Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 203

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004440279 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Г.Г

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багийн нутагт Г.Эы гарыг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед Жинст сумын 5 дугаар багийн нутагт манай найз болох Г.Этай шатахуун түгээгүүрийн газар таараад тэндээсээ дэлгүүр ороод Сэнгүүр нэртэй 3 сав пиво 2.5 литрийн пиво аваад манай гэрт очоод хоёулаа нөгөө авсан пивонуудаа хувааж уугаад байж байтал Э надаас чи үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх юм бэ он дамналаа гээд байсан. Тэгэхээр нь би түүнд удахгүй өгнө гэсэнд тэр архи уусан болохоор миний үгийг сонсохгүй намайг чи муу гуйлгачин хүнд өгөх юм аа өгч чадахгүй юм бол битгий хүнээс юм авч бай гээд байсан, харин би түүнд чи ер нь яах гээд хүн доромжпоод байгаа гэтэл тэр миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан, харин би уурлаад эргүүлэгний шургуулаганд байсан хар иштэй хутгийг аваад түүний гар луу нэг удаа хутгалсан тэгээд би хутгаа хаячхаад гэрээс гараад явтал тэр миний араас гарч ирээд намайг хөлөөрөө өшиглөсөн харин би газар унасанд хашааны хаалгаар манай эгч болох Л.Ц гэдэг хүн орж ирээд та хоёр чинь яаж байгаа юм бэ нэгнийгээ аллаа гээд бид хоёрыг салгасан. Би түүний гар луу нэг удаа хутгалсан Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан биеэ авч явах чадвартай байсан. Би гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Г.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед би манай найз болох Г.Гын хамт тэдний гэрт очиход 2,5 литрийн Сэнгүүр нэртэй 3 сав пиво хувааж уугаад байж байгаад бид хоёр хоорондоо маргалдсан, учир нь бид хоёр урьд мөнгөний өглөг авлагын асуудалтай байсан бөгөөд би 2018 оны 03 сард би түүнд хуучин мотоцикл 500.000 төгрөгөөр зараад үлдэгдэл болох 200.000 төгрөгийг нь ярьсанд тэр миний урдаас хэрүүл нэхээд бид хоёр хоорондоо маргасан тэгээд би уурлаад Гыг гараар түүний нүүр лүү нэг удаа цохиод авсанд тэр эрэгнэгний шүүгээнээс хутга аваад миний гар луу хутгалсан. Тэгээд тэр гэрээс гараад явахаар нь би уурлаад түүний араас нь гараад гэрийн гадаа түүнтэй барилцаад автал Гын эгч болох Ц гэдэг хүн ирээд бид 2-ыг салгасан. Бид хоёрыг Гынд пиво ууж байхад өөр хүн байгаагүй. Миний биед өвдөж зовуурилж байгаа зүйлгүй байна, надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ээ. гэх мэдүүлэг / хх-ийн 17-21 /

4. Гэрч Л.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед хашаандаа юм янзлаад явж байтал хамар хашаанд байх манай дүүгийн хашаанд хүмүүс дуугараад байхаар нь яваад очиход манай дүү болох Г.Г мөн Г.Э хоёр архи уучихсан нэлээн согтуу Г нь газар уначихсан нөгөөдөх нь хажууд зогсож байсан бөгөөд тэр хоёр цээж нүцгэн Эы гараас нь шүүс гарчихсан Гын нүднээс нь мөн шүүс гарчихсан байдалтай байсан. Намайг анх очих үед өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 385 дугаартай шинжээчийн:

1. Г.Эы биед зүүн бугалгад шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.  Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/ болон хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Гын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 45-50 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Гын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 74-76 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багийн нутагт Г.Эы гарыг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Эы мэдүүлэг, гэрч Л.Ц нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Гд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Гын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.Гд хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Гын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн  улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Г.Гыг найман зуун тавин / 850 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун тавин мянган / 850.000 / төгрөгөөр торгох   ялаар   шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Гд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Г.Г нь  энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.Гын эзэмшлийн гар утсыг  битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.Гд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн иштэй хоёр ширхэг хадаастай хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.5-д зааснаар шүүгдэгч Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ