Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 731

 

       Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багт оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, РД:ОМ77032817, Шаавай овогт Зундуйн Батзоригийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Хархираа багт оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, РД:ОТ69082373, Цөгрөг Зуутраг овогт Чимэдийн Гантөмөрт холбогдох,

     Гэм хорын хохирол 350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч З.Батзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие З.Батзориг нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг “Ферм”-ийн урд байрлах газраас хадлангийн зориулалтаар 1.5 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Уг газраа миний бие хавар, зуны 2 улирал услаж, хадлангаа ургуулсан. Гэтэл Тариалан сумын Хархираа багийн Засаг дарга Ч.Гантөмөр гэгчтэй уулзаж “Та миний талбайгаас хадлан хадаж аваад байна, энэ миний хуулийн дагуу эзэмшиж байгаа хадлангийн талбай” гэж удаа дараа хэлсэн боловч намайг хэл амаар доромжлон “Энэ чинь миний газар” гээд 2 жил дараалан миний тарьж ургуулсан хадланг хадаж авсан болно. Ч.Гантөмөр миний өмчлөлийн 1.5 га газраас 0.40 га газрын хадланг 2 жил дараалан хадаж авсан. Миний бие өмнөх жилийн хадлан хадаж авсны үнийг нэхэмжлэхгүй байгаа бөгөөд энэ жилийн хадаж авсан хадлангийн үнийг нэхэмжилж байна. Тухайн газраас нэг машин өвч гарсан, одоо нэг машин өвч 350.000 төгрөгийн үнэтэй байгаа тул миний бие Ч.Гантөмөрөөс 0.40 га газрын хадлан өвчний үнэ болох 350.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

      Хариуцагч Ч.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Чимэд овогтой Гантөмөр би 2009 онд фермийн урд талд тариа тариад дахиад 2010 онд тариалалт хийхдээ талбайгаа доош сунган хагалж тарихад сунгасан талбайд юу ч тариагүй байсан учир чулууг нь түүж талбайг цэвэрлэж тариалалт хийсэн. 2011 оноос хойш хадлан авч байгаа. Энэ талбайд царгасны үрийг 1 кг-ыг 30.000 төгрөгөөр 12 кг үр авч хийсэн. 2014 оны намар хадлангаа авч байтал иргэн З.Батзориг нь манай гэрт ирж хэл амаар доромжилж, харааж зүхэж энэ газрыг урд нь юу ч ургаагүй хоосон газар байсныг өнөө жил би услаж ургуулсан гэж хэл ам хийж гүтгэж доромжилсон. 2015 оны намар талбайгаа хүнээр хадуулсан дутуу хадсан байсныг иргэн З.Батзориг хадаж авсан байсан. Дахин ингэж болохгүй шүү гээд анхааруулаад орхисон. Гэтэл 2016 оны намар намайг шүүхэд өгсөн байлаа. Миний талбайг тариалж өгсөн тракторч Ш.Хадбаатар гэдэг залуу одоо ч байна. Иймд би энэ газрыг өгөхгүй. З.Батзориг болон ах дүүсээрээ нийлж хадлангийн газар зардаг хууль бус үйлдэл хийснийг би мэдэж байна. Энэ хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой” гэжээ.

       Нэхэмжлэгч З.Батзориг, хариуцагч Ч.Гантөмөр нар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “З.Батзориг миний бие Ч.Гантөмөрөөс гэм хорын хохирол 350.000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 100.000 төгрөг буюу 100.000 төгрөгт  20  /пресс/ боодол өвс өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Жич: Хэрэв 20 пресс өвч өгөөгүй тохиолдолд 100.000 төгрөг бэлнээр өгөхөөр тохиролцов” гэжээ.

    Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч З.Батзориг нь хариуцагч Ч.Гантөмөрт холбогдуулан гэм хорын хохирол 350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.Батзориг хариуцагч Ч.Гантөмөрт нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Ч.Гантөмөр нь 100.000 төгрөг буюу 100.000 төгрөгт 20  /пресс/ боодол өвс өгөхөөр, нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 250.000 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч З.Батзориг, хариуцагч Ч.Гантөмөр нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 11.150 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 100.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийн тал хувь 2.275 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 8.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гантөмөрөөс 2.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Батзоригт олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч З.Батзориг, хариуцагч Ч.Гантөмөр нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч З.Батзориг нь нэхэмжлэлийн шаардлага болох 350.000 төгрөгөөс 250.000 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 100.000 төгрөг буюу 100.000 төгрөгт 20  /пресс/ боодол өвсийг хариуцагч Ч.Гантөмөр өгөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 2.275 төгрөг, хариуцагч Ч.Гантөмөрөөс 2.275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.Батзоригт олгосугай. 

     3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Гантөмөр нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                               П.БОЛОР