Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/01193

 

 

 

 

 

 

 

   2016 оны 11 сарын 08 өдөр

 

 

 

 

      Дугаар 181/ШШ2016/01193

 

 

 

 

    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

нэхэмжлэгч: Д.Б гийн нэхэмжлэлтэй, 

хариуцагч:Х ХХК-д холбогдох

зээлийн гэрээг цуцлаж, барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож авахыг Х инд даалгах тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргад  Б.Энхтүвшин  нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Х ны Өвөрхангай аймаг дах салбараас 2014 оны 9 дүгээр  сарын 08-ны өдөр Орон сууцны зээлийн 17156 дугаартай гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 19,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 44 тоот 3 өрөө орон сууцыг С.Зоригтоос 145 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж 45 сая төгрөгийг нь бэлнээр өгч, үлдэгдэл 100 000 000 төгрөгийг банкнаас зээл авч төлсөн. Худалдан авсан байраа зээлийн барьцаанд тавьсан. 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл зээлээ хугацаанд нь төлж байсан.

 Энэ зээлийн төлөлтөд Д.Д ямар ч хамааралгүй ,тухайн үед зээл авахад хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь Д.Д ын бичиг баримтыг ашиглаж гэрээ хийсэн. 

Гэтэл эдийн засгийн хямрал болж эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх нь багасаж орлого муудсан төдийгүй, миний нэг нүд хараагүй болж хөдөлмөрийн чадвараа алдан группт орж ажил хийх боломжгүй болсон. Зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул Орон сууцны зээлийн 17156 дугаартай гэрээг цуцлаж, барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож авахыг Х инд даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             Д.Б , Д.Д нар нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17156 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан манай банкны Өвөрхангай дахь салбараас 100 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 44 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй болно. Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч, барьцааны зүйл болох орон сууцыг зээлийн төлбөрт шууд тооцож авах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь манай банкинд орон сууц ямар ч хэрэг байхгүй, тухайн орон сууцыг хуульд заасны дагуу худалдан борлуулж үнийн дүнгээс нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлийн барьцаанд орон сууц буюу үл хөдлөх хөрөнгө авдаг. Орон сууцыг худалдан борлуулахад зээлийн төлбөрөөс их, бага хэдэн ч төгрөгөөр худалдан борлуулагдах боломжтой тул хуулинд заасан журмаар худалдагддаг. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.Б , Д.Д нар нь тус банкны Өвөрхангай дахь салбараас 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17156 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах  зориулалтаар жилийн 19,8%-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай авч Ү-2204009793 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 44 тоот 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан. Зээлдэгч нар хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 20-нд 338 000  төгрөг төлсөн бөгөөд  үндсэн зээлд 6 068 119,87 төгрөг, хүү 30 738 054 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 537,86 төгрөг нийт 36 809 711,73 төгрөг төлсөн байна.

Одоо үндсэн зээлд 93 931 880,13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8 018 602,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 39 126,63 төгрөг, нийт 101 989 609,12 төгрөгийг зээлдэгч Д.Б , Д.Д нараас гаргуулан өгнө үү. Зээлийн гэрээний 5.1.2.-т Зээл төлөлтийн хуваарь зөрчсөн хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авна гэж заасны дагуу зээлдэгч Д.Б гийн группийн мөнгө авах эрхийг нь хааж тэтгэврийн дэвтрээр хийх гүйлгээг зогсоосон байгаа болно гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

Сөрөг нэхэмжлэлд дурдсан зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авч өгнө үү гэсэн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай нийцэж байна.

Х наас зээлдэгч Д.Б гийн группийн мөнгө авах эрхийг нь хааж тэтгэврийн дэвтрээр хийх гүйлгээг зогсоосон байх тул зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Д.Д нь энэ мөнгийг аваагүй зөвхөн зээл авахад хамтран зээлдэгч хэрэгтэй байна гэхээр нь бичиг баримтыг нь ашиглаад гэрээ хийсэн юм

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 44 тоот 3 өрөө орон сууцыг С.Зоригтоос 145 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж 45 сая төгрөгийг нь бэлнээр өгч, үлдэгдэл 100 000 000 төгрөгийг банкнаас зээл авч төлсөн байгаа. Би өнөөдөр 45 сая төгрөгөөрөө хохироод үлдэж байгааг харгалзан үзнэ үү. Уг зээлийг төлөх ямар ч эд хөрөнгө, цалин хөлсгүй тул  барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Д.Б нь Х тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож авахыг Х инд даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Х нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож авах боломжгүй гэж  маргажээ.

Д.Б , Д.Д нар нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 17156 дугаартай Орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 120 сарын хугацаатай, жилийн 19,8% хүүтэйгээр зээлсэн болох нь Зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-8-р хуудас/

            Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулан мөнгийг зээлдэгчид шилжүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 Зээлийн гэрээнд зээлдэгчийн санаачлагаар зээлийн гэрээ цуцлах тухай тусгагдаагүй ч  тус гэрээний 6.1.1-т зааснаар Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэсний дагуу зээлдэгч зээлийн гэрээ цуцлахыг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль болон гэрээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм./хх-ийн 6-р хуудас/

Хариуцагч Х нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх ашгийг хөндөөгүй байна.

Харин Д.Б , Д.Д нар болон Х ны хооронд байгуулагдсан Барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1.-д Барьцааны зүйлд барьцаалбар үйлдэхгүй бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар шүүхийн журмаар худалдан борлуулна гэсэн байх тул зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 44 тоот 3 өрөө орон сууцыг шууд зээлийн төлбөрт тооцох үндэсгүй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 44 тоот 3 өрөө орон сууцыг зээлийн төлбөрт тооцож авахыг Х инд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Х нь Д.Б , Д.Д нарт холбогдуулан 101 989 609,12 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Зээлдэгч Д.Б , Д.Д нь зээлийг төлөх эд хөрөнгө, цалин, хөлсгүй тул барьцаа хөрөнгөнөөс гаргуулан өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

Хариуцагч нар нь дээрх гэрээний дагуу үндсэн зээлд үндсэн зээлд 6 068 119,87 төгрөг, хүү 30 738 054 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 537,86 төгрөг нийт 36 809 711,73 төгрөг төлснийг хасаж үндсэн зээлийн үлдэгдэл 93 931 880,13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8 018 602,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 39 126,63 төгрөг, нийт 101 989 609,12 төгрөгийг зээлдэгч Д.Б , Д.Д нараас гаргуулах үндэстэй.

Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009793 дугаарт бүртгэлтэй, 000335658 дугаарын гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 44 тоот 3 өрөө орон сууц барьцаалагдсан байх тул зээлдэгч нар  үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй./хх-ийн 31-38-р хуудас/

Д.Б , Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэж, тов дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “... нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх  хэргийн нотлох баримт болон  бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болортуяа нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 106 дугаар зүлйинй 106.5., 115.2.1.,115.2.2., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан зээлдэгч Д.Б , Д.Д   зээлдүүлэгч Х ны хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Б , Д.Д нараас 101 989 609,12 /нэг зуун нэг  сая есөн зуун наян есөн мянга зургаан зуун есөн төгрөг, арван хоёр мөнгө /  төгрөг гаргуулж Х инд олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009793 дугаарт бүртгэлтэй, 000335658 дугаарын гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 44 тоот 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож авахыг Х инд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.,106 дугаар зүйлийн 106.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Х наас  улсын тэмдэгтийн хураамжид 657950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б д олгож, хариуцагч Х наас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б гээс улсын тэмдэгтийн хураамжид 667936 төгрөг гаргуулж хариуцагч Х инд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                         

                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО