Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/01260

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 16 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/01260

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамжны 313 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Цогнууд овогт Цогтбалжир /РД:ХК61120103/-ийн Рэгзэнхандын хүсэлттэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Рэгзэнханд, гэрч Д.Оюунтунгалаг, Ш.Ариунхишиг, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие анх 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчиноор ажиллаж эхэлсэн. Намайг ихэнх хүмүүс Рэгзэн гэж дууддаг байсан юмаа. Тэгээд анх ажилд ороход ажилд орсон тушаалыг Рэгзэн гэж гаргасан байсан.

 Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчиноор ажиллаж байгаад 1983 оноос нярай хүүхдээ харах цалинтай чөлөө авсан. Энэ тушаалаас эхэлж миний нэрийг Ц.Рэгзэнханд гээд зөвөөр нь бичиж эхэлсэн. Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэрээ үрэгдүүлсэн тул шүүхэд хандах болоод байна. Харин Улсын төв архиваас өөрийнхөө ажиллаж байсан тухай бүх баримт,тушаалуудыг шүүлгэхэд гарч ирсэн.

Иймд Ц.Рэгзэнханд намайг 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Д.Оюунтунгалаг, Ш.Ариунхишиг нарын мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ц.Рэгзэнханд нь эрх  зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ц.Рэгзэнханд нь 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын “Хүүхдийн хувцасны үйлдвэр”-т оёдолчноор, 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын “Хүүхдийн хувцас” хувьцаат компанид оёдолчиноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хүүхдийн хувцасны үйлдвэрийн даргын “ажилтнуудыг ажилд томилох тухай” 1981 оны 109 дугаартай даргын тушаал, “мэргэжлийн зэрэг олгох тухай” 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаартай тушаал, “нярай хүүхэд асрахад цалинтай чөлөө олгох тухай” 1983 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаартай тушаал, “нэмэгдэл чөлөө олгох тухай” 1984 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаартай тушаал, “ур чадварын нэмэгдэл олгох тухай” 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай тушаал,” ээлжийн амралт олгох тухай” 1987 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаартай тушаал, “тэтгэмж нэмэгдэл чөлөө олгох тухай” 1988 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай тушаал, “Хүүхдийн хувцас хувьцаат компанийн ажилчдын орон тоо цалингийн фондыг батлах, ажилтнуудыг ажилд томилох тухай” 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай тушаал, гэрч Д.Оюунтунгалаг, Ш.Ариунхишиг нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд хүсэлтийг хангах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Рэгзэнхандыг 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын “Хүүхдийн хувцасны үйлдвэр”-т оёдолчноор, 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын “Хүүхдийн хувцас” хувьцаат компанид оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Рэгзэнхандаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО