| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0173/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Улсын яллагч: С.Болорзул,
Иргэний нэхэмжлэгч: Ц.П,
Шүүгдэгч: П.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор С.Болорзулаас П.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000120210 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хадныхан овогт П.С
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч: П.С нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Овоон шанд” гэх газарт тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч П.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тухайн тэсэлгээний бодисыг 2017 онд Говь-Алтай аймгийн ажлын нуур гэх газарт алтны чулуунд явж байгаад тухайн газраа орж чадаагүй буцаж гэр лүгээ явж байгаад цагаан цахирын уурхайн тээрмийн наад талд машины цаап нь эвдэрсэн гээд зогсож байсан тухайн хүмүүсийн машины сэлбэгийг нь авч өгч, мөн дөхүүлж өгсөн. Тэгтэл тухайн хүмүүс намайг тус болсон гээд өгч байсан. Авснаас хойш хэрэглээгүй, өөр хүнд зарсан зүйл байхгүй, аваад шууд хашаандаа амбаарт аваачиж хийсэн. Өчигдөр л гаргаж ирж байгаа. Баянлиг сумын Овоон шанд явахын өмнө машины дугуй хагарахаар нь машины дугуйг янзлуулахаар би машиныг унаад хашаанаас очиж тэсэлгээний бодис болон утсаа ачаад дугуйгаа янзлуулаад Б.Б ах дээр очсон, бодис болон утсыг би ганцаараа ачсан. Тэсэлгээний бодис ачсан талаар Б.Б ах мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/
... шөнө 03 цагийн үед очиход цагаан өнгийн ланд машинтай Г.Чимэдцэрэн, Ж.Гэрэлмөнх нар байсан, очоод тэд нартай юм яриад сууж байтал цагдаа нар ирээд миний ирсэн машинд үзлэг хийсэн. Тэгээд миний машинд байсан тэсэлгээний бодсийг хурааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С мэдүүлэхдээ: Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тухайн тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэж явсан талаар сумын цагдаашаас мэдээлэл авсан тухайн газар тнь тэсэрч дэлбэрэх, бодис авч яваа нь тухайн овоон шандын нүхийг дэлбэлж чулуу авах зорилготой байх, Овоон шандын нүхийг ямар нэг ухаж дэлбэлсэн зүйл байхгүй ээ. Манай байгууллагын зүгээс ямар нэг нэхэмжлэж байгаа зүйл алга байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 71-73/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: Манай зүгээс байгаль экологид хохирол учраагүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
5. Иргэний нэхэмжлэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 90-26 УНВ дугаартай тээврийн хэрэгсэл нь миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай дүү 2018 оны 12 дугаар сарын 25-ний өдөр миний машинийг гуйгаад хөдөө ойрхон яваад ирье гэхээр нь би өгөөд явуулсан тэгтэл миний машинд цуг явсан найз нь гэх нөхөр тэсрэх бодис аясан байсан миний хувьд тухайн 90-26 УНВ улсын дугаартай тээрийн хэрэгслийг 2009 оноос хойш эзэмшиж байна. Иймд уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байна... /хх-ийн 75-76/
6. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Сайнаа надтай уулзаад хөдөө явна гэж хэлэхдээ Өмнөговь аймгийн Гурван тэс сум руу явна гэж хэлсэн. Тэсэлгээний бодисыг хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Хөдөө явахад машины дугуй хагарсан машиныг Сайнаа унаж явж янзлуулаад, хөнжил пүүгээгээ аваад хүрээд ирсэн, тэндээсээ шууд Баянлиг сум ороод “Овоон шандад” очсон. Машины дугуйг янзлуулах хооронд Сайнаа ачсан байх, би бол тэсэлгээний бодис ачсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/
7. Гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Овоон шанд гэх газар шалгалтаар очсон, очиход цагаан өнгийн прадо маркийн машин, хар өнгийн Ланд-80 маркийн машинууд байсан, цагаан өнгийн прадо машиныг шалгахад ямар нэгэн зүйл илрээгүй, хар ногоон өнгийн Ланд машинд үзлэг хийхэд тэсрэх бодис гэх ягаан өнгийн 20 см урттай зүйл гарч 2 шуудайтай зүйл мөн утас гэх зүйл гарч ирэхээр нь хураан авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/
8. Гэрч Л.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...манай “Илч түлш” ХХК нь Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт тэсрэх бодисын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 20 жил болж байна. Хуулиндаа жижиглэнгээр бодис худалдан борлуулна гэсэн ойлголт байхгүй тул манайх тэгж зардаггүй, заавал тусгай зөвшөөрлөөр худалддаг байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 107-109/
9. Гэрч Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Бодис нь нэг төрөл нь хэрэгсэл нь 2 төрөл байдаг, Хэрэгсэл нь дан дангаараа тэсэрнэ. Бодис нь дангаараа тэсэрдэггүй байгаа. Хувь хүмүүст жижиглэнгээр худалдан борлуулсан асуудал байхгүй хуулиар хориглосон байдаг. Харин нөхөрлөлүүдэд гэрээний дагуу тэсэлгээт ажлыг хийж гүйцэтгэж өгдөг байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/
10. Монгол улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 370 дугаар шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн 22.5 см урттай 3 см голчтой улбар шар өнгийн гялгар бүрээстэй, 2 талын үзүүр хэсгийг шар өнгийн металл эдлэлээр боож битүүмжилсэн зүйлд нитрат ион /NO 3/ илэрч байна. нитрат ион /NO 3/ нь тэсэрч дэлбэрэх бодисын найрлаганд ордог болно. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-120/
11. Монгол улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 297 дугаар шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь аммонит нь тэсрэх бодис байна. Энэ бодис нь доргилт, үрэлт, нар салхины нөлөөгөөр тэсэрч дэлбэрдэггүй, уул уурхайн зориулалтаар ашигладаг тэсрэх бодис бөгөөд химийн үндсэн нэгдэл нь NH4NO3 байдаг. Энэ тэсрэх бодисыг уул уурхай үйлдвэрлэлийн зориулалттай ашигладаг.
2. Шинжилгээнд нэг үзүүртэй төмөр бортоготой ногоон өнгийн утастай цахилгаан бус тэслүүр ирүүлсэн байна Энэ нь тэсэлгээний хэрэгсэл бөгөөд дээрх аммонит болон бусад төрлийн тэсрэх бодисуудыг тэслэх үүрэгтэй.гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121-122/
12. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 321 дугаар:
1. 1996 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд монголд орж ирсэн Land cruiser 80 маркийн машин 6000.000 сая төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 178-179/ болон, хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч П.Сайнбилгийн урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 26-32 дугаар хуудсанд авагдсан авто тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 39-42 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 44-48 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч П.С нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Овоон шанд” гэх газарт тэсэрч дэлбэрэх амонит бодис 26 ширхэг, тэслүүр 161 ширхэг, тэсэлгээний уртсгагч утас ОША 1 боодол, улбар шар ДША утас 2 боодол зэргийг Б.Бийн эзэмшлийн Ланд-80 маркийн 9026 УНЗ улсын дугаартай авто машинаар хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан иргэний нэхэмжлэгч Ц.П, Б.Бэ, гэрч Б.Б, Б.А, Л.Г, Ж.О нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 370,297, 321 дугаар шинжээчийн дүгнэлт, үнэлгээний “Энх-нахиа” ХХК-ийн 321 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч П.Сийг тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч байгууллагад болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар хадгалж, тээвэрлэж авч явсан амонит бодис 26 ширхэг, тэслүүр 161 ширхэг, тэсэлгээний уртсгагч утас ОША 1 боодол, улбар шар ДША утас 2 боодол зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тэсэлгээний бодис амонит 26 ширхэгийг, тэслүүр 161 ширхэг, тэсэлгээний уртсгагч утас ОША 1 боодол, улбар шар ДША утас 2 боодол зэргийг зэргийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.
Мөн уг гэмт хэрэг үйлдэхдээ тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэж явсан Б.Бийн эзэмшлийн Ланд-80 маркийн 9026 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машин буюу түүний үнэ зургаан сая / 6000.000 / төгрөгийг шүүгдэгч П.Сийн хувьд ноогдох эд хөрөнгөөс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Учир нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашин нь иргэн Б.Бийн өмчлөлд байгаа нь АЯ 0019513 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн уг хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн нь тогтоогдсон тул тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө орлогоос албадан гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Сийн эзэмшлийн 55 инчийн зурагт нэг ширхэг, хөргөгч нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч П.Ст буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Ст урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хадныхан овогт П.Сийг тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Хадныхан овогт П.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан / 01 жил 06 сар / сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан П.Ст нэг жил зургаан / 01 жил 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан П.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан П.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч П.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч П.С нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Ланд-80 маркийн 9026 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машин буюу түүний үнэ зургаан сая / 6000.000 / төгрөгийг шүүгдэгч П.Сийн хувьд ноогдох эд хөрөнгөөс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тэсэлгээний бодис амонит хорин зургаан / 26 / ширхэгийг, тэслүүр нэг зуун жаран нэгэн / 161 / ширхэг, тэсэлгээний уртсгагч утас ОША нэг / 1 / боодол, улбар шар ДША утас хоёр / 2 / боодол утас зэргийг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тэсэлгээний бодис 26 ширхэг, тэслүүр 161 ширхэг, ОША 1 боодол, ДША 2 боодол зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт тус тус даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч П.Сийн эзэмшлийн 55 инчийн зурагт нэг ширхэг, хөргөгч нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч П.Ст буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Ст авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ