| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 034/2016/0836/Э |
| Дугаар | 557 |
| Огноо | 2017-07-27 |
| Зүйл хэсэг | 099.1., 145.2., 147.2., 181.2.5., 181.3., 261.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 557
Т.Элбэгзаяа, Б.Бэхбат нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатарын гаргасан 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 тоот прокурорын эсэргүүцэлд үндэслэн Т.Элбэгзаяа, Б.Бэхбат нарт холбогдох 201626012408 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Оорцог овогт Төртүвшингийн Элбэгзаяа, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, талх нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Баатархайрханы 2-25 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ПЮ95122231/,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг 1 жилээр хойшлуулсан,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ял дээр /урьд оногдуулсан ялыг 1 жилээр хойшлуулснаас/ эдлээгүй үлдсэн ялаас 3 сарын ялыг нэмж нэгтгэж 2 жил 6 сар хорих ял,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн ял дээр урьд шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ял дээр урьд шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 9 сар 12 хоногийн хорих ялын заримыг нэмж нэгтгэн 2 жил 9 сар 12 хоног хорих ял,
- Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж, оногдуулсан ял дээр урьд шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил 25 хоногийн хорих ялыг бүгдийг нь нэмж нэгтгэн 1 жил 3 сар 25 хоног хорих ял тус тус шийтгүүлсэн.
2. Элжигэт овогт Батсайханы Бэхбат, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, 3-17 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ПЖ93102316/,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
- Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Нэг. Т.Элбэгзаяа нь ялтай байдал арилаагүй байхдаа, яллагдагч Б.Бэхбаттай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны хойд талын сааданд иргэн Ж.Намхайжавын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан “Самсунг Галакси Гранд” загварын гар утсыг нь дээрэмдсэн,
яллагдагч Б.Бэхбаттай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Рич” баарны гадна талд иргэн Ц.Ангарагийг үл ялих зүйлээр шалтаглан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
2016 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Дабло” нэртэй зочид буудлын зочин хүлээн авагч П.Цэцэнчимэгийг “буудлын мөнгөний талыг нь буцааж өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Хоёр. Б.Бэхбат нь ялтай байдал арилаагүй байхад, яллагдагч Т.Элбэгзаяатай бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны хойд талын сааданд иргэн Ж.Намхайжавын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан “Самсунг Галакси Гранд” загварын гар утсыг нь дээрэмдсэн,
яллагдагч Т.Элбэгзаяатай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Рич” баарны гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,
Б.Сэргэлэнбаатар, М.Мөнхтөр нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, Эл Си Ди зурагт зэрэг эд зүйлс хулгайлан 866.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
давтан үйлдлээр Б.Сэргэлэнбаатар, М.Мөнхтөр нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-287б тоотод байрлах Маньбадраагийн Тариан булаг 6 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 287.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт шалгагдан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2016 оны 4 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Элбэгзаяагийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Б.Бэхбатын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/, 80.1.2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоох шаардлагатай.
Тухайлбал Т.Элбэгзаяа 2016 оны 10 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Даблю” нэртэй зочид буудлын хүлээн авагч П.Цэцэнчимэгийг “буудлын мөнгөний талыг нь буцааж өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг хэн хэн, хэрхэн, яаж оролцож үйлдсэн болохыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоогоогүй байна.
Хохирогч П.Цэцэнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд тогтвортой өгсөн 4 удаагийн мэдүүлгээр “...Би гаргахгүй гээд хаалгаа хаагаад зогссон чинь саарал үстэй залуу баруун гарын шуунд гараараа нэг удаа цохих үед би хаалгаа алдсан чинь гараад зугтаасан. Тэгсэн хамт явсан нэг залуу нь толгойгоороо нүүрэнд мөргөсөн. Тэгэхээр нь би Цогбадрах гэдэг залууг өмсөж байсан хувцаснаас нь зуураад авсан чинь гэдэс рүү өшиглөөд зугтаасан” гэж мэдүүлсэн байхад зөвхөн Т.Элбэгзаяаг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн уг хэрэгт сэжигтэн Э.Цогбадрахыг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан байцаасан атлаа сэжигтэн Т.Элбэгзаяаг мөн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар байцаасан нь ойлгомжгүй болжээ.
Мөн зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол нь хууль зөрчсөн байх бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд яллагдагч нарыг дээрх үйлдэлд оролцсон оролцоог хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хянан шийдвэрлэж ямар гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хэрхэн хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг зөв хийж яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх шаардлагатай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн тухайд:
Яллагдагч Т.Элбэгзаяаг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.3, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож байна гээд байх боловч дээрх зүйл ангиудаар ял сонсгосон гэх тогтоол хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн талаар хэрэгт баримт авагдаагүй төдийгүй хэзээ, хэрхэн үйлдэгдсэн хэрэгт холбогдуулан байцаалт авсан нь үндэслэлгүй, тухайн зүйл хэсэгт хамаарах, хэрхэн шийдвэрлэсэн талаар баримтгүй, өөрөөр хэлбэл хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол авагдаагүй байхад тухайн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээгүй зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв.
Б.Бэхбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд бичигдсэн ургийн овог нь иргэний үнэмлэхийн лавлагаатай зөрүүтэй байгааг анхаарвал зохино гэх үндэслэлээр Т.Элбэгзаяа, Б.Бэхбат нарт холбогдох 201626012408 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Хохирогч П.Цэцэнчимэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд “би хаалга бариад гаргахгүй гэтэл нэг нь нүүрэнд толгойгоороо мөргөж, нэг нь гэдэс рүү өшиглөөд гараад зугтаасан... Харин намхан бор залуу миний хамар руу мөргөж гэмтэл учруулсан...” гэж, “...хамт явсан залуу нь толгойгоороо нүүрэнд мөргөсөн, тэгэхээр нь би Цогбадрах гэдэг залуугийн өмсөж байсан цамцнаас нь зуураад авсан чинь гэдэс рүү өшиглөж аваад зугтаасан...” гэх мэдүүлэг, “...цагдаа дуудсан байсан учраас гаргахгүй гээд хаалганы бариулаас барьсан байхад цохисон, нэг нь мөргөсөн..., Цогбадрахыг гаргахгүй гээд куртикнийх нь малгайнаас таттал гэдэс хэвлий рүү өшиглөөд гарсан...” гэх мэдүүлгээр тогтвортой мэдүүлэг.
Хохирогч П.Цэцэнчимэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13928 дугаартай дүгнэлтээр учруулсан “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг... намхан залуу нь миний хамар руу мөргөж учруулсан гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогч ... шууд заасан” буюу Т.Элбэгзаяа уг хөнгөн гэмтлийг учруулсан болохыг нотолж мэдүүлсэн.
Шинжээч эмч Н.Амартүвшингийн “Цэцэнчимэгийн биед учирсан хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал 1 удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг давхар нотлогдсон тус Т.Элбэгзаяад бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.
Хохирогч П.Цэцэнчимэг нь Г.Цодбадрахын талаар “миний гэдэс рүү өшиглөсөн” гэж түүний үйлдлийг тодорхой мэдүүлдэг боловч шинжээчийн дүгнэлтээр Г.Цогбадрахын үйлдлийн улмаас нь П.Цэцэнчимэгийн бие махбодид гэмтэл учраагүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.14 дэх хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, сэргээх, хэрэгсэхгүй болгох талаар гарсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг шийдвэрлэх...” гэж прокурор хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сэжигтэн Г.Цогбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн хохирогч П.Цэцэнчимэг нь “шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, дүгнэлтийн талаар ямар нэгэн маргаан байхгүй..., Г.Цогбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 220 дугаартай прокурорын тогтоолтой танилцсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй тул хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Энхболд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагч Т.Элбэгзаяад урьд сонсгосон ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгох тогтоол үйлдэн, ял өөрчлөн сонсгосон талаарх мэдүүлэг авахад “урьд өгсөн мэдүүлэгт бүгдийг ярьсан, одоо сайн санахгүй байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлгийг өгсөн болно.
Яллагдагч Т.Элбэгзаяагийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг үйлдсэн.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Оюунчимэг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Бэхбатын ял шийтгэл эдэлсэн эсэхийг шалгах хуудаст Элжигэт овогт Батсайханы Бэхбат гэхийг Боржигон овогт Батсайханы Бэхбат гэж бичигдсэн байгаа боловч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвөөс ял шийтгэгдсэн эсэхийг шалгахдаа ургийн овог бус эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаараар шалгадаг тул Т.Элбэгзаяа нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд ургийн овгийн буруу бичигдсэн эсэх чухал ач холбогдолтой бус байх тул захирамжийн заалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу эрүүгийн 201626012408 дугаартай хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаар шүүгчийн захирамжийн заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд “Т.Элбэгзаяа, Б.Бэхбат нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна.
Яллагдагч Т.Элбэгзаяа, Б.Бэхбат нарт холбогдох эрүүгийн хэргийн зарим үйлдлийн хувьд гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг мөрдөн байцаалтаар зөв тогтоож чадаагүй, хохирогч П.Цэцэнчимэгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч нарын хэн, хэрхэн учруулсан нь тодорхойгүй байх бөгөөд прокуророос яллагдагч Т.Элбэгзаяагийн “хохирогч П.Цэцэнчимэгийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэх үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн гэмт үйлдлийг буруу зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Амарзаяагийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 тоот прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл Т.Элбэгзаяа, Б.Бэхбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ц.ОЧ