| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2015/09316/И |
| Дугаар | 101/ШШ2016/05262 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2016/05262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд, *******,*******, Доржийн гудамж, өөрийн байранд оршин байх “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан бүх хугацаа буюу ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх өдрийг дуустал хугацаанд цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт баталгаажилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.******* миний бие тус байгууллагад 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр захирлын туслахаар орж ажилласан боловч хэсэг хугацааны дараа шинэ захирал өөрөө туслахаа авна гээд намайг түгээлтийн нярвын ажилд ор гэсэн. Ингээд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс түгээлтийн нярваар ажиллахаар болсон боловч түгээлтийн машингүй гэсэн учир тухайн байгууллагад хий гэснийг нь хийгээд явж байсан. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр орон тоо байхгүй тул чи ажлаасаа гар гэсэн. Тухайн үед би байгууллагын засварын ажил хийж байсан. Тэр өдөр гэнэт л ажлаа хүлээлгэж өгөөд өргөдлөө бичээд ажлаас гар гэсэн. Миний бие энэ байгууллагад 6 сар ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулалгүйгээр ажилласан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай саналаа хэлэхэд байгуулдаггүй байсан. 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ажлаас халсан гэх атлаа тушаалаа нэхэхээр өгдөггүй. Мөн намайг ажлын байранд нэвтрэн орох боломжгүй болгож хурууны хээ уншиж ирц тооцдог төхөөрөмжөөс нэр хассан байсан. Миний бие хэсэг хугацаанд харзнаж ажил үүрэг хийлгүүлэх юм боловуу гэж хүлээсэн. Гэвч ажил үүрэг хийлгэхгүй өнөөдрийг хүрсэн байх тул миний бие өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсантай адилтган авч үзэж тус дүүргийн шүүхэд гомдлоо гаргаж байна.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түгээлтийн нярвын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан бүх хугацаа буюу ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх өдрийг дуустал хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь Х.*******ыг ажлаас нь халаагүй бөгөөд одоо ирээд ажилаа хийхэд татгалзах зүйлгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоох, ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т холбогдуулан, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан бүх хугацаа буюу ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх өдрийг дуустал хугацаанд цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.******* нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б/04 тоот тушаалаар “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т захирлын туслахаар ажилд орж 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалаар чөлөөлөгдөн, мөн өдрийн Б/28 тоот тушаалаар түгээлтийн нярвын ажилд томилогдсон нь түүний дугаарт нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтээр тогтоогдож байна.
Хариуцагч 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгчид цалин хөлс олгоогүй, үүнээс хойшхи хугацаанд түүнийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй талаараа тайлбарлахдаа түүнийг ажлаас огт халаагүй, эргээд ажилдаа орох боломжтой гэх тайлбар гаргаж байх боловч нэхэмжлэгч өөрийгөө ажлаас халагдсан гэж үзэж шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл ажил олгогч цалин хөлс олгохгүй байгаа нөхцөл байдалд ажилтан өөрийгөө ажлаас халагдсан хэмээн үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эсэх асуудал нь ажилтны эрх бөгөөд цалин хөлс олгохгүй, ажиллах нөхцлөөр хангаагүй байдлыг ажилтан ажлаас халах шийдвэрийг хүлээн авсанд тооцох үндэслэл болгон ажил олгогч маргах үндэслэлгүй гэж үзэх нь зүйтэй.
Түүнчлэн дээрх хугацаанд ажилтан ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүйд ажилтныг буруутгах боломжгүй байна. Ийнхүү бичгээр байгуулах шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс тавьж байсан боловч тодорхой бус шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж байсан гэж нэхэмжлэгч тайлбарласан болно.
Нэхэмжлэгчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн ажил албан тушаалын талаарх бичилт болон тогтмол цалин хөлс олгож байсан тухай бичилтүүдийг тус тус үндэслэн талуудын хооронд хөдөлмөрийн гэрээнд тусгагдвал зохих гол нөхцлүүдийг тусган хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан гэж дүгнэх нь зүйтэй байна.
Хариуцагч 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид 33201 төгрөгийн урьдчилгаа цалин өгсөн байх бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цаг бүртгэх төхөөрөмжөөс нэрийг нь хассан учраас цагийн бүртгэл хийлгэх боломжгүй болсон тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь хариуцагчийн цалингийн дансны хуулга, цаг бүртгэгч гийн гарын үсэг бүхий цагийн бүртгэлээр тогтоогдож байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт ажлын 220 өдөр байх бөгөөд сарын дундаж цалинг ажилтны 6, 7, 8 дугаар сарын цалингийн дунджаар тооцон 739,153 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нэг өдрийн цалинг 34,379 төгрөг (739153/21.5=34,379)-өөр тогтоож нийт 7,563,429 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулах үүргийг хариуцагчид даалган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА