Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0447/З |
Дугаар | 682 |
Огноо | 2017-09-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 682
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарыг оролцуулан “Ц Ө ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.
Нэхэмжлэгч: “Ц Ө ” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газар
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Их тойруу 81/1, Монгол Улсын Гаалийн Ерөнхий газар.
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Их тойруу 81/1, Монгол Улсын Гаалийн Ерөнхий газар.
Нэхэмжлэлийн шаардлага: 1. “Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Геологийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн Ерөнхий газрын төв лабораторид даалгах, Гаалийн ерөнхий газар нь Гаалийн төв лабораторийн маргаан бүхий дүгнэлтийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч талын ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоосон боловч хууль бус актын холбогдох хэсгийг хүчингүй болгон өөрчлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улмаар дүгнэлтийн хууль бус хэсгийг өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах”.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ц Ө ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “Ц Ө ” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Баруун Ноён Уул нүүрсний уурхай эзэмшдэг бөгөөд №*** дугаартай гадаад худалдааны гэрээний дагуу 49889,7 тонн боловсруулаагүй нүүрсийг 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 3 дугаар сарын 11-ний хооронд БНХАУ-руу экспортлон борлуулахдаа лабораторийн шинжилгээнд хамрагдаж, Гаалийн төв лабораторийн №0022198 дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр №*** гэрээний нүүрсний шинжилгээний дүн нь “коксжих” нүүрс гэж тодорхойлсон нь хуулийн үндэсгүй, хуульд нийцээгүй акт гэж бид үзэж байна.
Учир нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалтад нүүрсний дэгдэмхий бодисын гарцыг (Vdaf) коксжих болон сул коксжих нүүрсний ангиллыг тодорхойлогч үзүүлэлт болгосон байна. Улмаар дэгдэмхий бодисын гарц (Vdaf) нь > 28 гэсэн үзүүлэлттэй бол сул коксжих нүүрс, харин (Vdaf) нь ≤ 28 гэсэн үзүүлэлттэй нөхцөлд коксжих нүүрсний ангилалд хамруулахаар Засгийн газраас тогтоосон.
Манай №*** гэрээний нүүрсний дээжийг Гаалийн төв лабораторийн захиалгаар Геологийн төв лабораторид хоёр удаагийн сорьцын шинжилгээ хийлгэхэд дэгдэмхий бодисын гарц Vdaf = 29.65 болон Vdaf = 29,98 гэж гарсан. Энэ үзүүлэлт нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалтаар “сул коксжих" нүүрсний ангилалд хамрагдаж байна.
Иймд Гаалийн төв лаборатори нь №0022198 дүгнэлтийн холбогдох хэсэгтээ “коксжих” нүүрс гэж ангилсан нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалттай зөрчилдөж байгаа тул уг дүгнэлтийн холбогдох хэсэг нь хууль ёсны бус, үндэсгүй гэж үзэж байна. Коксжих болон сул коксжих нүүрсний ангилал, тэдгээрийн шалгуур үзүүлэлтүүдийг Гаалийн төв лаборатори тогтооно гэсэн хуулийн заалт, эрх хэмжээ тус байгууллагад олгогдоогүй болно.
Нүүрс борлуулах худалдах зэрэг хэрэглээнд Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал бүхий MNS 6457:2014 стандартыг заавал дагаж мөрдөх бөгөөд уг стандартын 2 дугаар хүснэгтэд нүүрсийг коксжих болон сул коксжих гэж ангилахдаа Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалттай мөн нэг адил дэгдэмхий бодисын гарцаар (Vdaf) тогтоосон. Гаалийн төв лаборатори нь №0022198 дүгнэлт гаргахдаа, коксжих болон сул коксжих нүүрсний ангилал тогтоосон техникийн болон эрх зүйн эдгээр баримт бичгүүдийг буруу хэрэглэсэн байна.
Мөн түүнчлэн Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 1.2 дахь хэсэгт “...бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ”, харин өөр лабораторид хийсэн бол Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 683 дугаар тушаалаар батлагдсан “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын хавсралтын 5.9 дэх хэсэгт зааснаар “...шинжилгээ нь бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн тохиолдолд шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргана” гэж заасан тул Гаалийн төв лаборатори № 0022198 дүгнэлт гаргахдаа RS219840 битүүмжлэл бүхий дээжийг шинжилсэн Геологийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Шинжилгээний дүн”-ээр тогтоогдсон үр дүнгээс хэтэрсэн дүгнэлт гаргаснаараа хууль бус, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна.
Энд онцлон тэмдэглэхэд Гаалийн төв лаборатори нь № 0022198 дүгнэлт гаргах явцад ямар нэгэн зөрчил гараагүй болохыг дүгнэлтийн Г.Ерөнхий дүгнэлт хэсэгт албажуулан тэмдэглэсэн билээ.
Бид № 0022198 Дүгнэлт хуулийн үндэсгүй тул хянан шалгуулах тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр тус лабораторийн даргын нэр дээр өөрийн 01/1367 албан бичгээр хандсан. Хариуцагч тал 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 07/33 тоотоор ирүүлсэн хариуг үндэслэн бид 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/1410 албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хандаж улмаар Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02-2/1573 албан тоотоор хариу авсан. Түүндээ барааны ангиллын асуудлаар “Ц Ө " ХХК-ийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн боловч гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр уг алдаатай, холбогдох хэсэг нь хуулийн үндэсгүй №0022198 дүгнэлтийг залруулаагүй тул ийнхүү шүүхэд хандаж байна. Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацаанд “Ц Ө ” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт гомдлоо гаргасан тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ асуудлаар бид Гаалийн ерөнхий газрын даргад 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 01/1432 тоотоор гомдол гаргасан боловч хариу аваагүй болно.
Лабораторийн шинжилгээ болон гаалийн дүгнэлтийн зорилго, эрх зүйн шууд үр дагавар нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 1.1 болон 1.3, мөн түүнчлэн Гаалийн ерөнхий газрын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №А/201 тушаалд зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ), өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тооцоход оршино. Эс бөгөөс гаалийн дүгнэлт болон түүнд заасан нүүрсний ангилал нь гаалийн болон бусад татвар, хураамж, гаалийн хилээр тусгай зөвшөөрөл, лицензтэй нэвтрүүлэх зэрэг давуу эрх, хөнгөлөлт болон тарифын бус хязгаарлалтын ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Тиймээс энэхүү дүгнэлтэд заасан нүүрсний ангиллын ялгаанаас үүдэн “Ц Ө ” ХХК-нд илүү татвар төлөх үүрэг ногдуулах үндэслэл болж буй уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37.5-ийн дагуу нэхэмжлэгч компанид сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсгийн дагуу Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн № 0022198 тоот дүгнэлт нь хуульд үндэслэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагыг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийн дагуу хууль бус захиргааны акт болно.
“Ц Ө ” ХХК нь 2017 оны эхний улиралд нийт 97,294.95 тонн нүүрс экспортод гаргаж 937,215,304 сая төгрөгийн АМНАТ-ын төлбөрийг улсад төлсөн болно. Үүнээс 49889,7 тонн нүүрсийг №*** гэрээний дагуу экспортоор гаргаж уг гэрээний 2017 оны эхний улирлын АМНАТ-ын төлбөрт 204,879 ам.доллар буюу 506,388,376 сая төгрөг (Монгол Банкны албан ёсны ханшинд хөрвүүлсэн дүн) төлсөн бөгөөд ингэхдээ “сул коксжих” нүүрсний 2017 оны 2 болон 3 дугаар саруудын зах зээлийн үнийн ханшаар тооцсон болно
Харин "коксжих" нүүрс гэсэн хуулийн үндэсгүй ангилал бүхий №0022198 дүгнэлтийн дагуу АМНАТ-ын төлбөрт бид 387,591 ам.долларыг нэмж төлөх татварын өр Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 болон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны №578 тушаалаар батлагдсан “Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги тооцох, ногдуулах журам”-ын 3.2-т заасны дагуу 2017 оны 2 дугаар улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор буюу 4 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн үүсэх нөхцөл бүрдсэн болно. Одоогийн байдлаар хугацаанд нь төлөгдөөгүй 387,591 ам.долларын татварын өрийн үлдэгдэлд татварын улсын байцаагчийн акт бичигдээгүй байгаа тул Татварын ерөнхий газрын даргын №578 тушаалын 5.1 болон 5.2-т заасны дагуу энэхүү татварын өр нь албажаагүй байгаа болно.
“Ц Ө ” ХХК нь №*** гэрээгээр борлуулсан нүүрс нь Геологийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Шинжилгээний дүн”-гээр “сул коксжих” чанартай нүүрс бөгөөд бид ийнхүү “сул коксжих” нүүрс борлуулж төлбөр авсан хэрнээ хууль зүйн үндэсгүйгээр “коксжих” нүүрсний 2017 оны 2 болон 3 дугаар саруудын зах зээлийн үнийн ханшаар тооцон 2017 оны эхний улирлын АМНАТ-ыг төлөх, үүний дээр төлбөрийн зөрүүний алданги болон торгуулийг төлөх нөхцөл байдалд хүрсэн тул уг алдаатай, холбогдох хэсэг нь хууль бус №0022198 дүгнэлтийг залруулж өөрчлөхийг Гаалийн төв лабораторид даалгуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсгийн дагуу манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Ц Ө ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Гаалийн ерөнхий газар нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02-2/1573 дугаартай захиргааны акт гаргахдаа Гаалийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0022198 тоот дүгнэлт нь гомдол гаргагч “Ц Ө ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоосон боловч энэхүү хууль бус актын холбогдох хэсгийг хүчингүй болгон өөрчлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ийнхүү дүгнэлтийн хууль бус хэсгийг өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах”
“Гаалийн төв лабораторын 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №0022198 дүгнэлтэд заасан нүүрсний ангиллын кодыг “Ц Ө ” ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/1410 албан бичгээр Гаалийн ерөнхий газарт гомдол гаргасан болно.
Манай гомдлыг хянан үзээд тус газраас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хариу шийдвэртээ “...Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын дагуу сул коксжих чулуун нүүрсний ангилалд хамаарах үндэслэлтэй байсан байна” гэж тогтоосон.
Ийнхүү доод шатны, шууд харьяа байгууллага болох Гаалийн төв лабораторийн 0022198 тоот дүгнэлтийн холбогдох хэсгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн хэрнээ түүнийг залруулан өөрчлөх арга хэмжээ аваагүй Гаалийн ерөнхий газрын энэхүү эс үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 болон 98.1.4 дэх заалтуудтай зөрчилдөж байна.
“Ц Ө ” ХХК нь “коксжих нүүрс” гэсэн буруу ангилал бүхий Гаалийн төв лабораторийн дүгнэлтээс үүдэн 387,591 ам.долларын АМНАТ-ын төлбөрийг хуулийн үндэсгүйгээр нэмж төлөх нөхцөл байдал үүссэн бөгөөд холбогдох тооцоог нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө буюу 6 дугаар сарын 28-нд хүргүүлсэн билээ.
Татвар, төлбөрийн хэмжээг үндэсгүйгээр нэмэгдүүлэх үндэс болсон Гаалийн төв лабораторийн 0022198 тоот дүгнэлт нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд түүний холбогдох хэсгийг хууль бус болохыг Гаалийн ерөнхий газар өөрийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02-2/1573 захиргааны актаар хүлээн зөвшөөрсөн боловч хүчингүй болгох арга хэмжээ аваагүй эс үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг зөрчиж байна. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхээс үл хамааран хууль бус захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгохыг гомдол хянан шалгаж байгаа байгууллагад үүрэг болгон хуульчилсан бөгөөд энд захиргааны сонгох боломж олгогдоогүй болно.
“Ц Ө ” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01\1410 дугаартай, Гаалийн ерөнхий газарт гаргасан гомдол болон Гаалийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02-2/1573 дугаар бүхий шийдвэрийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн анхны нэхэмжлэлийн материалд хавсаргасан болно” гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Ц Ө ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, шүүхэд дахин ирүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. “Ц Ө ” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагад “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №0022198 дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор ирүүлсний хариу тайлбарыг Гаалийн төв лабораторийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн №07/850 албан тоотоор холбогдох бичиг баримтын хамт хүргүүлсэн.
2. Шивээхүрэн дахь гаалийн газраас 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 1517L00016 бүртгэлийн дугаартай “Шинжилгээнд хамруулах барааны мэдээлэл”-ээр коксжих нүүрсний ангиллын кодоор мэдүүлж, ирүүлсэн нүүрсний дээжийг Геологийн төв лабораторид шинжлүүлэхэд нийт чийг (War)-3.27-3.34%, үнсгүй хуурай жинд тооцсон илчлэг (Qmmmf) -8515-8543 ккал/кг, бодит илчлэг (Qarnet) -5736-5753 ккал/кг, үнслэг (Аd)-26.88-26.98%, дэгдэмхий бодисын гарц (Vdaf)-29.65-29.98%, хүхэр (Sdbt) -0.71-0.75%, хөөлтийн зэрэг(FSI)-5, барьцалдах чанар(Gi)-69 тус тус агууламжтай гарсан. Дэгдэмхий бодисын гарц нь 29,8 гарсан боловч хөөлтийн зэрэг, барьцалдах чадвар, үнслэг зэрэг үзүүлэлт нь коксжих чанарын нүүрсний үзүүлэлттэй тохирч байсан бөгөөд тус компанийн *** дүгээр “Нүүрс экспортоор худалдан борлуулах гэрээ”-гээр түүхий коксжих нүүрс нийлүүлэхээр заасан болон гэрээний үнэ (72.27 ам.доллар) зэргийг үндэслэж, барааны ангиллын 2701.12.11 кодод хамруулан коксжих, боловсруулаагүй нүүрсэнд ангилан, 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Гаалийн төв лабораторийн 0022198 дугаар дүгнэлт гарсан.
3. Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/2793 дугаар албан бичгээр “Ц Ө ” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших МV-0171.. ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Баруун ноён уул-. нэртэй нүүрсний ордыг эзэмшдэг бөгөөд гадаад зах зээлд коксжих болон эрчим хүчний нүүрс нийлүүлдэг болохыг тодорхойлж байна” гэж тодорхойлсон нь Гаалийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийн “коксжих нүүрс” гэсэн ангилалд хамааруулсантай тохирч байна.
4. “Ц Ө ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид холбогдуулан гаргасан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийг өөрчлөн, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №0022198 дүгнэлтийн зарим хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” гэж ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол шийдвэрлэх хугацаа хэтэрсэн байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02-2/1573 дугаар албан тоотод гомдол гаргах хугацаа хэтэрсэн талаар дурдсан байна.
Иймд “Ц Ө ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор” гаалийн байгууллагад гаргаж өгсөн холбогдох бичиг баримт (гадаад худалдааны гэрээ), Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 26 өдрийн 1/2793 дугаар албан бичгээр нотлогдож байгаа тул өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “Ц Ө ” ХХК-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Гаалийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №0022198 дугаартай дүгнэлтийн талаар “Ц Ө ” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/1410 дугаартай албан бичгээр гаалийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус газраас гомдлыг хянаж үзээд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02-2/1573 дугаартай албан бичгээр хариуг өгсөн байхад түүнийг захиргааны акт мэтээр нэхэмжлэлдээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Гаалийн тухай хуулийн 17.2. Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргах журамтай байдаг.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94.1. 3ахиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. 94.2. Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан дээрх хуулийн заалтуудаас харахад “Ц Ө ” ХХК нь эхлээд хугацаа сэргээлгэх хүсэлт гарган уг хүсэлтээ шийдвэрлүүлсний дараа гаалийн байгууллагад гомдол гаргах байтал маргаан бүхий №0022198 дугаартай дүгнэлтийн талаар мэдсэнээс хойш даруй 49 хоногийн дараа гаалийн байгууллагад гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах журмын дарааллыг зөрчсөн байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан гаалийн байгууллагын шийдвэр үндэслэлтэй байгаа юм.
2. Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, технологи ажиллагааны заавар"-ийн 4.11-т Маргаантай асуудал гарсан тохиолдолд Гаалийн байгууллагыг байлцуулан хөндлөнгийн байгууллагаар дээж авахуулж, итгэмжлэгдсэн гуравдагч лабораториор шинжлүүлэн шийдвэрлэнэ гэж заасны дагуу гуравдагч лабораториор шинжлүүлэх ажиллагаа хийж асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой байсан.
Гэтэл Маргаан бүхий Гаалийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №0022198 дугаартай дүгнэлтийг үндэслэн мэдсээр байж 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал нүүрсийг гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийж экспортлон гаргаж дуусгасан нь Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байсан нь харагдаж байгаа бөгөөд дараа нь дээрх №0022198 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй мэтээр маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд Гаалийн байгууллагын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй хууль зөрчсөн эс үйлдэхүй байхгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ц Ө ” ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн, нэмэгдүүлж байсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Геологийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторид даалгах, Гаалийн ерөнхий газар нь Гаалийн төв лабораторийн маргаан бүхий дүгнэлтийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч талын ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоосон боловч хууль бус актын холбогдох хэсгийг хүчингүй болгон өөрчлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Гаалийн төв лабораториос шинжилгээний дүнд үндэслэж дүгнэлт гаргахыг шаардахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” гэж тодруулсан болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, бодит нөхцөл байдлыг дүгнэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
“Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Геологийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч “Ц Ө ” ХХК нь №*** дугаартай гадаад худалдааны гэрээний дагуу 49889,7 тонн боловсруулаагүй нүүрсийг 2017.2.11-3.11-ний хооронд БНХАУ-руу экспортлон борлуулжээ. Ингэхдээ Гаалийн төв лабораторийн 0022198 дугаар дүгнэлтийг гаргуулахад нүүрсний шинжилгээний үр дүн нь “коксжих” боловсруулаагүй нүүрс гэж тодорхойлсныг хууль бус гэж маргаж байгаа.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр, ногдуулах аргачлалыг Засгийн газар батална“ гэж заасан. Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг Засгийн газрын 2011 оны 193 тогтоолын хавсралтаар баталж улмаар Засгийн газрын 2015 оны 102 дугаар тогтоолоор 2.2-ын 9 дэх заалт, 2.4-ийн 9 дэх заалтыг өөрчлөн найруулжээ. Үүнд сул коксжих болон коксжих нүүрсийг барьцалдах чанар, дэгдэмхий, үнслэг, нийт чийг гэсэн 4 үзүүлэлтээр ангилсан байх ба энэхүү хоёр төрлийн нүүрс нь зөвхөн дэгдэмхий бодисын гарцын хэмжээгээр хоорондоо ялгаатай байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар №*** гэрээний нүүрсний дээжийг Гаалийн төв лабораторийн захиалгаар Геологийн төв лабораторид хоёр удаагийн сорьцын шинжилгээ хийлгэхэд дэгдэмхий бодисын гарц Vdaf = 29.65 болон Vdaf = 29,98 гэж гарсан нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9-д зааснаар “сул коксжих” нүүрсний ангилалд хамрагдахаар байхад хариуцагч Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд 8 чанарын үзүүлэлтээр ангилж, Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн ангиллаар 2701.12.11 гэсэн код бүхий “коксжих” нүүрс гэж тодорхойлсон нь тухайн маргааныг үүсгэх шалтгаан болжээ. Учир нь Засгийн газрын дээрх 193 дугаар тогтоолын хавсралтын 1.2-д “... эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ”, /Геологийн төв лабораторийн шинжилгээ нь Гаалийн төв лабораторийн захиалгаар RS219840 битүүмжлэл бүхий дээжийг шинжилсэн болно/ мөн ГЕГ-ын даргын 2008 оны 683 дугаар тушаалын хавсралтын [1] 5.9-д “... шинжилгээ нь бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн тохиолдолд шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргана” гэж зааснаар Гаалийн төв лаборатори нь Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнд үндэслэх ёстой байжээ.
Түүнчлэн нүүрс борлуулах худалдах зэрэг хэрэглээнд Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал бүхий MNS 6457:2014 стандартыг мөрдлөгө болгох бөгөөд уг стандартын 2 дугаар хүснэгтэд нүүрсийг коксжих болон сул коксжих гэж ангилахдаа Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалттай мөн нэг адил дэгдэмхий бодисын гарцаар (Vdaf) тогтоосныг дурдах нь зүйтэй байна.
Иймд “....хариуцагч Гаалийн төв лабораторийн маргаан бүхий дүгнэлтэд “Шинжилгээний дүн болон холбогдох бичиг баримтаас үзэхэд..” гэж дүгнэсэн мөн хариу тайлбартаа “... гэрээгээр коксжих нүүрс гэж заасан, гэрээний үнэ, өмнө нь шинжилгээнд хамрагдаж байсан үзүүлэлтүүд, АМГТГ-ын даргын 2017 оны 1/2793 албан бичиг болон холбогдох бусад баримтуудтай харьцуулсан гэж дүгнэлтээ тайлбарласан нь Гаалийн төв лаборатори эрх хэмжээгээ хэтрүүлж дүгнэлт гаргасан...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсэх боломжгүй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан АМГТГ-ын даргын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1/3736 тоот албан бичигт [2] “....2017 оны 1/2793 тоот албан бичиг нь гаалийн магадлан шинжилгээ хийхэд удирдлага болох үндэслэл болохгүй, мөн тус албан албан тоотод дурдагдсан “коксжих нүүрс” гэсэн тодорхойлолт нь “сул коксжих” чанартай нүүрсийг хамруулан тодорхойлсон” гэснийг тэмдэглэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч маргаан бүхий 0022198 дугаар дүгнэлтийн “коксжих нүүрс” гэсэн ангиллын кодыг хүлээн зөвшөөрөхгүй, дахин нягтлан шалгах хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 16-ний өдрийн 01/1367 тоот албан бичгээр Гаалийн төв лабораторид гаргасны дагуу Шивээ хүрэн дэх Гаалийн газраас 2017 оны 2 дугаар сарын 20-ний өдөр дахин дээж авч, ирүүлснийг АМГТГ-ын Уул уурхай, шинжилгээ туршилтын лабораторид шинжлүүлж гарсан 2017 оны 3 дугаар сарын 7-ний өдрийн 176 тоот сорилтын дүн үзүүлэлтүүд нь маргаан бүхий 0022198 дугаар дүгнэлтийн шинжилгээний үр дүнгээс хэт зөрүүтэй, сул коксжих нүүрсний чанарт хүрэхгүй, коксжих чанаргүй нүүрсний ангилалд хамрагдахаар гарсан. Иймд уг дээжийг буруу авсан буюу уг бараа нь ангиллын маргаантай гэж үзэж шинжилгээнд дахин хамруулах тухай нэхэмжлэгчид мэдэгдэж, улмаар “Ц Ө ” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 01/13-90 тоот албан бичгээр маргаан бүхий дүгнэлтийн хугацааг сунгах хүсэлт ирүүлснийг Гаалийн төв лаборатори хүлээн авч тухайн компанийг гэрээний алдагдалд оруулахгүй байх үүднээс 0022198 дүгнэлтийн хугацааг 2017 оны 3 дугаар сарын 25-ний өдрийг дуустал сунгасан гэх тайлбарыг хийдэг.
Мөн хариуцагч Гаалийн төв лаборатори шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... шинжилгээнд дахин хамруулахаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэж, үлдэгдэл тоо хэмжээг ... системээр шалгаж үзэхэд 0022198 тоот дүгнэлтээр 50000 тн коксжих нүүрс экспортлохоос 544 гаалийн мэдүүлгээр 49889.7 тн коксжих нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийж, экспортод бүрэн гаргасан тул .... тухайн бараанаас дээжийг дахин авч нягтлан шалгах боломжгүй болсон... “ гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргаж буй үйл баримт нь Гаалийн төв лабораторийн 0022198 дугаар дүгнэлт хэрхэн гарсан, шинжилгээний дүнд үндэслэсэн эсэх, холбогдох хууль тогтоомжид нийцэж буйтай маргаж байгаа болохоос нүүрснээс хэрхэн дээж авсан асуудлаар маргаагүй бөгөөд дахин дээж авч, дахин шинжлэх асуудал нь зарчмын хувьд өөр асуудал юм. Учир нь Монгол Улсын MNS 0654:1979 “Хүрэн ба чулуун нүүрс, антрацит дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох” стандартын 4.5 “... дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох туршилт хийхдээ уул дээжээс авсан хоёр сорьцод хийнэ”, 4.6. “... Нэг лабораторийн дээжний ижлийн өрөөснийг хоёр өөр лабораторид туршиж дэгдэмхий бодисын гарцыг шатах жишмэл жинд шилжүүлж тооцсон... “ гэж заажээ. Дээрхээс дүгнэхэд нэг дээжийг хоёр хувааж авсан хоёр сорьцыг хоёр өөр лабораторид шинжлүүлж гарсан шинжилгээний дүнг харьцуулахаас биш хоёр өөр анхдагч дээжээс авсан сорьцын шинжилгээний дүнг хооронд нь харьцуулж гаргасан дүгнэлтээр маргааныг шийдвэрлэх ач холбогдол бүхий байж чадахгүй юм.
Гаалийн тухай хуулийн нэгдүгээр дэд бүлэгт гаалийн хяналтыг хэрэгжүүлэх үед магадлан шинжилгээ хийх харилцааг зохицуулж, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “... гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.7-д “Сорьц, дээж, загвар авах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж тус тус зааснаар магадлан шинжилгээ хийх нь сорьц, дээж авч, шинжилж, дүгнэлт гаргахаас тусдаа асуудал байна.
Маргаан бүхий 0022198 дугаар дүгнэлтийн хүснэгтийн доор хэсэгт “Энэхүү шинжилгээний дүн нь захиалагчаас ирүүлсэн тухайн дээжид хамаарах бөгөөд зөвхөн эх хувь нь хүчинтэй” гэснийг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
2. “Гаалийн ерөнхий газар нь Гаалийн төв лабораторийн маргаан бүхий дүгнэлтийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч талын ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоосон боловч хууль бус актын холбогдох хэсгийг хүчингүй болгон өөрчлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Гаалийн төв лабораториос шинжилгээний дүнд үндэслэж дүгнэлт гаргахыг шаардахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/1410 тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хандаж Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн газрын даргаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02-2/1573 тоот албан бичгийг хүргүүлсэн байна.
Тус албан бичигт “...Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнг Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын дагуу тооцоход ... түүхий “сул коксжих” чулуун нүүрсний ангилалд хамаарах үндэслэлтэй байсан байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Гаалийн ерөнхий газар нь доод шатны, шууд харьяа байгууллага болох Гаалийн төв лабораторийн гаргасан 0022198 дугаар дүгнэлтийн холбогдох хэсгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн хэрнээ түүнийг залруулан өөрчлөх арга хэмжээ аваагүйг хууль бус эс үйлдэхүй гэж маргаж байгаа харин хариуцагчийн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа “... 02-2/1573 тоот албан бичиг нь захиргааны акт биш, тус албан бичгээр маргаан бүхий дүгнэлтийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоосон буюу хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй, ... ГЕГ-ын 2015 оны А/285 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих технологи ажиллагааны заавар”-ын 4-т зааснаар хөндлөнгийн байгууллагаар дээж авахуулан гуравдагч лабораториор шинжлэн шийдвэрлүүлэх боломж байсан, ... нүүрсээ бүрэн нийлүүлээд дууссан, дунд нь дүгнэлтийн хугацааг сунгуулсан нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна..., гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... ” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт зааснаар шүүх маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбарыг хэргийн бодит нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлаж, шийдвэрлэх ёстой.
Нэхэмжлэгч “Ц Ө ” ХХК нь Гаалийн ерөнхий газрыг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд зааснаар гомдлыг хянан үзээд хуульд заасан захиргааны актын аль нэгийг гаргах ёстой байтал маргаан бүхий дүгнэлтийн алдааг засаж, өөрчлөх ажиллагааг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох зохицуулалттай. Мөн хуулийн 98 дүгээр зүйлийн 98.1.1-98.1.5-т гомдлыг хянан үзээд гаргах захиргааны актын төрлийг хуульчилсан бөгөөд 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж заасан.
Иймд Гаалийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02-2/1573 тоот албан бичигт “... “сул коксжих” чулуун нүүрсний ангилалд хамаарах үндэслэлтэй байсан байна” гэж дүгнэсэн атлаа гомдлыг хянан үзээд түүнийг засаж залруулаагүйг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байжээ гэж шүүх дүгнэв.
Маргаан бүхий дүгнэлтэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 01/1367 тоот албан бичгээр Гаалийн төв лабораторт, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 07/33 тоот албан бичгийг хүлээн аваад 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/1410 тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газарт тус тус хандаж, хариу 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02-2/1573 тоот албан бичгийг гардан авснаас хойш хуулийн хугацаанд буюу мөн оны 5 дугаар сарын 12-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэргийн оролцогчдын тайлбар болон дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэхэд АМНАТ-ын төлбөр, түүний өсөн нэмэгдэх төлбөрийг тооцоход нүүрсэн бүтээгдэхүүний барааны ангиллын код ач холбогдолтой байдаг учраас нэхэмжлэгч Гаалийн төв лабораторид хандаж улмаар Геологийн төв лабораторид Гаалийн төв лабораторийн захиалгаар шинжилгээ хийгдэж, 0022198 дугаар дүгнэлтийг Гаалийн төв лаборатори гаргахдаа тухайн нүүрсний дээжинд хийсэн Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслээгүй гэж маргаж байх хугацаандаа нэхэмжлэгч нүүрсээ нийлүүлж дууссан байна. Хэдийгээр нэхэмжлэгч гаалийн бүрдүүлэлтээ “сул коксжих” нүүрс гэсэн ангиллаар мэдүүлж, нүүрсээ нийлүүлсэн боловч маргаан бүхий 0022198 дүгнэлт нь илүү хэмжээний АМНАТ-ын төлбөр оногдуулах үр дагавар бий болгох нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болжээ гэж дүгнэхээр байна.
Нэхэмжлэгч маргаан бүхий дүгнэлтийг эс зөвшөөрсөн хэдий ч гэрээний алдагдал хүлээхгүй нь тулд дүгнэлтийн хүчинтэй байх хугацааг холбогдох төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж сунгуулсан, нүүрсээ нийлүүлж дууссан нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий 0022198 дугаар дүгнэлттэй маргах, дүгнэлттэй холбоотойгоор, тухайлбал АМНАТ-ын төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдөх эрсдэлээс сэргийлэх зорилгоор зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Гаалийн тухай хуулийн 256 дугаар зүйлийн 256.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ц Ө ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн төв лабораторын 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгасугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 98.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ц Ө ” ХХК-ийн гомдлыг хянан үзээд холбогдох захиргааны акт гаргаагүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Геологийн төв лабораторын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораториос шаардахыг Гаалийн ерөнхий газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лабораториос хувь тэнцүүлэн 35.100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ц Ө ” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН