| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0193/Э |
| Дугаар | 202 |
| Огноо | 2019-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 202
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : С.Болорзул,
Нарийн бичгийн дарга:Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: Ч.О, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002830178 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ямаат овогт Ч.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.О нь Н.Бтай бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 17 дугаар гудамжны 19 тоот хашааны үүдэнд байсан Б.Лийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Б ахынхаа хашааны үүдэн дээр байсан мустанг-5 маркийн мотоциклийг ертөнцийн зүгээр зүүн тийш түрж гүйгээд намайг ардаас гүйгээрэй гэсэн тэгээд би ардаас нь гүйгээд тэр гудамжинд байсан догол руу орсон тэгээд намайг чи кондукторыг салгаатах гэсэн тэгээд би түүнийх нь утсыг салгаж өгсөн тэгтэл Б маниулаараа нь гишгэж асаагаад Б нь унаад би араар нь сууж яваад Өлзийт сум ороод дэлгүүрээс нь 1 шил архи аваад түүнийг уучихаад байж байтал Б би мотоцикл унаж чадахгүй чи унаад явчих Өвөрхангай аймгийн Нарийнтээл орж энэ мотоциклийг зарья гэж хэлсэн тэгээд би тэр мотоциклийг цааш нь унаж яваад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум ороод нэг айлд очсон тэгээд очоод байж байтал цагдаа ирсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 34-36/,
...Би тусгаарласан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
2.Шүүгдэгч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Б.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би хөдөөнөөс орж ирээд найз Оргио гэх айлынхаар орчихоод буцъя гэж бодоод Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-17-19 тоотод байх гэрт нь очоод уулзаад эхнэр нь хоол хийж өгөөд түүнийг идчихээд байж байтал эхнэр нь гадаа байсан мотоциклийг чинь хүн түрээд аваад явчихлаа гэсэн тэгэхээр нь гараад хартал байхгүй байсан тэгээд цагдаад дуудлага өгч бүртгүүлж мэдүүлэг өгсөн. Тэр өдрийн орой 18 цагийн үед цагдаагаас яриад таны алдсан мотоциклийг олчихлоо хүрээд ир гэсэн тэгээд иртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд таны мотоциклийг унаж яваад баригдсан гэсэн тэгээд би машин олоод Нарийнтээл сум орж мотоциклоо очиж хүлээж авахад 2 толь байхгүй байсан миний хувьд 2 толио төлүүлэх 1 ширхэг нь 5 000 төгрөг байдаг, мөн Нарийнтээл сум руу 70 000 төгрөгт шатахуун хийж явсан мөнгө, үнэлгээ гаргасан 30 000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 05-06/,
4. Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2018 оны 08 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын замын хяналтын постод аймгийн засаг даргын захирамжийн дагуу мал махны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтанд гарч 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 09-ний 18 цагийн үед хяналт шалгалт хийсэн байсан постоор мустанг-5 маркийн оранж өнгийн улсын дугааргүй мотоцикл явж байхад нь зогсоон шалгахад уг тээврийн хэрэгсэл нь түлхүүргүй байсан ба унаж явсан гэх хүмүүсийг шалгахад Н.Б гэгч нь уг тээврийн хэрэгслийг жолоодсон Ч.О гэх иргэн хойгуур нь сундалсан байсан... гэх мэдүүлэг./хх-ийн 13-14/,
5. Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 3-17-19 тоотын үүдэн дээр нь цэнхэр өнгийн би түрээд жоохон уруудуулаад О ирээд мотоциклийн толгой доор байх ишнүүрийг нь салгасан тэгээд би асаагаад унаад О араар суугаад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын постон дээр очоод цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-44/
6. Гэрч Т.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Бид 2 найзалж нөхөрлөөд жил гаран болж байна. Ааш зангийн хувьд илүү дутуу зан байхгүй үг дуу цөөтэй хүний үгнээс гардаггүй архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг хэрэглэсэн үедээ үгэнд ороод унтчихдаг юм. Бусдад болон найз нөхөддөө туслаад явдаг зөөлөн сэтгэлтэй бусадтай хэрүүл маргаан хийгээд байдаггүй хар ажилд сайн залуу байгаа юм аа... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
7. Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би эрх үүргээ ойлгосон.Мэдүүлэг өгнө. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Ч.О нь миний нэг нутгийн нэг найз байгаа юм. Би Отай Жинст сумын сургуульд 8 жил хамт нэг ангид сурсан суралцаж байх хугацаандаа жоохон сахилгагүй хэр нь ажилсаг багаасаа ээж эгч нарын хамт байдаг ээж нь өнгөрсөн жил бурхан болсон юманд хүлээцтэй ханддаг үгэнд маш сайн ордог хэлсэн үгнээс нь зөрдөггүй найз нөхдөдөө тусархуу ямар нэг хэрүүл маргаанд орооцолдоод байдаггүй залуу...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
8. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн 171 дугаар шинжээчийн:
1.Хуучин мотоцикль 1900.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/ болон хавтаст хэргийн 07-10 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, хавтаст хэргийн 51-52 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол, хавтаст хэрэгт авагдсан 56 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн тухай лавлагаа, хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Ч.Оийн гэм буруугийн талаар маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.О нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.17.19 тоот хашааны үүдэнд байсан иргэн Б.Лийн “Мустанг”-5 маркийн мотоциклийг Н.Бтай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Л, гэрч А.О, Н.Б, яллагдагч Ч.О нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 171 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Оийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Ч.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ч.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийг Н.Бтай бүлэглэн гүйцэтгэснийг Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлах нь зүйтэй гэж үзлээ.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.От холбогдох хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр тусгаарлах тогтоол үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 3-д заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ч.От оногдуулсан хорих ялыг тэнсэх дүгнэлтийг хүлээн авч хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Харин шүүх шүүгдэгч Ч.От гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж үзлээ.
Уг хэрэгт шүүгдэгч Ч.Оийн дөрвөн ханатай гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ч.От хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.О нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.О нь урьд нь шийтгэгдэж байгаагүй мэдээллийн санд ороогүй талаар ЦЕГ-ын лавлагаагаар тогтоогдсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямаат овогт Ч.Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ямаат овогт Ч.Оийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Ч.От зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ч.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч.Оийн эзэмшлийн дөрвөн ханатай гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.От буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ