| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2019/00079/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 80
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагчаар хяналтын прокурор З.Алтансолонго
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр /2277/ нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Т.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1937000000072 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол улсын харъяат, эрэгтэй, 1990 оны 08 сарын 31 -ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 29 настай, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 6, Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай дугаарын регистртэй Худалч овогт Түмэнөлзийгийн Б нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Ендэрт ус” гэх нэртэй газарт 2019 оны 09 сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар жижиг оврын трактор, шигшүүр зэрэг техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын буюу алтны эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Яллагдагч Т.Б ийн ...Би тухайн өдөр буюу 2019 оны 09 сарын 21-ны өдөр Дамбий гэгч хүнээс зам засахаар тракторыг нь гуйж аваад зам засаж байтал цагдаа нар ирсэн. Тракторыг би унаж Бодонч багийн Хөх дугуйн ам гэх газарт авч ирсэн. Дамбийгийн шигшүүрийг тракторын хамт аваад өгөхдөө хамтад нь өгье гэж бодсон. Би овоолгоотой шороо байхаар нь хонхор луу нь хийж тэгшилсэн гэх мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл
Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /трактор болон газрын байдлыг харуулсан 9 ш зураг/
Эд мөрийн баримтаар хураан авч битүүмжилсэн жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол,
Гэрч Данжнаахан овогт Ноосгойн Дамбийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.....Миний трактор улаан алаг өнгийн трактор байгаа. 2018 онд Баянхонгор аймгийн хүнээс худалдаж авсан. Би уг тракторыг, дугуйны гинж нь эвдэрсэн байхад 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би трактороо зараагүй. Т.Б гэх залуу өтөг бууцаа янзалчихаад буцааж өгөхөөр гуйж авсан. Шигшүүр нь ажиллахгүй байгаа. Өтөг бууц янзална гэхээр нь өгсөн. Анх авахад л бичиг баримтгүй байсан. Одоо ч бичиг баримтгүй байгаа. Шигшүүр нь бас минийх Баянхонгор аймгаас трактор худалдан авахдаа хамтад нь 100.000 төгрөгөөр худалдаж авсан гэх гэрчийн мэдүүлэг
Гэрч Бат гүн овогт Идэшийн Галсанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....Харин Ендэрт усанд байсан хүрэн өнгийн Дамбий гэх хүний трактор 2019 оны 09 сарын 21-ны орой Хөх дугуйн ам гэх газарт байж байсан. Орой нь Б би маргааш Дамбий ахын трактороор газар тэгшилхээр боллоо гэж ярьж байсан. Б гэх залуу газар ухсан байсан нэмж ухсан эсэхийг мэдэхгүй.Тухайн тракторууд нь Эрдэнэ-Очир, Мандалбаяр, Дамбий гэх хүмүүсийн трактор юм гэх гэрчийн мэдүүлэг
Гэрч Үхэрч овогт Идэшийн Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....Ендэрт ус гэх газарт Б хар өнгийн толгойтой улаан шар өнгийн трактор бариад тракторын хойд хэсгээс шороо аваад тракторын баруун талд асгаж, трактор байгаа газрын зүүн урд талд шинэ газар булаад тэгшилчихсэн харагдаж байсан, тэр газрын хажууд УАЗ-469 машины чиргүүл автомашинаас чирээд явах зориулалт бүхий гар хийцийн шигшүүр байсан. Б , Б ийн урд талд байгаа трактор хоёр шинээр газар ухсан байсан, хамгийн урд талд байгаа трактор нүх ухаж байгаад эвдэрсэн бололтой байсан. Би 3 хоногийн өмнө ирээд өнөөдөр л өөрийн төрсөн газраа очих гэж явж байхад Б , Б ийн урд талд байгаа трактор хоёр газар ухаад ажиллаж байсан. Хамгийн дээд талд байсан тракторыг Б ажиллуулж байсан гэх гэрчийн мэдүүлэг
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 10 сарын 21-ны өдрийн прокурорын тогтоол /5 тооны морь, 2 тооны үхэр /сарлаг/ нийт 6.350.000 төгрөгний үнэлгээтэй/
2019 оны 10 сарын 24-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / Doosan solar 55 маркийн жижиг оврийн трактор 3.000.000 төгрөгний үнэлгээтэй, гар хийцийн шигшүүр хуучин 200.000 төгрөгний үнэлгээтэй /
2019 оны 09 сарын 24-ны өдрийн мөрдөгчийн тогтоол / жижиг оврийн трактор, гар хийцийн шигшүүрт шинжээч томиллуулах тухай 3.200.000 үнэлгээтэй/
2019 оны 10 сарын 28-ны өдрийн Ховд аймгийн Алтай сумын Бодонч баг “Ендэрт ус” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал эрж хайж олборлосны улмаас газрын хөрс эвдэгдсэн байна. Тухайн эвдэгдсэн газар нь 36.6м2 хэмжээтэй газар эвдэгдсэн байна. Хуучин ухсан газар байна. Эвдэгдсэн газрын цаг хугацаа, экологи эдийн засгийн үнэлгээ, хэдэн төгрөгний хохирол учруулсныг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт
Хохирогч Б.Мөнхцэцэгийн.....Ендэрт ус гэдэг газар нь гар аргаар ашигт малтмал олборлодог иргэдийн ажиллагаагаар үүссэн хуучин эвдэгдсэн газар байсан. Т.Б ийг урьд нь хууль бусаар ашигт малтмал эрж хайсан асуудлыг мэдэхгүй. Шинжээчийн дүгнэлтээр газрын төлбөр гарах юм бол төлүүлнэ, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
Шүүгдэгч ялгүй тухай Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны сангаас шалгаж ирүүлсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т.Б ийг Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Ендэрт ус” гэх газар 2019 оны 09 сарын 21-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б ийн гэм буруугийн үйлдэл нь гэрч Гэрч Үхэрч овогт Идэшийн Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....Ендэрт ус гэх газарт УАЗ-469 машины чиргүүл автомашинаас чирээд явах зориулалт бүхий гар хийцийн шигшүүр байсан. Б , Б ийн урд талд байгаа трактор хоёр шинээр газар ухсан байсан, хамгийн урд талд байгаа трактор нүх ухаж байгаад эвдэрсэн бололтой байсан. Би 3 хоногийн өмнө ирээд өнөөдөр л өөрийн төрсөн газраа очих гэж явж байхад Б , Б ийн урд талд байгаа трактор хоёр газар ухаад ажиллаж байсан. Хамгийн дээд талд байсан тракторыг Б ажиллуулж байсан гэх гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч Т.Б ийн....Би Дамбийгаас трактор, шигшүүр хоёрыг гуйж авсан, шигшүүрийг тракторын хамт аваад өгөхдөө хамтад нь өгье гэж бодож байсан гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б болон өмөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...би Дамбийгаас зам засах, өтөг бууц янзлах гэж трактор шигшүүрийг авсан гэх мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгч Н.Дамбийгийн ....Б ийн аав нь зам засчихаад өгье гэхээр нь тэг гэж хэлсэн. Харин шигшүүр өгөөгүй гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Иймд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ зориуд шигшүүр тракторыг тухайн газар нутагт аваачиж ашигт малтмал эрэл хайгуул хийсэн нь шүүгдэгчийн мэдүүлгээс бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилготой уялдуулан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авах, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлбөргүй болох нь хохирогч Б.Мөнхцэцэгийн....Шинжээчийн дүгнэлтээр газрын төлбөр гарах бол төлүүлнэ гэх мэдүүлэг, 2019 оны 10 сарын 28-ны өдрийн ....Ховд аймгийн Алтай сумын Бодонч баг “Ендэрт ус” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал эрж хайж олборлосны улмаас газрын хөрс эвдэгдсэн байна.Тухайн газарт хэдэн төгрөгний хохирол учруулснийг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл шигшүүрийн үнийг гаргуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Т.Б нь ашигт малтмал, эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахдаа жижиг оврын трактор, шигшүүр ашигласан нь иргэний нэхэмжлэгч Дамбийгийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болон шигшүүрийн үнийг гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахдаа иргэний нэхэмжлэгч Н.Дамбийгийн ...Би Баянхонгор аймгийн иргэн Лууяа гэх хүнээс 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ тракторт бичиг баримт байхгүй. Би мөнгөө нэхэмжилнэ. Шигшүүрийг 100.000 төгрөгөөр худалдаж авсан 3.100.000 төгрөгийг нэхэмжилнэ. Б ийн аав нь зам засчихаад өгье гэхээр нь тэг гэж хэлсэн харин шигшүүр өгөөгүй гэх мэдүүлгийг үндэслэн 3.100.000 төгрөгөөр үнэлж үнийг гаргуулан, жижиг оврын трактор шигшүүрийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт Алтай сумын үнэ тогтоох комиссын 2019 оны 09 сарын 24-ны өдөр гаргасан эд зүйлийн үнэлгээг хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгчид танилцуулсан боловч тухайн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдаагүй, мөрдөгчийн тогтоолд комиссын үнэлгээ гэж үнэлгээ бичсэнийг шүүхээс үнэлж дүгнээгүй болно. ,
Хохиролыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгуулах зорилгоор прокурорын 2019 оны 10 сарын 21-ны өдрийн 74 дугаартай тогтоолоор Т.Б ийн 5 тооны морь, 2 тооны эм үхэр битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож Т.Б д буцаан олгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугийн хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Харин 2019 оны 09 сарын 21-ны өдөр ашигт малтмал эрж хайхдаа ашигласан гэх жижиг оврийн трактор 3.000.000 төгрөгний үнэлгээтэй, гар хийцийн шигшүүр 200.000 төгрөгний үнэлгээ бүхий эд мөрийн баримтыг мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн байна.
Тухайн эд мөрийн баримт болох жижиг оврийн трактор, шигшүүр зэргийг шүүгдэгч ашигт малтмал эрж хайхдаа ашигласан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул трактор шигшүүрийн үнийг улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Дамбийд трактор, шигшүүрийг буцаан олгох үндэслэлтэй байна.
. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүх шинжээчийн дүгнэлтийг баримтлахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан гэх жиижг оврын трактор шигшүүр нь иргэний нэхэмжлэгч Дамбийгийн мэдүүлгээр 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан.Техникийн бичиг баримт байхгүй, Т.Б нь авч ашигласан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч би ашигт малтмал эрж хайгаагүй, хашаа хороо янзлах зам засах гэж авсан гэж мэдүүлж байгаа боловч гэрч нарын мэдүүлгээр тухайн жиижг оврын трактор шигшүүрээр ашигт малтмал эрж хайж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулсан хохирол төлбөргүй гаргуулах хохиролгүй болно.
2019 оны 02 сарын 14-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор яллагдагчаас эксковатор, шигшүүр, 220 цахилгаан үүсгүүр зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол үйлдэгдсэн боловч яллагдагчаас хурааж авсан эд хөрөнгийн марк, хийц загвар, хэмжээ, өнгө, зориулалт зэргийг дурьдаагүй, гэрэл зургаар бэхжүүлээгүй, тэмдэглэл үйлдээгүй нь нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэх, мэдээллийг тусгах зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцээгүй,эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн талаар шүүх хуралдаанд маргаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан моторт үзлэг хийхэд шүүгдэгч олон тооны мотор дотроос энэ миний хэрэглэж байсан мотор гэж тайлбарлаж байгаа байдал, эксковатор, шигшүүрийг овор хэмжээ ихтэй тул ирүүлэх боломжгүй гэж битүүмжилсэн зэргийг харгалзан эд мөрийн баримтаар хураагдсан эксковатор, шигшүүрийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож үнийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг, 36.6,36.7,36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Худалч овогт Түмэнөлзийгийн Б ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ийг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Б д тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд даалгасугай.
6.Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 5 тооны морь, 2 тооны эм үхэрийг битүүмжилсэн мөрдөгчийн санал, прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Т.Б д буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан жижиг оврын трактор, шигшүүрийг иргэний нэхэмжлэгч Дамбийд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б өөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан жижиг оврын трактор, шигшүүрийн үнэ 3.200.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.