| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0180/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 216
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Улсын яллагч: Э.Гантулга,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгч:Д.З,Л.З тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Э.Гантулгаас Д.З, Л.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914001920202 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2008 оны 05 сарын 13-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, 2011 оны 04 сарын 26- ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийх ялаар, 2014 оны 07 сарын 04-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.З,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 11 сарын 16-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар, 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 145.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Л.З,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч: Д.З, Л.З нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас 2019 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрийн хооронд иргэн Д.Бгийн эзэмшлийн 15 тооны адууг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч Д.Бд 10200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Зийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... “2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байсан байх З бид хоёр Бууцагаан сумаас гадаа арай харанхуй болоогүй байсан ерөнхийдөө бүрэнхий л болох гэж байхад Баацагаан сум руу Гармаа гэх залуутай уулзах гээд явж байсан юм. Би өөрөө хувьдаа цэнхэр өнгийн портер маркийн машинтай юм гэрчилгээн дээр болохоор манай аав болох Дын нэр дээр байдаг. Тэгээд тэр машиныг Баацагаан сумын Гармаа гэх залуугийн машинтай солихоор өмнө ярьсан байсан юм. Тэгээд тус өдөр Баацагаан сум руу Гармаагийн машиныг үзэх зорилготой л явж байсан юм. Гармаа болохоор манай найз юм байгаа. Гармаагийн гэр нь болохоор “Бөөн цагаан” нуурын тэрүүгээр байдаг ба тэднийд явах замдаа 15 тооны азаргатай адуу таарсан юм. Тэгсэн З эд нарыг туучих уу гэхээр нь би тэгье гэж хүлээн зөвшөөрөөд бид хоёр тухайн азаргатай адууг бүгдийг нь мотоциклтой туугаад явсан юм. Ерөнхийдөө бүгдийг нь туугаад боломжтойг нядлах санаатай л байсан юм. Тухайн үед унаж явсан мотоцикл нь Зын өөрийнх нь эзэмшлийнх байгаа юм. 2 тооны адууг гаргачхаад махыг нь хээр үлдээчхээд З бид хоёр миний портер маркийн машиныг нь авчирахаар явсан юм. Миний машин тэгэхэд Зын дүү Лувсанцэрэнгийн гэрийн гадаа байсан юм. Тэдний гадаа бараг 7 хоногийн өмнө үлдээсэн байсан юм. Учир нь гэвэл хээр машин эвдрээд тэдний гадаа машинаа үлдээж байсан юм. Лувсандорж болохоор ганцаараа амьдардаг. Тэднийхээс машинаа авахад тэр ганцаараа л байсан. Тэгээд портертой очоод махаа ачиж аваад Бөмбөгөр суманд авчирч хүнд зарсан.. Мах ачиж явсан тээврийн хэрэгсэл нь манай аав болох Дын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм байгаа. Одоо Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 05 дугаар багийн нутагт байх аавын хашаанд байгаа. Манай аав тэр машиныг Батхуяг овогтой Н гэх хүнээс худалдан авсан юм байна лээ. Тээврийн хэрэгслийг гэрчилгээнд тэр хүний нэр байгаа. Д.Бд би өөрийнхөө адуунаас 4 тооны адууг өгсөн. 4 тооны адууг болохоор З өгсөн. Ганзоригийн өгсөн 4 тооны адуу хэний эзэмшлийн адуу болох талаар З өөрөө хэлэх байх. Тэр 8 тооны адууг хайгаад олоогүй. Бид нар хохирогчийн хохирлыг барагдуулж өгөхөөр 8 тооны адууг өгсөн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Шүүгдэгч Л.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 108-111/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.З мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
5. Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... “2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэр болох “Шалын хоолой” гэх газарт манай адуу байсан юм. Тус өдөр би өөрөө очиж бүртгэчхээд буцсан юм. Тэгэхэд 15 тооны адуу байсан. Тэгээд тэр өдрийн нь маргааш нь дахин нөгөө “Шалын хоолой” гэх газарт очиход манай адуу байхгүй байсан. Тэгээд өөрөө ганцаараа 2019 оны 01 дүгээр 15-ны өдөр хүртэл хайж явсан боловч олдоогүй. Тэгсэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай алдагдсан 15 тооны адуунаас 5 тооны адуун Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Хүйтэн тал” гэх газарт байх голоос гарч ирсэн. Өөрөөр хэлбэл Байдрагийн голоос гарч ирсэн. Тэгэхэд манай гэр адуу гарч ирсэн “Хүйтэн тал” гэх газраас наана 8 километрийн зайд байх “Үнхэлцгийн бууц” гэх газарт байсан юм. Тухайн үед буцаж ирсэн 5 тооны адуун нэлээн хөөгдсөн юм уу хөлөрсөн шинжтэй байсан. Тэгээд би энэ талаар сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. Миний бие өөрөө ганцаараа Бууцагаан болон Бөмбөгөр сумын нутгуудаар явж хайсан юм. Адуугаа эрж хайхад 700.000 төгрөгийн зардал гарсан ба тэдгээрийг З, З нар буцааж надад өгсөн. Миний бие үндсэндээ 15 тооны адуу алдсан юм. Үүнээс 2 тооны адууг нь З болон З нар нядалсан гэдэг 5 тооны адуун буцаж ирсэн. Үлдсэн 8 тооны адуу болохоор олдоогүй юм. Гэхдээ З, З нар яг миний алдсан 8 тооны адуу биш харин өөрсдөөсөө 8 тооныг адууг авчирч өгсөн... гэх мэдүүлэг. /хх-ийн 45-47/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр адуугаа харчихаад маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр очсон адуу байсан газраа байхгүй болсон байсан. Түүнээс хойш адуугаа хайж эхэлсэн. Манай адуу цагаан азаргатай 15 тооны адуу байсан. Бөмбөгөр сумын Хүйтний тал гэдэг газраас миний 5 адуу гарч ирсэн. Би тэгээд үлдсэн адууг нь хөөгдсөн байна гэдгийг мэдсэн. Бууцагаан сумын цагдаад мэдэгдэж, цагдаа нартай хамт явж хайсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 адуу гүйж ирсэн. Тэгээд энэ 2 залуутай уулзахад 5 адууг нь ялгаж туусан 8 адууг нь туугаад голоос хойш нь гаргасан гэж хэлсэн. Эдгээр шүүгдэгч нар нь миний хохирол гомдлыг барагдуулсан. Өөр зүйлгүй гэв.
7. Иргэний нэхэмжлэгч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Д.Дын “37-60 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг төв аймгийн иргэн болох Б.Н гэх хүнээс 2016 онд 4000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тэрнээс хойш хөдөө хааяадаа би өөрөө унадаг юм. Зарим үед манай хүү З унадаг юм. Ерөнхийдөө тус тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар нь байгаа. Үндсэн гэрчилгээ алга болсон. Тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа юм. /хх-ийн 52-55/
8. Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 37-60 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хуучин миний эзэмшилд байсан юм. Одоо яг хэн гэдэг хүнд зарсан эсэхээ санахгүй байна. Баянхонгор аймгийн настай дуу хүнд 4.000.000 төгрөгөөр зарж байсан юм. 2015 билүү 2016 оны аль нэг жил байсан одоо нарийн сайн санахгүй байна. Би худалдахдаа тэр хүнд нь хэлж байсан юм. Та өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваарай гээд ямар учраас шилжүүлж аваагүй эсэхийн мэдэхгүй байна. Би өөрөө хөдөөний хүн болохоор тэр талаар сайн мэддэггүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/
9. Гэрч Л.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... З, З нарыг манай гэрийн гаднаас Зийн машиныг авч явсны дараагаар 7 хоногийн дараа байх Зоригт ах манайд ирсэн хэвтэж байхад Бууцагаан сумын хэсгийн төлөөлөгч Амаржаргал ирээд түүнийг авч явсан. Тэгхэд л тэд нарыг хүний адуу хулгайлсан гэж байсан. З ах тэр үед хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихоод байсан юм. Би сүүлд бодход хулгай хийгээд яваад байсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,
11. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 190 дугаар
1. Цагаан зүсмийн 6 настай азарга 1200.000 төгрөг
2. Гүү цагаан цоохор, бор халиун, хүрэн, хээр, бор, шарга халзан, хээр, улаан хээр, шар хээр, бор хээр, зүсмийн бүгд 9 тооны нэг бүрийн үнэ 800.000 төгрөг нийт 7200.00 төгрөг
3. Даага цагаан халиун, бор зүсмийн даага 2 тооны нэг бүрийн үнэ 300.000 төгрөг нийт 600.000 төгрөг
4. Унага бор зүсмийн нэг толгой 200.000 төгрөг
5. Шүдлэн байдас шар хээр, хээр зүсмийн 2 толгой нэг бүрийн үнэ 500.000 төгрөг нийт 1000.000 төгрөг нийт арван сая хоёр зуун мянган 10.200.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-84/
12. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн шинжээчийн 258 дугаар
1. Мустанг-5 маркийн мотоцикль 50.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-91/
13. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 238 дугаар
1. Портер маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг 1.500.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 98-99/
14. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 33-42/,
15. Мал тоолсон тухай тодорхойлолт /хх-ийн 114/,
16. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 115/,
17. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 116/,
18. Мал тооллогын хуудас /хх-ийн 117/,
19. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 120/,
20. 37-60 ТӨА улсын дугаартай авто машины гэрчилгээний хуулбар /хх-ийн 119/
21. Шүүгдэгч Д.З, Л.З нарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 25-26, 122-125/,
22. Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 16-ны өдрийн 130 тоот, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 110 тоот, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 05 сарын 13-ны өдрийн 69 тоот, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 сарын 26-ны өдрийн 59 тоот, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 04-ний өдрийн 119 тоот шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 127-153/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багаггүй ял оногдуулж, портер машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож машиныг буцаан олгох гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Д.З, Л.З нар нь 2019 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрийн хооронд бүлэглэн, тээврийн хэрэгсэл буюу мотоцикль ашиглан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Д.Бгийн эзэмшлийн 15 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлан авч Д.Бд 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч Д.Б, гэрч Д.Н, иргэний нэхэмжлэгч Д.Д нарын мэдүүлэг болон 190, 258, 238 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.З, Л.З нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмиийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн,-ийг цээрүүлэх...д оршино” гэж зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх....ажил нь хууль дээдлэх, өмчлөгчийн эрхийг хамгаалах....ажлыг зохион байгуулахад оршино” гэсэн зарчимд тулгуурлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.З, Л.З нарын арван гурав хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцов.
Уг хэрэгт шүүгдэгч Д.З, Л.З нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Л.Зын эзэмшлийн мотоцикль буюу түүний үнэ тавин мянган / 50.000 / төгрөгийг шүүгдэгч Д.З, Л.З нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шидйвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгч Д.Дын эзэмшлийн 3760 ТӨА улсын пугаартай портер маркийн авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг портер авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу Д.Дд буцаан олгож шийдвэрлэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар уг портер авто машинаар шүүгдэгч Д.З, Л.З нар нь хулгайлж авчирсан адуунаас хоёр адууны махыг ачиж ченжид аваачиж өгсөн нь тогтоогдсон боловч хулгайлсан гэх 15 тооны адууг мотоциклоор тууж авчирсаны дараа махыг ачиж явсан байна.
Өөрөөр хэлбэл хулгайлсан адууг тууж авчирч хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлж уг гэмт хэрэг төгссөний дараа махыг ачиж портер машинаар зөөвөрлөсөн нь гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэж уг авто машиныг хураах шаардлаггүй гэж үзэж битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож авто машиныг иргэний нэхэмжлэгч Д.Дд буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж тэдний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэдсэн байх тул тэднийг ял шийтгүүлж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.З, Л.З нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.З, Л.З нарыг хоёр жил зургаан / 02 жил 06 сар / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Д.З, Л.З нарт хоёр жил зургаан / 02 жил 06 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Д.З, Л.З нарт тус тус нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, энэ үүрийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.З, Л.З нарын арван гурван хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
6. Энэ хэргийн учир шүүгдэгч Д.З, Л.З нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Л.Зын эзэмшлийн мотоцикль буюу түүний үнэ тавин мянган / 50.000 / төгрөгийг шүүгдэгч Д.З, Л.З нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шидйвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Дын эзэмшлийн 3760 ТӨА улсын пугаартай портер маркийн авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг портер авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу Д.Дд буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.З, Л.З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж тэдний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.З, Л.З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ