Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1855

 

"ХХХХ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00407 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч БНСУ-ын “ХХХХ” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХХ” ХХК-нд холбогдох

 

            532 727 870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                ХХХХ

                                                                                       ХХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                   ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                   Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ , ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч БНСУ-ын “ХХХХХ” ХК нь хариуцагч “ХХХХХ” ХХК-тай 2011 оноос хойш хамтран ажиллаж БНСУ-аас Монгол Улс руу хариуцагч "ХХХХХ” ХХК-ийн ачааг зуучлан тээвэрлэж ирсэн. Хоёр тал тээвэрлэлтийн төлбөрийг ачаа хүргэх газарт ирэхээс өмнө бүрэн төлсөн байхаар харилцан тохиролцсон боловч хариуцагч “ХХХХ ” ХХК нь нэхэмжлэгч “ХХХХ” ХК-иар зуучлуулан тээвэрлүүлсэн тээврийн хөлсийг цаг тухай бүрт нь буюу хариуцагч талын БНСУ-иас тээвэрлүүлсэн ачаа Монгол Улсад ирэхээс өмнө төлж барагдуулах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Хариуцагч “ХХХХ ” ХХК нь нэхэмжлэгч “ХХХХ” ХК-иар зуучлуулан тээвэрлүүлж байсан 2013, 2014 оны чингэлгийн тээвэрлэлтийн үлдэгдэл төлбөр болох 266 716 ам.доллар буюу 532 727 870 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж нэхэмжлэгч талыг хохироож байна. Нэхэмжлэгч “ХХХХ” ХК нь хариуцагч “ХХХХХ” ХХК-тай байгуулсан тээвэр зуучлалын гэрээний дагуу тооцоо нийлэх эрхтэй итгэмжлэлийг 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр охин компани болох “ХХХХ” ХХК-д олгосон. Дээрх итгэмжлэл олгосны дагуу тооцоо нийлж 15/6 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хоёр талын үйлдсэн 15/6 дугаартай тооцоо нийлсэн актаар хариуцагч “ХХХХ ” ХХК нь нэхэмжлэгч “ХХХХ” ХК-д нийт 266 716 ам.долларын үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн байдаг. “ХХХХ ” ХХК-нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 266 716 ам.долларыг төлөхгүй “ХХХХ” ХК-ийг хохироож байна. Иймд МУ-ын Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэг, хоёр талын байгуулсан 15/6 дугаартай тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэгч “ХХХХ” ХК-иар зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн төлбөр 266 716 ам.доллар буюу 532 727 870 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “ХХХХ ” ХХК- иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 20 гэрээ нь хэрэгт авагдсан. Энэ гэрээний дагуу “ХХХХХ” ХК-тай хамтран ажиллаж ачаа тээвэрлүүлж байсан. Нэхэмжлэгч “ХХХХ” ХК нь хариуцагч “ХХХХХ” ХХК-тай байгуулсан тээвэр зуучлалын гэрээний дагуу тооцоо нийлж 15/6 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хоёр талын үйлдсэн 15/6 дугаартай тооцоо нийлсэн актаар хариуцагч “ХХХХ ” ХХК нь нэхэмжлэгч “ХХХХ” ХК-д нийт 266 716 ам.долларын үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ тооцоо нийлсэн актан дээр яриад байх зүйлгүй. Харин гэрээний батлав хэсэгт нэхэмжлэгч компанийн албан ёсны төлөөлөгч гэсэн боловч дарагдсан тамга нь “ХХХХХ” ХК гэсэн тамга байгаа. Хэрэгт холбогдох бүх баримт авагдсан гэж нэхэмжлэгч хэлж байгаа боловч нэхэмжлэгч ХХК, Монгол улсад бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компанитай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч компанитай байгуулсан тээвэрлэлтийн гэрээ нь ачаа хүлээлцэх хугацаа, үнэ тарифыг талууд тохиролцоогүй байгуулсан байдаг. Гэрээний 2 дугаар хэсэгт үнэ тарифийг гадаад мөнгөн тэмдэгтээр тооцохоор заасан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээ байгуулахдаа Монгол банкнаас албан ёсоор бараа үйлчилгээний үнэ тарифыг гадаад мөнгөн тэмдэгтээр хийх зөвшөөрөл авах ёстой байсан. Энэ талаар манай өмгөөлөгч Монгол банкинд зөвшөөрөл авсан эсэх талаар лавлагаа авсан боловч талууд банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулдаггүй, Монгол банкнаас гадаад мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх зөвшөөрөл олгоогүй гэж мэдэгдсэн. Талуудын дунд үүрэг хэзээ үүсэх ёстой байсан гэхээр гэрээний 3.1-д тээвэрлэлтийн ачаа эцсийн цэгт хүрэхээс өмнө үйлчлүүлэгч төлбөрийг бүрэн төлсөн байх ёстой гэж заасан. Гэтэл ачаа эцсийн цэгт хүрэхээс өмнө төлбөр төлсөн байх ёстой боловч манай байгууллага нэхэмжлэгчээс нэхэмжлэх ирсэн үед төлбөрийг төлж ирсэн. Нэхэмжлэх ирсэн огнооны дагуу манай байгууллага төлбөр төлөх үүрэг үүссэн байхаар харагдаж байна. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар төлбөрийг тооцох шаардлага гаргасан. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүх ачаа тээвэрлэлт дууссан үг биш юм. Бүх ачаа өөр өөр огноотой тээвэрлэлт хийгдсэн. Өөрөөр хэлбэл гэрээ нь нэг өдөр байгуулагдаж ачаа тээвэрлэлт нь өөр өөр огноотой хийгдсэн юм. Үүрэг үүсэх хугацаа нь өөр өөр хугацаатай байгаа. Ийм учраас нэг өдрийн ханшаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч 2015 оны мөнгөн тэмдэгтийн ханшаар шаардлага гаргаж байгаа нь манай байгууллагад хохиролтой байна. Энэ байдал нь талуудын тэгш байдалд нөлөөлсөн. Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсэх үеийн гэж заасан нь ач холбогдолтой гэж үзэж байна. Үүрэг хэзээ үүссэн цагийг тодорхойлж шаардлага гаргах нь зүйтэй байна. Талууд тооцоо нийлэхдээ ам.доллароор тооцоо нийлсэн ба төгрөгөөр тооцоо нийлээгүй. Ачаа тээвэрлэснээс хойш 30-40 хоногийн дараа манай байгууллагад нэхэмжлэх ирдэг байсан. Ачаа тээвэрлэлт бүр өөр өөр огноотой байгааг анхааран үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХХ ” ХХК-иас 266716 ам.доллар буюу 532 727 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХХХХ” ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 821 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид   2 821 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн харъяаллыг зөрчиж шийдвэрлэсэн. "ХХХХ" ХХК нь ХХХХ дүүрэг, ХХ-р хороо, ХХХХХХХ, “ХХХХХХ” ХХК-ийн байр хаягт байрладаг, компанийн төв захиргаа байрлаж үндсэн үйл ажиллагаагаа буюу хуульд зааснаар ажил хэргээ байнга явуулдаг албан ёсны хаяг болно. "ХХХХХ” ХК нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагч болох манай компанийн хаягийг "ХХХХ дүүрэг, ХХ-р хороо, ХХХХХХ байр" гэж тодорхойлон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн101/Ш32016/00581 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэн, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00407 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг. Гэтэл шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад хамгийн эхэнд зохигчийн эрх зүйн байдлыг шалгаж, нягтлах ёстой процессын анхан шатны ажиллагааг орхигдуулан харьяаллын бус хэргийг хянан шийдвэрлэсэн. Хоёрт анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон БНСУ-ын "ХХХХ" ХК-ийн Улаанбаатар дахь албан ёсны төлөөлөгч болон "ХХХХХ" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/17-13/36 дугаартай "Тээвэрлэлтийн гэрээ"-нүүд нь нэхэмжлэгч БНСУ-ын "ХХХХ" ХК-ийн стандарт гэрээ бөгөөд эдгээр гэрээнүүдэд мөнгөн төлбөрийн үүргийг гадаад валют болох ам.доллароор гүйцэтгэхээр тусгасан байдаг. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэдэг. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно", 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт "Банк банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно " гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх: "... Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуулийн 4.4-т заасан нь “ХХХХ” ХК, “ХХХХ” ХХК-ийн хооронд байгуулсан Тээвэр зуучийн гэрээний харилцаанд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тогтоохдоо гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байна" гэж хууль бус дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч БНСУ-ын "ХХХХ" ХК-ийн Улаанбаатар дахь албан ёсны төлөөлөгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт, Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг "ХХХХ" ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/17-13/36 дугаартай "Тээвэрлэлтийн гэрээ"-нүүдийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байгуулсан. Монгол Улсад байгуулагдаж байгаа бүх төрлийн гэрээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу байгуулагдсан байх шаардлагатай. Гэтэл БНСУ-ын "ХХХХ" ХК-ийн Улаанбаатар дахь албан ёсны төлөөлөгч нь "ХХХХ" ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/17-13/36 дугаартай "Тээвэрлэлтийн гэрээ"-нүүдийг байгуулахдаа Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх заалтуудыг зөрчиж байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Гуравт анхан шатны шүүх "ХХХХ" ХХК-иас гэрээний үүрэгт 266 716 ам.доллар буюу 532 727 870 төгрөгийг гаргуулахдаа 1 ам.долларыг 1997.36 төгрөгөөр тооцсон нь хууль бус байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" гэж заажээ. Энэхүү заалтаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өөрчлөгдсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож үүргээ гүйцэтгэхийг маш тодорхой, ойлгомжтой зохицуулсан байна. БНСУ-ын "ХХХХ" ХК-ийн Улаанбаатар дахь албан ёсны төлөөлөгч нь "ХХХХ" ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 13/17-13/36 дугаартай "Тээвэрлэлтийн гэрээ"-нүүдийн 3.1-д "Тээвэрлэлтийн төлбөрийг ачаа эцсийн хүргэх газарт ирэхээс өмнө үйлчлүүлэгч ачаа тээврийн зуучлагчид бүрэн төлсөн байх шаардлагатай", 4.4-т "Гэрээ хүчин төгөлдөр болсноос хуанлийн 25 хоногт ачааг тээвэрлэж үйлчлүүлэгчид хүлээлгэн өгнө", 5.3-т "Талуудьн эрх бүхий төлөөлөгчид гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно" гэж тус тус зааснаас үзэхэд "үүрэг үүсэх үе"-ийг төлбөр төлөх "2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр" гэж тодорхойлох бүрэн боломжтой байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу 1 ам.долларыг "үүрэг үүсэх үе"-ийн ханш болох "2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр"-ийн ханшаар тооцох байтал "2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр"-ийн ханшаар тооцож, "ХХХХ" ХХК-иас нийт 532 727 870 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг бүхэлд нь хянан үзэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00407 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            БНСУ-ын "ХХХХ" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдуулан 266 716 ам.доллар буюу 532 727 870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч үүргийн үнийн дүн болох ам.долларын ханшийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох ёстой гэсэн үндэслэл заан маргажээ.

 

            Нэхэмжлэгч БНСУ-ын "ХХХХ" ХК хариуцагч “ХХХХ” ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13/17-13/36 дугаартай тээвэрлэлтийн гэрээг байгуулагдаж, уг гэрээний дагуу тээвэрлэгдсэн ачаа болон төлөх хөлсний талаар зохигчид маргаагүй бөгөөд талууд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Тооцоо нийлсэн акт” 115/6 тоот актыг үйлдэж “ХХХХ ” ХХК-ийг 266 716.00 ам.долларын үлдэгдэл төлбөртэй болохыг баталгаажуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 55 дугаар тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч “ХХХХ” ХХК нь нэхэмжлэгч БНСУ-ын "ХХХХ" ХК-д гэрээний үүргийн гүйцэтгэлд 266 716 ам.доллар буюу 532 727 870 төгрөг төлөх үүрэгтэй болох нь талуудын хооронд байгуулагдсан дээрх тээвэрлэлтийн гэрээ, тооцоо нийлсэн тухай акт болон зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтаар тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцжээ. 

    

            Хариуцагч байгууллагын гаргасан хэргийн харъяалал зөрчсөн, мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгээгүй, үүрэг үүсэх үеийг буруу тодорхойлсон гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.  

 

            Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шүүх харъяаллын дагуу хүлээн авсан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 20.1.3-т тухайлан заасан нөхцөл байдал үүссэн, иргэний хэрэг үүсгэхдээ харьяалал зөрчсөн нь тогтоогдсон бол талуудын хүсэлт тайлбарыг авч шүүх хэргийг хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад өөр шүүхэд шилжүүлж болно. Хэргийг харъяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэхтэй холбоотой энэхүү асуудал нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх дээрх асуудлаар хэргийг шилжүүлээгүй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэр гарсан, уг шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүх хоорондын харьяаллын талаарх гомдлыг шийдвэрлэх боломжгүй болно.

 

Түүнчлэн, хэргийн баримтаас үзэхэд хариуцагч “ХХХХ” ХХК-ийн албан бичгийн хэвлэмэл хуудас болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдааны товыг хүлээн авсан мэдэгдэх хуудас, зохигчдын биеийн байцаалтыг шалгах үед зохигчдын хэлсэн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч байгууллага нь ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХ гудамж Улаанбаатар 14253 гэсэн албан ёсны хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байжээ. /1дүгээр хавтас 72 дугаар тал,3 дугаар хавтас 74 дүгээр тал, 4 дүгээр хавтас 14 дүгээр тал/

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчилахыг хориглоно” гэж заасан байдаг.

 

Талууд гэрээнийхээ 4.2-т үүргийн гүйцэтгэлийг ам.доллараар илэрхийлсэн байх боловч энэ нь хариуцагч компанийн гааад валютаар үнэ тогтоон, төлбөр тооцоо хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Учир нь нэхэмжлэгч БНСУ-ын "ХХХХ" ХК нэхэмжлэл гаргаж шүүхэд хандахдаа тухайн өдрийн Монголбанкны зарласан ам.долларын ханшийг монгол төгрөгөөр харьцуулан үүргийн гүйцэтгэлийг Монгол мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн заалттай нийцжээ.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан ба хариуцагчийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх “үүрэг” үүсэх үеийг талаар маргаж, нэхэмжлэгч БНСУ-ын "ХХХХ" ХК-ийн хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан хандсан үеээр тооцон 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкны ханш болох 1997.36 ам.долларыг монгол мөнгөн тэмдэгтийн ханшаар тооцож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Талуудын хооронд гэрээний дагуу хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээний талаар маргаантай, уг үүрэг үүссэн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд үүрэг үүссэн үеийг гэрээ байгуулагдсанаар бус талуудыг маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсан үеэр тодорхойлох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгчийн дээрх үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  “ХХХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “ХХХХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 821 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                      Ц.ИЧИНХОРЛОО