Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ХШТ/62

 

Б.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр магадлалтай Б.Э-т холбогдох 2421 00578 0498 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1963 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, ...-ийн хамт Дорнод аймгийн ... сумын ... дугаар баг, ... гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дорнод аймгийн ... сумын ... дугаар баг, ... хорооллын ... тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

 

1.Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 195 дугаар зүйлийн 1, 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

2.Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял,

3.Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Х... овгийн Б-ийн Э, (РД: ... ).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.Э нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойд талын гэрлэн дохиотой уулзварын замд “Nissan Note” загварын 00-00 ДДД улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор:

шүүгдэгч Х овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Э-т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолохоор,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан” гэсний дараа “эдлээгүй үлдсэн нэмэгдэл ял болон ...” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Прокурор Н.Доржсүрэн бичсэн эсэргүүцэлдээ “... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх өмнөх 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн ялын үлдэгдэл 500.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас үлдсэн ялын талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэлт огт хийлгүйгээр орхигдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх эсэргүүцлээр хянан хэлэлцээд “... шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээс гадна шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тодорхойлсон ял гэдэг ойлголтод нэмэгдэл ялаар хэрэглэх эрх хасах ял мөн адил хамаарна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид өмнөх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр заагаагүй нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцээгүй гэж үзнэ гэсэн дүгнэлтийг зөв хийж, эсэргүүцлийг хүлээн авсан.

Гэвч хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэг төрлийн нэмэгдэл ялуудыг тус тусад нь эдлүүлэх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

Мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар зохицуулжээ.

Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэг төрлийн нэмэгдэл ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялыг шийдвэрлээгүй, давж заалдах шатны шүүх нэг төрлийн нэмэгдэл ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хэрхэн яаж тоолж хэрэгжүүлэх нь хүндрэлтэй, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг мөн л хангаагүй байна.

Энэ хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.

Анхан шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг төрлийн нэмэгдэл ялаас эхний шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялыг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөхдөө нэг төрлийн нэмэгдэл ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ‘‘Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоногийг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 2 жил 6 сар 29 хоногоор тогтоох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолох гэсэн өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Б.Э-т холбогдох хэрэгт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялын үлдэгдэл ялыг сүүлд шинээр оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт заасны дагуу нэмж, нийлбэр ялыг тогтоон эдлүүлэх тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар бичсэн Дорнод аймгийн прокурорын газрын дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцоно. Шүүгдэгч Б.Э нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрх хасагдсан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр ял шийтгэгдэж, эрх хасах нэмэгдэл ялын хугацаа дуусгавар болоогүй байхад дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь нотлогдсон байна. Анхан шатны шүүх уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн боловч өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын үлдэгдлийг тооцож, шинээр оногдуулсан 2 жилийн хугацаагаар эрх хассан нэг ижил ял дээр нэмэхгүй, орхигдуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх тухайн асуудалд хууль зүйн дүгнэлт хийхдээ, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр заагаагүй нь буруу гэж дүгнэсэн боловч өмнө болон шинээр оногдуулсан нэг ижил эрх хасах ялыг нэмэлгүй, тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ байдлаас шалтгаалж эрх хасах ялуудыг хэрхэн эдлүүлэх буюу хоёр тогтоолоор оногдуулсан эрх хасах ялын алийг нь эхэлж эдлүүлэх вэ, эсхүл хугацааг зэрэгцүүлэн тоолж эдлүүлэх эсэх зэрэг тодорхой бус нөхцөл байдал бий болсон байна гэж дүгнэж байна. Шүүхээс оногдуулсан эрх хасах ялууд нь өөр төрлийн бол тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. Харин энэ тохиолдолд нэг ижил эрх хасагдах учраас хугацаагаар нь нэмж, нийлбэрээр ялын хугацааг тогтоон эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж байна. Прокурорын эсэргүүцэлд эрх хасах ялын үлдэгдэл хугацааг 6 сар 29 хоног гэж өмнөх шийтгэх тогтоол гарснаас дараагийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаагаар эдэлсэн ялыг тооцож, үлдэгдэл хугацааг тоолж гаргасан байсан. Энэ тооцооллыг үндэслэл бүхий гэж үзсэн. Учир нь гэмт хэрэг гарснаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл тухайн этгээд нь эрхтэй байх мэт ойлголт бий болох учраас ялын үлдэгдлийг тооцсон тухайн тооцоолол нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын 1 дэх заалтад өмнөх болон шинээр оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялуудыг нэмж, нийлбэр хугацаагаар тогтоон эдлүүлэхээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Прокурорын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Б.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

2.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн хэргийн үйл баримт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар хоёр шатны шүүх хуулийн хэм хэмжээ, хуульчилсан тайлбарыг зөв хэрэглэсэн байна.

 

3.Харин уг хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тодруулбал, шүүгдэгч Б.Э-т хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчмуудад нийцээгүйгээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул дараах үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

3.1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсан болохыг илэрхийлэх “хуульд захирагдах” зарчмын үндсэн шалгууруудын нэг бөгөөд хуульд заасан ялын төрлүүдээс тухайлан сонгосон үндэслэл, тусгай ангид заасан интервалаас ямар хэмжээг сонгон авсан шалтгаанаа заавал тайлбарлахыг шаарддаг.

 

Орчин үеийн эрүүгийн эрх зүйд эрүүгийн хариуцлага нь хүмүүнлэг, энэрэнгүй байх, нийгмээс тусгаарлахгүй байхад анхаарч, хорих ял шийтгэхээс зайлсхийх чиг хандлага зонхилох болсон хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан урьд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг дараагийн үйлдсэн нэг ижил төрлийн гэмт хэрэгт давтан оногдуулах, эсхүл өмнө нь оногдуулсан ялаас хөнгөн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын үр нөлөөг сулруулдаг сөрөг үр дагавартай.

 

Шүүгдэгч Б.Э-ын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хасуулснаасаа хойш 1 сар орчмын дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба энэ үйлдэлд нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор торгох ялаас гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэрэглэсэн бөгөөд энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүгдэгч Б.Э дээрх байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй байхдаа, тодруулбал, өмнөх гэмт хэрэгт шийтгүүлснээс хойш 3 сарын дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16:00 цагийн үед 00-00 ДДД улсын дугаартай “Nissan Note” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, осол гаргаснаар түүний үйлдэл илэрч, шалгагджээ.

 

Драгер багажаар шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламжийг шалгахад 2.787% гэсэн тоон үзүүлэлтийг заасан (хэргийн 50 дахь тал) бол түүний биеэс биологийн дээж болгон авсан цусанд хийсэн шинжилгээгээр 3.9 промилли спиртийн агууламж илэрсэн (хэргийн 17 дахь тал) байна.

 

Дээрхээс үзвэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ын сүүлийн үйлдэлд нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлагыг хэвээр үлдээсэн нь түүний удаа дараагийн буюу 5 сарын хугацаанд 3 удаагийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт илтэд тохироогүй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

 

3.2.Эрүүгийн хариуцлага нь гэмт этгээдийн эрх зүйн байдалд хязгаарлалт тогтоосон төрийн албадлагын онцгой арга хэмжээ болохын хувьд ял ба эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ гэсэн үндсэн хэлбэрээр хэрэгждэг билээ.

 

Ялын хэлбэр нь гэмт этгээдийн эрхийг шууд хязгаарлах агуулгатай ялын төрлүүдийг оногдуулах байдлаар хэрэглэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар бүлэгт үндсэн, нэмэгдэл гэж төрөлжүүлэн тогтоосон.

 

Харин эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь шүүгдэгчийг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч биеэр болон эд хөрөнгийн ямар нэг хязгаарлалт шууд хүлээлгэдэггүй, онцлог зохицуулалт бүхий арга хэмжээгээр хэрэгждэг.

 

Тухайлбал, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан бол хүмүүжлийн чанартай, хэрэг хариуцах чадваргүй байсан бол эмнэлгийн чанартай арга хэмжээ хэрэглэх, шүүхээс хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзвэл тодорхой хугацаа тогтоож, уг хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаар эрх бүхий байгууллагын хяналтад байлгах буюу тэнсэх зэрэг арга хэмжээг үүнд хамааруулдаг. Өөрөөр хэлбэл, тэнсэх институци нь эрүүгийн хариуцлагын арга хэмжээ боловч ял биш юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь “ял оногдуулж”, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүгдэгчид ял оногдуулахыг үүрэг болгосон гэсэн агуулгыг илэрхийлнэ.

 

Гэтэл шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу прокуророос хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан, анхан шатны шүүх уг саналын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлагыг үгүйсгэж байна.

 

3.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ялтан шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, хуульд заасан журмын дагуу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх бол нэг ижил төрлийн ялыг заавал нэмж нэгтгэнэ.

 

Эрх хасах ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид нийтийн албанд ажиллах, томилогдох, сонгогдох, тээврийн хэрэгсэл жолоодох, тодорхой төрлийн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах зэргээр хуульчлагдсан байдаг.

 

Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрхийг нь хасах ял шийтгэсэн бол нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох ба хэд хэдэн өөр эрхийг нь хасах байдлаар ял шийтгэсэн тохиолдолд тус тусад нь эдлүүлэхээр тогтоох юм.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтай нэмж нэгтгэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан талаараа дурдсан боловч анхан шатны шүүхийн алдааг зөвтгөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй байна.

 

Иймд хяналтын шатны шүүх дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                               Ч.ХОСБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

 

Д.БАТБААТАР

 

Б.БАТЦЭРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН