| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1786 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 1786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй, хялбаршуулсан журмаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Х холбогдох эрүүгийн 1906 06371 2532 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын Гол суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, борлуулалтын байцаагч мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтан хийдэг гэх, ам бүл 5, аав, ээж, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Д.Х .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн М.Занданбалтай машинд нь бөөлжсөн гэх асуудлаар маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, доош нь дарах, зууралдах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр гэмт хэрэг, захиргааны зөрчлын талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-2-4/, хохирогч М.Занданбалын өгсөн мэдүүлэг /хх-20-24/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12704 дугаартай дүгнэлт /хх-32/, шүүгдэгч Д.Х яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-46-47/, шүүгдэгч Д.Х урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-50/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн М.Занданбалтай машинд нь бөөлжсөн гэх асуудлаар маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, доош нь дарах, зууралдах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Занданбалын өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө таксинд явж байгаад 16 дугаар хороолол дээр зогсож байтал үл таних эрэгтэй, эмэгтэй согтуу 2 хүн ирээд “442 дугаар худаг явъя” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр суугаад замдаа явж байтал эрэгтэй нь бөөлжихөөр нь би нэг удаагийн аяга өгөөд “буугаад бөөлжсөө цэвэрлээрэй” гэж хэлсэн. Тэгээд худгийн эцэс дээр ирэхэд машин дотор бөөлжсөн байсан. Эмэгтэй нь “00 ороод ирье” гээд буусан. Би “эцэс дээр ирчихлээ, буугаарай” гэхэд залуу унтаад байхаар нь би буугаад залуугийн талаар машины хаалгыг нээгээд “буу” гэхэд машинаас бууж ирээд “юу гээд байгаа гичий вэ” гэж хэлээд намайг хөөсөн. Би зугатаад машинаа 3 тойрсон. Тэгтэл гудамжнаас нөгөө хүүхэн гараад ирэхээр нь “авгай чинь ирж байна” гэхэд намайг хөөхөө болиод нөгөө хүүхнийг чиглээд явсан. Хүүхнийг би “нөхрийнхөө куртикийг ав” гээд машины хаалга нээхэд бөөлжсөн байхаар нь “куртикээр нь бөөлжисөө арчих” гэхэд хүүхэн намайг “юу гээд байгаа гичий вэ” гээд үсдэж аваад доош дарж унагаагаад чирээд дээр мордоод авсан. Хүүхэн миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Хүүхний үсдэж унагааснаас тархи хөдөлж, хүзүүнд болон бусад гэмтэл учирсан. Энэ гэмтэл хүүхний цохилтоос үүссэн гэмтэл гэж би бодож байна.” /хх-20-24/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Дамдиндоржийн өгсөн: “...Ажлынхаа хүмүүстэй караокед ороод 2 шил архи уусан. Ямар ч байсан нэг сэрэхэд машин дотор бөөлжөөд хэвтэж байсан. Нэг харахад Хулан нэг эмэгтэйтэй үсдэлцээд доошоо тонгойсон байсан.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12704 дугаартай дүгнэлтэд:
1. М.Занданбалын биед бүсэлхий нуруу, баруун гуянд цус хуралт, зүүн зулайн хуйханд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн
зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-32/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Хулангийн яллагдагчаар өгсөн: “...Тэр эгч бид хоёрын дунд уг асуудал хэсэгхэн хугацаанд болсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тодорхой гарсан байсан. Эгчээс уучлалт гуйсан. Эмчилгээний зардлыг нь бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир түргэн шуурхай шийдэж өгнө үү.” /хх-46-47/ гэх мэдүүлэг,
Гэмт хэрэг, захиргааны зөрчлын талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-2-4/,
Шүүгдэгч Д.Х урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-50/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Х нь 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн М.Занданбалтай машинд нь бөөлжсөн гэх асуудлаар маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, доош нь дарах, зууралдах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Занданбалын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Х гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12704 дугаартай дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Д.Х гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч М.Занданбал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг шүүхээс хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Д.Х холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Х 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Х нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС