Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 556

 

Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сүхбат,

ялтан Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ, тэдний өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нарт холбогдох 201625022000 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бэрсэ овгийн Болдын Хүрэлбаатар, 1969 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сайн энергийн төвд багш ажилтай, ам бүл 1, /Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 2 дугаар гудамжны 17а тоот хаягт оршин суух бүртгэлтэй/,  одоо Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 31-39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УГ69111615/,

2. Хөгдүүд овгийн Сүхбаатарын Цэцгээ, 1970 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сайн энергийн төвд багш ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 31 дүгээр байрны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖВ70082000/,

Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нар нь бүлэглэж, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 39 тоотод иргэн С.Нандинцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар С.Нандинцэцэгийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Бэрсэ овогт Болдын Хүрэлбаатар, Хөгдүүд овогт Сүхбаатарын Цэцгээ нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбаатарыг 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэцгээг 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдаж,

Шүүгдэгч Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нарын өмгөөлөгч Н.Нарантуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нарыг бүлэглэсэн гэж үзсэн нь буруу. С.Цэцгээ энэ гэмт хэрэг огт хамааралгүй, харин өөрөө зодуулсан. С.Нандинцэцэг, Б.Хүрэлбаатар хоёрыг С.Цэцгээ салгах гэж дундуур нь орсон. С.Цэцгээгийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 7дугаар сарын 19-ний өдөр дууссан байгаа учраас давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Ялтан Б.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч С.Нандинцэцэгтэй маргалдаад биед нь хүрээд үсдээд унагасан. Гэм буруугаа хүлээж байна. С.Цэцгээгийн хувьд бид хоёрыг салгах гэж дундуур орсон.  Бүлэглэсэн зүйл байхгүй.” гэв.

Ялтан С.Цэцгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. С.Цэцгээгийн үйлдлийн улмаас ямар гэмтэл учруулсныг тогтоогоогүй, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй гэсэн. Хохирогчийн биед учирсан гэмтлийг 2016 оны 10/561 тоот дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. С.Цэцгээ, Б.Хүрэлбаатар нар нь бүлэглэн зодож дээрх гэмтлийг учруулсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар  тогтоогдсон. С.Нандинцэцэг нь тогоотой халуун хоол цацаж С.Цэцгээг гэмтээсэн. С.Цэцгээд үүссэн гэмтлийн талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй байна гэсэн. С.Цэцгээ 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн тайлбартаа “Миний биед гэмтэл гараагүй” гэж хэлсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ зүйл анги нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байсан. Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг хуульчилж оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж байгаа. Энэ зүйл ангийн эрүүгийн хариуцлага бол хуульд заасан 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх, 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялын санкцтай байгаа. Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил өнгөрсөн гэдэг хөөн хэлэлцэх хугацаан заалтад хамаарах боломжтой гэж дүгнэж байна. Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Тэгэхээр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар хүчин төгөлдөр болно. Тэгэхээр өнөөдөр 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжтой байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Хүрэлбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 39 тоотод иргэн С.Нандинцэцэгтэй “Төрсөн эгч С.Цэцгээтэй маргалдаж, түүн рүү тогоотой хоол цацсан” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар С.Нандинцэцэгийг зодож биед нь баруун гуя, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт баруун шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хүрлээ “00”-ийн өрөөнөөс гарч ирээд “Цэцгээ энэ чинь бүүр даварч байна шүү дээ, хамаг байцаа цацаад хаячихлаа шүү дээ, даварсан п... алаад хаячихъя” гээд шууд миний толгой руу гараараа цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би футболкоос нь зуурсан чинь футболк нь урагдчихсан. Би дийлэхгүй байхаар нь толгойгоо хамгаалаад дарахад Хүрлээ толгой руу цохиод байсан. Тэгсэн чинь Цэцгээ эгч том өрөөнөөсөө орж ирээд “хүүе Хүрлээ чи чинь яаж байна аа” гээд Хүрлээгийн урдуур ороод намайг хаатал Цэцгээ эгчийг даваад намайг цохиод байсан. Тэгтэл том өрөөнөөс Цэцгээ эгчийн охин Минжин гарч ирээд Хүрлээгийн нөгөө гараас бариад болиулсан. Тэр үед би сөхрөөд суусан байсан чинь Хүрлээ миний элэг, бөөр рүү цохиж эхэлсэн. Хүрлээ хаалган дээрээ зогсчихоод над руу хараад заналхийлээд байхаар нь би урдаас нь дунд хуруугаа гаргачихсан чинь гал тогооны өрөөнд намайг зодсон. Тэр үед Цэцгээ эгч намайг болиулсан ба үүдэнд нь очоод цагдаа дуудсан. ...Тэгсэн чинь тэр завшааныг ашиглаад Хүрлээ том өрөөнөөс гарч ирээд дахиад намайг зодсон. Би тэндээс шууд гараад зугтахдаа Хүрлээгийн тавиуртай гуталнуудыг өшиглөтөл Хүрлээ араас гарч ирээд миний хөл рүү өшиглөсөн.” гэх мэдүүлэг /х10-12/,

гэрч Н.Мөнхманлайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 8 цагаас оройн 20 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тамир-113” чиглэлд 2042 улсын дугаартай автомашинтай, цагдаагийн ахлах ахлагч Оюунбаатарын хамтаар 12 цагийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд үдээс хойш Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр байрны 39 тоотод “эгч зодоод байна” гэх дуудлагын дагуу очиж шалгахад 30-35 орчим насны шар царайтай эмэгтэй “намайг манай эгч, ах хоёр гэрээсээ хөөсөн” гэж байсан. Тэгээд гэрт нь ороод шалгахад гал тогооны өрөөнд нь байсан хоол унд нь асрагрсан, аяга шанага нь хагарсан байдалтай байсан. Би тухайн үед дуудлага өгсөн хүнээс юу болсон талаар асуухад “эгч, ах хоёр намайг гэрээсээ хөөсөн, байнга намайг хэл амаар доромжилж, гэрээсээ явуулах талаар ярьдаг” гэж байсан.” гэх мэдүүлэг /х72/,

гэрч Б.Минжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тэр өдөр том өрөөндөө хичээлээ хийгээд сууж байсан чинь гал тогооны өрөөнд хоолны тогоо шидэх дуу гарахаар нь би гүйж очоод юу болж байгааг харахад Нандинцэцэг эгч ээж рүү тогоотой хоол шидээд тогоо нь газар уначихсан байсан. ...Тэгээд гайхаад юу болж байна гэхэд Нандинцэцэг эгч Хүрлээ ах руу дунд хуруугаа гаргаад хэлэх хэлэхгүйгээр доромжлоод байсан. ...Тэгтэл Хүрлээ ах гал тогооны өрөө рүү ороод “чи одоо манайхаас яв, гар” гэж хэлсэн. Тэгсэн чинь Нандинцэцэг эгч бас л өөдөөс нь хараалын үг хэлээд байсан. Хүрлээ ах гаргах гээд цамцнаас нь зуурахад бас хараал хэлээд Хүрлээ ахаас зуураад нүүрийг нь маажих гэхэд Хүрлээ ах түүнээс нь хамгаалаад үснээс нь татаад толгойг нь доош болгоход бас л сарвалзаад хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр хоёрыг зууралдаж байхыг нь ээж хараад салгах гэсэн боловч салгаж чадаагүй.” гэх мэдүүлэг /х17-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Нандинцэцэгийн биед баруун гуя, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 10561 тоот шинжээчийн дүгнэлт /х21/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Цэцгээг “Б.Хүрэлбаатартай бүлэглэж хохирогч С.Нандинцэцэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан“ гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх мөн түүнийг “бүлэглэж хохирогч С.Нандинцэцэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:

хохирогч С.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хүрлээ толгой руу цохиод байсан. Тэгсэн чинь Цэцгээ эгч том өрөөнөөсөө орж ирээд “хүүе Хүрлээ чи чинь яаж байна аа” гээд Хүрлээгийн урдуур ороод намайг хаатал Цэцгээ эгчийг даваад намайг цохиод байсан. Тэгтэл том өрөөнөөс Цэцгээ эгчийн охин Минжин гарч ирээд Хүрлээгийн нөгөө гараас бариад болиулсан. Тэр үед би сөхрөөд суусан байсан чинь Хүрлээ миний элэг, бөөр рүү цохиж эхэлсэн. Хүрлээ хаалган дээрээ зогсчихоод над руу хараад заналхийлээд байхаар нь би урдаас нь дунд хуруугаа гаргачихсан чинь гал тогооны өрөөнд намайг зодсон. Тэр үед Цэцгээ эгч намайг болиулсан ба үүдэнд нь очоод цагдаа дуудсан. ...Тэгсэн чинь тэр завшааныг ашиглаад Хүрлээ том өрөөнөөс гарч ирээд дахиад намайг зодсон. Би тэндээс шууд гараад зугтахдаа Хүрлээгийн тавиуртай гуталнуудыг өшиглөтөл Хүрлээ араас гарч ирээд миний хөл рүү өшиглөсөн.” гэх мэдүүлэг /х10-12/,

гэрч Б.Минжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гал тогооны өрөөнд хоолны тогоо шидэх дуу гарахаар нь би гүйж очоод юу болж байгааг харахад Нандинцэцэг эгч ээж рүү тогоотой хоол шидээд тогоо нь газар уначихсан байсан. ...Тэгээд гайхаад юу болж байна гэхэд Нандинцэцэг эгч Хүрлээ ах руу дунд хуруугаа гаргаад хэлэх хэлэхгүйгээр доромжлоод байсан. ...Тэгтэл Хүрлээ ах гал тогооны өрөө рүү ороод “чи одоо манайхаас яв, гар” гэж хэлсэн. Тэгсэн чинь Нандинцэцэг эгч бас л өөдөөс нь хараалын үг хэлээд байсан. Хүрлээ ах гаргах гээд цамцнаас нь зуурахад бас хараал хэлээд Хүрлээ ахаас зуураад нүүрийг нь маажих гэхэд Хүрлээ ах түүнээс нь хамгаалаад үснээс нь татаад толгойг нь доош болгоход бас л сарвалзаад хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр хоёрыг зууралдаж байхыг нь ээж хараад салгах гэсэн боловч салгаж чадаагүй.” /х17-18/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч С.Нандинцэцэг нь өөрийн төрсөн эгч С.Цэцгээтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүн руу тогоотой хоол шидсэн, улмаар харилцан маргалдах явцдаа С.Цэцгээгийн хамтран амьдрагч Б.Хүрэлбаатар руу дунд хуруу гаргаж харуулах зэргээр өдөж, гэрээс гар гэх шаардлагын хариуд хувцаснаас нь зууралдах, гутлын тавиурыг нь өшиглөх зэргээр зохисгүй үйлдэл гаргаж байсан нь тогтоогдсон. Дээр гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд С.Цэцгээ нь хохирогч С.Нандинцэцэгийг зодох бус харин ч Б.Хүрэлбаатар, С.Нандинцэцэг нарыг салгах үйлдэл хийсэн гэж дүгнэхээр байна.

Иймд ялтан Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан “...шүүгдэгч С.Цэцэгээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Цэцгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Цэцгээг цагаатгахаар шийлдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Хүрэлбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нарт холбогдох 201625022000 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн ... бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй “ гэж заасан.

Харин Б.Хүрэлбаатарын үйлдлийг зүйлчилсэн хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд шинээр тусгагдсан бөгөөд уг хуульд заасан хөнгөн ангиллын гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тогтоосон /Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ нь Б.Хүрэлбаатарын хувьд эрх зүйн байдлыг нь дордуулж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар тогтов.

  Иймд ялтан Б.Хүрэлбаатар, С.Цэцгээ нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн С.Цэцэгээд холбогдох заалтуудыг хүчингүй болгож, уг тогтоолын тогтоох хэсэгт:

“Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Цэцгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон Сүхбаатарын Цэцгээг цагаатгасугай” гэсэн заалтыг нэмж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Болдын Хүрэлбаатарын үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2”-т зааснаар зүйлчилснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1” болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Бэрсэ овогт Болдын Хүрэлбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбаатарыг 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Болдын Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Болдын Хүрэлбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт тус тус оруулсугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ