| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00429/И |
| Дугаар | 429 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 429
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг, “Доод Эрэгцэг” гэх газар оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Равдан овгийн Галсандонойн Дэчиндоржийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгжаргал, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Дэчиндорж шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж цэргийн алба хаагаад 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан. Улмаар өмнө ажиллаж байсан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар үргэлжлүүлэн 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсны ттогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний аав Г.Дэчиндоржийг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Дэчиндорж нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Г.Дэчиндорж нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ныг хүртлэх хугацаанд ажилласан талаар ямар нэгэн баримт байхгүй тул хүсэлтийг хэсэгчлэн хангах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Дэчиндорж нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар мөн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 145 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1980 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 тоот хурлын тогтоол, 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон цэргийн батлахын хуулбар, 1988 оны 01 дүгээр сард олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Надмидсүрэн, Н.Адъяахүү нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарРавдан овгийн Галсандонойн Дэчиндоржийг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар мөн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА