| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00424/И |
| Дугаар | 424 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 424
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 29-172 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 40 настай, Өндөр овгийн Сүхбатын Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багт оршин суух, Ойлоо овгийн Дамбанинжийн Сосорбурамд холбогдох
“180000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Түмэндэмбэрэл, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 12 дугаар сард Д.Сосорбурамаас нүүрс худалдаж авахаар тохиролцож 180000 төгрөг өгсөн. Гэтэл нүүрсээ авчирж өгөхгүй, мөнгөө өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд Д.Сосорбурамаас 180000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сосортой бид нар хөдөө айл саахалт байсан хүмүүс. Эцэг эхийг нь таньдаг байсан. Намайг дэлгүүртээ байж байхад Сосор орж ирсэн. Тэгээд би нүүрс авах талаар ярьж байхад Сосор би уурхай явах гэж байгаа та 180000 төгрөг, хамт явах хүн олоод өг гэж хэлсэн. Тэр үед сургууль амраагүй байсан болохоор хүн олж өгч чадахгүй нь эгч нь мөнгийг нь өгье гээд 180000 төгрөг өгсөн. Тухайн үед шинэ жил болох дөхсөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байсан байх. Түүнээс хойш утас нь холбогдохгүй алга болсон. Сурагласаар байгаад эгчтэй нь уулзсан. Тэгсэн хүнд тэгж хэлсэн бол мөнгө төгрөгийг нь гаргаж өгье гэж байсан. Тэрнээс хойш хавар ноолуур гараад өгнө гээд байхгүй. Тэгээд 2016 оны 07 дугаар сард ахтай нь ярьсан чинь намайг хэл амаар доромжилсон. Түүнээс хойш сураггүй болсон. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөнгөө түргэн шуурхай гаргуулж авмаар байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Түмэндэмбэрэл нь хариуцагч Д.Сосорбурамд холбогдуулан “180000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Түмэндэмбэрэл нь хариуцагч Д.Сосорбурамаас нүүрс худалдан авах зорилгоор 180000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзэж болохоор байна. Нэхэмжлэгч С.Түмэндэмбэрэл нь гэрээний үүргээ биелүүлж 180000 төгрөгийг хариуцагчид өгсөн ба хариуцагч Д.Сосорбурам нь гэрээний үүргээ буюу 180000 төгрөгт тохирсон нүүрсийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Д.Сосорбурам нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Сосорбурамаас 6050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6050 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Сосорбурамаас 180000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Түмэндэмбэрэлд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 6050 төгрөгийг гаргууланнэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6050 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА