| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00026/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 23.1.1, 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 01
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батзул
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Т.Б
Хохирогч Я. Хадбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Боржгон овогт Т ын Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000110010 дугаартай эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхээс 2018 оны 11 сарын 28-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжилтэй, Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 6 /эхнэр хүүхдүүдийн хамт/ Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Их монгол хотхоны Б байрны 1-18 тоотод оршин суух, РД: , Боржгон овогт Т ын Б .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2130 цагийн үед 00-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүргээ гүйцэтгэж байсан Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Я.Хадбаатарыг авто тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “ 2017 оны 08 сарын 28-ны орой байсан.Ажил тараад колонкоос түлш аваад явж байсан.Би 00-99 дугаарын тээврийн хэрэгсэлтэй явж байсан замдаа хүн мөргөсөн.Цагдаагийн албан хаагч гэх байдал мэдэгдээгүй.Надад дохио өгөөгүй машинаа дараад ороход л мөргөлдсөн.
Би явж байгаад гүүрнээс буцаж эмнэлэгт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Ховд аймаг руу эмчилгээнд авч яваад эмчилгээ сувилгааг нь хийлгэсэн.Анхны зураг авахад хугаралтай гэж тогтоогдоогүй.Тухайн үедээ бид хоёр ярьж тохирсон зүйл байсан.Дараа нь би гомдолтой.Улаанбаатар хот руу явж үзүүлэх юм яриад явсан.Хохиролд 5 сая төгрөг төлсөн.Би ганцаараа явсан миний хажууд хүн байгаагүй гэв.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Хадбаатар мэдүүлэхдээ: “Тэр өдөр би эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан.Нэг машиныг зогсоогоод шалгаж байтал цаанаас маш хурдтай машин ирж байсан.Би зогсоох дохио өгөхөд зогсохгүй хурдтай орж ирсэн.Би замын голоос хойд зүгрүү зугтаахад араас дарж орж ирээд миний баруун талруу тухайн автомашины баруун урд хэсгээр мөргөөд би тухайн автомашины хамар дээгүүр нь гараад 3 замын уулзварын баруун хойд хэсгийн шороон дээр унасан, автомашин тэр чигээрээ явчихсан. 00-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн автомашин мөргөсөн гэж хамт үүрэг гүйцэтгэж байсан Л.Мөнх-Эрдэнэ цагдаа хэлсэн, тухайн үед би урдаас гэрэл гялбаад улсын дугаарыг нь харж чадаагүй. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Л.Мөнх-Эрдэнэ харсан, намайг эмнэлэг дээр хүргэж өгсөн жижиг цагаан автомашины жолооч харсан би нэрийг нь мэдэхгүй байна тухайн автомашиныг гүйцэж түрүүлж ирээд намайг мөргөсөн. Тухайн үед би д/а Л.Мөнх-Эрдэний хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, жагсаал хувцастай, улаан мод, шүгүүлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл шалгаж байсан.
Миний гар тухайн үедээ битүү хавдартай байсан болохоор хугарал нь мэдэгдэхгүй байсан.Гэхдээ аймагт үзэж байсан эмч нь эм тариа ч олигтой хийхгүй эмчилгээ хийгдэхгүй болохоор нь би эмчдээ хот руу явж үзүүлнэ гэдгээ хэлсэн тэгэхэд намайг үзэж байсан эмч хугаралтай байна гэдгийг мэдэж байсан байлаа.
Улаанбаатар хотод би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.Эмнэлгийнхээ нэрийг одоо сайн санахгүй байна.Т.Б ээс хохиролд 3.800.000 төгрөг авсан.Одоо 500.000 төгрөг дутуу байгаа гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтад гэрч Л.Мөнх-Эрдэний мэдүүлсэн: ...Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой дэд ахлагч Я.Хадбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Минжит Булган цогцолбор сургуулийн баруун урд талын 3 замын уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгаж байхад 21 цаг 30 минутын үед дээрээс доошоо буюу зүүнээс баруун тийш нэг автомашин хурдтай урдаа явсан автомашиныг гүйцэж түрүүлээд бид хоёрыг чиглээд ирсэн би замын урд хэсэгт байсан д/а Я.Хадбаатар замын голд зогсож байгаад улаан модоор зогсох дохио өгөөд шүүгүүл үлээсэн тухайн автомашин зогсох шинжгүй байсан, д/а Я.Хадбаатар замын хойд хэсэг рүү гарах гээд зугтаахад 00-99 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн автомашин ирээд баруун урд хэсгээрээ мөргөөд тэр чигээрээ яваад өгсөн д/а Я.Хадбаатар гурван замын уулзварын баруун хойд хэсэгт очиж унасан, би яваад очиход суугаа байдалтай эмнэлэг дууд гээд босч чадахгүй байсан араас нь ирж байсан автомашиныг зогсоогоод Я.Хадбаатарыг эмнэлэгт хүргэж өгсөн. Бид хоёр оройн эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан, жагсаал хувцастай улаан мод, шүүгүүлтэй, би гэрэлтдэг хантаазтай байсан. 00-99 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл хурдтай өндөр хаазтай ирээд д/а Я.Хадбаатарыг мөргөчихөөд явчихсан. Тухайн хүн согтуу байсан байх. Хэн барьж явсаныг нь мэдэхгүй харанхуй байсан болохоор харагдаагүй, 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин д/а Я.Хадбаатарыг мөргөөд тормозлоод замын хажуу руу шороотой хэсэгрүү гараад зогсолгүй тэр чигээрээ яваад өгсөн. Жижиг цагаан суудлын автомашинтай явсан автомашины жолооч мэдэж байгаа байх араас нь явж байсан, машин ирж зогсоод эмнэлэгт хүргэж өгсөн, тэр автомашин дотор хоёр хүн явж байсан, өөр хүн харсан үзсэн хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед д/а Я.Хадбаатар улаан модоор дохиод, шүгүүлдсэн би замын урьд талд харж байсан. Ямар нэгэн автомашин шалгаагүй дээрээс буюу зүүн талаас хоёр автомашин ирж байсан нэг нь 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин, нөгөөх нь цагаан өнгийн жижиг автомашин байсан улсын дугаарыг нь мэдэхгүй байна, өөр автомашин байгаагүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Мөнхцоожийн өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Гаалийн ахлах байцаагч Т.Б надаас автомашинаа өгч бай би Булган сум ороод ирэх ажил байна гээд миний 00-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн гаранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан, орой 21 цаг 40 минутын үед 99100262 дугаарын утаснаас Т.Б яриад би хүн мөргөчихлөө гэсэн ямар хүн гэж асуухад цагдаа мөргөсөн гэж хэлсэн, тэгээд би Булган суманд 22 цаг 40 минутын үед ирэхэд Эмнэлэгийн гадна миний 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин байсан Т.Б эмнэлэг дотор байсан. ... Миний автомашины баруун урд талын копуд хэсэг нь хонхойсон өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч М.Болдбаатарын өгсөн: “Би Хадам ах Ганболдын хамт өөрийн 25-88 УНЕ улсын дагууратай цагаан өнгөтэй Раип маркийн автомашинтай Минжит Булган цогцолбор сургуулийн урд талын замаар дээрээс доошоо чиглэл хурд сааруулагч дээр хурдаа хасаж байхад хажуугаар 00-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгөтэй гранд марк хоёр маркийн автомашин хурдтай гүйцэж түрүүлээд гурван замын уулзвар дээр байсан 2 цагдаагийн нэгийг нь мөргөөд зогсолгүй тэр чигээрээ цааш явсан би тухайн мөргүүлсэн цагдааг эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тухайн автомашин намайг гүйцэж түрүүлээд зам дээр зогсож байсан цагдааг мөргөхөөс урьд бөгөсний улаан гэрэл нь асаад зогсолгүй тэр чигээрээ цагдааг мөргөж, цагдааг гурван замын уулзварын баруун хойд хэсэгт шороон дээр замын хажуу руу унагаагаад зогсолгүй тэр чигээрээ яваад өгсөн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганболдын өгсөн: “Би хүргэн Болдбаатарын хамт Болдбаатарын машинтай 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой Минжит Булган сургуулийн урд талын хурд сааруулагч дээр хурдаа хасаад гарч байтал хажуугаар 00-99ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машин гүйцэж түрүүлээд цааш яваад сургуулийн урд талын уулзвар дээр зогсож байсан 2 цагдаагийн алба хаагчийн нэгийг нь мөргөж унгаагаад зогсолгүй цааш явчихсан. Араас нь бид хоёр очиход Хадбаатар гэх цагдааг мөргөсөн байсан бөгөөд түүнийг машинаараа эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг,
Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэний 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэд:
1. Жолооч Т.Б нь 00-99 ХОҮ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
2. 00-99 ХОҮ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн авто машин жолоодож явсан Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 2.5.Б Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.
Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх
2.5.В Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй гэсэн дүрмийн зүйл заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт,
2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дугаартай ....Т.Б ий биенээс авсан цус шинжилгээнд тэнцэнэ.Т.Б ий биенээс авсан гэх цусанд 2.3 промилли этилийн спирт илэрсэн.2.3 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт,
Хохирогч Я.Хадбаатарын биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1010 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
“1.Я.Хадбаатарын биед баруун гарын атгаал ясны их төвгөрийн тасарсан хугарал, шөрмөсний тасрал, булчин хоорондын цус хуралт, баруун мөрний үений мултрал, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
“1. 2. Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Тогтохын 2017 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн 446 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1010 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
3. 4. Я.Хадбаатарын биед баруун бугалга /атгаал, оs hитегиs/ ясны дээд булууны их төвгөрийг дайрсан зөрүү үүсээгүй ташуу сэлтэрсэн хугарал, хагас мултрал, зөөлөн эдийн няцрал, далны дээд болон доод хөндлөн холбоосны /transversит sсариlае sиреriиs, inferiиs/ бүрэн бус урагдал, булчин хоорондын цус хуралт, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг дор үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
7. 8. Я.Хадбаатарын биед баруун бугалга /атгаал, оs humегиs/ ясны дээд булууны их төвгөрийг дайрсан зөрүү үүсээгүй ташуу сэлтэрсэн хугарал, хагас мултрал, зөөлөн эдийн няцрал, далны дээд болон доод хөндлөн холбоосны /tгаnsvегsиm scарulае sиреriиs, inferiиs/ бүрэн бус урагдал, булчин хоорондын цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд 00-99 ХОҮ дугаартай машины эвдрэл болон тал бүрээс харуулсан зураг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд гэж шүүх үнэллээ.
Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний шөнийн 2130 цагийн үед 00-99ХОҮ Марк-II улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн нь:
Камерын бичлэгт бичигдсэн “Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн өрөөнд Булган сумын гудамж талбайн 10 хэсэг газар болон цагдаагийн хэлтсийн 5 камерыг харуулсан бичлэг байх ба тухайн бичлэгнүүдээс гуравдугаар бичлэг буюу Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэр Минжит Булган цогцолбор сургуулийн баруун урд талын камерын бичлэг рүү орж камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн камерын бичлэг дээр д/а Я.Хадбаатарыг цагаан өнгийн автомашин ирээд мөргөөд явж байгаа болон араас нь ирсэн автомашин д/а Я.Хадбаатарын хажууд ирээд эмнэлэг хүргэхээр аваад явж байгаа 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цаг 31 минутаас 21 цаг 32 минутын хооронд байгаа 47 секунтын бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад талууд оролцогч нараас санал хүсэлт гараагүй нь тухайн хэрэг болсон үйл явцын талаар талууд маргаагүй гэж үзлээ.
Мөн камерын бичлэгийг DVD дээр хуулбарлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хавсаргасан ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ: Намайг замын хөдөлгөөнд оролцож байхад машины цаанаас хүн гараад ирсэн.Дохио өгснийг би анзаараагүй миний машинд мөргүүлээд унасан гэх мэдүүлгээр тухайн зам дээр зогсож байсан хууль сахиулагч буюу замын зохицуулагчийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 1010 дугаартай шинжээчийн ....шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт,гэрч Л.Мөнхэрдэний....00-99 ХОҮ улсын дугаартай автомашин д/а Я.Хадбаатарыг мөргөж тормозлоод замын хажуу руу шороотой хэсэг рүү гараад зогсолгүй тэр чигээрээ явсан гэх мэдүүлэг, хохирогч Я.Хадбаатарын надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Л.Мөнхэрдэнэ харсан,намайг эмнэлэгт хүргэж өгсөн жижиг цагаан автомашины жолооч мөн харсан би нэрийг нь мэдэхгүй тухайн автомашиныг гүйцэт түрүүлж ирээд намайг мөргөсөн гэх мэдүүлэгээр шүүгдэгч Т.Б нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний шөнийн 2130 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт Минжит Булган цогцолбор сургуулийн баруун урд талын 3 замын уулвар дээр 00-99ХОҮ улсын дугаартай Марк-II маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. а гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Я.Хадбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь баруун бугалга ясны дээд булууны их төвгөрийг дайрсан зөрүү үүсээгүй ташуу сэлтэрсэн хугарал, хагас мултрал, зөөлөн эдийн няцрал, далны дээд болон доод хөндлөн холбоосны бүрэн бус урагдал, булчин хоорондын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Я.Хадбаатарыг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдээд Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 б, в заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Я.Хадбаатар, гэрч Л.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхцоож, Ц.Ганболд, М.Болдбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 71 тоот дүгнэлт, Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэний 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байгаа бөгөөд шинжээч эмч Д.Тогтохын дүгнэлтэд хугарал гэмтэл тогтоогдоогүй гэж мэдүүлж байгаа нь шинжээч эмч Ш.Цэцэгмаа болон 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 71 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Я.Хадбаатарын биед баруун бугалга /атгаал, os humerus/ ясны дээд булууны их төвгөрийг дайрсан үүсээгүй ташуу сэлтэрсэн хугарал, хагас мултрал зөөлөн эдийн няцрал далны дээд болон доод хөндлөн холбоосны /transversum scapulae superius, inferius/ бүрэн бус урагдал булчин хоорондын цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл үүссэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Б ийг хууль сахиулагчийг эсэргүүцэх, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Иймд дээрх нөхцөл байдал, шүүгдэгч хөнгөн хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохиролд 3.800.000 төгрөг төлж хохиролгүй болгосон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б д ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-ийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Т ын Б ийг хууль сахиулагчийг эсэргүүцэх, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Т.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б ийг 2700 нэгж буюу 2.700.000 /Хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б д оногдуулсан 2.700.000 төгрөгний торгох ялыг 3 /Гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэг явдлын талаарх дүрс бичлэгийг хуулбарлан авсан хар өнгийн “Verbatim” гэсэн бичиглэлтэй DVD-ыг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.
1 1. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Т.Б ий 388834 дугаартай В, С ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.