Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Хохирогч: С.Б,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003300220 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б.Б.

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулах Булаг -2 нэртэй дэлгүүрийн урд талын авто зам дээр 2019 оны 04 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчим 79-93 дугаартай БНА улсын дугаартай соната-2 маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний 10.9 дэх хэсэгт зааснаар Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж мотоциклтой мөргөлдөн улмаар мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан С.Бийг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 04 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед би цагаан өнгийн 79-93 БНА улсын дугаартай Соната-3 маркийн авто машиныг жолоодон Баянхонгор аймгийн Баянхонгор сум Дуурсах 3 дугаар багийн нутаг 10 мянгатын голоор өгссөн засмал замаар өгсөөд явж байтал эсрэг урсгалаар дээрээс мотоциклтой хүн ирж яваад харагдсан. Тухайн үед уг мотоциклтой хүн нэлээн зайтай яваа харагдсан учраас би зүүн гар тийшээ эргэхээр дохио өгчхөөд зүүн гар тийш эргээд эсрэг урсгал руу орсон чинь яах ийхийн зуургүй нөгөө мотоциклтой хүн чигээрээ ирээд миний машины жолоочийн эсрэг талын буюу баруун талын урд карлон, урд хаалга руу хэсэг рүү мөргөөд унасан. Тэгээд би шууд тэндээ зогсоод буугаад очсон чинь мотоцикл жолоодож явсан хүн мотоцикпынхоо хажууд хэвтэж байсан бөгөөд тэрээр- Миний хөл хугарчихлаа гээд гарнаас нь цус гоожчихсон байж байсан. Тэгээд би шууд утсаар түргэн тусламж дуудаж түүнийг эмнэлэг рүү хүргэж үзүүлсэн. Тэгэхэд эмнэлгийн ажилтан тухайн хүнийг баруун талыг хөл нь хугарсан байна гэж байсан... Намайг машинаас бууж ирэхэд мотоцикл жолоодож явсан хүн мотоциклынхоо урд тапд дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэрээр миний баруун талын хөл хөдөлж болохгүй, хугарчихсан юм шиг байна, гээд баруун талын гарын сарвуунаас нь цус гарчихсан байж байсан. мотоцикль урд талын 2 амортизатор нь тахийчихсан харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 87-89/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:Үндсэн хуульд заасан эрхийн дагуу өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

            3. Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 04 сарын 09-ний орой 20 цагийн үед Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9-26 тоотод байх гэрээсээ ганцаараа мотоцикп жолоодож гараад Дуурсах 3-р багийн голоор уруудсан засмал замаар уруудаад явж байтал эсрэг урсгалаар цагаан өнгийн суудлын авто машин өгсөөд ирж явсан.Тэгээд Булаг-2 нэртэй дэлгүүрийн харалдаа явж байтал нөгөө суудлын цагаан өнгийн авто машин хажуугаар зөрөөд өнгөрөх нь үү гэтэл шууд миний явж байсан урсгал руу дараад орж ирсэн. Тэгээд би шууд нөгөө машины баруун талын урд хаалга руу мөргөсөн. Тэгээд ухаан алдсан бөгөөд эмнэлэгт сэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-51/

...Авто ослын улмаас миний баруун талын хөл шагайныхаа хэсгээр хугарсан...Би осолд ороогүй эрүүл байсан бол бараг 2 сарын хугацаанд айлын ямаа самнасан бол 2 000 000 төгрөг олох байсан. Тиймээс уг мөнгийг нэхэмжилж байна. өөр надад баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 52-55/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б мэдүүлэхдээ: Би гэрээсээ гараад явж байгаад энэ хүнтэй мөргөлдсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан гэв.

5. Иргэний нэхэмжлэгч Б.Балгансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн үед С.Бийн жолоодож явсан 64-08 БНЗ улсын дугаартай Цэнхэр өнгийн Мустанг 5 маркийн мотоцикп нь миний эзэмшлийн мотоцикл байгаа юм. Би уг мотоцикпийг өнгөрдөг жил 2018 оны 05 дугаар сард Баянхонгор аймгийн төв Баруун бүсийн худалдааны төвийн ард байх мотоциклийн худалдаанаас шинээр нь 1.850.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо холбогдох бичиг баримт нь миний нэр дээр байдаг... 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр би хөдөөнөөс ирчихсэн Сайнхүү эгчийнд байж байсан чинь орой 20 цагийн үед тэдний хүү С.Б нь би мотоциклийг чинь унаад ойрхон явчхаад ирье гээд аваад явсан юм. Уг ослын улмаас мотоциклийн урд талын 2 амортизатор, гар ком, базуур зэрэг зүйл эвдэрсэн байсан. Тэгээд осол болох үед авто машиныг жолоодож явсан Б гэх хүн нь одоогоос 5 хоногийн өмнө эвдэрсэн эд үнэ, шинжээчийн төлбөр гээд 135.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг маань барагдуулсан. гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

6. Гэрч Б.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Б.Б ах томоотой, төлөв даруу зан ааштай. Мөн их ажилласаг, гарын ур дүй сайтай. Ахуй амьдралын хувьд одоогоор аймгийн төвд таксинд явдаг, 2 охинтой бөгөөд хүүхдүүд нь Улаанбаатар хотод байдаг. Б.Б ах маань хүнээс дээгүүр биш, доогуур ч биш ерөнхийдөө дундаж амьдралтай. Ер нь тухайн осол аваар нь санамсар болгоомжгүй байдлаас болсон гэж би ойлгож байгаа. Мотоцикль жолоодож явсан этгээд нь эрхийн үнэмлэхгүй явсан юм билээ. Тэр асуудлыг давхар шалгаж байгаа байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/

7. Гэрч Д.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 … Б.Б бид хоёр 2 охинтой, 1 зээтэй. Манай хүүхдүүд Улаанбаатар хотод байдаг. Б.Б бид хоёр аймгийн төв дээр байгаа. Манай нөхөр Б.Б ер нь илэн далангүй, юмыг шударга хэлчихдэг, хүнд муу санадаггүй, жоохон түргэн зантай хүн гэж боддог. Одоо миний хувьд цэцэрлэгт ахлах тогоочоор ажилладаг, Б.Б нь таксинд явдаг. Бид хоёр миний цалингийн хэдэн төгрөгөөр л амьдарч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

8. Баянхонгор аймийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 26/2019 дугаар

1. Урд амортизатор 2 ширхэг 80.000 төгрөг

2. Гар ком 20.000 төгрөг

3. Базуур 2 ширхэг 5000 төгрөг

4. Үнэлгээний хөлс 30.000 төгрөг нийт нэг зуун гучин таван 135.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/

09. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн:

            1. С.Бийн биед баруун шилбэний тахилзуур ясны хугарал, тархи доргилт, баруун сарвуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо хүмин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

             4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.гэх дүгнэлт /хх-ийн 65-66 /

10. Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 18/ дугаар

Тухайн зам тээврийн осол нь 79-93 БНА улсын дугаартай Соната-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Бын буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна.

Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна энэ нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.

  1. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн жолоочийн лавлагаанаас

А.Б.Б нь 386518 дугаартай ВС ангиллын жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Хьюндай Соната-3 маркийн 79-93 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн "В” ангилалд тохирч байна.

Б.Ямаат овогт Сайнхүүгийн Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна.

  1. Сайнхүүгийн Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/

Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн ба энэ нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. гэх дүгнэлт /хх-ийн 76-77/ болон хавтаст хэргийн 32-33 дугаар хуудсанд авагдсан хохиролын баримтууд, хавтаст хэргийн 10-20 дугаар хуудсанд авагдсан осолын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хавтаст хэргийн 32-36 дугаар хуудсанд авагдсан хохиролын баримт, хавтаст хэргийн 90-103 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн биеийн байцаалт болон арилжааны банкнуудын тодорхойлолт, хавтаст хэргийн 105 дугаар хуудсанд авагдсан цагдаагийн газрын тодорхойлолт, хавтаст хэргийн 104 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Бын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Б.Бын гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй, гэм бурууг нь хүлээн зөвшөөрч байгаа, харин хохирогчоос нэхэмжилж байгаа хоёр сая төгрөгийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй учир энэ талаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулах “Булаг -2” нэртэй дэлгүүрийн урд талын авто зам дээр 79-93 дугаартай БНА улсын дугаартай соната-2 маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх хэсэгт заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж мотоцикль жолоодож явсан С.Бийн мотоциклийг мөргөж С.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Б, иргэний нэхэмжлэгч Б.Балгансүрэн нарын мэдүүлэг, үнэлгээний “Энх-Нахиа” ХХК-ийн 26/2019, Баянхонгор аймаг дахь Шүүхнийн шинжилгээний албаны 245, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны 18 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б нь уг гэмтлийн улмаас хоёр төгрөгийн орлого олох боломжоо алдсан хоёр сая төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн боловч хохирогч С.Б нь уг хоёр сая төгрөгийг хаана ямар ажил төрөл эрхэлж олдог байсан, цаашид ямар ажил төрөл эрхэлж орлого олох боломжоо алдсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэж шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч С.Б нь иргэн С.Балгансүрэнгийн эзэмшлийн 6408 БНЗ улсын дугаартай Мустанг маркийн мотоциклийг унаж явсан нь тогтоогдсон бөгөөд уг мотоциклийн үнэ нэг зуун гучин таван мянган төгрөгийг төлж барагдуулсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Балгансүрэн мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Быг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Замын цагдаагийн албаны 2019 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Сайнхүүгийн Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “мустанг” -5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй....үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь хохирогч хууль бус үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл байсан байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол нөхөн төлсөн”-ийг, мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох ангиллын үнэмлэхгүйгээр мотоцикль жолоодсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус...үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,...ий үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан нийтэд тустай эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан зүйл хэсэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах талаар заагаагүй учир уг хэрэгт шүүгдэгч Б.Бын эзэмшлийн 3686518 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Бт буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Бын эзэмшлийн 7993 БНА улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Бт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч С.Бийн хоёр сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Бын эзэмшлийн 3686518 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Бт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Бын эзэмшлийн 7993 БНА улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Баянхонгорм аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Бт буцаан олгосугай.        

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ