Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1756

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

          Улсын яллагч Г.Цэрэнжамц,

         Хохирогч Ц.Дэлгэрботь,

         Шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Д д холбогдох эрүүгийн 1906 02167 2343 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужааны ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.Д .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д  нь 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 22-447/6 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Дэлгэрботыг “янхан минь чи хаагуур явсанаа хэл” гэж хэл амаар доромжилж маргалдаж улмаар хоолойноос нь базаж, түлхэн байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д  мэдүүлэхдээ: “...Би эхнэртэйгээ гэртээ маргалдсан. Манай эхнэр намайг цохиод байхаар нь би түлхэж гарч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Дэлгэрботь мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бид гэртээ байсан. Нөхөр намайг гэртээ орж ирээд “янхан минь чи хаагуур явж байгаад ирсэн бэ” гэж муухай үгээр хэлээд байхаар нь би цохисон. Манай нөхөр миний хоолойноос барьж түлхэж гарч явсан. Би цагдаа дуудаж өгсөн...Би гомдолгүй миний нөхөрт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

         Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-11/, хохирогч Ц.Дэлгэрботийн өгсөн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Д.Ариунтунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-21/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-23-27/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1893 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай захирамж /хх-36/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1536 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай захирамж /хх-37/, Д.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47/, шүүгдэгч Д.Д урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Д  нь 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 22-447/6 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Дэлгэрботыг “янхан минь чи хаагуур явсанаа хэл” гэж хэл амаар доромжилж маргалдаж улмаар хоолойноос нь базаж, түлхэн байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дэлгэрботийн өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчим гэрт байж байхад манай нөхөр орж ирээд “янхан минь чи хаагуур явснаа тайлагнаач” гэсэн. Тэрнээс болж бид хоёр хэрэлдсэн. Д.Д  хэрэлдэж байх явцдаа “чи миний амьдралд дандаа гай болдог” гээд миний хоолойноос базаж аваад түлхсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм.” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ариунтунгалагийн өгсөн: “...Би тэр өдөр гэрээсээ өглөө гаргаад 16 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгэхэд ээж гэртээ байсан бөгөөд аавыг чинь буюу Дашбамбыг цагдаад дуудаад өгчихсөн гэж хэлж байсан. Би ямар цагдаа дуудсан талаар асуухад ээж надад хэлэхдээ “аав чинь миний хоолойноос бариад ор руу түлхсэн” тэгэхээр нь цагдаа дуудсан гэж байсан.” /хх-21/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Д яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эхнэр Ц.Дэлгэрботь хэрүүл хийгээд намайг цохиж нүдээд байхаар нь би “боль” гэж хэлээд Ц.Дэлгэрботыг түлхээд гэрээс гараад явсан юм.” /хх-47/ гэх мэдүүлэг,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-23-27/,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12

дугаар сарын 15-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1893 дугаартай захирамж /хх-36/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1536 дугаартай захирамж /хх-37/,

Шүүгдэгч Д.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-25/ зэрэг болно.

 

           Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэдгээ өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрүүд зэргээр тогтоосон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчийг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Дэлгэрботь нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Д.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Д д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Д  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Д.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                                                                         

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Д.Д  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Д  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.       

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС