Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 481

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Д нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э , З аймгийн А  сумын ИТХ-ын даргын өмгөөлөгч Б.А , хариуцагч З аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан, З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч З аймгийн А  сумын ИТХ, гуравдагч этгээд Ч.Т  нарын давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, З аймгийн Засаг дарга, З аймгийн А  сумын ИТХ-д тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.3-д тус тус заасныг баримтлан З аймгийн А  сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоол, З аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Б.Б-ийг А  сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож”,

2 дахь заалтаар: “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан А  сумын ЗДТГ-аас  нэхэмжлэгч Б.Б ажилгүй байсан 103 хоногийн цалинтай тэнцэх 6.039.817 төгрөгийн олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

З аймгийн А  сумын ИТХ-ын дарга Б.У давж заалдах гомдолдоо: “ ...З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд: А сумын ИТХ ... 72 дугаар тогтоолыг хүчингүй болгохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дор дурдсанаар буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Үүнд:

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-д “Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ...бусад хуралдааныг ... Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын тэргүүлэгчид, түүнчлэн төлөөлөгчид ... асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д ... заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заажээ.

Дээрхээс үзэхэд хуралдааныг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгасан, түүнчлэн хуралд хэлэлцүүлэхээр оруулсан саналд холбогдох тооцоо, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгчдөд 1 хоногийн өмнө тараасан байх шаардлагыг хангаагүй асуудлыг хурлаар хэлэлцэхгүй байхаар журамласан.

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-д “Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, хуралдаан эхлэхээс 14 хоногийн өмнө зарлан хуралдуулсан хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд багтаагүй, Засаг даргыг огцруулах санал шийдвэрийн төслийг төлөөлөгчдөд 1 хоногийн өмнө урьдчилан тараалгүй 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шууд хэлэлцүүлж, Б.Б-ийг А  сумын Засаг даргаас огцруулах болсон нь тогтоогдож байх тул А  сумын ИТХ ... 72 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Нэгэнт хуулиар тогтоосон хуралдааны журам зөрчсөн тул “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул огцруулсан” гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй байна... энэ нь Засаг даргаар томилогдсон Б.Б эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн... нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхтэй...” гэжээ.

З аймгийн А  сумын иргэдийн төлөөлөгчдийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 15 дугаар ээлжит хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу Сумын Засаг дарга Б.Б-т итгэл үзүүлэх талаар хуралдаж, олонхийн саналаар огцруулах саналыг бүлгийн гишүүдийн олонх буюу 8 төлөөлөгчөөс дээш /нийт төлөөлөгчийн гурваны нэг/ санал гаргасан тул Засаг даргыг огцруулах тухай саналыг ИТХ-д өргөн барьсан.

Өөрөөр хэлбэл 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын тэргүүлэгчид, түүнчлэн төлөөлөгч ... асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д зааснаар энэ хуулийн 24.1-д ... заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй гэдэг нь ямар ч үндэслэлгүй.

Уг заалтын агуулга нь хуралдаанд төлөөлөгчид санал оруулж болно гэхдээ 1 хоногийн өмнө хуралдаанд оролцох төлөөлөгчид танилцуулсан, төлөөлөгчид уг асуудлын талаар мэдээлэлтэй хуралдаанд орох эрхийг хангах заалт юм. Гэтэл бодит байдал дээр 16-ны өдрийн хуралдаанд оролцсон 13 төлөөлөгчид бүгд 1 өдрийн өмнө уг асуудлаар хуралдаж санал хураалт явуулсан байдаг.

З аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 15 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан бөгөөд хурлын товыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Төлөөлөгч болгон жил бүрийн 12 дугаар сарын эхэнд хурлын тов гарч, 12 дугаар сарын дундуур мал тооллогын дараа хуралддаг гэдгийг мэддэг.

Иймд төлөөлөгчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Хуралдааны журам зөрчөөгүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нэхэмжлэгчийн үндсэн эрхийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон итгэмжлэлээ аваагүй байж шаардлагыг өөрчилсөн нь хууль зөрчсөн. Хариуцагчийн зүгээс тайлбартаа бүх нөхцөл байдлыг нэг бүрчлэн тайлбарласан болно.

Зайлшгүй хуралдаанд оруулах шаардлага үүссэнийг дараах байдлаар тусгасан болно.

1. З аймгийн А  сумын Засаг дарга, түүний Тамгын газрын 2019 оны хийж гүйцэтгэсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн тухайд.

З аймгийн А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар “Үнэлэлт дүгнэлт өгөх тухай” тогтоолоор “Сумын Засаг дарга, ЗДТГ-аас зохион байгуулсан ажил, үндсэн чиглэлийн хэрэгжилтэд ИТХ-ын Төлөөлөгчдөөс өгсөн дүгнэлтэд үндэслэж Засаг даргын 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг “Үр дүн хангалтгүй” хэрэгжсэн гэж дүгнэсэн.

Учир нь А  сумын эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 2.9 дүгээр зүйлийн 41-д “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.2.2-т “А  сумын Хүрэн толгойн гарам дээр модон гүүр барина - Гүүрийн барилгын гүйцэтгэл 100 хувьд хүрнэ - 200 сая төгрөг - гүйцэтгэл 40 хувь” гэж дүгнэсэн.

Хурлаар сумын иргэдийн төлөөлөгчдөөс сумын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй ажилласан байна. Жилийн эцсийн байдлаар 70 гаруй хувьтай байна гэдэг дутагдалтай, манай мөрийн хөтөлбөрт орсон гүүр барих ажил удаашралтай байна. Ер нь ажил нь хангалтгүй байна гэж дүгнэсэн. Хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна.

Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Засаг дарга Баатар овогтой Батдэлгэрийг үүрэгт ажлаас нь огцруулсан тухайд.

З аймгийн А  сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг тус тус үндэслэж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Засаг дарга Баатар овогтой Батдэлгэрийг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг Аймгийн Засаг даргад уламжилсан.

Тогтоолын хэрэгжилтийг аймгийн Засаг дарга /Д.Батсайханд/ уламжлан шийдвэрлүүлэхийг сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга /Б.Ууганбаяр/-д үүрэг болгосон.

Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тухайд.

1. З аймгийн А сумын Ө багт ердийн хэрэгцээний гүүр барих ажлыг удаашруулсан, гүүр барих бэлтгэл ажилд үг, үйлдлээрээ саад учруулсан.

З аймгийн А сумын Ардчилсан намын 2016 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөж улиран сонгогдоход хүргэсэн сумын иргэд малчдын хамгийн том тулгамдсан асуудал болох Ө  багт ердийн хэрэгцээний гүүр барих амлалтыг өгч, төлөөлөгчид маань ИТХ-д гарч ирсэн. Гүүр барих ажлыг төлөөлөгчид нэр дэвшихдээ иргэдэд амлалт өгөх байдлаар өндөр итгэлийг авсан. Үүнийг баталгаажуулж, З аймгийн А  сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 2016-2020 онд тусгайлан зааж хэрэгжүүлэхээр хөтөлбөрөө баталсан.

Тухайн гүүрний ач холбогдол, сумын малчин иргэдийн тулгамдсан хэрэгцээний тухайд.

Ө  багийн Хүрэн толгойн гарамд ердийн хэрэгцээний гүүр барих буюу 4 багийн ихэнх иргэд малчид таван хошуу малтайгаа, гэр ахуй, машин техникээр зорчдог гарамд, иргэдийн тулгамдсан асуудлын гол нь гүүр барих байсан. Манай сумын нутаг дэвсгэрийн дундуур буюу сумын төвийн урдуур байх Богд Чигэстэйн голын урд тус сумын М, Ө  багийн иргэд нь төрийн үйлчилгээг авахад аймгийн төвөөр тойрч сумын төв орж үйлчилгээ авдаг. Жишээлбэл

1. Тухайн голын ус хөлдөөгүй үед Ө  багт нэг иргэн өвдөхөд сумын эрүүл мэндийн төвийн машин болон эмч нар З аймгийн /аймгийн төвөөр/ У сумаар дайрч хоёр том гүүрээр гарч голынхоо урдуур явж зорьсон айлдаа очиж төрийн үйлчилгээ үзүүлчхээд эргээд сум руугаа явахын тулд аймгийн төвөөр бүтэн тойрч буцаж очдог бөгөөд маш их хугацаа, эд материал, шатахууны алдагдалд ордог.

2. Хүрэн толгойн гарамд машин техник голд суусан, усанд автсан дуудлага З аймгийн онцгой байдлын газарт удаа дараа давтагддаг. Зөвхөн албан ёсоор дуудлага өгсөн нь ил байдаг. Харин бусад байдлаар том тэрэг сумаас дуудаж татаж гаргуулдаг явдал байнгын шинжтэй тохиолддог.

3. Төрийн үйлчилгээ буюу эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай байх боломжийг хааж сумын иргэдийн эмнэлгийн тусламж авах, түргэн шуурхай очоогүйгээс иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл дунд ажилладаг.

4. Хадлангийн бүс нутаг нь мөн голын урд талд байдаг, сумын иргэд хадлангаа бэлтгэхдээ аймгийн төвөөр эсвэл трактор, мосттой, том машинаар хүндрэлтэй гардаг. Сумын ард иргэд уг голыг гаталж гарахдаа өөрийн эд хөрөнгө машин механизмаар, сэлбэг хэрэгсэл, моторт нь ус орж , мотороо цохиулах эвдэх нь наад захын асуудал юм.

5. Сумын малчдын хаврын болон намрын нүүдэл суудал буюу өвөлжөө, зусландаа гарахдаа аймгийн төвийн 2 голын нийлүүлсэн том голоор өөрсдийн болон гэр бүлийн амь нас , эрүүл мэнд, мал ахуй, гэр, эд хөрөнгөө эрсдэлд оруулж эвдэж, гэмтэн байж гаталдаг. Голын ус ихэнхдээ их устай аймгийн төвөөр тойрч аймгийн 2 том гүүрээр мал ахуйгаа явганаар тууж, гэр орноо ачиж У  хотын дундуур хөндлөн гулд 10 км машины түгжрэлтэй замаар тууж 5-6 цаг явган нүцгэн олон бүлтэйгээр гардаг маш хүндрэлтэй.

6. Сумын малчид хангайруугаа гарахдаа эрсдэл дунд 40-50 км тойрон явж очдог.

7. Манай сумын малчид аймгийн төвд авто машины түгжрэл үүсгэдэг. Аймгийн төвөөр авто замаар мал ахуйгаа туухад төл малууд машины доогуур орж үрэгдэх, замаар явахад машины сигналаас үргэж огцом гуу жалга, төмөр хайсруу орж гэмтэх явдал элбэг тохиолддог.

8. З аймгийн төв буюу У хот нь “НУ” гэсэн хөтөлбөр дэвшүүлж авто болон явган хүний замаас бусад газрыг зүлэгжүүлж, мод бутжуулж ажиллаж байхад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг манай сумын малчид малын хөлөөр сүйтгэдэг учраас У  сумаас хотын ногоон байгууламж руу мал оруулахыг хориглосон захирамж хүртэл гаргасан. Хориглосон журмууд гарсан ч сумын малчид зусландаа гарахдаа гүүр үгүйн улмаас зайлшгүй журам зөрчиж дайран гарахаас өөр аргагүй нөхцөл байдалд олон жилийг авч байна. Хэрэв энэ гүүр баригдсан бол сумын нийт иргэдийн энэ бүх хүндрэл бэрхшээл тулгамдсан асуудлууд шийдэгдэж төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ард иргэд аюулгүй зорчих боломж нээгдэх байсан.

9. Төлөөлөгчид бид 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ Ө  багт гүүр барина гэж амласан бөгөөд сумын иргэд малчид 2017 оноос хойш энэ амлалтыг багийн болон сумын хурал зөвлөгөөн, уулзалт, золголт, малын тоогоор өрхөөр явах болгондоо төлөөлөгчдөөс шаардаж амласан амлалтаа юу болсон одоо гүүрний ажил аль шатандаа явж байна, яагаад хийгдэхгүй байна гэсэн ам нэхсэн иргэдтэй өдөр болгон таарч одоо ч таарч байна.

10. Б.Б нь ардчилсан намаас Засаг дарга болсон ч сумын ардчилсан намын бодлого, ард иргэд, сонгогчдод амласан амлалтын эсрэг ажилласан, төлөөлөгчид бид 2016-2020 оны амлалтаа биелүүлэхгүй бол яаж 2020 оны сонгуульд орох, дахин малчид, ард хөдөлмөрчид, сонгогчдын итгэлийг авах билээ. Дахин орон нутгаа төлөөлөн сонгогдох боломж бол иргэд малчдын хүсэн хүлээсэн, хамгийн гол тулгамдсан асуудал энэ гүүр барих ажил юм.

А  сумын ИТХ, түүний төлөөлөгчид, өмнөх Засаг дарга, түүний Тамгын газар, А  сумаас аймгийн ИТХ--д сонгогдсон төлөөлөгч нар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажилласан тухайд.

Гүүр барих ажлыг 2016-2019 оны 08 дугаар сар хүртэл 2018, 2019 оны аймаг, сумын үндсэн чиглэл, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж, өмнөх сумын Засаг дарга, сумын ИТХ, аймгийн ИТХд А  сумаас сонгогдсон төлөөлөгчид бид бүхий л нөөц бололцоогоо дайчилж, З аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлд 200 сая төгрөг батлуулсан.

Хамгийн сүүлд гүүрний модон материалыг бэлтгэх төсөв байхгүй тул З аймгийн А  сумын ИТХ-ын 14 дүгээр хурлын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцсэн 4 дүгээр хэлэлцэх асуудал буюу 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, батлагдсан зарим ажил арга хэмжээг өөрчлөх тухай асуудлыг Санхүүгийн албаны дарга Ц.Б танилцуулахдаа манай суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 142 сая төгрөгийн 16 ажил иргэдийн саналаар эрэмбэлэгдэж төлөвлөгдсөн байснаас 103 саяын 7 ажил, үйлчилгээ гэрээ байгуулан гүйцэтгэсэн.

Харин шинэ сум төслийн бүтээн байгуулалтын ажлын явц удааширсантай холбогдон зарим ажил нь энэ онд хэрэгжих боломжгүй болсон тул сумын ард иргэдээс удаа дараа ирж буй Хүрэн толгойн гарамд баригдах гүүрний ажлыг хийж дуусгахаар шилжүүлж өгөхийг хүссэн санал оруулсан ба уг саналыг төлөөлөгчид маш зөв, гүүрийг анхааралдаа авч шуурхай хөдлөхгүй бол энэ ажил аль ч үгүй хаягдах гээд байна, мөн аймгийн Засаг даргын үндсэн чиглэлд 200 сая төгрөг батлагдсан, сумын үндсэн чиглэл болон засаг даргын мөрийн хөтөлбөрт /2016-2020 он/ тусгагдсан, мөн намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, иргэдийн тулгамдсан асуудлын хамгийн чухал ажил юм.

Энэ гүүрний ажил нь ард иргэдэд голын усанд осолдох, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, техник хэрэгсэл, мал ахуйгаараа хохирох эрсдэл буурч аюулгүй байдал хангагдах, мөн эдийн засгийн асар их хэмнэлтийг авчрах, иргэдэд хамгийн хэрэгтэй байгаа, төрийн үйлчилгээ түргэн шуурхай хүргэх маш том боломж, маш том хөрөнгө оруулалт гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч төсвийг нь яаралтай шийдвэрлэж, ажлыг нь маш түргэн хугацаанд гүйцэтгэхийг Засаг даргад даалгасан байдаг.

З аймгийн А  сумын ИТХ-ын 14 дүгээр хурлын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг шинэчлэн батлах тухай тогтоолоор суманд хийгдэхээр төлөвлөгдсөн төсөв нь батлагдсан байсан иргэдийн саналаар чухалд эрэмбэлэгдсэн 6 нэр төрлийн ажлыг цуцалж, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан өмнөх онд иргэдийн саналаар эрэмбэлэгдсэн иргэдийн хамгийн чухал, тулгамдсан асуудал болох Хүрэн толгойн гарамд баригдах гүүрний ажлыг хийж дуусгахад зориулж хогны машин худалдан авах-15,000,000, худаг гаргах-8,000,000, ногоон байгууламж байгуулах-3,000,000, сумын төвийн хаягжуулалт хийх-5,000,000, сум төвийн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ хийх-4,000,000, мал нядалгааны цэг барих-4,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн тооцсон тогтоол гаргаж, уг тогтоолын 3-д тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд үүрэг болгосон.

 Ингээд гүүрний ажлыг хийх бүх нөхцөл боломж, санхүүжилтыг аймаг, сумын түвшинд гаргаж өгөөд байхад гүүртэй холбоотой ажил юу ч хийгээгүй, мөн тогтоолын хэрэгжилтийг тайлагнаагүй. Улмаар З аймгийн А  сумын 2019 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн 41-д А  сумын хүрэн толгойн гарам дээр модон гүүр барих ажлыг 40 хувиар дүгнэсэн.

Ө  багийн гүүр нь төр засгийн бодлогод жил бүр дараахь байдлаар тусгагдаж, 2019 онд эцсийн байдлаар төсөв санхүү нь тавигдсан үр дүнд хүрсэн.

1. З аймгийн А сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 2016-2020 он,

2. 2018 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.5.1.1-т батлагдсан,

3. З аймгийн А сумын 2018 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 29-д багтаж батлагдсан,

4. З аймгийн А сумын 2019 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 27-т багтаж батлагдсан,

5. 2019 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.8-т батлагдсан.

Тухайн гүүрний ажилд сумын Засаг дарга асан Б.Б нь саад учруулсан тухайд.

Ө  багийн Хүрэн толгойн гарамны гүүрний мод бэлтгэсэн газар болох А  сумын Чигэстэй багийн Улаанчулуутад нутагладаг малчид гүүрний мод бэлтгэсэн газраас мод алга болоод байна, машинтай ачсан мөр нь байна, хулгайд алдагдаад байна гэсэн мэдээлэл төлөөлөгч нарт болон Тамгын газарт ирсэн.

А  сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Э уг асуудлыг тухайн газарт очихоос 1 хоногийн өмнө Засаг дарга асан Б.Б-т хандаж гүүрний мод бэлтгэсэн газарт газар дээр нь очиж хяналт шалгалт хийх шаардлагатай талаар хэлэхэд тийшээ явж хэрэггүй гээд явуулаагүй байдаг. Тухайн газарт очих өдрийн өглөө мөн л утсаар тийшээ явж хэрэггүй гээд байсан болно.

Гүүрний ажил удаашралтай байсан тул дээрх мэдээллийг газар дээр нь очиж хяналт шалгалтыг хийх, уг эрчимжүүлэх зорилгоор сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан санхүү албаны дарга Ц.Б, Тамгын газрын дарга М.Э, Чигэстэй багийн дарга Ч.Э, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Б, Чигэстэй багаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ц.Б, А  сумаас аймгийн иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгч А.Булган нар очоод гүүрний мод бэлтгэлийн ажлыг газар дээр нь биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцахад хулгайд алдагдсан нь үнэн байсан ба машины мөр гарсан байсан.

Гэтэл хяналт шалгалт хийсний дараа Засаг дарга асан Б.Б нь Тамгын газрын дарга, санхүү албаны дарга нарт та нарыг яв гэж хэлээгүй байхад явлаа, та 2 тэнд нэг хүн өвдөхөд явах уу, бензин тосны мөнгөө буцааж төрд хий, тэгж байхаар эхнэрээ захир гэх мэтээр төрийн ажлыг хийж байгаа албан тушаалтнуудыг байгууллагын чатаар эсэргүүцсэн байдаг.

А  сумын ИТХ-ын төлөөлөгч буюу сумын Засаг даргын орлогч Н.А Хүрэн толгойн гарамд баригдах гүүрний ажлын тендерийг зарлаж, гэрээ хийх талаар тайлбарлахад тэр гүүр чинь миний амласан ажил биш, амласан хүнээр нь хийлгэ гэдэг хариултыг удаа дараа хэлж гүүрний ажилд санаатай саад учруулснаас удааширч, 200,000,000 төгрөг эргэж татагдсан.

Өөрийг нь томилсон нам, түүний бодлого, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнд сонгогдсон төлөөлөгчдийн амлалт, өмнөх Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймаг, сумын үндсэн чиглэлд тусгагдаж төсөв санхүү нь батлагдсан гүүрний ажлыг эсэргүүцсэн.

2. Нэхэмжлэгч нь сумын ИТХ-ын тогтоол, өөрийн гаргасан захирамжийнхаа эсрэг үйлдэл гаргасан тухайд.

З аймгийн А  сумын ИТХ-ын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Үүрэг хүргүүлэх тухай” 63 дугаар тогтоолоор Сум орон нутгийн бүтээн байгуулалттай холбогдуулан хийгдэж буй ажлууд, барилгын карьер ашиглаж буй компаниудад хяналт тавих ажлын хэсэг томилж үүрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга Б.Б-т даалгасан.

Уг тогтоолын 2-т тогтоолтой холбогдуулан хэрэгжүүлсэн ажлын тайланг ИТХ-д тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга Б.Б т мөн үүрэг болгосон. Мөн уг тогтоолын 3-д тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдэд үүрэг болгосон.

З аймгийн А сумын 2019 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 23-д багтаж батлагдсан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.111, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.5.1-д батлагдсан А  сумын төвийн шинэчлэл төслийг төлөвлөгөөний дагуу чанартай дуусгана гэж заасан.

З аймгийн А  сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Шинэ сум төслийн хүрээнд тус сумд Улсын төсвийн санхүүжилтээр хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, усан сан, уурын зуух, сумын төвийн болон Донойн нисэх буудлаас Шохой толгой хүртэлх асфальтан замын ажлын гүйцэтгэл, хайрга, дайрга, ашиглах карьерт хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан.

Уг захирамжийн 2-т улсын төсвийн санхүүжилтээр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэлд ажлын хэсгийн албан хаагчдаар тогтмол хяналт тавиулж, ажлын хэсгийг мэргэжлийн удирдлагаар ханган ажлын явцын талаарх мэдээллийг 7 хоног бүрийн даваа гарагийн өглөөний сонсголд танилцуулж байх, шаардлагатай тохиолдолд цаг, өдөр харгалзахгүй Засаг даргын зөвлөлийг хуралдуулан зохих шийдвэрийг гаргуулж байхыг Ажлын хэсгийн дарга Н.А-т үүрэг болгосон.

Мөн манай аймагт хэрэгжиж байгаагүй том хэмжээний төсөл тул З аймгийн Засаг даргын захирамжаар З аймгийн А суманд хэрэгжиж буй шинэ сум төслийн ажлын явцад хяналт тавих ажлын хэсгийг бүх талын болон мэргэжлийн хүмүүсийг оруулсан З аймгийн А сумаас Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч А.Б-аар ахлуулсан ажлын хэсгийг гаргасан.

Ингээд Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийнхэн шинэ сум төслийн ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь биечлэн очиж танилцахад бохирын хоолой нь чанарын шаардлага хангах материалаар хийж байсан ба уг асуудлыг компанийн холбогдох ажилтнуудад хэлж солиулах талаар зөвлөсөн.

Сум орон нутагтаа олон жил хэрэглэх, үр ашигтай чанартай бүтээн байгуулалтыг хүлээн авах гэсэн үүднээс шаардлага тавьсан. Уг шаардлагын дагуу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр холбогдох хүмүүсийг байлцуулан газар дээр нь хяналтыг явуулсан бөгөөд бохирын хоолойг чанарын сольсон байсан. Хяналт хийсний үр дүн гарч чанартай ажил гүйцэтгэх болсон.

Шинэ сум төслийн хяналт шалгалтыг хийж дууссаны дараа сумын Засаг дарга асан нэхэмжлэгч хурлын төлөөлөгч орлогч дарга ажлын хэсгийн ахлагч Н.А-т шинэ сум төслийн компанийн Н.Э яриад байна, олон хоног ажил зогсоолоо, хяналт хийх захирамжийг яах гэж гадагшаа гаргасан юм гэх мэт ажил сайжруулсан ажлыг дахиж ажилд саад боллоо гэж уурласан байдаг. Тэрнээс хойш дахиж ажлын явцад гүйцэтгэлд хяналт шалгалт хийх боломжгүй болсон ба дахиж хяналт шалгалтыг хийгээгүй.

Төлөөлөгч буюу Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Н.А нь Н.Э гэдэг хүнтэй утсаар холбогдоход та нар элдэв зураг авч ажил зогсоосон байна, ажилд саад болоод байна. Тэр гишүүнд чинь хэлнэ, 14 хоног ажил зогсоосон хохирлыг нэхэмжилнэ гэж ажлын гүйцэтгэлтэй танилцаж, шаардлага хангасан хоолойгоор солиулсны төлөө төлөөлөгчийг дарамталсан байдаг.

Сумын Засаг дарга асан нэхэмжлэгч тухайн төслийн компанийн ажилтан юм шиг боленыг харуулсан. Хяналт шалгалтаар Бохирын шугам дулаалгатай даацтай байх шаардлагыг хангаагүй дулаалгагүй даацгүй шаардлага хангахгүй зургийн бус, 3-9 дахин бага үнэтэй шугам авчирч булсан байсныг компанид нь хэлж солих шаардлага тавьсан, солиулсан байхад доод албан тушаалтнууддаа болон орлогч даргадаа хяналт тавих комиссын даргадаа комисс томилсон захирамжийнхаа эсрэг үйлдэл гаргаж, одоо суманд хэрэгжиж буй 4,2 тэрбум төгрөгийн ажил орон нутгийн зүгээс хяналт шалгалтгүй болсон.

Нэхэмжлэгч нь томилогдсоноосоо хойш мөрийн хөтөлбөргүй ажилласан тухайд.

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 12 cap хүртэл А  сумын Засаг даргаар ажиллахдаа сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрөө боловсруулж Тамгын газартаа, ИТХ, түүний төлөөлөгч нарт танилцуулаагүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажуулаагүй. Өөрөө үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулаагүй байж өмнөх Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаагүй.

А  сум нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар cap хүртэл өмнөх Засаг даргын мөрийн хөтөлбөрөөс өөр мөрийн хөтөлбөргүй явж ирсэн. Уг мөрийн хөтөлбөрт багтсан гүүрний ажлыг удаашруулж, саад учруулж миний амласан ажил биш гэж мөрийн хөтөлбөрийг үгүйсгэсэн. 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг нотлох баримтаар өгөх болно.

Иймд З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Т давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцсон зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хууль бус шийдвэр гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь З аймгийн А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, З аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “А сумын Засаг дарга Б.Б-ийг огцруулах тухай” Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” хүсэлт гаргаж, “...А  сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэгчийн хүссэн эрх зүйн үр дагаврын хувьд адил буюу маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэлийг зогсооход чиглэсэн байдлаар зөвтгөн тодруулсныг ... хариуцагч түүнийг төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарт танилцуулсан, ... нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөх, тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэх агуулга, хэлбэрт хамаарахгүй, ... нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх гэж нэхэмжлэгч маргаж буй захиргааны актаас агуулга, хэлбэрийн хувьд өөр захиргааны актад холбогдуулж нэхэмжлэл гаргахыг ойлгохоор байна.

Дээрх тохиолдолд нэхэмжлэгч нь шаардлагаа зөвтгөж тодруулсан байх ба энэ нь нэхэмжлэл өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл биш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөж, тодруулсныг нэхэмжлэгч дэмжсэн, ... шүүхээс хэргийн оролцогчдод танилцуулсан...” гэх зэргээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь нэхэмжлэгч нь анх тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу А  сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч хууль зөрчин, өөрчилж, А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, байгаа хэлбэр ба хууль зүйн хувьд энэхүү 2 төрлийн шаардлага нь тус тусдаа эрх зүйн зохицуулалттай, хууль зүйн өөр өөр үр дагаврыг бий болгодог, хөөн хэлэлцэх хугацааны хувьд ялгаатайн зэрэгцээ шүүхээс шийдвэр гаргахад хүртэл тусдаа хууль зүйн зохицуулалттай байхад анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, тодруулсан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэх зэргээр зохицуулснаас үзэхэд хэрэв нэхэмжлэгч нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа тохиолдолд зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэрлэн заасан тэдгээр үндэслэлүүд байгаа эсэхийг л шүүхээс хянана, мөн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосноор батлагдсан тэр цаг хугацаанаас хойш эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт болно, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр нэхэмжлэгч нь хэдийд ч шүүхэд хандах боломжтой байхаар зохицуулжээ.

Мөн энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14  дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж, мөн хуулийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд хууль зүйн хувьд эрс тэс ялгаатай болохыг хуульд зохицуулжээ.

Түүнчлэн захиргааны хэргийн шүүхээс дээр дурдсан агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.2-т “Захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасны дагуу тус тусдаа эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай шийдвэрүүдийг гаргахаар хуульчилсан байхад анхан шатны шүүхээс хуулийн ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчлөө.

2. Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй талаар зохицуулсны зэрэгцээ, хариуцагч, гуравдагч этгээдүүд нь мөн хуулийн 20.1.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагатай танилцаж, түүнд тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй байхаар хуульчилсан байхад энэхүү эрхийг нь зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зөвтгөсөн гэх боловч дээр дурдсан үндэслэлээр энэ нь нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж байгаа гэх үзэх хууль зүйн үндэслэлтэйн зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гэж өмгөөлөгчийн эдлэх эрх, үүргийг тодорхой хуульчилсан бөгөөд тэрхүү эрхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх, тодруулах, тэр тусмаа өөрчлөх эрхийг олгоогүй, хуульчлаагүй байна.

3. Дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зүгээс яг аль шаардлагатай нь холбогдуулан маргах нь тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож, хэргийн оролцогчдын эрх тэгш мэтгэлцэх зарчим хангагдаагүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснийг шүүх хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй ба хэрэв ийнхүү нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан өөрчилсөн нь хууль зөрчөөгүй гэж үзвэл хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зүгээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд түүнтэй нь албан ёсоор танилцаж, гардаж авч, тайлбар гаргах, сөрөх нотлох баримт гаргах хугацаагаар хангуулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангагдаж чадаагүй.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчдын эрх тэгш мэтгэлцэх зарчим хангагдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З аймгийн А сумын ИТХ, гуравдагч этгээд Ч.Т нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхилоо. 

Хариуцагч З аймгийн А сумын ИТХ-аас “...16-ны өдрийн хуралдаанд оролцсон 13 төлөөлөгчид бүгд 1 өдрийн өмнө уг асуудлаар хуралдаж санал хураалт явуулсан, төлөөлөгчдийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Хуралдааны журам зөрчөөгүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нэхэмжлэгчийн үндсэн эрхийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон итгэмжлэлээ аваагүй байж шаардлагыг өөрчилсөн нь хууль зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул маргаан бүхий тогтоолоор үүрэгт ажлаас нь огцруулсан” гэх,

Гуравдагч этгээдээс “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад ийнхүү хэргийг шийдвэрлэж байгаа нь хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зүгээс яг аль шаардлагатай нь холбогдуулан маргах нь тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож, хэргийн оролцогчдын эрх тэгш мэтгэлцэх зарчим хангагдаагүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснийг шүүх хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй ба хэрэв ийнхүү нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан өөрчилсөн нь хууль зөрчөөгүй гэж үзвэл хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зүгээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд түүнтэй нь албан ёсоор танилцаж, гардаж авч, тайлбар гаргах, сөрөг нотлох баримт гаргах хугацаагаар хангуулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангагдаж чадаагүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулгаар гомдол гаргасан.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг  мэдэх гэрчүүдээс мэдүүлэг авч, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

1. Маргаан бүхий З аймгийн А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.1.г, 22 дугаар зүйлийн 22.1.2, 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Үүний дараагаар З аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, хутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаартай тогтоолыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн А  сумын Засаг даргын үүрэгт ажлаас нь огцруулжээ.

Монгол Улсын засаг захиргаа, хутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-д тус тус зааснаас үзвэл ИТХ-ын хуралдааныг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан, түүнчлэн хуралд хэлэлцүүлэхээр оруулсан саналд холбогдох тооцоо, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгчдөд 1 хоногийн өмнө тараасан байх шаардлагыг хангаагүй асуудлыг хурлаар хэлэлцэхгүй байхаар зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд З аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор сумын ИТХ-ын 15 дугаар хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулахаар тогтоож, баталсан байх ба хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тус сумын Засаг дарга Б.Б-ийг огцруулах тухай асуудал тусгагдаагүй, хуралдаанаас 1 хоногийн өмнө Засаг даргыг огцруулах санал, шийдвэрийн төслийг төлөөлөгчдөд урьдчилан тараалгүй зарласан өдөр шууд хэлэлцүүлж, Б.Б-ийг А  сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д зааснаар сум, дүүргийн хурал нь Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах эрхтэй байхаар хуульчилсан байхад маргаан бүхий 72 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг шууд үүрэгт ажлаас нь огцруулсан байгаа нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд үүнийг техникийн алдаа гэж үзэх боломжгүй юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох тохиолдлуудыг нарийвчлан зохицуулсан бөгөөд уг маргааны хувьд мөн зүйлд заасан нөхцөл байдлууд бий болоогүй байна.

Өөрөөр хэлбэл, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Засаг даргыг огцруулах хууль зүйн зохицуулалтгүй бөгөөд хэрэв тийм нөхцөл байгаа бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэх, эсхүл 32.3-д зааснаар хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлэх боломжтой хэдий ч уг үйл баримт баримтаар нотлогдохгүй байна.

Нэгэнт А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаартай тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул түүнийг үндэслэн гарсан З аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

2. Нэхэмжлэгчээс анх 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцуулах, З аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “А  сумын Засаг дарга Б.Б-ийг огцруулах тухай” Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “А  сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, З аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “А  сумын Засаг дарга Б.Б-ийг огцруулах тухай” Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” гэж өөрчилжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, эсхүл өөрчлөх эрхтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн туйлын хүсэл сонирхол, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагийн хувьд маргаан бүхий 72 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаад мөн тогтоолыг хүчингүй болгуулахаар өөрчилснийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж шууд үзэхээргүй, харин зөвтгөн тодруулсан гэж ойлговол зохино.

Учир нь нэхэмжлэгч анхнаасаа л 72 дугаар тогтоолтой маргасан, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх тодорхойлсон актаас өөр акттай холбогдуулж маргаагүй, маргаан бүхий 72 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргахдаа ч, улмаар уг тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулахдаа ч хууль зүйн үндэслэлээ ижил утга агуулгаар тайлбарлан маргасан. 

Гуравдагч этгээдийн “...хууль зүйн хувьд энэхүү 2 төрлийн шаардлага нь тус тусдаа эрх зүйн зохицуулалттай, хууль зүйн өөр өөр үр дагаврыг бий болгодог, хөөн хэлэлцэх хугацааны хувьд ялгаатайн зэрэгцээ шүүхээс шийдвэр гаргахад хүртэл тусдаа хууль зүйн зохицуулалттай” гэх тайлбар үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэгч анх “...72 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлээр бус, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр тайлбарлан маргаж байсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлж, түүний үндэслэлийг зөвтгөн тодруулсныг хүлээн авч, хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий актыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардан аваад, мөн оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөн тодруулсныг шүүх хүлээн авч,  2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр З аймгийн А сумын ИТХ-ын дарга Б.У-т, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гуравдагч этгээд Ч.Т нарт танилцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар[1] нотлогдсон, мөн хугацааны хувьд уг шаардлагыг хүлээн авч, танилцсанаас хойш 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хурлаар хэлэлцэж шийдвэрлэх хүртэл хэргийн оролцогчдоос уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн талаар тайлбар, нотлох баримтыг гаргах бүрэн боломжтой байсан байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд хариуцагч З аймгийн А сумын ИТХ, гуравдагч этгээд нарын “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад ийнхүү хэргийг шийдвэрлэж байгаа нь хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зүгээс яг аль шаардлагатай нь холбогдуулан маргах нь тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгосон, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснийг шүүх хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зүгээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд түүнтэй нь албан ёсоор танилцаж, гардан авч, тайлбар гаргах, сөрөг нотлох баримт гаргах хугацаагаар хангуулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангагдаж чадаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 

З аймгийн А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 72 дугаар тогтоол, З аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Б-ийг хууль зөрчин үүрэгт ажлаас нь огцруулсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7.а-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б ажилгүй байсан 103 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 6,039,817 төгрөгийг А сумын ЗДТГ-аас  гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, З аймгийн А  сумын ИТХ, гуравдагч этгээд Ч.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ШҮҮГЧ                                       А.САРАНГЭРЭЛ

 

                              ШҮҮГЧ                                       С.МӨНХЖАРГАЛ

 

                              ШҮҮГЧ                                        Н.ДОЛГОРСҮРЭН

 

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал