| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00432/И |
| Дугаар | 432 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 432
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Скайтел ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Болорын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Мэргэд лаборатори сургуульд холбогдох
“838000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Мэргэд сургууль манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч №93/32 тоот гар утас /төхөөрөмж/-г зээлээр худалдах худалдан авах гэрээ, мөн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр №ХАГ/93/32 тоот хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсны дагуу нийт 13 албан хаагчдыг хамруулан төхөөрөмжүүдийг нийт 4110000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Мэргэд сургуулий ажилчин албан хаагчид гар утасны төлбөрийг төлөлгүй биднийг хохироож байна. Бид төлбөр төлөхийг удаа дараа сануулан утас авсан хүн тус бүрээр шүүхэд шилжүүлсэн боловч Ж.Мөнхжаргал, Ч.Доржпагма, Д.Чулуунхүү нарын шүүхийн шийдвэр нь Мэргэд сургуультай гэрээ байгуулсан тул тус сургуулиас нэхэмжлэх нь зүйтэй хэмээн шийдвэр гарсан байна. Иймд бид Ж.Мөнхжаргалын 209500 төгрөг, Ч.Доржпагмын 409500 төгрөг, Д.Чулуунхүүгийн 209500 төгрөг, нийт 828500 төгрөг, нотариатын зардал 9500 төгрөг нийт 838000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнгөрсөн онд энэ 3 хүнийг шүүхэд өгсөн. Шүүхээс иргэнтэй гэрээ хийгээгүй байгууллагатай гэрээ хийсэн сургууль хариуцах ёстой гэж шийдвэр гарсан. Тэгээд би “Мэргэд лабортори” сургуулийг шүүхэд өгсөн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ гэрээ нь иргэд хоорондын гэрээ байсан. Би тухайн үед 3 сарын цалингаас нь авч өгч болно. Сургуулийн амралт эхлэж байгаа учраас би 7 дугаар сараас эхлээд авч өгч чадахгүй талаараа хэлж байсан. Иргэд төлнө гэвэл цалингаас нь суутгаж өгч болно. Байгууллага төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Скайтел ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Болор нь Өвөрхангай аймгийн Мэргэд лаборатори сургуулиас “838000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэд лаборатори сургуультай 2013 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба гэрээний хуулбар хэрэгт авагдсан байна. Энэхүү гэрээний үндсэн дээр Мэргэд лаборатори сургуулийн нэр бүхий багш нарт гар утас шилжүүлсэн нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байгаа ба Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээнд худалдагч тал нь Скайтел ХХК, худалдан авагч тал нь Мэргэд сургууль байхаар талууд тохиролцож байгуулсан байх ба уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэхүү гэрээгээр худалдагч нь гэрээний хавсралт 1-д заасан үзүүлэлт бүхий гар утсыг дагалдах хэрэгслийн хамт худалдан авагчид актаар хүлээлгэн өгч, өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь бүтээгдэхүүний үнийг худалдагчид энэхүү гэрээнд заасны дагуу төлж барагдуулахтай холбогон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна”, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Энэ гэрээний хавсралтад заасан үзүүлэлт бүхий биет байдлын доголдолгүй бүтээгдэхүүнийг худалдан авагчид гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш хүлээлгэн өгөх нь худадагч талын үүрэг” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч тал нь гэрээний зүйл болох гар утсыг Мэргэд сургуульд шилжүүлж өгөөгүй, нэр бүхий багш нарт баримт үйлдэн хүлээлгэн өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба хариуцагч тал мөн гэрээний зүйлийг биет байдлаар хүлээн аваагүй гэдгээ тайлбарласан.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны турш хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.
Талуудын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр байгуулагдсан Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг худалдагч тал биелүүлээгүй тул худалдагч талд үнийг төлөх үүрэг үүсэхгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Скайтел ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Болорын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Мэргэд лаборатори сургуульд холбогдох “838000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24662 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч наршийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА