Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 00235

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд байрлах “Эйч Эс Эл” ХХК-д холбогдох 32,292,000.0 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сангаас “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”-ийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн а/87 дугаар тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч “Эйч Эс Эл” ХХК нь хамрагдан 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “ЭМААХДХ”-/2011/22 тоот зээлийн гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийг жилийн 2,4%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан байна. Хариуцагч нь зээлийн хуваарьт төлбөрөө огт төлөөгүй, бидний зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 сарын 29-ний өдөр дууссан.

Иймд хариуцагч “Эйч Эс Эл” ХХК-аас үндсэн зээл 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөг, гэрээний хавсралтаар батлагдсан хуваарьт төлбөрт заасны дагуу хүү тооцоход 10,500,000.0 /арван сая таван зуун мянган/ төгрөг  нийт 32,292,000.0 /гучин хоёр сая хоёр зуун ерэн хоёр мянган/ төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч нь өдөр “ЭМААХДХ”-/2011/22 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрчилгээний дугаар-000124526, УБД Ү-00000000, гэрчилгээний дугаар-00000, УБД  Г-00000000 дугаартай аж ахуйн агуулах, эзэмшлийн газар барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярмагнай шүүхэд урьд гаргасан тайлбартаа: “Эйч Эс Эл” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд үр тариа мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2011 онд 100 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах санд хандан 2011 оны 7-р сарын 29-нд зээлийн гэрээ байгуулан 3 жилийн хугацаатай 30 сая төгрөгийн төслийн зээл авсан. Эхний жил үндсэн зээл 9 сая төгрөгийг хүүгийн хамт төлсөн боловч төслийн зориулалт, үр ашигаар санхүүжилтийн 70 хувийг үндсэн сүрэг үхэр авах байсан боловч 30 хувийн санхжүүлэлтийг авч хашаа хороо бий болгоход зарцуулан үр дүн төлөвлөсний дагуу гараагүй. Мөн манай компани нь рапс болон ургац алдан санхүүгийн хүндрэлд орсноор үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу төлж чадаагүй. Иймд *******гийн нэхэмжилсэн үндсэн зээл 21.0 сая төгрөг, хүү 792.000 төгрөг зэргийг төлөхийг зөвшөөрч байгаа  боловч санхүүгийн хямралтай байгааг харгалзан алданги гэх 10.5 сая төгрөгийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэжээ. 

           Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд:

1-рт Мал хамгаалах сангийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 32,292,000.0 төгрөгөөс 6,292,000.0 төгрөгийг хасаж, үлдэх 26,000,000 төгрөгийг хариуцагч “Эйч Эс Эл” ХХК-ны захирал С.Содномпил нь 2016.12.10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна.

2-рт Хариуцагч энэхүү эвлэрлийн гэрээний 1-т заасан хугацаанд багтаан төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд “ЭМААХДХ”-/2011/22 тоот зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь зээлийн гэрээний үүрэг 32,292,000.0 төгрөгийг хариуцагч “Эйч Эс Эл” ХХК-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ нь 32,292,000.0 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа багасган 6,292,000.0 төгрөгийг хасаж 26,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Эйч Эс Эл” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч С.Содномпил төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон ба хариуцагч нь энэхүү эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд багтаан төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд “ЭМААХДХ”-/2011/22 тоот зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ.

            Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

     Нэхэмжлэгч байгууллага хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба зохигчдын эвлэрсэн 26.000.000 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 143.975 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  

           ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь 32.292.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа багасган 26.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Эйч Эс Эл” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Эйч эс эл ХХК-аас эвлэрсэн 26.000.000 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 143.975 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ДЭЛГЭРСАЙХАН