Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 554

 

В.Дэлгэрбатад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг,

шүүгдэгч В.Дэлгэрбат,  түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сонинцэцэг, түүний өмгөөлөгч А.Дулмаа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч Б.Уранцэцэгийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18 тоот улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн, В.Дэлгэрбатад холбогдох 201626011143 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Өнөр Чогсом овгийн Ваншаварын Дэлгэрбат, 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч, операторчин мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө “Эрдэнэс таван толгой” ХХК-д галч, машинистын ажил эрхэлж байсан, ам бүл 3, хойд эцэг, эхийн хамт /Дундговь аймгийн Хулд суманд оршин суух хаягтай/, одоо Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 58 дугаар гудамжны 22 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЗМ79123119/,

В.Дэлгэрбат нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 16-17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36 дугаар гудамжны 30 тоотод “...хамтран амьдрагч Х.Оюуныг зодлоо...” гэж маргалдан хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Цогтгэрэлийн толгойн тус газар нь модон сандлаар цохиж, хөлөөрөө толгой, хөлөн тус газар нь өшиглөж зодсоны улмаас “...гавлын дагз, зулай ясны заадас дагасан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх нимгэн цусан хураа, тархины няцралт...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: В.Дэлгэрбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Нэг: Тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолын заалтыг бүрэн биелүүлээгүй.

1. Х.Оюуныг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор тогтоож тогтоол гаргасан, хохирогчийн мэдүүлэг авахад “...талийгаач ирээд хаалга нүдээд байсан. Хаалга онгойлгож өгсөн чинь шууд гэрт орж ирээд хоёр хацар руу гараараа 2 удаа цохиод авсан...” гэж,

- мөн 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Цогоо ахыг цохиулахгүйн тулд Цогоо ахыг газар түлхэж унагаад дээрээс нь тэврээд хэвтчихсэн. Гэтэл Дэлгэрбат намайг “Чи холд” гэж хэлэхээр нь холдолгүй Цогоо ахыг дараад хэвтэж байтал “Та нарыг алаад өгье л дөө” гэж хэлээд миний нуруу руу болон Цогоо ахын толгой руу сандалны модоор хэд хэдэн удаа цохисон” гэж тус тус мэдүүлсэн, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6351 дугаартай дүгнэлт гарсан байна. Тус дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг Х.Оюунд хэн учруулсан эсэхийг тогтоогоогүй, улмаар хохирогч Х.Оюуны хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн асуудлыг тус эрүүгийн хэрэгт шийдвэрлэлгүй орхигдуулсан, зөрчлөө арилгаагүй.

2. Түүнчлэн В.Дэлгэрбатын цусны бүлгийг тогтоож, ДНК бүтцийг тогтоолгохоор шинжээч томилсон байх боловч В.Дэлгэрбатын цусны бүлгийг тогтоосон баримт хэрэгт байхгүй.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 896 дугаартай дүгнэлтийн 3-т “...талийгаач Цогтгэрэл нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ”, 7-т “талийгаач Цогтгэрэлийн биед учирсан гавал тархины гэмтэл нь дагз хэсгээр савж унахад үүсгэгдэх боломжтой” гэж,

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаа, Б.Ариунзул, О.Болороо нарын 3 бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 912 дугаартай дүгнэлтэд “...Ц.Цогтгэрэл нь ...тархины гэмтлийн улмаас тэнцвэрээ алдаж унасан байж болно...” гэж тус тус дүгнэсэн ба эдгээр дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байхад 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хавтаст хэргийн материалаар хийсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 357 дугаартай дүгнэлтэд “...896, 912 дугаар дүгнэлтүүд нь үндэслэлтэй гэсэн,

357 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээчид болох Ө.Сарангэрэлээс “...амь хохирогчид үүссэн гавал тархины яс дагзны төвгөрөөс дээш суман заадсыг даган явж дух, зулайн зааг хүрсэн хугарал, цусан хараанаас гадна тархины эдийн няцрал, бүрхүүлийн цус харвалт, дух зулай дагзны хуйхан доор хар хүрэн цус хуралттай гэсэн гэмтлүүд байсан нь унахаас гадна мохоо зүйлийн цохих, өшиглөх зэрэг хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байсан...” гэж,

Шинжээч Ц.Ганболдоос ...гэмтэл нь хүний хүчин зүйлийн үйлчлэл болон цохих, өшиглөлтөөс үүсэх боломжтой гэмтэл юм...” гэж мэдүүлсэн буюу нэг дүгнэлтэд хамтран оролцсон дээрх 2 шинжээчдийн мэдүүлэг ч хоорондоо зөрүүтэй.

Өөрөөр хэлбэл амь хохирогчид учирсан гавал тархины гэмтэл нь дагз хэсгээр савж унаснаас үүссэн эсэх, эсхүл тархиндаа гэмтэл авч тэнцвэрээ алдаж унаснаас үхэлд хүргэх гэмтлийг авсан уу, эсхүл хүний хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас цохих, өшиглөх зэргээс үүссэн үү гэдэг талаар тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дээрх шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгийн зөрүүг арилгаж, гэмтлийг үүсгэсэн механизмыг тогтоох.

4. Мөрдөн байцаалтад саатуулах байрны цагдаа ажилтай гэрч М.Дуламсүрэн мэдүүлэхдээ “...2016 оны 5 дугаар 6-ны үеэр саатуулах байрны хяналтын камер ажиллаж байсан. Бичлэг нь хаана хэрхэн хадгалагддаг талаар мэдэх зүйлгүй” гэжээ. Иймд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хяналтын камерын бичлэг хадгалагдаж байгаа эсэхийг шалгаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргах шаардлагатай. Тус ажиллагааг хийлгэхээр шүүхийн захирамжид заасан бөгөөд заалтын дагуу холбогдох ажиллагааг хангалттай хийгээгүй гэж үзнэ.

Хоёр: Х.Оюун мөрдөн байцаалтад гэрчээр 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлэхдээ “...Дэлгэрбат том өрөөнд байсан цагаан өнгийн модон сандлыг аваад Цогоо ахын толгой руу 2 удаа цохих үед Цогоо ахын баруун чихний ар хэсгээс нь цус гараад эхэлсэн. ...Цогоо ахын толгой руу сандлын модоор хэд хэдэн удаа цохисон. Би та гараад гүйчих гэж хэлээд гэрээс гаргаад гүйлгэх үед Дэлгэрбат араас нь гараад хөөгөөд гүйсэн. Тэгэхээр нь араас нь гараад иртэл Цогоо ах манай гэрийн хашааны гадаа хэвтэж байсан.” гэж,

- 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “...Дэлгэрбат том өрөөний хаалганы хажууд байсан цагаан өнгийн модон сандлыг аваад Цогтгэрэлийг газар унагаад дээрээс нь модон сандлаараа толгойн баруун чихний дээд хэсэгт нь 1 удаа, толгойн ар хэсэгт нь 1 удаа цохиход ална гээд орилох үед Цогтгэрэлийн баруун чихний дээд хэсгээс нь цус гараад эхэлсэн. ...Цогтгэрэлийн толгойн баруун чихний дээд хэсэгт хөндлөн хэлбэртэй ойролцоогоор 4-5 см газарт язарч цус гарсан, зүүн талын чихний дээд хэсэгт хавдчихсан, баруун талын тохойн урд хэсэг зулгарсан, нүүр ам нь нилэнхүйдээ цус болчихсон байсан.” гэж тус тус мэдүүлсэн.

Харин шүүх хуралдаанд “...юунаас болж зодолдсон гэдгийг мэдэхгүй. Дэлгэрбат, талийгаач хоёр нэг нэгэнтэйгээ барьцалдаж аваад талийгаач Дэлгэрбатыг аймар заамдсан байсан. Талийгаач нь Дэлгэрбатыг заамдсан байхдаа том өрөөний босгон дээр шилэн хүзүүгээрээ саваад унасан. ...Дэлгэрбат талийгаачийг сандлаар цохиж байгааг нь хараагүй. Цагаан өнгийн сандлыг би өөрөө хөлөөрөө хугалаад зуухны хажууд тавьсан байсан. Сандал өөрөө жайжийгаад унасан байсан болохоор би сандлыг салгаад тавьсан. Хэрэг болохоос өмнө сандлын хөл жайжийсан байхаар нь би зуухны хажууд салгаж тавьсан. ...Талийгаачийн толгойноос цус гараагүй. Тухайн үед гарсан цус нь Дэлгэрбатын гарнаас гарч байсан цус юм. Дэлгэрбат талийгаачийг цохисон, түлхсэн зүйл байхгүй. Мөрдөн байцаагч Батсайханд мэдүүлэг өгөхдөө “...би бичиг үсэг мэдэхгүй, миний ярьсан зүйлийг үнэн зөвөөр бичээрэй” гэж хэлсэн. Дэлгэрбат сандлаар миний нуруу болон Цогтгэрэл ахын толгой руу хэд хэдэн удаа цохисон гэж мэдүүлэг өгөөгүй.” гэж эрс зөрүүтэй мэдүүлэг гаргасан.

Иймд хэргийн газар байсан гэх гэрч Х.Оюуны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн аль нь үнэн зөв эсэх, аль нь худал мэдүүлэг болохыг шалгаж, мэдүүлгийн зөрүүг арилгаж, хуульд заасан ажиллагааг хийх гэх үндэслэлээр В.Дэлгэрбатад холбогдох 201626011143 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Уранцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаартай шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

- Х.Оюуны гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36 дугаар гудамжны 30 тоотод байрлах байшингийн цонхыг Ч.Сонинцэцэг хагалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шалгасан бөгөөд дээрх үйлдлийн хохирогчоор Х.Оюуныг тогтоож мэдүүлэг авсан бөгөөд яллагдагч Ч.Сонинцэцэгт холбогдох үйлдэл холбогдлыг 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6351 дугаартай дүгнэлтээр Х.Оюуны биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарагдаж байх бөгөөд Х.Оюуны хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоосон болно.

- 1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар талд 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 4099 дугаартай ДНХ-ийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн авагдсан болно.

- В.Дэлгэрбатад холбогдох энэ хэрэгт талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцлийг тодруулах зорилгоор 3 шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан байгаа бөгөөд хамгийн эхний шинжээчийн дүгнэлт буюу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шинжээч эмч М.Энхбаярын гаргасан 896 дугаартай дүгнэлтэд “...7-д талийгаач Цогтгэрэлийн биед учирсан гавал тархины гэмтэл нь дагз хэсгээр савж унахад үүсгэгдэх боломжтой” гэсэн, дараагийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн шинжээч Б.Ундармаа, Б.Ариунзул, О.Болороо нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан 912 дугаартай дүгнэлтэд “...Ц.Цогтгэрэл нь ...тархины гэмтлийн улмаас тэнцвэрээ алдаж унасан байж болно” гэж тус тус хариулагдсан байдлаас шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч эмч Ө.Сарангэрэл, Ц.Ганболд нарын мэдүүлгүүдийг зөрүүтэй гэж шүүх үзжээ.

Шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаагчийн “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол”-д тавигдсан асуултуудад хариулах байдлаар гаргасан байх бөгөөд 896 дугаартай дүгнэлтэд “...талийгаачид учирсан гэмтэл нь өөрөө унахад үүсэх боломжтой юу” гэсэн асуултад “...талийгаач Цогтгэрэлийн биед учирсан гавал тархины гэмтэл нь дагз хэсгээр савж унахад үүсгэгдэх боломжтой” гэж. 912 дугаартай дүгнэлтэд “...талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс түүнийг тэнцвэрээ алдаж ар дагзаараа унахад хүргэсэн гэмтэл аль нь вэ” гэсэн асуултад “...Ц.Цогтгэрэл нь ...тархины гэмтлийн улмаас тэнцвэрээ алдаж унасан байж болно” гэж хариулагдсан байдлыг дүгнэхэд 2 өөр асуултанд 2 өөр байдлаар хариулагдсан ба тархины гэмтлийн улмаас тэнцвэрээ алдаж унасан байж болно гэсэн нь тэнцвэрээ алдаж унаснаас үхэлд хүргэх гэмтлийг авсан байж болзошгүй гэж ойлгох боломжгүй юм.

357 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээчид болох Ө.Сарангэрэл, Ц.Ганболд нарын дээрх мэдүүлгүүдийг хоорондоо зөрүүтэй гэж үзсэнийг хүлээн авах боломжгүй.

- Мөн гэрч М.Дуламсүрэнгийн “...тухайн үед саатуулах байрны өрөөнүүдэд ямар нэгэн зодоон цохион болсон уу гэхэд тийм зүйл ерөөсөө болоогүй, саатуулах байранд миний мэдэхийн хүлэг, ороох цамц зэрэг тусгай хэрэгсэл байдаггүй, гав бороохой нэр бүрийн тусгай хэрэгсэл байдаг ч гэсэн хэрэглэх ямар ч нөхцөл байхгүй ...хэрэглэх боломжгүй байдаг...” гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь гэрч Б.Цолмонбаяр, М.Мягмарсүрэн, Ц.Амарсанаа, Д.Дамдинсүрэн, Т.Эрдэнэбилэг, Н.Лхагва-Очир нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Мөн талийгаач Ц.Цогтгэрэл нь саатуулах байранд ирэхдээ л үхэлд хүргэсэн тархины гэмтлийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Цэвэлмаагийн “...таталт өгсөн гэж хэлсэн болохоор би тархиндаа гэмтэл авсан байж магадгүй гэж үзээд гэмтэл согог үндэсний төвд хүргэж өгсөн” гэх мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлийн 19 дүгээр хуудсанд “...гэрч: Баруун нүдэнд маш бага хэмжээний цус хурсан, эрүүлжүүлэх эмчийн хэлснээр таталт өгсөн, өмдөндөө бие зассан байдалтай байсан. Би тухайн үед таталт өгөөд өмдөндөө бие зассан болов уу гэж бодсон. “Гэмтэл согог судлалын үндэсний төв” рүү зөөх болсон шалтгаан нь нүдэнд цус хурсан, таталт өгсөн үндэслэлээр ...зөөсөн” гэх, шинжээч эмч Ц.Ганболдын “...дээрх гэмтлийг авсан даруйд ...бөөлжих, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед дээрхи шинж тэмдэгүүд бүдэг юм уу эсвэл хожуу илэрч болдог. ...энэ төрлийн үед богино хугацаанд таталт үүсэж эргээд хэвийн нөхцөлд орох тохиолдол ч бий.” гэх, гэрч Ц.Баясгалангийн “...бусдад зодуулсан гэж тайлбарлаж байсан. Анхны үзлэгийг хийхэд гавал тархины гэмтэлтэй байсан ба рентген зураг авахуулах бичиг хийж өгсөн ба эргэж орж ирж үзүүлэхгүй байсан тул өөрөө дээрх өвчтөнг хайхад эмнэлэг дотор байгаагүй. ...асуултанд хариулахдаа толгойндоо цохиулсан гэж байсан ба толгойн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон...” гэх мэдүүлгүүдээр амь хохирогч Ц.Цогтгэрэл нь тухайн үед саатуулах байранд үхэлд хүргэх гэмтлийг авсан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэгддэг. Иймд дээрх заалтын дагуу холбогдох ажиллагааг хангалттай хийсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

- Мөрдөн байцаалтын шатанд тухайн хэргийн талаар хамгийн сайн мэдэх Х.Оюуныг гэрчээр хууль сануулж удаа дараа мэдүүлэг авахад болсон үйл баримтыг үнэн зөвөөр тогтвортойгоор мэдүүлж ирсэн /В.Дэлгэрбат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үед/ байдаг бөгөөд шүүх хуралдааны шатанд илтэд худал мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь яллагдагчтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч этгээд байсан болно.

Шүүгдэгч В.Дэлгэрбатыг шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзаж сулласан нь гэрч Х.Оюунд ямар нэгэн байдлаар нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй гэж үзэх үндэслэлтэй байх учир Х.Оюуны өгсөн мэдүүлгийн аль нь үнэн зөв эсэхийг шалгаж, мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагагүй гэж үзэж байна.

Эрүүгийн 201626011143 дугаартай В.Дэлгэрбатад холбогдох хэргийг хавтаст хэргийн хүрээнд, шүүхээр хэлэлцэн түүний гэм бурууг тогтооход нөлөөлөх зүйл байхгүй тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сонинцэцэгийн өмгөөлөгч А.Дулмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сонинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн оршуулгын зардлыг төлүүлэх хүсэлтэй байна. Миний үр, хүүхдийг өнчрүүлчихээд ганц ч удаа очиж уучлалт гуйгаагүйд гомдолтой байна.” гэв.

Шүүгдэгч В.Дэлгэрбатын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор шинжээчийн дүгнэлтүүд зөрүүгүй гарсан гэж яриад байна. Гэтэл  анхан шатны шүүх гэмтэл учруулсан механизм, хүч үйлчилсэн чиглэлийн талаар шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл, байцаалт мэдүүлэг нь илт зөрүүтэй байсан. Савж унасан гэдэг нь зөвхөн чиглэл. Ямар хүчин зүйлийн улмаас буюу амь хохирогчид учирсан тархины тэнцвэр алдагдсан гэмтлийн улмаас эсхүл түлхэх, цохих бусад механизмын ямар эх үүсвэрээр нь гэмтэл учирсан бэ гэдэг нь мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт 2 хоорондоо эрс зөрүүтэй. Шинжээчийн мэдүүлэг, дүгнэлт хоёрын зөрүүтэй байгаа нөхцөл байдал нь бусад нотлох баримтуудтайгаа авцалддаггүй. Х.Оюуны мэдүүлэг илт зөрүүтэй гэдэг. Гэтэл Х.Оюун нь өөрөө шүүхэд мэдүүлэг өгөхдөө бичиг үсэг мэдэхгүй талаар мэдүүлдэг. Ийм учраас өмнө авсан мэдүүлэг нь бичиг үсэг мэдэхгүй этгээдээс мэдүүлэг авсан. Урьд шүүхээс даалгасан заалтуудыг биелүүлээгүй. Амь хохирогчийн цусны бүлгийг тогтоох, шаардлагатай албан тушаалтан байгууллагаас, шаардлагатай эд мөрийн баримтыг гаргуулах даалгаврыг биелүүлээгүй. Зөвхөн 2 жилийн өмнө эрүүлжүүлэгдсэн 3 хүнийг гэрчээр асуусан. Гэтэл хохирогч эрүүлжүүлэгдсэн байдлыг бичсэн камер өмнө байсан эсэх, тухайн үед байсан эсэх, яагаад ажиллаагүй зэрэг шалтгаануудыг шаардаж аваагүй учраас тухайн үед камер ажиллаж байсан эсэх нь мэдэгддэггүй. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар гэмт хэрэг яаж үйлдэгдсэн нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр шүүх хэргийг буцаасан. Ийм учраас анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгч В.Дэлгэрбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

ХЯНАВАЛ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаар шүүхийн тогтоолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд В.Дэлгэрбатад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байжээ.

Иймд анхан шатны шүүх В.Дэлгэрбатад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, В.Дэлгэрбатад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, В.Дэлгэрбатад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч В.Дэлгэрбатад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ