Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 479

 

 

“ӨГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “ӨГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө аймгийн ЗД-д  холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан "ӨГ" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймгийн ЗД- ын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/890 дүгээр захирамжийн хавсралт /зураг 98/-ыг буюу “ӨГ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож,

2 дахь заалтаар: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.2, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1022 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “2017 оны 09 дүгээр сараас эхлэн 32 м.кв байрыг түрээсэлж олох байсан орлого 14,000,000 төгрөг, компанийн өмч болох 32 м.кв байрыг зөөж тээвэрлэх явцдаа эвдэж гэмтээсний хохирол 5,000,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “ ... Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдаж байна.

Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “ӨГ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь  аймгийн ЗД-ын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/890 “ӨГ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болсныг тогтоож, мөн 2017 оны А/1022 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Өмнөговь  аймгийн ЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1022 дугаар захирамжийг хүчингүй болгосон тухайд.

“ӨГ” ХХК-д тус аймгийн Засаг даргын 2012 оны А/342 дугаар захирамжаар 346.8 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 11 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмшсэнээс хойш гэрээнд заасан зориулалтын дагуу буюу худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 10 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1022 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө тус газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр цуцлах нөхцөл бүрдсэн талаарх Сонсох ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулж, баримтжуулсан тэмдэглэл хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа хамаарах бодит нөхцөл байдлуудыг шалган тогтоосон гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэнд нийцээгүй байна.

Өмнөговь аймгийн ЗД-ын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/890 дүгээр захирамжийг хүчингүй болгосон тухайд.

Өмнөговь аймгийн Д сумын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байрлаж байсан 187 ширхэг пин, контейнерыг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх тухай шийдвэрийг аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/890 захирамжаар гаргасан. Мөн тус ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/858 дугаар захирамжаар байгуулсан байдаг.

Энэхүү ажлын хэсгийн чиг үүрэг нь зөвхөн зөвшөөрөлгүй байрлаж байсан пин, контейнерыг нүүлгэн шилжүүлэхээр хязгаарлагдаагүй, газар эзэмших гэрээнд заасан зориулалт зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх үүргийг давхар хүлээсний үндсэн дээр нэгэнт эзэмших эрх нь дуусгавар болох газар дээр байршиж байгаа нэхэмжлэгчийн зөөврийн сууцыг нүүлгэн шилжүүлсэн.

Энэхүү зөөврийн сууцыг нүүлгэн шилжүүлэх үед газар эзэмших эрхийг цуцлах аймгийн Засаг даргын захирамж гарах нь илэрхий байсан тул ажлын хэсгийн хувьд нүүлгэн шилжүүлэх техник хэрэгсэл, ажиллах хүч дайчилсан үедээ дотооддоо ажлын зохион байгуулалт хийж, улмаар зөөврийн сууцыг нүүлгэн шилжүүлснээрээ захиргааны акт илт хууль бус болох шинжийг хангахгүй юм.

Учир нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг цуцлах болон газар чөлөөлөх асуудлыг нэг субъект буюу аймгийн Засаг дарга хэрэгжүүлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газрын эзэмших эрхийг дуусгавар болгоогүй байхдаа түүн дээр байрлаж байсан зөөврийн сууцыг шилжүүлсэн нь газрын эзэмших эрхийг дуусгавар болгох талаар гаргах шийдвэртэйгээ холбогдуулж авсан арга хэмжээ гэж үзэхээр байхад шүүхээс “Газрын эзэмших эрх дуусгавар болоогүй байхад нэхэмжлэгчийн зөөврийн сууцыг нүүлгэн шилжүүлсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ийнхүү дүгнэснээрээ анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Ө  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг  мэдэх гэрчээс мэдүүлэг авч, маргаан бүхий газарт шүүхийн үзлэг хийж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

1. Маргаан бүхий А/1022 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг тус тус үндэслэн эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр “ӨГ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. 

Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/342 дугаар захирамжаар “ӨГ” ХХК-д 346,8 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 11 жилийн хугацаатай эзэмшүүлснээр нэхэмжлэгч  2013 оноос 2017 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн яамнаас олгосон ажилд зуучлах үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх 15/37 дугаартай гэрчилгээ, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан “Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх” гэрээ”-ний дагуу сургалт хийх, ажлын байр түрээслэх зэрэг үйл ажиллагаа явуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[1] тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд мөн хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагчаас энэхүү үндэслэлийг хангалттай нотолж чадаагүй. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох бөгөөд гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх ба ийм нөхцөл байдал нэхэмжлэгчид бий болоогүй байна.

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгчээс “...шугамтай болохоор бусдад саад болох болов уу гээд шууд ашиглаж чадахгүй, өргөж, зөөж ашиглах боломжтой гээд түр байшин байрлуулсан байгаа, шугам сүлжээнд нь тохируулаад барилга барьж, газраа эзэмшинэ, хэрэв барилга барих боломжгүй бол өөр барилга барих боломжтой газарт шилжүүлж өгнө үү” гэснээс үзэхэд маргаан бүхий газар нь дулаан түгээх болон бохир ус зайлуулах шугаман дээр байрлаж байгаатай талууд маргаагүй бөгөөд тухайн нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч түр байшин байрлуулсныг буруутгах боломжгүй.  

Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааны зорилго нь захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох бөгөөд үүгээр бодит нөхцөл байдлыг тодруулж, хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцүүлэн тухайн асуудлыг боломжит байдлаар шийдвэрлэхэд оршино.

Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдлыг тогтоож, зөвшилцөх замаар газрын байршлыг өөрчлөх, эсхүл өөр бусад байдлаар тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад газар эзэмших эрхийг шууд цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Түүнчлэн Өмнөговь  аймгийн ГХБХБГ-аас “ӨГ” ХХК-д хандан хүргүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 430 дугаар албан бичигт “...танай эзэмшил газар нь дулаан түгээх болон бохир ус зайлуулах шугаман дээр байрлаж байгаа” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь цуцлахаар мэдэгдэл хүргүүлж, маргааш нь буюу 08-ны өдөр дээрх үндэслэлээр газрыг ашиглаж чадахгүй, өргөж, зөөх боломжтой гээд түр байшин байрлуулсан асуудлаар хэлэлцсэн хирнээ газраа гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь ойлгомжгүй.

Иймд анхан шатны шүүх “...захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа хамаарах бодит нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгч “ӨГ” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус акт байна” гэж дүгнэн, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

2. Маргаан бүхий А/890 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Д сумын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр байрлаж байгаа 187 пин, контейнерыг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг захирамжийн хавсралтын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...А/890 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн чиг үүрэг нь зөвхөн зөвшөөрөлгүй байрлаж байсан пин, контейнерыг нүүлгэн шилжүүлэхээр хязгаарлагдаагүй, газар эзэмших гэрээнд заасан зориулалт зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх үүргийг давхар хүлээсний үндсэн дээр нэгэнт эзэмших эрх нь дуусгавар болох газар дээр байршиж байгаа нэхэмжлэгчийн зөөврийн сууцыг нүүлгэн шилжүүлсэн. Маргаан бүхий газрын эзэмших эрхийг цуцлах болон газар чөлөөлөх асуудлыг нэг субъект буюу аймгийн Засаг дарга хэрэгжүүлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газрын эзэмших эрхийг дуусгавар болгоогүй байхдаа түүн дээр байрлаж байсан зөөврийн сууцыг шилжүүлсэн нь газрын эзэмших эрхийг дуусгавар болгох талаар гаргах шийдвэртэйгээ холбогдуулж авсан арга хэмжээ” гэх агуулгаар гаргасан гомдлыг  хүлээн авах боломжгүй. 

Учир нь зөөврийн сууцыг нүүлгэн шилжүүлэх үед газар эзэмших эрхийг цуцлах тухай аймгийн Засаг даргын захирамж гарах нь илэрхий байсан гэж үзээд нэхэмжлэгчийн хууль, журмын дагуу эзэмшиж буй газар дээр байгаа хөрөнгийг эрх бүхий этгээдийн албан ёсны шийдвэр гараагүй байхад дур мэдэн зөөж, нүүлгэж, шилжүүлснийг захиргааны байгууллага нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж тус тус заасан. 

Нэхэмжлэгч компанийн хувьд дээр дурдсанаар зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн зүйлгүй, мөн уг газар нь нийтийн эзэмшлийн газарт хамаарахгүй бөгөөд эрх бүхий этгээд буюу Засаг даргаас газар олгосны дагуу уг газрыг эзэмшиж байсан тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй, үүгээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА

 

                              ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

 

                              ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

 

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 23-34, 173-182 дахь тал