Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ХШТ/49

 

А.Б, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, А.Б, М.Б нарт холбогдох эрүүгийн 2419002610308 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой А-ийн Б;

 

2.Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 2003 оны 01 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 10 хоног хорих ял, 2003 оны 09 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ... овогтой М-ын Б.

 

Шүүгдэгч А.Б, М.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, А.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, М.Б нарыг тус бүр 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, хэрэгт хураагдсан ... болон ... загварын тус бүр 1 ширхэг металл хайгчийг шүүгдэгч М.Б-д, ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг З.Б-д тус тус буцаан олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням бичсэн эсэргүүцэлдээ “...Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ДШМ/11 дугаартай магадлалыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэгт бэлтгэх”, 2.8 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдэхээр завдах” үйлдлийг журамлан шийдвэрлэх асуудлыг улсын хэмжээнд хэрхэн хянан шийдвэрлэх талаарх хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн болно.

Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд газрын хэвлий, байгалийн баялагт хууль бусаар халдахыг хориглон, төрийн хамгаалалтад авсан билээ.

Хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нийт ард түмний эрх ашигт халдан, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж байдаг гэмт хэрэг юм. Иймээс 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар энэхүү үйлдлийг таслан зогсоож, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, Үндсэн хуульд заасан ард түмний эрх ашгийг хамгаалахаар хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох гэмт хэргийг шинэчлэн, хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгосон тул энэхүү гэмт хэргийг хэрхэн ойлгож, хянан шийдвэрлэх, хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдэл бүрт хариуцлага тооцон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгосноор уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чиглэсэн хууль хэрэглээг тогтоох шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан гэрч Ц.Б-ын мэдүүлэг (хх-н 25 дахь тал)-ээр ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт алт гарсан гэх цуу ярианы улмаас олон тооны тээврийн хэрэгсэл ирсэн байдаг. Мөн эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас (хх-н 49 дэх тал)-аар хэсэг хүмүүс ... сумын нутаг дэвсгэрт алт хайж байсан ба тухайн хүмүүсээс ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулахад металл хайгч багаж болон гал тогооны хэрэгслүүд илэрсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг А.Б, М.Б нар нь жолоодож явсан болох нь тогтоогдсон байна.

Яллагдагч нарын мэдүүлэг (хх-н 58, 67 дахь тал), А.Б, М.Б нарын баталгаа гэж гараар бичсэн баримт бичиг (хх-н 47-48 дахь тал) болон эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-н 16 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-н 8-12 дахь тал)-ээр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч нар нь алт хайх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр урьдчилан үгсэн тохиролцож, ашигт малтмал эрэн хайх төхөөрөмж болох металл хайгч багажуудын хамт ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт ирж, ашигт малтмал олборлохоор завдсан болох нь тогтоогдсон байдаг.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Б, М.Б нарыг гэмт хэргээ төгсгөх үйлдлийг хийгээгүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитойгоор аюул занал учруулж эхлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр нь бүрдсэн тохиолдолд завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт завдах ойлголт нь объектив шинжийн хувьд гэмт этгээд нь халдлагын объектод хүссэн хор уршгаа учруулж чадаагүй байдаг бөгөөд энэ үйлдлээ төгс хийсэн гэж итгэсэн ч өөрөөс шалтгаалахгүйгээр гэмт хэрэг төгсөөгүй байдаг онцлогтой.

Шүүгдэгч нар нь металл хайгч төхөөрөмж, газрын хэвлийд халдахад шаардлагатай эд зүйлсийг цуглуулан, ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачин өөрсдийн оршин суух ... аймгаас гарснаар гэмт хэрэгт бэлтгэх үе шат нь төгссөн бөгөөд алт байгаа газартаа буюу өөрсдийн зорьсон газар ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... гэх газарт хүрч ирснээр гэмт үйлдлээ төгсгөх буюу газрын хэвлийд халдахад боломжтой нөхцөл байдал үүссэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой аюул занал бий болсон гэж үзэхээр байна.

Харин энэхүү бодитой аюул занал нь шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалах хүчин зүйл болох Цагдаагийн алба хаагч нарын үйл ажиллагаанаас шалтгаалан таслан зогсоогдож, шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй, зугтсан тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт завдсаныг илэрхийлж байна. Иймээс хууль бусаар ашигт малтмал олборлохоор тодорхой газарт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэх эд зүйлсийн хамт ирж байгаа хүний үйлдлийг хэрхэн ойлгох, зайлшгүй газрын хэвлийд халдаж, хохирол, хор уршгийг бий болгохыг хүлээж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх эсэхийг тодорхойлох хууль хэрэглээг тогтоох шаардлагатай байна.

Иймд Дорноговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б, М.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцож байсан. Хяналтын шатны шүүх хуралдаанд энэ байр сууриа дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан...

Прокурор манай үйлчлүүлэгч нарыг гэмт хэрэг үйлдэх газартаа ирсэн байсан гэж ярьж байна. Гэтэл тэднийг ... газарт ирсэн эсэхийг тогтоосон баримт байдаггүй. Энэ хэрэгт холбогдсон бүх хүний хэрэгт ... гэх газрын нэг ижил зураг, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн тэмдэглэл авагдсан байдаг. Шүүгдэгч А.Б, М.Б нар нь өөдөөс машинтай ирсэн хүмүүстэй уулзаад, хоол идээд, ар гэр рүүгээ “бид буцаж байна” гэж хэлэх гээд сүлжээтэй газар хайгаад явж байхад нь цагдаа нар ирээд баривчлан саатуулсан нөхцөл байдал байдаг. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзаж явсан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна.

Хэрэв шүүгдэгч А.Б, М.Б нарыг гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний 1/3-ээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна. Хууль тогтоогч гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээнд хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд торгох ялын доод хэмжээг 450 нэгж гэж заасан. Иймд шүүхээс А.Б, М.Б нарт 2,000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь буруу биш гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн үйлдэлд 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрхэн зөв хэрэглэх талаар шүүхийн тогтсон практик байдаггүй юм байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан.

Иймд шүүгдэгч А.Б, М.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсхүл давж заалдах шатны шүүх хэргийг зөв үнэлж дүгнэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор С.Батсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Шүүгдэгч А.Б, М.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутагт байрлах ... гэх газарт тусгай тоног төхөөрөмж ашиглан, зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна.

Гэмт хэрэг үйлдэхээр завдах нь тухайн гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах, бодит заналхийлэл үүссэн ч гэмт хэрэг төгсөөгүй, ийнхүү төгсөөгүй нь түүний хүсэл зоригоос хамаарахгүй нөхцөл байдлаас шалтгаалсан байх үндсэн шинжтэй байдаг. Гэмт хэрэг үйлдэхээр завдахыг бэлтгэх үе шаттай харьцуулбал гэмт хэргийн объектив талыг нэгэнт хэрэгжүүлээд эхэлсэн байдаг онцлогтой. Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх багаж хэрэгслээ бэлдээд хэргийн газарт зорьж очсон болох нь тогтоогдсон. Цагдаагийн алба хаагч нарын шалгалтын явцад гэмт хэрэг таслан зогсоогдсоноор гэмт хэрэг төгсөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар үйл ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдэх урьдчилсан нөхцөл бүрддэг талаар тодорхой заасан байдаг.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “шүүгдэгч нарыг алт ухна гэсэн зорилготой тухайн газар очихдоо цагдаагийн алба хаагч нар ирсэн байсны улмаас алт олборлох үйлдлээ хийгээгүй. Шүүгдэгч нар нь унаж явсан тээврийн хэрэгслээс буугаагүй, тоног төхөөрөмжөө буулгаж чадаагүй нь гэмт хэрэгт бэлтгэсэн гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч нар тээврийн хэрэгслээсээ буугаагүй гэх үйл баримт тогтоогддоггүй. Тэгэхээр шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний 1/3-ээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно гэж заасан. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэж байгаа эсэх нь тодорхойгүйн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөс доогуур ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээр ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг хураан авч, тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх болон завдах нь гэмт хэрэг үйлдэх шатанд хамаардаг тул гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар бэлтгэсэн тээврийн хэрэгсэл, техник хэрэгслийг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.Б, М.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б, М.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

2.Прокуророос шүүгдэгч А.Б, М.Б нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч А.Б, М.Б нар нь ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутагт алт илэрсэн гэх ам дамжсан сургаар тухайн газарт очиж ... болон ... нэртэй металл хайгч төхөөрөмжийг ашиглан хувиараа алт олборлохоор урьдчилан үгсэн тохиролцож, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр ... аймгаас ... аймгийн ... сумын нутагт ... гэх газарт очсон боловч тухайн газарт иргэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохын эсрэг Цагдаагийн байгууллагаас явуулсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хууль сахиулагч нарын тавьсан шаардлагын дагуу алтны хайгуул, олборлолт явуулаагүй, харин тухайн газраас холдож явах үедээ хууль сахиулагч нарт саатуулагдан шалгагдсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээс гадна ... дугаартай ... загварын тээврийн хэрэгсэл, ачаа тээшэнд үзлэг хийж 2 ширхэг металл хайгч төхөөрөмжийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8, 14, 79 дэх тал), 2024 оны 08 дугаар сарын 26-нд хэргийн газарт нөхөн үзлэг хийж газрын хөрс хөндөгдөөгүй болохыг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5 дахь тал), ... сумын ... дугаар баг, ... гэх газарт алт гарсан сургаар тээврийн хэрэгсэл бүхий иргэд олноор цугласан талаар тухайн газарт оршин суудаг Ц.Б-ын өгсөн гэрчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэхүү үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

... аймгийн Цагдаагийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А.Б, М.Б нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгахдаа тэдэнд гэрчийн эрх, үүргийг сануулан, холбогдсон хэргийнх нь талаар гэрчээр авсан мэдүүлгийг (хавтаст хэргийн 19, 21 дэх тал) хэргийн үйл баримтыг тогтооход нотлох баримтаар ашиглах боломжгүй бөгөөд  Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх тухай”  албан ёсны тайлбарын 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна” гэж заасныг цаашид анхаарвал зохино.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч А.Б, М.Б нарыг металл хайгч төхөөрөмж ашиглан хууль бусаар алт олборлох зорилгоор ... аймгаас ... аймгийн ... сумын нутагт ... гэх газарт ирсэн үйлдлийг хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэх шинжийг агуулсан гэж дүгнэн, А.Б, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэдэгт хуульд заасан шаардлага, журмыг зөрчиж, эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсныг ойлгоно. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох"-оор зохицуулсан бол Иргэний хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан нөхөрлөл, хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, эсхүл мөн хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1 дэх хэсэгт заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч байхаар хуульчилсан байх тул хувь хүн болон тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдийн газрын хэвлийд нэвтрэн малталт хийж, ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авсан идэвхтэй үйлдлийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт тооцно.

 

3.Гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт хэрэг үйлдэх сэдэл төрж, санаа зорилгоо илэрхийлэхийн дараах үе шат бөгөөд уг үйл ажиллагаа нь идэвхтэй үйлдлээр илэрч, урьдаас төлөвлөсөн гэмт хэргийг амжилттай хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх зорилгод чиглэгддэг. Гэмт хэргийн энэ үе шатанд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд шууд заналхийлдэггүй, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж буй этгээдийн хүсэл, зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа нь таслан зогсоогддог онцлогтой.

 

Харин гэмт хэргийн завдалт нь гэмт этгээд гэмт санаагаа хэрэгжүүлэхээр тодорхой үйлдлийг эхэлж хор уршиг учрах бодитой аюул, заналхийллийг бий болгосон боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон нөхцөл байдлыг ойлгох бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болно.

 

4.Шүүгдэгч А.Б, М.Б нар нь зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар алт олборлохоор үгсэн тохиролцож, металл хайх зориулалт бүхий ... болон ... нэртэй 2 ширхэг төхөөрөмжийг бэлтгэн, ... аймгаас ... аймгийн ... сумын нутагт орших ... гэх газарт өөрсдийн тээврийн хэрэгслээр очиж, газар орчны байрлалыг судлан тандсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт бэлтгэх үйлдлийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч А.Б, М.Б нар нь өөрсдийн хүссэн үр дүнд хүрэхийн тулд идэвхтэй үйлдлээр бэлтгэсэн байх боловч металл хайгч төхөөрөмжөө угсарч ашигласан, улмаар газрын хөрсийг ухаж гэмтээсэн, байгаль орчинд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэдний хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон байна.

 

Иймд нэр бүхий шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах “... хууль бусаар газрын хэвлийд халдах” үйлдлийг бодитой хийгээгүй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэхгүй болно.

 

5.Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б, М.Б нарын хууль бусаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээнээс доогуур буюу 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд ял оногдуулах журмыг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

 

Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

 

Уг хуулийн тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд удирдлага болговол зохих ерөнхий ангийн нийтлэг хэм хэмжээг зохицуулах шинжээр нь эрх олгосон, үүрэг болгосон, хориглосон гэж ангилан үздэг билээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно...” гэж гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд оногдуулж болох ялын дээд хэмжээг тогтоосон байх бөгөөд шүүхээс уг дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэлгүйгээр ялын төрөл, хэмжээг сонгон хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

6.Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан техник, хэрэгслийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б-д буцаан олгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Аливаа гэмт хэрэг нь гэмт хэрэгт бэлтгэх, гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэргийг төгс үйлдэх гэсэн гурван үе шатыг дамжин хэрэгжих боломжтой бөгөөд Эрүүгийн хуулиар эдгээр үе шат тус бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гурван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл” гэдэгт гэмт хэрэг үйлдэх бүхий л үе шатанд буюу гэмт хэрэгт завдах болон гэмт хэрэг төгс үйлдэхэд ашигласнаас гадна гэмт хэрэгт бэлтгэх үе шатанд гэмт үйлдэлдээ ашиглахаар бэлтгэсэн техник, хэрэгслийг мөн адил хамааруулан ойлгоно.

 

Иймд шүүгдэгч А.Б, М.Б нарын хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор тусгайлан бэлтгэсэн металл хайх зориулалт бүхий ... болон ... нэртэй 2 ширхэг төхөөрөмжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хурааж, улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...” зорилго болон 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүгдэгч нарын ... аймгаас ... аймгийн ... сумын нутагт ... гэх газар хүртэл жолоодож ирсэн ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигт малтмал олборлох зориулалтаар тусгайлан бэлтгэсэн техник хэрэгсэл гэж шууд дүгнэх боломжгүйгээс гадна шүүгдэгч нар уг ердийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд газрын хэвлийг хөндөн хөрсийг хуулж, зөөвөрлөх үйлдлүүд багтдаг бөгөөд гол төлөв тухайн уул уурхайн чиглэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд тусгайлан зориулагдсан тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийг ашигладаг.

 

Иймд анхан шатны шүүхээс энэ хэрэгт хураагдсан ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтээс “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгох...”-той холбоотой хэсгийг хэсэгчлэн хангаж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан металл хайх зориулалт бүхий ... болон ... нэртэй 2 ширхэг төхөөрөмжийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй. ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай” гэж,

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ДШМ/11 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямын бичсэн эсэргүүцлээс “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

 

          ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                 Д.БАТБААТАР

 

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

 

                                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ