| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2019/0089/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа
Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч:М.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Бд холбогдох 1922002550112 тоот хэргийг 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1999.02.28-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, суурь боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, эгч дүү нарын хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р баг “Хашаатын Ус” гэх газар оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1 дүгээр баг Угтаалын 9-2 тоотод байрлах Б.Ж-ийн гэрт нь бусадтай архидан согтуурч , Б.Ж-той зодолдож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.Ж-ийн “ Би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр З.Бат-Эрдэнэ, Ц.Энхбат, М.Б нартай манай гэрийн арын байшинд архи ууж байгаад тухайн үед М.Б-ийн утас алга болсон байсан. Тэгээд Ц.Энхбат нь би лав аваагүй гээд дохио зангаагаар над руу заагаад байх шиг байхаар нь би Энхбат руу уурлаад манайхаас яв чи юу ярих гээд байгаа юм гээд Энхбаттай маргалдсан, тэр үед Энхбатыг М.Б нь аваад гарсан төд удалгүй М.Б, Энхбатыг явуулчихлаа гээд манайд эргээд ороод ирсэн. Тэгээд ууж байсан архиа үргэлжлүүлээд М.Б, З.Бат-Эрдэнэ нартай уугаад байж байсан чинь утасны тухай М.Б нь гарах юм гарж л байгаа юм байгаа биз гээд жаахан уурлангүй яриад байхаар нь би жаахан ахархаад “чи намайг авсан гэж бодоогүй биз дээ тэгж ярихгүй шүү дүү” гээд гараараа алгадах гэсэн чинь гар хүрээгүй. Тэгсэн намайг М.Б нь 2 удаа шанаа руу цохихоор нь би зөрүүлээд 2,3 хальт цохьсон. Тэгсэн намайг гэнэт цээж рүү 2-3 удаа цохих шиг болсон. Тэгсэн миний цээжнээс цус мэт зүйл ихээр урсаж гарсан, тэр үед манай эхнэр Алтантуул гаднаас ирж таараад цагдаа дуудсан. Миний хохирлыг М.Б нь бүрэн барагдуулсан, надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжилэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-5/
- Гэрч З.Б-ийн: Ж гэрт очиж уугаад байж байхад дахиад манай эхнэрийн дүү М.Б Ж-ийн гэрт ирээд гар утсаа надаас асуугаад орж ирсэн. Тэгээд “би аваагүй, гэрт үлдээсэн байж магадгүй” гэж хариулсан. Тэгээд Ж-ийн гэрт бид 4 хамт архи тойруулаад ууж байх хугацаандаа М.Б-ийн утсыг яриад байж байсан. Тэгээд Ж нь “би лав аваагүй шүү муу бацаан минь жаахан хүүхэд том болчихсон юм байна л даа” гээд ахархаад байсан тэгээд М.Б “би явлаа” гээд гарах гэтэл М.Б-ийн мотоциклийн түлхүүрийг нь Жамъяндорж авсан. Тэгээд Ж, М.Б хоёр хоорондоо маргалдаад барилцаж аваад дээр доороо ороод ноцолдож байгаад Ж нь М.Б-ийн дээр нь гарсан байсан чинь М.Б нь шалан дээр бид хэдийн ууж байсан архины шил хажууд нь гар хүрэхээр газар байж байсан. Архины шилийг аваад Ж-ийн толгой руу цохиод хагалсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад босгоход Ж-ийн цээж нь цус мэт зүйл болсон байсан. Төд удалгүй Ж-ийн эхнэр Алтантуул ирээд цагдаа дуудсан, тэгээд цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх13/
- Гэрч Ц.Энхбатын: З.Бат-Эрдэнийн гэрт очиж Ж, З.Бат-Эрдэнэ бид гурав уугаад сууж байхад гаднаас М.Б нь танайд утсаа мартсан байна гэж хэлээд орж ирсэн... Жамъяндоржийн гэр рүү очоод уугаад байж байхад гаднаас дахиад М.Б нь миний гар утас олдохгүй байна гээд ороод ирсэн. Тэгээд тэнд архи уугаад сууж байсан тэгээд тухайн үед би их согтсон байсан ухаан орж гараад тэр үеэс хойш Жамъяндоржийнд юу болсныг сайн санахгүй байна нэг мэдэхэд би гэртээ очоод унтаж байсан. Би тэр үед их согтсон байсан болохоор түрүүлээд явсан байсан. Би их согтсон болохоор сайн санахгүй байна нэг мэдэхэд л гэртээ унтаж байсан” гэх мэдүүлэг /хх8-9/
- Гэрч Ч.Алтантуулын: 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр Б.Жамъяндорж гэрээсээ гарч яваад, удаад байхаар нь Б.Жамъяндоржийн гар утасруу нь залгаад хурдан гэртээ ир гэсэн. Тэгээд төд удалгүй манай нөхөр Б.Жамъяндорж, Энхбат, З.Бат- Эрдэнэ нарын хамт ирсэн, тэгээд тэр хэд манай гэрийн арын байшинд ороод архи уусан. Тэгэхээр нь би хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь авах цаг болоод гэрээсээ гараад сургууль, цэцэрлэг орж хүүхдүүдээ авчихаад эргээд гэртээ ирэхэд манай нөхөр Б.Жамъяндорж цээж нүцгэн, хөл нүцгэн, цээжний хэсэг нь цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон цээжиндээ хурц үзүүртэй зүйлээр зүсэгдсэн шарх үүссэн байсан байдалтай байшингийн үүдэнд сууж байсан. Хажууд нь З.Бат-Эрдэнэ хамт сууж байсан, байшин дотор М.Б нь хэвтэж байсан. Тэгээд би Б.Жамъяндоржийг эмнэлэгт очиж наад зүсэгдсэн хэсгээ оёо тавьж цэвэрлүүл гэсэн чинь миний үгэнд ороогүй. Тэгээд байшин дотор хэвтэж байсан М.Б босч гарч ирээд манай нөхөр Б.Жамъяндорж, М.Б хоёр хоорондоо маргалдаад зодолдох гээд байхаар нь би цагдаа дуудсан. Тухайн үед би Б.Жамъяндоржоос юу болсон тухай асуухад Б.Жамъяндорж надад миний цээжийг М.Б утаснаас болж маргалдаад намайг шилээр цохьсон гэж ярьж байсан. Манай нөхөр Б.Жамъяндоржийг гар утас алга болоод авсан гэж маргалдаад биед нь гэмтэл учруулсан М.Бд гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, мөн эмчилгээний зардлыг нь гаргуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-10/
- Шинжээчийн 2019.10.01-ний өдрийн 242 тоот: Б.Ж-ийн биед цээжинд шарх, цээж, хэвлий, зүүн бугалга, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацанд үүссэн байх боломжтой. Б.Ж-ийн цээжинд үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх15-16/
- Шинжээчийн 2019,10,01-ний өдрийн 241 тоот: М.Бат-Эрдэнийн биед дух, баруун чамархай, зүүн чих, хүзүү, зүүн дал, зүүн шуу, зүүн гарын ядам хуруу, бүсэлхийнд зулгаралт, баруун дээд зовхи, бүсэлхийд цус хуралт, баруун гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. М.Бат-Эрдэнийн баруун гарын алганд үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх20-21/ зэрэг баримтууд хамаарна.
Дээрх баримтуудаар шүүгдэгч М.Б нь “гар утсаа алга болгосон” гэх шалтгаанаар Б.Ж-той маргалдан, харилцан зодолдож, Б.Жамъяндоржийн бие махбодид цээжинд шарх, цээж, хэвлий, зүүн бугалга, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь нотлогдож байна.
Шүүгдэгч М.Б , хохирогч Б.Ж нарын харилцан зодооны явцад М.Б-ийн биед “дух, баруун чамархай, зүүн чих, хүзүү, зүүн дал, зүүн шуу, зүүн гарын ядам хуруу, бүсэлхийнд зулгаралт, баруун дээд зовхи, бүсэлхийд цус хуралт, баруун гарын алганд шарх гэмтэл учирсан. М.Б-ийн баруун гарын алганд үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгч М.Б нь өөрийн баруун гарын алганд үүссэн гэмтлийг архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэх явцад учирсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү гэмтэл нь хохирогч Б.Жамъяндоржийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.
Харин “хохирогч Б.Ж-ийн цээжинд үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь маргахгүй байгаа бөгөөд хохирогчийн цээжинд үүссэн шарх гэмтлийг архины шилээр учруулсан гэдгээ шүүгдэгч М.Б хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь гэрч З.Бат-Эрдэнэ, хохирогч Б.Ж нарын мэдүүлгээр батлагдаж байна.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Ж-ийн цээжин тус газарт гэмтэл учруулахдаа архины шил хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч уг архины шилийг хүний биед гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эсэх нь хэрэгт хавсаргагдсан баримтаар бүрэн нотлогдохгүй, хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийх, Б.Жамъяндоржийн биед гэмтэл учруулахад хэрэглэсэн гэх архины шилийг хураан авах зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн аваад мөрдөгчийн зайлшгүй хийвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгээгүй байх бөгөөд уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон байна.
Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баимтыг шалгасан боловч Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар хэрэглэх зарчмыг тухайн тохиолдолд хэрэглэж М.Бат-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч М.Б хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Ж нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг М.Б-с шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд хохирогч Б.Ж өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримт сэлт гаргаж өгөөгүй байх бөгөөд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “миний хохирлыг М.Б бүрэн барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн/хх-5/, мөн 2019.10.25-ны өдөр “эмчилгээний зардал болон хохирлыг бүрэн барагдуулж, бэлнээр 300.000 төгрөгийг М.Б-с хохирогч Б.Ж-д хүлээлгэн өгсөн. Бид харилцан тохиролцож эвлэрсэн” гэх хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар хамтран цагдаагийн байгууллагад гаргасан байна. /хх-27/
Дээр дурьдсан хуульд зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй боловч шаардлага гаргахгүй гэж татгалзсан байх тул уг үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж, шүүхээс өмнөх шатанд хохирогчтой эвлэрсэн, хохирогчийн зүй бус харьцаанаас /хохирогч Б.Ж зодооныг эхлүүлсэн/ шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь түүнд хүлээлгэх эрүүгийн харицлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч М.Б нь тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь өөрийнх нь болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон боловч согтуурсан байсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байгаа тул шүүх шүүгдэгч М.Бат-Эрдэнийг “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”-д тооцсонгүй.
Шүүгдэгч М.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, хохирогчтой эвлэрсэн болон дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, прокурортой тохиролцсон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
4/ Бусад асуудлын талаар:
2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1 дүгээр баг Угтаалын 9-2 тоотод байрлах Б.Жамъяндоржийнд болсон маргаан, зодооны үед М.Б-ийн биед дух, баруун чамархай, зүүн чих, хүзүү, зүүн дал, зүүн шуу, зүүн гарын ядам хуруу, бүсэлхийнд зулгаралт, баруун дээд зовхи, бүсэлхийд цус хуралт, баруун гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. М.Б-ийн баруун гарын алганд үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх20-21/ гарчээ.
Иймд иргэн Б.Ж нь М.Б-ийн биед гэмтэл учруулахгүйгээр зодсон үйлдэлд зөрчил хянан шалгах ажиллагаа хийж гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13,37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржгин овогт М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржгин овогт М.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогч нар эвлэрсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирогч Б.Ж-ийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгуулах иргэний нэхэмжлэлийг иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р багийн иргэн Модот овогт Баатарын Жамъяндорж нь 2019 оны 9 сарын 26-ны өдөр М.Б-д гэмтэл учруулахгүйгээр харилцан зодолдсон үйлдэлд зөрчил хянан шалгах ажиллагаа явуулж, шийдвэрийн нэг хувийг тус шүүхэд ирүүлэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолын нэг хувийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ