| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00430/И |
| Дугаар | 430 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 430
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Үйзэн ивээлт ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 55-04 тоотод оршин суух, Өндөр овгийн Дорждагвын Батцэцэгт холбогдох
“1674820 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мятавдорж, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Үйзэн ивээлт ББСБ” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал Д.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Батцэцэг нь манай байгууллагаас 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 500000 төгрөгийн зээлийг 14/13 тоот барьцаат зээлийн гэрээгээр сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авснаас хойш байнгын сануулга шаардлагаар 3 удаа төлөлт хийхдээ хүүгийн төлбөр 199000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54000 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 15000 төгрөг төлсөн ба 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй. Иймд Д.Батцэцэгийн үндсэн зээл 485000 төгрөг, хүүгийн төлбөр 936517 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187303 төгрөг, эвлэрүүлэн зуучлахын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг, нотариатын зардал 36000 төгрөг, нийт 1674820 төгрөг нэхэмжилж байна. Иймд Д.Батцэцэгээс 1674820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 500000 төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авснаасаа хойш байнгын сануулга шаардлага тавиулж төлж байсан. Нэг удаа зээлийн хүүг төлөхдөө 199000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 15000 төгрөг төлсөн. Үүнээс хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл болон нэмэгдүүлсэн хүү, бусад гарсан зардлуудыг нэмээд нийт 1674820 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Т.Мятавдорж нь зээлээ төлөхийг удаа дараа шаардаж залгах бүрт элдэв шалтаг, шалтгаан хэлж сүүлдээ хэл амаар доромжилдог байсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мятавдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх зээл авахдаа охиныхоо нэр дээр зээл авсан. Зээлийг төлөх ёстой хүн нь би байгаа юм. Би 3 удаа зээл төлөхдөө нийт 268000 төгрөг төлсөн. Одоо зээлийн хүүг багасгаж 6 хувиар бодож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Үйзэн ивээлт ББСБ” ХХК нь хариуцагч Д.Батцэцэгт холбогдуулан “1674820 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Үйзэн-Ивээлт ББСБ ХХК-иас зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр №14/13 тоот зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Хариуцагч Д.Батцэцэг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс хүүгийн төлбөр 199000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54000 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 15000 төгрөг, нийт 268000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь 12 сарын хугацаатай байхаар талууд харилцан тохиролцсон байх ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно” гэж зааснаар зээлийн гэрээний хүүг гэрээнд заасан хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч талд үндсэн зээл 500000 төгрөг, хүүгийн төлбөр /сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар тооцсон/ 600000 төгрөг, нийт 1100000 төгрөг төлөх үүргийг зээлийн гэрээгээр хүлээсэн байна. Үүнээс хүүгийн төлбөр 199000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54000 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 15000 төгрөг, нийт 268000 төгрөг төлсөн тул гэрээний биелэгдээгүй үүрэг 832000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг, нотариатын зардал 36000 төгрөг, нийт 898000 төгрөг төлөгдөөгүй гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Батцэцэгээс 898000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Батцэцэгээс 26102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41747 төгрөгийгорон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч наршийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА