| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1766 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 18.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа
улсын яллагч: А.Сайнбаяр
шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Эрдэнэцэцэг
шүүгдэгч: Г.Г, М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г Г, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Б овогт М Э тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906023632257 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М Э, 19 оны 8 дугаар сарын 22-ны өдөр настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дурман ХХК-д туслах ажилтан, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт гэх газарт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г Г, 19 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, архивч мэргэжилтэй, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт угтагч ажилтай, ам бүл 3, эх, хүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо мянган оюутны байрны орчим зам дээр А.У гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн,
М.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо мянган оюутны байрны орчим зам дээр Г.Г А.У гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэнийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн үед Г бид хоёр караокены газраас гараад би нөхөр Г дуудсан юм. Манай нөхөр 1000 оюутаны байрны уулзвар дээр ирээд зогсож байхад нь Г бид хоёр уулзвар дээрээс суусан юм. Бид хоёр машинд суугаад хөдлөх гэж байхаыд хохирогч У машины урд зогсчихоод явуулахгүй байсан юм. Тэгэхээр нь бид хоёр буугаад та холдооч бид нар явмаар байна гэхэд өмнөөс хэрэлдээд явахгүй байсан. Тэгээд гэнэт утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Та яагаад бичлэг хийгээд байгаа юм гэхэд өмнөөс хэрүүл хийгээд бичлэг хйигээд байсан юм. Би машиныхаа хажууд очоод зогсож байхад Г утсыг нь шүүрээд авсныг би анзаараагүй. Дараа би очиход утас нь надад байгаа гэхээр нь би авчихъя гээд авсан юм.Г бид хоёр хоорондоо юм ярьж байгаад халаасандаа хийсэн байсан. Тэгээд мартаад аваад явсан байна лээ. Тухайн үед өөрөө ч холбоо барихгүй байсан болохоор нь утсыг нь хэрэглээд явж байхад 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр цагдаагийн газраас дуудахаар нь очиход ийм хэрэгт та холбогдсон гэж хэлсэн юм. Тэгээд эд мөрийн баримт болгон гээд мөрдөгч хурааж, авсан гэв.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1000 оюутаны уулзвар дээр Э нөхөр Г ирж авах гээд хүлээгээд байж байхад нэг залуу машины урдуур орж ирээд бичлэг хийгээд байсан болохоор нь утсыг нь шүүрээд авсан юм. Би шууд таксинд суусан. Удалгүй Э орж ирээд тухайн утсыг аваад явсан гэв.
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шөнийн 23.00 цагийн орчимд улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монел орчмын замд явган зорчигч машины урд ирж зогсоод хөдлөхгүй байхаар нь бууж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд найз Г бичлэг хийгээд байна гээд тухайн хүний гар утсыг булаагаад авчихсан ба бид нар бичлэгийг нь устгах гэхэд нууц үгийг нь мэдэхгүй болохоор чадаагүй юм. Тэгээд утсыг нь авч явж байгаад утсыг нь базаад нууц үгийг нь гаргаад ашиглаж байсан юм. Бид нар бичлэгийг нь устгаж чадахгүй байсан болохоор утсыг аваад явчихсан юм гэжээ. /хх-ийн 19/
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 5-ны 20.00 цагийн орчимд хамт ажилладаг Э пабад хамт суух гээд ажлаасаа хамт гараад Цайзын хавьд байсан караокед ороод 50 орчим минут болоод Э нөхөр Г эхнэрээ авахаар ирэхээр нь замдаа буух санаатай хамт явсан. Бид нарыг машиндаа суугаад хөдлөх гэтэл 30 орчим настай эрэгтэй машины өмнө зогсоод явахгүй байсан. Бид нар машинаасаа буугаад нөгөө хүнийг холдуулах гэтэл холдохгүй гээд утсаараа бичлэг хийгээд унасан. Бид нар холд гэхэд та нар надад гэмтэл учруулсан, намайг дайрсан гээд бичлэг хийгээд байсан. Гэтэл Э чи яасан гэж бичлэг хийгээд байгаа юм гэж хэлээд бичлэгийг нь устгах гээд утсыг нь шүүрээд авчихсан. Тэгээд утсыг нь аваад хажуугаар нь явж байсан нэг машинд гар өргөөд суугаад явж байтал араас Э залгаад утсыг нь надад өгчих гэж хэлэхээр нь би Самсунг Жи 5 загварын хар өнгийн гар утсыг Э өгчихөөд гэрлүүгээ явсан. Түүнээс хойш юу болсоныг би мэдээгүй. Бичлэг хийгээд байсан болохоор нь утсыг нь булааж авсан. Тэгээд бичлэгийг нь устгах гэхэд нууц үгийг нь мэдэхгүй болохоор болоогүй гэжээ. /хх-ийн 16/
Хохирогч А.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 5-ны орой 23.00 цагийн орчимд Сансарт найзуудтайгаа ууж байгаад найзаараа хүргүүлээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелийн уулзвар дээр буугаад зам хөндлөн гарах гээд явж байтал Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл Их Засагаас Цайз тал руугаа чиглэлтэй явж байснаа намайг мөргөж унагаад намайг босоод иртэл уг машинаас нэг эрэгтэй 2 эмэгтэй хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би намайг мөргөчихлөө ш дээ гэхэд чамайг хэн дайрсан юм чамд миний машин хүрээгүй байна чи замаас гар бид нар явмаар байна гэсэн. Тэгээд би миний нүүр зулгарсан байна гэхэд хох чинь гэсэн. Тэгэхээр нь би архи уусан байсан болохоороо бүх зүйлийг бичлэг хийж баримтжуулья гэж бодоод утсаараа бичлэг хийж байтал нэг эмэгтэй нь энэ бичлэг хийгээд байна гээд миний утсыг цохиж унагаасан. Би утсаа аваад дахиад бичлэг хийтэл утас булааж аваад машиндаа суугаад яваад өгсөн. Би гар утсаа 2018 онд Монтел худалдааны төвөөс 450.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Миний хувьд гомдолтой байна утсаа авмаар байна гэжээ. /хх-н 10-13 /
Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сараас хойш тус утсанд 96022515, 91462515 дугааруудыг тус тус хийж ашигласан. 2019 оны 4 дүгээр сарын 5-ны шөнө эхнэр Э оюутны байрны орчим найзых нь хамт караокенээс авсан. Тэгээд гэрлүүгээ явах гээд хөдөлтөл Монелын замд 30 орчим настай нэг эрэгтэй хүн машины урд ирж зогсчихоод явуулахгүй байсан. Тэгэхээр нь бид нар машинаасаа буугаад маргасан. Бид нар 96022515, 91462515 дугаараас 102-т дуудлага өгсөн боловч цагдаа ирээгүй. Тэгээд би машиндаа ороод сууж байгаад нөгөө хоёрыг явий гэхэд нөгөө хоёр орж ирсэн. Тэгээд хөдлөөд явж байтал тэр хоёр утсыг нь авчихсан гэж ярьсан. Замд Э буусан. Э Г утсыг нь аваад явсан гэжээ. /хх-н 20-22/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23/
Хөрөнгийн үнэлгээний тайланд: 420.000 төгрөгөөр гар утсыг үнэлжээ. /хх-н 24-25/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 26-28/
Г.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47 /,
М.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 63/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 62 /,
М.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 29/, прокурорын тогтоол /хх-н 35-37/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-41/
М.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44-45/
Г.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 29/, прокурорын тогтоол /хх-н 30-31/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-35/
Г.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 42-43/ зэрэг болно.
Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны орой 23,00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо мянган оюутны байрны орчим зам дээр А.У гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн,
М.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны орой 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо мянган оюутны байрны орчим зам дээр Г.Г А.У гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэнийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч А.У өгсөн ...Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл Их Засагаас Цайз тал руугаа чиглэлтэй явж байснаа намайг мөргөж унагаад намайг босоод иртэл уг машинаас нэг эрэгтэй 2 эмэгтэй хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би намайг мөргөчихлөө ш дээ гэхэд чамайг хэн дайрсан юм чамд миний машин хүрээгүй байна чи замаас гар бид нар явмаар байна гэсэн. Тэгээд би миний нүүр зулгарсан байна гэхэд хохь чинь гэсэн. Тэгэхээр нь би архи уусан байсан болохоороо бүх зүйлийг бичлэг хийж баримтжуулья гэж бодоод утсаараа бичлэг хийж байтал нэг эмэгтэй нь энэ бичлэг хийгээд байна гээд миний утсыг цохиж унагаасан. Би утсаа аваад дахиад бичлэг хийтэл утас булааж аваад машиндаа суугаад яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н 10-13 /
Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэрлүүгээ явах гээд хөдөлтөл Монелын замд 30 орчим настай нэг эрэгтэй хүн машины урд ирж зогсчихоод явуулахгүй байсан. Тэгэхээр нь бид нар машинаасаа буугаад маргасан. Бид нар 96022515, 91462515 дугаараас 102-т дуудлага өгсөн боловч цагдаа ирээгүй. Тэгээд би машиндаа ороод сууж байгаад нөгөө хоёрыг явий гэхэд нөгөө хоёр орж ирсэн. Тэгээд хөдлөөд явж байтал тэр хоёр утсыг нь авчихсан гэж ярьсан. Замд Э буусан. Э Г утсыг нь аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Монел орчмын замд явган зорчигч машины урд ирж зогсоод хөдлөхгүй байхаар нь бууж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд найз Г бичлэг хийгээд байна гээд тухайн хүний гар утсыг булаагаад авчихсан ба бид нар бичлэгийг нь устгах гэхэд нууц үгийг нь мэдэхгүй болохоор чадаагүй юм. Тэгээд утсыг нь авч явж байгаад утсыг нь базаад нууц үгийг нь гаргаад ашиглаж байсан юм. Бид нар бичлэгийг нь устгаж чадахгүй байсан болохоор утсыг аваад явчихсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: өгсөн ...Бид нарыг машиндаа суугаад хөдлөх гэтэл 30 орчим настай эрэгтэй машины өмнө зогсоод явахгүй байсан. Бид нар машинаасаа буугаад нөгөө хүнийг холдуулах гэтэл холдохгүй гээд утсаараа бичлэг хийгээд унасан. Бид нар холд гэхэд та нар надад гэмтэл учруулсан, намайг дайрсан гээд бичлэг хийгээд байсан. Гэтэл Э чи яасан гэж бичлэг хийгээд байгаа юм гэж хэлээд бичлэгийг нь устгах гээд утсыг нь шүүрээд авчихсан. Тэгээд утсыг нь аваад хажуугаар нь явж байсан нэг машинд гар өргөөд суугаад явж байтал араас Э залгаад утсыг нь надад өгчих гэж хэлэхээр нь би Самсунг Жи 5 загварын хар өнгийн гар утсыг Э өгчихөөд гэрлүүгээ явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/ зэрэг болно.
Г.Г нь хохирогч А.У гар утсаараа бичлэг хийж байхад нь бичлэг хийгээд байна гэж гар утсыг нь булааж аваад машиндаа суугаад яваад өгсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч А.У мэдүүлэг, гэрч Н.Г шүүгдэгч Г.Г, шүүгдэгч М.Э нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна. Г.Г холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
М.Э нь Г.Г хохирогчийн гар утсыг булааж авахыг мэдсэн мөртлөө авч ашигласан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Г.Г мэдүүлэг, гэрч Н.Г мэдүүлэг, мөн өөрийнх нь өгсөн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна. М.Э дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч А.У нь өөрийн гар утсаа хүлээн авсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас М.Э, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх М.Э, Г.Г ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хор уршигийг арилгасан нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн,
Б овогт М Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүй нэг жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүй нэг жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг Г., М.Э нарт тус тус хүлээлгэсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.
5. М.Э, Г.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Э, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Г.Г, М.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Э, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН