Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 655

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, В.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарыг оролцуулан “Г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Г х” ХХК

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар 

Нэхэмжлэлийн шаардлага: “Г х” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Монгол улсын иргэн Т.Тг бүртгэж, улсын бүртгэлийн баримт бичгүүдэд зохих тэмдэглэл хийлгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компанийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан: 

1. Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн К Ч хууль бусаар тус компанийн захирлаар бүртгэлтэй байсан хугацаа буюу 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд К Чы гаргасан хүсэлтийн дагуу компанийн улсын бүртгэлд хийгдсэн бүх бүртгэлийг хүчингүй болгуулах, 

2. Тус компанитай холбоотой бүхий л тогтоол, шийдвэрийг “Г М К” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэрийг үндэслэн компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж байна гэдгээ мэдэгдэх, 

3. Компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Г М К” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь С Б бөгөөд “Г М К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг төлөөлөх тул компанийн улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчөөр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С Бг бүртгэж, зохих мэдээллийг оруулах,

4. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Т.Т томилогдон ажиллаж байгаа бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэн ажиллах тул гүйцэтгэх захирал Т.Тг компанийн эрх бүхий этгээдээр нэмж бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргасан. 

Дээрх хүсэлтийн хариуд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн б/10816 тоот албан бичгээр ирүүлсэн хариудаа “... Бүртгэлд өөрчлөлт оруулахаар өгсөн танай материалыг судалж байгаа болно” гэсэн хариу өгсөн байна. Гэтэл түүнээс хойш судалж байгаа гэсэн асуудлаараа хариу өгөөгүй тул дээд шатны захиргаа болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Тус гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандсан боловч шийдэж өгөөгүй. 

Тиймээс дээд шатны захиргаа болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдлоо гаргахад 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/2968 дугаартай албан бичгээрээ “... Танай гомдолд дурдсан асуудлаар тус газрын Хяналтын газрын 2017 оны 4/1173, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2017 оны 8/2079 тоот албан бичгүүдээр хариу хүргүүлсэн тул дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэсэн хариу өгсөн. 

Компанийн зүгээс удаа дараа шат шатанд нь хүсэлт өгсөөр байтал Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийж, утсаар холбогдон амаар хариу өгч, бичгээр хариу хүсэхэд өөр утгатай хариу өгөх, үндэслэлгүйгээр шилжүүлэх зэргээр хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж байна. Дээрхи хүсэлтэд дурдсан асуудлын талаар шийдвэр гаргах эрх нь компанийн дотоод асуудал мөн боловч түүнийг хуулийн дагуу бүртгэж, баталгаажуулах нь танай байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг билээ. 

Хүсэлт гаргасан асуудлуудаас хамгийн чухал болох компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Монгол Улсын хэмжээнд хариуцаж, төлөөлөн ажиллаж байгаа гүйцэтгэх захирал Т.Тг компанийн “Гүйцэтгэх захирал”-аар бүртгэхгүй байгаа улсын бүртгэлийн байгууллагын эс үйлдлээс болж, компани үндсэн үйл ажиллагаагаа явуулах, эрх бүхий этгээдээр хуулийн дагуу төлөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүйд хүрч, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. 

Компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Солонгос улсын хуулийн этгээд “Г М К” ХХК-ийн эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын иргэн Т овогтой Тг гүйцэтгэх захирлаар томилж, зохих бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр шийдвэрлэсэн. 

Мөн Т.Т нь “Г х” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд, гүйцэтгэх захирал болохыг тодорхойлж, тус компанийн шинэчилсэн дүрэмд нэмэлтээр оруулан, уг дүрмийн шинэчилсэн найруулгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн авч бүртгэсэн.

Өөрөөр хэлбэл Т.Т нь гүйцэтгэх захирал болохыг компанийн шинэчилсэн улсын бүртгэлд бүртгэгдсэн дүрмээрээ тогтоосон болно. Улсын бүртгэлийн байгууллагаас заавал “Гүйцэтгэх захирлыг чөлөөлж, дараагийн хүнийг томилж бүртгүүлэх боломжтой” гэж хариу өгч байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд “компанийг нэг л этгээд төлөөлнө” гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Дээрхи асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх чиг үүрэг нь тус Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт байгаа билээ. Тус газрын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлээс компани нь эрх бүхий этгээдүүдээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. 

Нэхэмжлэлийг хүлээн авч, “Г х” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Монгол Улсын иргэн Т.Тг бүртгэж, улсын бүртгэлийн баримт бичгүүдэд зохих тэмдэглэл хийлгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “Г х” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус байгууллагад холбогдуулан гаргасан байна. Үүнд: 

“Г х” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Монгол Улсын иргэн Т.Тг бүртгэж, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах.

Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуулийн этгээдийн хувийн хэргийн агуулгад ямар мэдээлэл багтах талаар хуульчилж өгсөн байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд гүйцэтгэх удирдлагын талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн хуульд заасан мэдээллийг зохих журмын дагуу бүртгэдэг болно. 

Гэтэл “Г х” ХХК-ийн захирлаар Бүгд найрамдах Солонгос улсын иргэн С М Г бүртгэлтэй байсаар байхад иргэн Т.Тг гүйцэтгэх захирлаар давхар бүртгүүлэхээр удаа дараа хандаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд энэ талаар удаа дараа хариу өгсөн болно. С М Г-ыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, иргэн Т.Тг гүйцэтгэх захирлаар томилон зохих баримтуудыг бүрдүүлэн бүртгүүлэх нь нээлттэй асуудал юм. Иймээс “Г х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г х” ХХК нь “ “Г х” ХХК-ийн захирлаар Монгол Улсын иргэн Т.Тг бүртгэж, улсын бүртгэлийн баримт бичгүүдэд зохих тэмдэглэл хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бодит нөхцөл байдал зэргийг хянан хэлэлцээд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нь “Г х” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Солонгос улсын хуулийн этгээд “Г М К” ХХК-ийн эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын иргэн Т овогтой Тг гүйцэтгэх захирлаар томилж, зохих бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр шийдвэрлэж, үүний дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр хандахад тус байгууллагаас “Гүйцэтгэх захирлыг чөлөөлж, дараагийн хүнийг томилж бүртгүүлэх боломжтой” гэх хариуг өгсөн боловч хуульд “компанийг нэг л этгээд төлөөлнө” гэх зохицуулалт байхгүй учир “Г х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Тг нэмж бүртгэх нь зүйтэй гэж нэхэмжлэгч маргадаг. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдах мэдээллийг хуульчилсан байдаг бөгөөд 11.1.10-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний  үнэмлэхийн  хуулбар,  гадаадын  иргэн  бол  хөрөнгө  оруулагчийн  биеийн байцаалт”-ыг тусгахаар заасны дагуу “Г х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээс үзэхэд уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал нь С М Г болох нь тодорхой харагдаж байх бөгөөд талууд үүнтэй маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй юм. 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.2-т “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ”, 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна”, 83.9-д “Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх тохиолдолд компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор багийн гишүүдийн ажиллах дотоод журмыг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдөнө”, 83.12-т “Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч баг энэ хуулийн 83.8-д заасны дагуу гэрээ, хэлцэл хийх, төлөөллийг хэрэгжүүлэх тохиолдолд компанийг төлөөлж багийн ахлагч гарын үсэг зурна”, 83.13-д “Энэ хуулийн 83.12-т заасан багийн ахлагчийг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн багийн гишүүд сонгох бөгөөд багийн ахлагч компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ”, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “..., гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, ..... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”, 84.2-т “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд компани 2 гүйцэтгэх захиралтай байх зохицуулалт байхгүй байх бөгөөд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д “Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох” гэж заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хуралдан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр  компанийн  гүйцэтгэх  захирлаар  С М Г, Т.Т нарыг томилсон нь компанийн гүйцэтгэх удирдлагыг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.9-д зааснаар багаар хэрэгжүүлэхээр болсон гэж үзэх боломжтой байх тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.13-д заасны дагуу гүйцэтгэх захирлын үүргийг С М Г эсхүл Т.Т нарын хэн нь гүйцэтгэх асуудлаар багийн ахлагчийг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн багийн гишүүд сонгох бөгөөд багийн ахлагч компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэхээр байна.   

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг нэг л этгээд хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай байхад  Т.Тг нэмж гүйцэтгэх захирлаар бүртгэх ёстой гэсэн агуулгаар маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. 

Нөгөөтэйгүүр уг маргаан нь “Г х” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарах шийдвэртэй холбоотой маргаан байх төдийгүй бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.10, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 84 дүгээр зүйлийн 84.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн “ “Г х” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Монгол Улсын иргэн Т.Тг бүртгэж, улсын бүртгэлийн баримт бичгүүдэд зохих тэмдэглэл хийлгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.ДОЛГОРСҮРЭН