Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 726

 

                                       Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах, Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, РД: 4013018, “Торхилог давст” ХХК-д холбогдох,

       Татварын өр 1.166.653 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Түмэннасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Татвар төлөгчийн 4013018 тоот регистрийн дугаартай “Торхилог давст” ХХК-ийн 2015 оны хугацаандаа төлөөгүй газрын төлбөрийн 15.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн 60.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 92.052 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын 83.110 төгрөг, цалингийн ашгийн 92.052 төгрөг, 2016 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын 98.920 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 725.127 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй байна. Уг өрийг барагдуулахаар татвар төлөгчид 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэх хуудас гардуулсан мөн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хас банк дахь татвар төлөгчийн дансыг хаасан. Татварын хэлтсийн зүгээс татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуульд заасан татварын өр барагдуулах шат дараалсан арга хэмжээг цаг хугацаанд нь авч зохих шаардлагыг тухай бүр тавьж ирсэн. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 “Татварын алба нь шүүхэд дараахь асуудлаар нэхэмжлэл гаргана” гэсэн заалтын 28.2.6-д заасан “Хууль тогтоомжид заасан бусад асуудлаар” гэсэн заалтыг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураах шат дараалсан арга хэмжээний дагуу татварын өрийг барагдуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргав. Иймд “Торхилог давст” ХХК-иас хугацаандаа төлөөгүй 1.166.653 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү” гэжээ.        

     Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан, Д.Цээбумаа, хариуцагч “Торхилог давст” ХХК-ийн захирал Н.Отгонцэцэг нар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Увс аймгийн Татварын хэлтэс нь “Торхилог давст” ХХК-иас 1.166.653 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Торхилог давст” ХХК нь НӨАТатварын дутуу төлөлтөд НӨАТ-ын падаанаар буцааж олголтыг бууруулж тус компаний өр төлбөр 342.607 төгрөг болж буурсан. Энэхүү 342.607 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор “Торхилог давст” ХХК-аар төлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:      

  Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Торхилог давст” ХХК-д холбогдуулан татварын өр 1.166.653 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс хариуцагч “Торхилог давст” ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаас 342.607 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцагч “Торхилог давст” ХХК төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 824.046 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан, Д.Цээбумаа, хариуцагч “Торхилог давст” ХХК-ийн захирал Н.Отгонцэцэг нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

         Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 1.166.653 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32.550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 342.607 төгрөгт ногдох улсын тэмдэгт хураамж 10.928 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож хариуцагч “Торхилог давст” ХХК-иас 5.464 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Увс аймгийн Татварын хэлтэс, хариуцагч “Торхилог давст” ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.666.653 төгрөгөөс 824.046 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 342.607 төгрөгийг хариуцагч “Торхилог давст” ХХК төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч “Торхилог давст” ХХК-иас 5.464 төгрөг гаргуулан Төрийн сан /150000941 тоот данс/-д оруулсугай. 

      3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “Торхилог давст” ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                               П.БОЛОР