Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/01279

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 18 өдөр        Дугаар 181/ШШ2016/01279      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар        

Нэхэмжлэгч:Т.Г-ын нэхэмжлэлтэй ,

Хариуцагч:Д.Э-д  холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.            

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч Ж.Б,  нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Т.Г миний бие 2001 онд Д.Э-тэй танилцаж, 2006 оны 11дүгээр сарын 10-ны өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Хамтран амьдарч байх хугацаанд 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э. Т, 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Т мэндэлсэн.

Т.Г миний бие өөрийн гэсэн гэр оронтой болж тусдаа гарч үр хүүхдүүдтэйгээ сайхан амьдрахыг хүсэж ажил хөдөлмөр эрхэлж ирсэн.

Бидний зан байдал, бусад зүйл таарч тохирохгүй байсан учир нөхөр Д.Э 2015 оны 8 дугаар сараас бид 3-ыг орхиж явснаас хойш тус тусдаа амьдарч байна.

Хүү Э.Т, охин Э.Т нар өнөөдрийг хүртэл ээжийнхээ асрамжинд өсөж торниж сургууль соёлд сурч боловсорч байна.

Бид хамт амьдарч байх хугацаандаа хамтын хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө УБИ 14-12 улсын дугаартай цагаан өнгийн Марк X маркийн автомашиныг 14 000 000 төгрөгөөр 2015 оны 06-р сард худалдан авсан гэр бүлийн дундын хөрөнгө юм.

Хариуцагч Д.Э нь Өмнөговь аймгийн Баяндалай суманд оршин сууж байгаа бөгөөд ИХШХШТХуулийн 126-р зүйлийн 126.3-т заасны дагуу Д.Э-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч Т.Г миний оршин суугаа газрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Т, охин Э.Т нарыг эх Т.Г миний асрамжинд үлдээж, хүү Э.Т охин Э.Т нарт тэтгэлэг тогтоож, бидний дундын хөрөнгө болох УБИ 1412 улсын дугаартай Марк Х маркийн цагаан өнгийн автомашиныг хариуцагч Д.Э-д үлдээж нэхэмжпэгч Т.Г, хүү Э.Т, охин Э.Т бид гуравт оногдох хувь болох 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд өгсөн тайлбартаа: Миний бие Өмнөговь аймгийн Баяндалай суманд оршин сууж байгаа бөгөөд ИХШХШТХуулийн 126-р зүйлийн 126.3-т заасны дагуу Т.Г-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний оршин суугаа газрын шүүх болох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр  шийдвэрлүүлэхээр бид тохиролцсон. Гэр бүл цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоохыг хүлээн зөвшөөрч байна. Харин миний эзэмшилд байгаа УБИ 1412 улсын дугаартай Марк Х маркийн цагаан өнгийн автомашин Т.Г-д хамаагүй юм гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хэний оршин суугаа газрын шүүхэд шийдвэрлүүлэхийг зохигч тохиролцон тогтоож болно” гэж заасны дагуу П.Э, Т.Г нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч Т.Г-ын оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлийг гаргасан байна./хх-ийн 15-р хуудас/

П.Э, Т.Г нар нь 2001 онд танилцаж, 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаандаа 2003 оны 11дүгээр сарын 07-ны өдөр хүү Э. Т, 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Т нарыг төрүүлжээ.

Гэрлэгчид хоорондоо таарч тохирохгүйгээс тус тусдаа амьдарч, хэн аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэсний гэрчилгээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хүү Э.Т, охин Э.Т нар нь эрүүл бойжиж хүү Э.Т нь Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургуулийн 6 дугаар ангид суралцаж байгаа болох нь болон хүүхдийн төрсний гэрчилгээ тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, хэсгийн эмчийн тодорхойлолт, тус хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-8,9-14-р хуудас/

Хариуцагч Д.Э нь миний эзэмшилд байгаа УБИ 1412 улсын дугаартай Марк Х маркийн цагаан өнгийн автомашин Т.Г-д хамаагүй гэж   байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж тайлбараа нотлоогүй гэж үзнэ.

 

Эцэг эх  бүр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх, мэдлэг боловсролтой зөв Монгол хүн болгох зорилготой байдаг ч хүүхдэд хайр халамж, урам зориг, халуун дулаан уур амьсгал хамгийн чухал хэрэгтэй байдаг. Иймээс  Д.Э,Т.Г нарын дундын өмч болох автомашинаас хүүхдүүдийг асран хамгаалахаар өөрийн асрамжид авч байгаа Т.Г, хүү Э.Т, охин Э.Т нарт ногдох хувийг олгох үндэстэй.

Иймээс тэдний хамтран амьдарч байх хугацаандаа 14 000 000 төгрөгөөр авсан УБИ 1412 улсын дугаартай Марк Х маркийн цагаан өнгийн автомашиныг Д.Э-д үлдээж, түүний үнэ 14 сая  төгрөгнөөс Т.Г, Э.Т, Э.Т нарт ногдох хувь болох 10 500 000 төгрөгийг Д.Э-с гаргуулан Т.Г, Э.Т, Э.Т нарт олгох нь зүйтэй.

 

Дээрх машины үнийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 14 000 000 төгрөгний үнэтэй гэж үнэлснийг хариуцагч Д.Э үгүйсгээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд 2007 онд үйлдвэрлэсэн 2013 онд Монголд орж ирсэн Марк Х маркийн автомашин нэхэмжлэлд дурдсан үнэтэй байхад зохигчийн эрх ашгийг хөндөхгүй гэж үзлээ.

Т.Г-ын нэхэмжлэлтэй Д.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14.00 цагт товлоход хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр хойшилсон.

Өнөөдрийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагт болох шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталгаат шууданд хийж шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Э хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “ Гэрлэгчид 2 дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийг байхгүйд хянан шийдвэрлэж болно”  гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “... хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх  хэргийн нотлох баримт болон  бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хариуцагч Д.Э нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

 

Иймд зохигчдын харилцан тохиролцсоноор гэрлэлтийг цуцлаж, хүү Э.Т, охин Э.Т нарыг эхийн асрамжид үлдээх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан Д.Э, Т.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн14.5.-т заасныг баримтлан 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э. Т, 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Т нарыг эх Т.Г-ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан тэтгэлэгийг, 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э. Т, 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, эцэг Д.Э-с сар бүр гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Д.Э, Т.Г нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1., 129 дүгээр зүйлийн 129.2., 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт заасныг баримтлан УБИ 1412 улсын дугаартай Марк Х маркийн цагаан өнгийн автомашиныг Д.Э-д үлдээж, түүний үнэ 14 сая  төгрөгнөөс Т.Г, Э.Т, Э.Т нарт ногдох хувь болох 10 500 000 төгрөгийг Д.Э-с гаргуулан Т.Г-д  олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-д олгосугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

                       

ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО