| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0196/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2019-08-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 217
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Улсын яллагч: С.Болорзул,
Шүүгдэгч: Б.Т, Ч.Б тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,
Шүүгдэгч: Шүүгдэгч: Б.Ц түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор С.Болорзулаас Б.Ц, Ч.Б, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005590231 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 сарын 18-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Т,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ч.Б
3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй . Б.Ц,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч: Б.Т, Ч.Б, Б.Ц нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай 1 дүгээр багийн нутаг Цахирын бууц гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Дийн эзэмшлийн 4 тооны монгол зүсмийн үхэр хулгайлж бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтад өгсөн.
..Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Маргааш нь өглөө сэрээд цай ундаа уугаад сууж байхад Б би цэргээс гаргуулах гэж байгаа надад мөнгөний хэрэг байна би танд мал өгье та зарж борлуулж өгөөч ээ гэж Ц ах руу хандаж хэлсэн. Тэгсэн Ц ах Говь- Алтайд аваачиж борлуулж өгч болно гэж 'хэлсэн. Ингээд сууж байхдаа Б, Цад хандаж би хүний үхрээс хулгайлаад авчирч өгнө шүү дээ гэж хэлэхэд за яах вэ би борлуулаад өгч болж байна хэлсэн. /Тухайн үед Ц ах Говь-Алтай руу явах ажилтай байна гэж хэлж байсан/ Ингэж яриа өрнөөд Б бид хоёр гэрээс цуг гарсан юм. Тухайн үед Б надад өөрийнхөө адуундаа хүргээд өгөөчээ гэж гуйхаар нь түүнийг адууг олж өгөхөөр цуг явсан юм.Тэгэхэд 11 цаг болж байсан ба би өөрийнхөө мотоциклийг жолоодоод ардаа Быг суулгаад түүний адууг хайсан боловч олдоогүй тэгээд бид хоёр буцаад явж байхад Б надад хандаж Ц ах надад сая Жадамбын үхрээс аваарай гэж хэлсэн талаар ярьсан. Тэгээд бид хоёр тэдний үхрийг хайсан боловч олдоогүй тэгэхээр нь гэрлүүгээ буцаад явж байхдаа би өөрийнхөө адуугаа дурандаад сууж байхад юм харагдаагүй тэгээд Б дуранг аваад үзээд сууж байгаад тэнд Дэлдээ гэж дууддаг айлын үхэр Цахир үзүүр гэх газарт байх үеэр урсдаг сайрын дагуу бэлчиж байна хоёулаа очъё гэж хэлсэн. Мөн очоод хүлж хайчихъя гэхээр нь би яах юм бэ гэж хориглосон боловч тэр үгүй гэсээр байгаад миний мотоциклийг асаагаад явах гээд байхаар нь би түүний ард нь суусан юм. Тэгээд бид хоёр тухайн үхэр байсан газар дээр очоод 3 улаан, 1 хар зүсмийн /хязаалан, соёолон/ насны нийт 4 тооны үхрийг хүлсэн юм. Б морь барина гэж явж байсан ба түүний авч явсан шуудайн дотор бугуйл, мяндас, хазаар зэрэг зүйлсийг хийсэн байсан ба тухайн бугуйлын мяндсаар 4 тооны үхрийг бид хоёр хүлсэн юм. Тэдгээрийг хүлж хайчихаад буцаад гэртээ очоод Цад, Б би 4 үхэр хүлчихлээ та очоод ачаадхаач гэж хэлэхэд тэр би ачихгүй монгол үхэр баригдана шүү дээ гэж хэлэхэд Б, Цад хандаж та очоод аччих л даа гэж байсан боловч Ц ах яваагүй юм. Тэгээд буцаад Б бид хоёр тэдгээр үхрүүдийг тавих гээд очиход хар, улаан зүсмийн 2 тооны үхрийн гэдэс нь дүүрч үхсэн байсан нөгөө хоёрыг нь тавьж явуулсан. Тухайн үед Б бид хоёр хоорондоо яриад чононд бариулсан юм шиг харагдуулахаар миний биед байнга явж байдаг урт балиус хутгаар гэдэс нь дүүрсэн хоёр үхрийн хоолойны хэсгийг нь огтлоод хаячихаад яваад өгсөн. Миний өөрийн эзэмшлийн 2017 оны намар 1 700 000 төгрөгөөр худалдан авсан “Мустанг-5” маркийн мотоцикл байсан. Үхрүүдийг огт туугаагүй юм байгаа газарт нь хөөгөөд барьсан юм. Мотоцикпийг ашигласан зүйл байхгүй. Одоо энэ мотоциклоо 300.000 төгрөгөөр үнэлж байна... /2 жил унасан хуучин мотоцикл байгаа, ногоон өнгөтэй гэх/хх-ийн 148-150-р тал/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Шүүгдэгч Ч.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:
...орондоо орсны дараа Ц ах надад үхрийн мах хэрэгтэй байна та 2 яваад зүүн талд харагдаж байсан олон үхрээс хоёрыг нь юм уу гурвыг нь тасдаад хөөгөөд ир Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд миний таньдаг махны ченж ах байдаг юм гаргаад би тийш нь машинаар ачаад явъя гэсэн. Тэгээд Т ахын мотоциклтой бид хоёр цагийн нь сайн мэдэхгүй байна бүрэнхий болсон байсан / уг үхэр дээр очоод 4 эр үхэр газар дээр нь бугуйлдаж барьж аваад тэнд нь унагаж хүлчхээд эргээд Ц ахынд ирээд үхрээ хүлчихлээ та очоод ач гэж хэлсэн чинь сарлагийн үхэр юм уу монгол үхэр юм уу гэсэн монгол гэсэн чинь монголын үхэр хулгай хийвэл амархан баригддаг юм очоод тавьчих гэсэн тэгэхээр нь бид хоёр эргэж үхэр хүлсэн газраа мотоциклтой давхиж ирсэн чинь хоёр эр үхэр нь гэдэс нь дүүрээд үхсэн байсан. Тэгсэн чинь Т ах гутлынхаа түрүүнээс бор иштэй урт хутга гаргаж ирэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь ингэхээр чоно нохой барьсан юм шиг харагддаг юм гээд хоолой буюу багалзуурыг нь огтлоод байсан. Тэгээд цаана нь хүлсэн 2 үхэр дээр ирсэн чинь тэр 2-ын гэдэс нь дүүрчихсэн амьд байхаар нь хүлээг нь тайлаад тавьж явуулсан. Ингээд тэндээсээ шууд Баянбулаг сумын төв орж ирээд бид 2 манайд хоносон. /хх-86-87-р хуудас/ “...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Хутга болохоор Тых байсан. Хаана байгаа эсэхийг тэр өөрөө мэдэх байх. Бугуйлыг тэгээд хаясан байх. Одоо бол байхгүй хаана хаясан болохоо мэдэхгүй байна /хх- 145-147-р хуудас/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
5.Шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр миний бие муу худаг гэх газарт байх гэртээ ганцаараа байсан. Б.Т, Ч.Б нар ирээд 4 тооны монгол үхэр хүлчихлээ та зарж борлуулаад өг гэхээр нь би чадахгүй та нар яах гэж байгаа юм гэхэд, Ч.Б надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 153-154/,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
7. Хохирогч Г.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манайх 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хүрээмарал сумын төвд Цэргийн зарлан тараагаад явж байсан чинь манай ээж З 93277799 дугаарын утаснаас Баянбулаг сумын нутаг Цахирын үзүүрийн зүүн талд хээр бэлчээрт байсан үхрээс чинь хоёр үхрийг нь хээр нядлаад хоёр үхрийг нь тушаад орхисон байна гэж ярьсан тэгэхээр нь дөрвийн дөрвөн үхэр юу гэж хулгай хийж хээр гаргахав ямар нэгэн өвчнөөр үхсэн байж магадгүй гэж бодоод миний өөрийн төрсөн ах Г.Гомбосүрэн, малын эмч Н, сумын цагдаа Б.Доржбат нарт дуудлага өгөөд тэд нарыг явуулсан тухайн үедээ Г.Гомбосүрэн ахын үхэр байж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн юм. Гэтэл тэд нар очоод манай үхэр байна ямар нэгэн өвчний шинж алга хоёр эх үхрийг нь нядалсан юм шиг байна 2 эр үхрийг нь хүлж байгаад тавьсан бололтой байна гэж ярьсан. Ингээд аймгийн төвийн цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг... /хх-ийн 64-65/,
8.Хохирогч Ш.Гийн мөдөн байцаалтад өгсөн:
... Тус хэрэгт урьд нь хохирогчоор оролцож байсан Г.Д нь миний төрсөн хүүхэд юм байгаа. Түүний хувьд саяхан өвчний улмаас нас барсан юм. Иймд би энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа юм. Надад хэргийн талаар мэдэх зүйл алга байна. Мэдэх зүйл гэх юм бол манай хүүгийн 4 тооны үхрийг хээр үхсэн байсан. Ч.Б, Б.Т нар нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төгрөгийг хохирлыг нөхөн барагдуулж өгсөн. Одоо надад ямар нэгэн санал байхгүй миний бие настай учир шүүх хуралд сууж чадахгүй гэх мэдүүлэг/хх-ийн 74-75-р тал/
9. Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт
Би 2018 оны 09 дүгээр сарын 29-нд Баянбулаг сумын 1 багийн нутаг “Муу ус” худаг гэх газар Б.Ц, Ч.Б, нарын хамт гэртээ байж байсан чинь Ч.Б би цэргээс гаргуулах гэж байгаа тул мөнгөний хэрэгтэй байна. Тиймээс би үхэр гаргаж өгье Б.Ц ах та борлуулж өг гэсэн чинь тэгье гэсэн тэгээд Ц ах бид хоерт та яваад хоёр монголтой Жадамба гэх айлийн сарлагын үхэрнүүд байгаа тэр үхэрийг олоод “Замын бууц” гэх газрын ар талын жалганд 2-3 үхэрийг нь нядалчихаад нэг нь ирээд хэл би очиж ачаад Говь-Алтай явна гэж хэлсэн. Ингээд бид 2 миний эзэмшлийн улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикльтой өдрийн 11 цагийн орчимд гэрээсээ гараад уг үхэрийг хайгаад олоогүй ингээд орой цагийг нь сайн мэдэхгүй байна бүрэнхий болж байсан гэрлүүгээ буцаад явж байсан чинь 1 дүгээр багийн нутаг Цахирын үзүүрийн зүүн талд алагтай олон Монголын үхэр байсан тэгтэл Ч.Б энэн үхэрнээс хэдэн монгол хүлчихээд Б.Ц ахад очоод хэлье гэсэн тэгээд уг үхэр дээр очоод 4 эр үхэр бугуйлдаж бариад газар дээр нь хүлчихээд гэртээ очиж Б.Ц ахад очиж хэлсэн тэгтэл Б.Ц ах монголын үхэр хулгай хийвэл амархан баригддаг юм буцаж очоод тавь гэсэн ингээд бид хоер эргэж ирээд тавих гэсэн чинь хоер нь гэдэс нь дүүрээд үхсэн байсан. хоер нь үхээгүй байхаар нь тавьсан ингээд үхсэн хоер үхэрийн багалзуурыг нь хутгаар огтолж чоно нохой барьсан мэт болгоод чвсан тэндээсээ бид хоер Баруун уулын “Дэвхрэг” гэх газар хөөж очоод хээр хадан дотор хоносон. Тэндээсээ өглөө эрт босоод чононд сууж чоно хөөж байгаад орой нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 30-ний орой сумын төв орж ирсэн гэтэл манай буурай ээж нас барсан ажил явдал гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-88-89/.
... Ч.Б цэргээс гаргуулах мөнгө хэрэгтэй байна. Би үхэр гаргамаар байна та борлуулаад өгөөч гэж Б.Ц ахад хэлсэн. Мөн ачиж явах машин хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн Б.Ц ах Б бид хоёрт та 2 яваад Жадамба гэх айлын сарлагын үхэрнүүд байгаа тэр үхрийг олоод Замын бууц гэх газрын ар талын жалганд 2-3 үхрийг нядалчихаад нэг нь тэндээ махаа харж үлдээд нэг нь ирж хэлээдэх би очиж, ачиж аваад Говь-Алтай явна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-93-94/,
10. Шүүгдэгч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт
... Тухайн үед би цэргээс гаргуулах, цэрэгт явахгүйгээр мөнгө өгөөд болиулах гээд байсан гэх/ хэрэгтэй байсан учир Ц ахад хандаж би цэрэгт явмааргүй байна. Надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгсэн Ц, Жадамбын үхрнээс 2 тооны сарлагын үхрийг “Замын бууц” гэх газарт байх манай аваачиж гаргаж, нядлаад нэг нь тэндээ махаа харж үлдээд нэг нь надад ирээд хэл хүргэ тэгээд би очиж, ачиж аваад Говь-Алтай явна гэж хэлсэн. Говь-Алтайд хаана хэн гэдэг хүнд аваачиж өгөхөө хэлээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 103-105/
11. Гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө босоод хониндоо явж байтал Сайрын бууц гэх газар хониныхоо түрүүнд гарч ирсэн тэгтэл 2 үхэр хэвтэж байсан тэгээд би нөгөө хэвтэж байсан 2 үхэр дээр очиход мотоциклийн мөр байсан тэгэхээр нь буцаад эзэнд нь хэлэх гэж явж байтал бас нэг үхэр доголчихсон байсан. Тэгээд шууд гэртээ ирээд Г гуайд хэлсэн. Намайг очиход 2 үхрийг алчихсан байсан... /хх-ийн 76-77/,
12. Гэрч Л.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Одоо тухайн үеийн он, сар, өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна.Тэгэхэд Д өөрөө сумын төвд байсан ба гэрт хөгшин би Г бид хэд байцгаасан юм. Тэгсэн нэг өглөө Г хониндоо яваад удаагүй эргээд ирсэн. Тэр эргэж ирснээ “Цахирын үзүүр” гэх уулын зүүн талын завсарт Гомбосүрэн ахынх юм уу 2 тооны үхэр үхсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Гийн араар нь суугаад мотоциклтой сүлжээнд гараад Гомбосүрэнтэй утсаар ярьсан. Тэгсэн Гомбосүрэн тэр өдөртөө сумын төвөөс малын эмч, хэсгийн цагдаатай цуг ирсэн. Тэгэхээр нь түүнийг нөгөө газарт дагуулж очоод үзсэн чинь нэг хар, нэг улаан зүсмийн 2 тооны Дийн үхэр үхсэн байсан мөн хажууд нь 2 улаан үхэр явж чадахгүй зогсоод, хэвтээд байсан хөлд нь нарийхан юмаар боож багласан юм уу явж чадахгүй байсан. Тэгээд малын эмч, цагдаа хоёр үхсэн 2 үхрийг үзээд ямар нэгэн өвчний улмаас биш байсан хүн алсан байна гэж хэлсэн. Мөн хажууд нь явж чадахгүй байсан 2 тооны үхрийг мөн тэдгээр хүмүүс газарт хэвтүүлээд баглаад шөрмөсийг нь гэмтээсэн юм шиг байна гэж хэлсэн. Үхсэн 2 тооны үхрийн хоолойны хэсгийн огтлоод хаясан байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч шалгасангэх мэдүүлэг /хх-ийн 35-36/.
13.Гэрч Ж.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Одоо тухайн үеийн он, сар, өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна.Тэгэхэд Д өөрөө сумын төвд байсан ба гэрт хөгшин би Г бид хэд байцгаасан юм. Тэгсэн нэг өглөө Г хониндоо яваад удаагүй эргээд ирсэн. Тэр эргэж ирснээ “Цахирын үзүүр” гэх уулын зүүн талын завсарт Гомбосүрэн ахынх юм уу 2 тооны үхэр үхсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Гийн араар нь суугаад мотоциклтой сүлжээнд гараад Гомбосүрэнтэй утсаар ярьсан. Тэгсэн Гомбосүрэн тэр өдөртөө сумын төвөөс малын эмч, хэсгийн цагдаатай цуг ирсэн. Тэгэхээр нь түүнийг нөгөө газарт дагуулж очоод үзсэн чинь нэг хар, нэг улаан зүсмийн 2 тооны Дийн үхэр үхсэн байсан мөн хажууд нь 2 улаан үхэр явж чадахгүй зогсоод, хэвтээд байсан хөлд нь нарийхан юмаар боож багласан юм уу явж чадахгүй байсан. Тэгээд малын эмч, цагдаа хоёр үхсэн 2 үхрийг үзээд ямар нэгэн өвчний улмаас биш байсан хүн алсан байна гэж хэлсэн. Мөн хажууд нь явж чадахгүй байсан 2 тооны үхрийг мөн тэдгээр хүмүүс газарт хэвтүүлээд баглаад шөрмөсийг нь гэмтээсэн юм шиг байна гэж хэлсэн. Үхсэн 2 тооны үхрийн хоолойны хэсгийн огтлоод хаясан байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч шалгасан /хх- 99-100/.
14.Гэрч М.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр байх намайг сумын төвд байх гэртээ байх байхад Д ирээд 2 тооны үхэр үхсэн байна өвчний улмаас үхсэн байна уу та сумын цагдаатай цуг явчхаад ир гэж хэлсэн. Тэгээд сумын хэсгийн цагдаа, мөн Дийн ах нь болох Гомбосүрэн бид хэд Хүрээмарал сумын Цахирын бууц гэх газарт очсон юм. Тэр газарт очиход 2 тооны үхэр үхсэн байсан, 2 үхэр нь болохоор тушааны ортой доголон зогсож байсан , Би бодохдоо 4 тооны үхрийг тушиж үлдээгээд үүнээс 2 нь үхсэн болов уу гэж бодсон. Үхсэн 2 тооны үхрийг үзэхэд хөлөнд нь хүлсэн гэмээр ором үүссэн байсан мөн шанаа хүзүү тус газарт нарийхан юмаар хатгасан байсан юм. Ерөнхийдөө чоно мал барьсан гэж харуулахаар тэгсэн байж магадгүй гэж хоорондоо ярьсан юм. Үхсэн 2 тооны үхэрт ямар нэгэн өвчний шинж тэмдэг ажиглагдаагүй. /хх-101-102-р хуудас/
15.Гэрч Ч.Пгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
... Бын хувьд миний дараагийн дүү юм. Түүний хувьд эхнэр 2 хүүхэд, эцэг, эх дүүгийнхээ хамт Баянхонгор аймгийн Баянбулаг суманд мал маллаж оршин суудаг. Түүний хувьд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 9-н жилийн дунд сургуулийг 9 дүгээр анги хүртэл суралцаж төгссөн. Ерөнхийдөө бүрэн бус дунд боловсролтой цэргийн алба хааж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй бүжиглэх авъяастай, зарим нэг уралдаан тэмцээнүүдэд оролцож шагналт байрууд эзэлж байсан... гэх мэдүүлэг /хх-108-109/.
16. Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Бид нар эхээсээ 3-лаа юм байгаа. Хамгийн том нь манай эгч тэгээд Т ах дараа нь би юм. Ахын хувьд 1997 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Одоо оныг нь сайн санахгүй байна. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 9-н жилийн дунд сургуульд суралцаж байгаа сүүлд аймагт төвд шилжиж ирээд 10 жилд суралцаж байгаад төгссөн. Бүрэн дунд боловсролтой, Түүнийг төгсдөг жил аав нас бараад ах хэдий ШУТИС-д хуваарь авсан ч гэлээ явж чадаагүй юм. Тэгээд тэрнээс хойш мал дээр байгаа. Сургуулиа төгссөн жилийн дараагийн жил нь Овоотын цэргийн ангид алба хаагаад ирсэн. Би өөрөө аймгийн төвд сургуульд суралцаж байгаа юм. Ах болохоор эгч, ээжийн хамт хөдөө мал дээр байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 110-11/,
17. Гэрч Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Цийн хувьд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Эхээсээ дөрвүүлээ ба айлийн хамгийн бага нь дээрээ 2 эгч, нэг ахтай ба Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт мал, маллаж оршин суудаг. Эхнэр хүүхэдтэй ба эхнэр нь болохоор Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 9-н жилийн дунд сургуулд бага ангийн багш, хүүхэд нь цэцэрлэгт байдаг. Эхнэр хүүхэд нь байнга сумын төвд байдаг ба Ц заримдаа малаа айлд тавьдаг тэгээд өөрөө ирж, очно байдаг юм. Хувьдаа гайгүй малтай . Мөн марь уядаг 2018 онд аймгийн алдарт уяач болсон юм байгаа. Харин сургууль соёлд сурч байгаагүй... гэх мэдүүлэг /хх 12-13/
18. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн №244 дугаартай шинжээчийн:
1. Хязаалан насны үхэр 600.000 төгрөг
2. Соёолон насны үхэр 800.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-117-р хуудас/
19. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн №228 дугаартай шинжээчийн:
1. Соёолон насны тарган үхэр 4 настай 2 ширхэг нэг бүрийн үнэ 650.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн120-121 -р хуудас/
15. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №22 дугаартай шинжээчийн:
1. Мустанг-5 маркийн мотоциклийг 700.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 124-125/ болон, 29 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 58-60 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 62-63 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн 155-156, 166 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Т нарын багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 157-158 дүгээр хуудсанд авагдсан тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, хавтаст хэргийн 159-164 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Ц, Б.Т, Ч.Б нарын урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 165 дугаар хуудсанд авагдсан Ч.Бын суурь боловсролын гэрчилгээ, хавтаст хэргийн 167-172 дугаар хуудсанд авагдсан Тын хувийн хэрэг, хавтаст хэргийн 175-178 дугаар хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан дүгнэлтдээ: Б.Ц нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан, мөн шүүгдэгч Б.Т, Ч.Б нар нь Б.Цтай сарлагын үхэр авчирна гэж тохирч явснаас зөрж монголын үхэр хулгайлсан байсныг Б.Ц нь болиулсан тул ял оногдуулахгүй байх дүгнэлтийг гаргаж шүүгдэгч Б.Т, Ч.Б нарын өмгөөлөгч нь гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэслнээр шүүгдэгч Б.Ц нь шүүгдэгч Б.Т, Ч.Б нарыг Жадамбын сарлагын үхрийг хулгайлж авчрах талаар үгсэн тохиролцож явуулсан боловч шүүгдэгч Б.Т, Ч.Б нар нь Г.Дийн 4 тооны монголын үхрийг хулгайлж хээр хүлж орхиод Б.Цад хэлэхэд Б.Ц нь монголын үхэр баригдах нь амархан буцааж тавь гэж явуулсан үйлдэл нь өөр гэмт хэрэг зөрж үйлдсэн гэж үзэхгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц Б.Т, Ч.Б нар нь үхэр хулгайлах талаар үгсэн тохирсон байсан бөгөөд монголын үхэр хулгайлсаныг өөр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, харин өөр төрлийн орон байрны хулгай эсхүл бусад гэмт хэрэг Б.Цад хэлэлгүй хийж гүйцэтгэсэн бол зөрж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Мөн шүүгдэгч Б.Т, Ч.Б нар монголын үхэр хулгайлж хээр хүлж орхисон талаар Б.Цад хэлж Б.Ц нь очиж тавь гэж явуулсан нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан гэж үзэхгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц нь үхэр хулгайлах талаар анхнаасаа үгсэн тохирсон бөгөөд шүүгдэгч Б.Т, Ч.Б нарыг үхэр хулгайлах гэмт хэргийг төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч үүнийг өөрийн хүсэл зоригоос хамаарч болиулаагүй нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан гэж үзэхгүй юм.
Иймд өмгөөлөгч Н.Энхжаргалаас гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Т, Ч.Б нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Цахирын бууц” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Дийн эзэмшлийн дөрвөн тооны монголын үхрийг хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон,
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б.Т, Ч.Б нартай бүлэглэн бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсны улмаас шүүгдэгч Б.Т, Ч.Б нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Цахирын бууц” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Дийн эзэмшлийн дөрвөн тооны монголын үхрийг хулгайлж 2.700000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч Г.Д, Ш.Галсанжамц, гэрч Ж.Г, Ж.З, М.Н, нарын мэдүүлэг, болон Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 228 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Т, Ч.Б, Б.Ц нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Т, Ч.Б, Б.Ц нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч шүүгдэгч Б.Т, Ч.Б, Б.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэднийг тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт шүүгдэгч Б.Т, Б.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.Б, Б.Ц нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б арван нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэв.
Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Тын эзэмшлийн ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоцикль буюу түүний үнэ долоон зуун мянган төгрөгийг шүүгдэгч Б.Т, Ч.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т, Ч.Б, Б.Ц нарт үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч шүүгдэгч Ч.Быг цагдан хорих байрнаас суллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т, Ч.Б, Б.Ц нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Т, Ч.Б, Б.Ц нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Шүүгдэгч Б.Т, Ч.Б, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар ялтан Б.Т, Ч.Б, Б.Ц нарт үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан Б.Т, Ч.Б, Б.Ц нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Т, Ч.Б, Б.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, Б.Т, Б.Ц нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ч.Б нь арван нэг / 11 / хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.Тын “мустанг”-5 маркийн мотоцкл буюу түүний үнэ долоон зуун мянган / 700.000 / төгрөгийг шүүгдэгч Б.Т, Ч.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Быг ял оногдуулахгүйгээр тэнссэн тул шүүгдэгч Ч.Быг цагдан хорих байрнаас суллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Т, Ч.Б, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т, Ч.Б, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ