн талын толь, спикер, хөгжмийн хагархай, гишгүүрийн гаднах хуванцар зэрэг зүйлсийг олсон. Би бодохдоо мотоциклтой унаад эргээд босгосон юм уу гэмээр мөр үүссэн байсан. Мөн түүний цаад хэсгээр мотоциклийн шарвалтын мөр байсан. Хэргийн газарт тэр хүн удаан хэвтсэн шинжтэй байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 112-113/

15. Гэрч Т.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... .Баацагаан сумын төв орж ирээд Аийн ээжийг хойшоогоо гэр лүү нь хүргэж өгөөд буулгаж байхад би сэрсэн юм. Тэрнээс өмнө би сэрээгүй унтаад яваад байсан юм. Ээжийг нь буулгачхаад Аптангэрэл намайг сэрээгээд замд сая хүн хэвтэж байна очиж авах уу гэхээр нь би янз бүрийн юм болсон бол өөрсдөө асуудалд орно цагдаад очоод хэлье гэж хэлээд хэсгийн цагдааг машиндаа суулгаж аваад тийшээгээ очсон юм. Тэр газар нь сумын төвөөс хойшоогоо замын уулзраас наахан талд байсан санаад байна. Тэгээд хэсгийн цагдаа өөрөө түрүүлж буугаад зураг хөөргийг нь авчхаад бид нарыг дуудаад эмнэлэг хүргэж өгье өргөлцөөдөх гэсэн тэгэхээр нь машинаас буугаад Сыг өргөөд машины хойно оруулж хэвтүүлээд сумын эмнэлэгт хүргүүлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 119-120/

16. Гэрч С.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тус өдөр шинийн 5-ны өдөр байсан. Банди Аийн машинтай аймаг орж ээжтэйгээ золгочхоод буцаж наашаа сумын төв ирээд, төвөөс нь хойшоогоо гэр лүгээ явж байхад сайрын араар шороон зам дагуу нэг хүн хэвтэж байсан. Тэгсэн манай банди машинаа зогсоогоод бууж харчхаад ухаангүй хүн хэвтэж байна яасан ч гэсэн та хэдийг хүргэж хаячхаад эргэж ирээд цагдаад дуудлага өгье гэж хэлээд тэндээс хөдөлсөн. Тэгээд бид хэдийг хойшоогоо буулгаж өгчхөөд цагдаа руу явлаа гэж хэлээд явсан. Сүүлд дуулахад буцаж цагдаа дээр очоод дуудлага өгөөд тэгээд цагдаатай цуг нөгөө хүнийг аваад сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн юм шиг байна лээ... гэх мэдүүлэг / хх-ийн 121-122/

17. Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тухайн үеийн он, сар, өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Одоо бодоод байхад цагаан сарын үеэр шинийн 3 эсхүл 4 өдөр байсан байх тэгж санагдаад байна. Би урьд өдөр нь гал зууханд гараатай хоносон юм. Тэгсэн маргааш өглөө нь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г хээрээс хүн ухаангүй олдсон ах, дүү нарыг нь таних уу, сая хүмүүсээс сурсан чинь танайхтай ах, дүү юм шиг байна гэж хэлээд намайг сумын эмнэлэг дээр дагуулж очсон. Тэгээд эмнэлэг дээр очсон чинь С ухаангүй хурхираад унтаад байсан. Тэгээд хэсгийн цагдаа бид хоёр Сыг олсон гэх газарт очсон юм. Тус газар нь сумын төвөөс хойшоо 1 км орчимд зайнд байх сайрын ар хэсгээр байсан. Тэгээд тэр газарт очоод хэсгийн цагдаа гар утсаараа зураг авсан. Мөн бид хоёр хужаа мотоциклийн спикерийн хагархай, толь, тэгээд өөр бусад хуванцар зүйлс олсон юм. Урьд шөнө нь цас орсон байсан учир яг тодорхой сайн мэдэгдэхгүй байсан. Хэргийн газарт хагарч бутарсан мотоциклийн эд ангиудыг харахад аваар болсон гэмээр байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 123-124/

18. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... харин баруун сарвууны 5 дугаар хурууны тайлагдалт гэмтэл нь 2 дугаар үеэр тайрагдсан гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдалтыг тогтмол 15 хувь алдагдуулдаг ба гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 160-161/

19. Гэрч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Энэ нь тархины няцралын хүнд хэлбэр, тархины хатуу хальсан дээрх цусан хурааг авах мэс засал хийлгэсний дараах зан байдал, зан төрхийн өөрчлөлт хам шинж юм байгаа. Дүгнэлтэнд монгол оношыг ард нь хаалтанд орсоор бичсэн байгаа юм байна. /Дүгнэлттэй танилцаад хэлэв/... гэх дүгнэлт /хх-ийн 164-165/6

20. Гэрч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Э.Бийн хувьд Баянхонгор аймгийн Баацагаан суманд хөдөө өвөө, эмээтэйгээ хамт амьдардаг Өвөөг нь Мөнх гэж хүн байдаг ба хөдөө мал, малладаг Бийн хувьд хоёр хөгшинтэй тусалж хөдөө мал дээр байдаг. Түүний хувьд Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуульд сурсан харин цэрэгт яваагүй байх. Саяханаас 2018 оны 04 дүгээр сараас хойш хааяа даа манайд байж байгаа хэрэгт орчихлоо гээд хэлсэн. Түүний яг ямар хэрэг үйлдсэн эсэхийн мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/

21. Гэрч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Б нь айлын 2 дахь хүүхэд болж 1999 оны 10 дугаар сарын 18-нь өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Бага байхдаа их төлөв, дуугүй хүлаа байдаг байсан. Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Цагаан далай” бүрэн сургуульд суралцаж байгаад 7 дугаар ангиасаа хичээлээс гараад тэрнээс хойш маллаж байгаа. Одоо болохоор ээж, ах, 2 дүүгийнхээ хамт Баянхонгор аймгийн Баацагаан суманд амьдарч байгаа. Ерөнхийдөө хурдан морь уяах их сонирхолтой хүүхэд юм байгаа. Түүний хувьд 1 мотоцикль, 100-иад тооны бог, бод нийлсэн малтай юм байгаа.гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/

22. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 207 дугаартай шинжээчийн:

1. Д.Сын биед зүүн зулайгаас доош зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрч суурь ясны зүүн их далавчаар суурийн хөндийг дамжин суурь ясны зүүн их далавчаар суурийн хөндийг дамжин суурь ясны баруун их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай болон баруун чамархайн суурийн хэсэгт хатуу хальсны дээрх баруун чамархайд хатуу хальсны доорх цусан хураа, баруун талд дух, чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, баруун сарвууны \/-р хурууны хөлдөлтийн улмаас үүссэн угийн шивнүүрийн түвшинд дэх тайрагдалт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гавал тархины гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн харин баруун сарвууны гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  4. Дээрх гавал тархины гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Харин баруун сарвууны \/-р хурууны хөлдөлтийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 15 % алдагдуулна.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 143-144 /,

23. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн:

1. Тухайн зам тээврийн осол нь жолооч Э.Бийн буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй ба Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна

Үүнд: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Энэ нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Б.Тухайн зам тээврийн осол нь жолооч Э.Бийн буруутай үйлдэлээс шалтгаалан гарсан гэж үзэж байна.

В. Зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй болно.

Г. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд Эрхэмбуян овогтой Б нь 1197483 дугаартай “А” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. гэх дүгнэлт /хх-ийн 156-157/

24.Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн газрын нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 18 дугаар шинжээчийн:

1.Д.С нь мэдрэл сэтгэцийн хувьд Гэмтлийн дараах Тархины няцрал хүнд хэлбэр.Тархины хатуу хальсан дээрхи цусан хурааг авах мэс засал хийлгэсний дараах байдал,зан төрхийн өөрчлөлт хам шинж /ЧМТ Ушиб головного мозга тежёлый степень СПО эпидураль гематом психоарганик синдром / оноштой.Уг өвчнөөр өвдөөд 45 хонож байгаа ухамсарт ухаан С.орон зай цаг хугацааны баримжаа хэвийн зэргийг дүгнэхэд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Уг өвчнөөр 2019 оны 02-р сарын 09нд өвдсөн.Одоо эдгэрэлтийн шатанд явж байгаа ч сэтгэцийн хувьд зан төрхийн өөрчлөлт ихтэй байна.

3.Одоо сэтгэл мэдрэлийн хувьд Гэмтлийн дараах Тархины няцрал хүнд хэлбэр.Тархины хатуу хальсан дээрхи цусан хурааг авах мэс засал хийлгэсний дараах байдал,зан төрхийн өөрчлөлт хам шинж өвчинтэй байна.

4.Д.С нь сэтгэл мэдрэлийн өвчнөөр 2019 оны 02-р сарын ОЭний өдрийн гэмтлээс үүссэн, Гэмтлийн дараах Тархины няцрал хүнд хэлбэр,Тархины хатуу хальсан дээрхи цусан хурааг авах мэс засал хийлгэсний дараах байдал,зан төрхийн өөрчлөлт хам шинж онош нь 2019 оны 03-р сарын 25ний КТГийн шинжилгээнд: Зүүн талын зулайн ясанд 4,5*4,5 см хэмжээтэй трепнацитай. Трепнациас доош чамархай ясны хөхлөг сэртэн.чихний суваг,суурь яс руу үргэлжилсэн хугарлын шугам тодорхойлогдоно.Баруун чамархайн дэлбэнгийн латериаль хэсгийн эдэд 7,2х1,8 см орчим хэмжээний энцефаломаляцитай.Зүүн чамархайн дэлбэнгийн доод хэсэгт 1,1х0,7см хэмжээтэй энцефаломаляцитай.Зүүн чамархайн хэсэгт 3,9х2,9х0,9см хэмжээтэй эпидураль цус хуралттай гэсэн дүгнэлт гарсан байна

5. Д.С нь IQ 64%-тай байна. гэх дүгнэлт / хх-ийн 150-151 / болон хавтаст хэргийн 14-21 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн эм худалдан авсан нотлох баримт, хавтаст хэргийн 27-49 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн эмчлүүлэгчийн картын хуулбар, хавтаст хэргийн 132-142 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн томографийн зураг, хавтаст хэргийн 114-118 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын фото зураг, хавтаст хэргийн 179 дүгээр хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгчийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар, хавтаст хэргийн 182 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн жолооны үнэмлэхний хуулбар, хавтаст хэргийн 183 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хавтаст хэргийн 186 дугаар хуудсанд авагдсан ял шалгах хуудас, хавтаст хэргийн 190-197 дугаар хуудсанд авагдсан хохиролын баримт, шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчээс хохирол төлсөн гэх 2 хуудас нотлох баримт, хохирогчийн өмгөөлөгчөөс 2 сая төгрөг хохиролд хүлээн авсан түүний зарцуулсан баримт гэх 45 хуудас нотлох баримтуудыг тус тус шинээр гаргаж өгсөнийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу, эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн талаар гаргасан дүгнэлтдээ: Сыг хүнд бэртэлтэй, амь насанд аюул учирч болохуйц байхад нь харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисоны улмаас Сын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хууль журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх дор дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.С нь энэ хэргийн хувьд бага насны, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй өвчний улмаас бусдын туслалцаа шаардлагатай этгээд байгаагүй, мөн шүүгдэгч Э.Б, хохирогч Д.С нар нь хэн хэн нь согтуу байсан, шүүгдэгч Э.Б нь Д.Сын өмнө хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэмжлэлээр тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээд биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл юм.

Мөн улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Бийг аюултай байдалд орхих тусламж үзүүлээгүй байх буюу Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 207 дугаартай дүгнэлтээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар заасан байгаа бөгөөд хэрэв яяллах дүгнэлт үйлдвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилвэл зохилтой байсныг анхаарах нь зүйтэй байна.

Амь биед аюултай нөхцөл байдал нь хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлын улмаас үхэлд хүргэж болох бодитой аюулаар тодорхойлогдох бөгөөд ийнхүү бодитой аюул учирсныг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан нөхцөлд тусламж үзүүлээгүй байх нь уг гэмт хэргийн үндсэн шинж юм.

Иймд прокуророос шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 7 дугаар багийн нутаг “Хайсандай” гэх газар өөрийн эзэмшлийн мотоциклыг жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан”Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч Д.Сын хамт архидан согтуурч улмаар осол гаргаж араар сууж явсан Д.Сумъябатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг гэрч Ц.Л, О.А, Б.Л, М.Х, Б.С,Б.М, Д.М, Д.Б, Б.Г, Т.О, С.Х, Г.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 207 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 12 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Бийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул шүүгдэгч Э.Бд энэ зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч нар шүүгдэгч Э.Б нь эмчилгээний зардалд таван сая найман зуун мянган / 5.800.000 / төгрөг төлсөн гэх бөгөөд хоёр / 2000.000 / төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгч одоогоор нэхэмжлэх зүйлгүй харин цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөх талаар дүгнэлт гаргаж, мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.Сад учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.                                                                         

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмиийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Э.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тодорхой хугацаа зааж хүлээлгэж, уг эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Бийн мотоцикль буюу тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн үнэмлэх хэргийн хамт ирээгүй бөгөөд харин эд мөрийн баримтаар нэг ширхэг мотоциклийн толь, хоёр тусдаа салсан дифузерийн хэсэг, гишгүүрийн гаднах хоёр тусдаа салсан эд зүйлс зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Э.Бийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэж шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд ороогүй гэх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон.

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цагаан Жанчив овогт Э.Бд холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Цагаан Жанчив овогт Э.Бийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч Цагаан Жанчив овогт Э.Бд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, нэг зургаан / 01 жил 06 сар / сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Э.Бд нэг жил зургаан / 01 жил 06 / сарын хугацаагаар зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6-д зааснаар ялтан Э.Б нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Уг хэрэгт шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх хураагдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Э.Бийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт мотоциклийн толь нэг ширхэг, хуванцар зүйл нэг ширхэг, дифузер 2 ширхэг, гишгүүрийн гаднах хэсэг хочр ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ