Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 518

 

 

А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Амгаланбаатар,

Ялтан А.Алтантөгс,

Ялтан А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Б.Болортуяа,

Ялтан Х.Түвшинжаргалын өмгөөлөгч Н.Дашдулам,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Х.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Н.Дашдулам, ялтан А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарт холбогдох 201625022839 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Илжигин овогт Азарнавагийн Алтантөгс, 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн инженерийн 4 дүгээр дамжааны оюутан, “Доктор авто сервис” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 12 дугаар гудамжны 203 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 50-50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УК89102156/,

Еншүб овогт Хүрэлбаатарын Түвшинжаргал, 1994 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 50-50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УК94082103/,

А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lazer” бааранд үйлчлүүлж байхдаа, Ч.Батболдыг “Х.Түвшинжаргалын нурууг илж, нүүр лүү нь алгадлаа” гэж Ч.Батболд, Б.Батсүрэн нарын толгой руу мөргөж, газар унагаан нүүр, толгой руу нь гараараа цохиж, өшиглөснөөс Ч.Батболдын биед “уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, баруун шанаа хацарт цус хуралт, баруун талын завьжинд шарх, Б.Батсүрэнгийн биед “баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун сарвуунд шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Х.Түвшинжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Lux” бааранд З.Үжинг үсдэж, нүүр лүү нь 2-3 удаа цохисноос түүний биед “зүүн нүдний дотор булан хэсэг, хөмсөгний дотор хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас А.Алтантөгсөд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар, Х.Түвшинжаргалд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, Х.Түвшинжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар А.Алтантөгсийг 260 цаг албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Х.Түвшинжаргалыг 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Х.Түвшинжаргалыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар А.Алтантөгсийг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан Х.Түвшинжаргалын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Түвшинжаргалаас нийт 88.000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Үжинд олгож, хохирогч З.Үжингийн 625.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Х.Түвшинжаргалын бага насны хүүхэд Б.Өнөбилэгийн асран хамгаалагчийг тогтоох асуудлыг харъяалах дүүргийн Засаг дарга шийдвэрлэх хүртэл Б.Өнөбилэгийг асран хамгаалалтандаа байлгахыг Х.Түвшинжаргалыг төрсөн эх Д.Тунгалагт хариуцуулж шийдвэрлэжээ.

Ялтан Х.Түвшинжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж, нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие нөхөр А.Алтантөгсийн хамт 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой “Lazer” нэртэй бааранд ороод нэг нэг пиво авсан боловч уугаагүй бүжиглэж байтал хохирогч нар эхэлж хэл үгээр доромжилж, шанаан тус газар гараа атгаж байгаад цохисноос болж ийм асуудал үүссэнд үнэхээр харамсаж байна. Би 1.52 метр өндөртэй, 46 кг жинтэй, хохирогч гэх хоёр залуугийн нэгэнд доромжлуулж цохиулаагүй байсан бол манай нөхөр бид хоёр тийм үйлдэл хийхгүй байсан. Энэ хэрэгт хохирогч нарын зүй бус үг хэллэг, үйлдэл шууд нөлөөлсөн. Миний үйлдлийн улмаас хохирогч нарт гэмтэл учраагүй гэж үзэж байна. Манай нөхөр намайг өмөөрч эцэст нь ял шийтгэлүүлсэнд харамсаж байна.

Би найз З.Ганжаргалын хамт 2016 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө “Lux” бааранд ороход үүдэнд хохирогч З.Үжин хүмүүстэй хэрэлдээд байж байсан. Дараа нь миний араас ирээд цохиод “юу гэж муухай хараад байгаа юм бэ” гэхээр нь найздаа энэ тухай хэлэх зуур миний үснээс татаад сандлаас унагаасан ба би түүний үснээс нь зулгаагаад зууралдсан. Намайг дээшээ өндийхөд түүний нүүрээс цус гарч байсан. Би огцом дээшээ толгойгоо өргөхдөө түүнийг цохисон байж магадгүй гэдгээ хэлсээр байхад намайг танхайрч бусдад гэмтэл учруулсан гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Миний хувьд  бааранд ороод удаагүй, эрүүл байсан. Харин З.Үжин согтуу байсан нь гэрч Б.Номингийн шүүхийн хэлэлцүүлэгт “бааранд орохоос өмнө тус бүр 2-3 пиво уусан байсан” гэх мэдүүлгээр нотлогдоно. Би хохирогч руу нэг ч үг хэлээгүй, шүлсээ хаяагүй, түүн рүү чиглэсэн үйлдэл огт хийгээгүй тул гомдолтой байна. Хохирогч нарын буруутай үйлдлийн улмаас ял шийтүүлж байгаадаа гомдолтой байна. Хохирогч З.Үжингийн найз гэрч Б.Номин “З.Үжин над дээр ирээд урд талын охин над руу шүлсээ хаяад байна гэж хэлсэн” гэдэг бол хохирогч З.Үжин нь “бүжгийн талбай руу намайг чиглүүлээд нулимаад, шүлсээ хаяад муухай хараад өөдөөс харсан эмэгтэйтэй юм яриад байсан” гэж мэдүүлсэн. Гэвч бааранд З.Үжин рүү нулимаад, шүлсээ хаяад байхад баарны ажилчид юм хэлэхгүй байх уу. Тухайн үед би эрүүл, бааранд ороод удаагүй байхад өөрөө эхэлж үсдсэн атлаа намайг ийнхүү доромжилж байгаад гомдолтой байна. Миний охин 3 нас хүрээгүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэж байгаа бөгөөд шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах эсвэл зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх боломжтой байтал эрх зүйн байдлыг минь дордуулж ял шийтгэл оногдуулсан...” гэжээ.

Ялтан Х.Түвшинжаргалын өмгөөлөгч Н.Дашдулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлтийг Ч.Батболд эхэлсэн эсэхийг тогтоогоогүй, бүжгийн талбайд эхэлж цохиж байгаа нь камерын бичлэгээс харагддаг. Мөн З.Үжингийн биед учирсан гэмтэл нь төрийн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцад учруулсан гэмтэл гэх боловч шинжээчийн дүгнэлтэд гэмтэл учрах, гэмтэл учруулахаар үйлдэл байсан уу гэдгийг тодруулах шаардлагатай юм.

Шүүх шийдвэрээ гаргахдаа таамаглалд үндэслэж дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч “Х.Түвшинжаргал нь олон нийтийн газар шүлсээ хаях, хохирогч руу муухай харах зэргээр бусдыг илтэд үл хүндэтгэсэн авир гаргасан бөгөөд уг шалтгааныг тодруулж асуух гэсэн З.Үжинг үл ялих зүйлээр шалтаглан зодож хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлт байсныг харуулж буй бөгөөд...” гэжээ. Хэрэгт авагдсан хохирогч З.Үжин “...би тэр эмэгтэйг огт танихгүй, бид хоорондоо маргалдсан зүйл байхгүй” /хх-149-150/ гэсэн байх ба хохирогч руу муухай харсан гэх дүгнэлт нь дан ганц хохирогчийн субьектив бодол санаанд үндэслэж таамагласан гэж үзэхээр байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон яллагдагч нарын мэдүүлгээс хохирогч З.Үжин “муухай харлаа” гэх шалтгаанаар очиж хэрүүл, маргаан үүсгэсэн болох нь тодорхой байхад хэт нэг талыг барьж дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт цагаатгах болон яллах талын нотлох баримт цуглуулах шаардлагатай ажиллагаа огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл зайлшгүй асуух шаардлагатай гэрчийг асуугаагүй. Хохирогч З.Үжин шүүхийн хэлэлцүүлэгт “...талбайн баруун талд хоёр охин сууж байснаа хоорондоо шивнэлдээд над руу муухай хараад байсан...” гэжээ. Уг хэрэг болоход Х.Түвшинжаргал нь өөр нэг охинтой хамт явж байсан байдаг ба уг хүний З.Ганжаргал гэдэг талаар тайлбар болон байцаалт өгөх явцад хэлсэн. /хх-143-144, 160, 177, 150-151/ Гэтэл гэрчээр тогтоон мэдүүлэг авалгүй, шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж байгаачлан муухай харсан шалтгааныг тодруулах гэж очсон хохирогчийг ямар үл ялих зүйлээр шалтаглан зодсон болохыг тодруулах нь зүйтэй.

Мөн хохирогчийн найз гэх гэрч Б.Номингийн “...З.Үжин нь нөгөө охины /Х.Түвшинжаргал/ араас нь гараараа тэмтрээд дуудаж байгаа харагдсан. Сууж байсан чинь З.Үжин ирээд урд талын охин над руу шүлсээ хаяад байна гэсэн...” /хх-167/, Х.Түвшинжаргалын “...Би зодож танхайрсан асуудал байхгүй, намайг З.Үжин зүгээр сууж байхад нурууны гол хэсэгт нэг удаа цохисон. Би эргэж хараад “яасан” гэтэл “үхсэндээ муухай хараад байгаа юм гичий минь” гэхээр нь би эргэж хараад суусан. Тэгээд сандал дээр сууж байхад үснээс зулгаахаар нь би салгах гээд түүнийг үсдсэн...” /хх-176/ гэж мэдүүлсэн ба гэмт хэргийн сэдэлт тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар ажиллагаа хийгдээгүй “Lux” баарны тухайн үед ажиллаж байсан үйлчлэгч, бармен гэх хүмүүсээс болсон хэргийн талаар асуугаагүй, гадаа нь зогсож байсан хамгаалагч Б.Тэнгис, Г.Сэргэлэн гэх хоёр хүнийг асуусан. Тэдгээр хүмүүсийн гэрчийн байцаалтад “Тухайн үед дотор ажиллаж байсан хамгаалагч нар ажиллахгүй байгаа” гэсэн байдлыг харахад дотор ажиллаж байсан хамгаалагч, DJ, үйлчлэгч нараас асууж нотлох боломжтой ажиллагаануудыг хийгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргасан боловч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар миний үйлчлүүлэгч Х.Түвшинжаргалын эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн нөхцөл байдал гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой. Танхайн үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад “бүлэглэж” гэж заасан бөгөөд Х.Түвшинжаргал энэ хэрэгт ганцаараа үйлдсэн гэж шалгагдаж байсан тул бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарна. Иймд ашигтайгаар шийвэрлэж өгнө үү..” гэв.

Ялтан А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Х.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 1 хоног баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Х.Түвшинжаргал нь нөхөр А.Алтантөгсийн хамт 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой “Lazer” бааранд ороод нэг нэг пиво авсан ч уугаагүй, бүжиглэж байхад хохирогч нар эхэлж доромжилж, зүүн талын шанаан тус газар гараа атгаж байгаад цохисноос болж ийм асуудал үүссэн байдаг. Энэ хэрэгт хохирогч нарын зүй бус үг хэллэг, үйлдэл шууд нөлөөлсөн. Х.Түвшинжаргалын үйлдлийн улмаас хохирогч нарт гэмтэл учраагүй гэдгийг шүүхийн хэлэлцүүлэг дээр хохирогч Ч.Батболд, Б.Батсүрэн нар нотолдог. Мөн энэ хэрэгт А.Алтантөгс эхнэрээ өмөөрч асуудлыг хурцадмал байдалд хүргэсэндээ харамсаж хэргээ хүлээн мэдүүлдэг.

Х.Түвшинжаргал нь найз Ганжаргалын хамт 2016 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө “Lux” бааранд ороход үүдэнд хохирогч З.Үжин нь хүмүүстэй хэрэлдээд байж байсан, дараа нь миний араас ирээд гараараа цохиод “юу гэж муухай хараад байгаа юм бэ” гэхэд нь юу ч хэлээгүй. Харин найз З.Ганжаргал нь юу болсон тухай асуухад “юу гэж муухай хараад байгаа юм бэ” гэнээ гэх зуур түүний үснээс татаад сандалнаас унагахад нь харилцан үснээсээ зулгаалцаж зууралдсан гэдэг. Энэ нь гэрч З.Ганжаргалын “...пиво захиалаад сууж байтал хажуу талын ширээнд сууж байсан хар нүдний шилтэй эмэгтэй Х.Түвшинжаргалыг үсдээд сандал дээрээс нь унагаасан” гэх мэдүүлгээр нотлогддог. Х.Түвшинжаргал огцом дээшээ толгойгоо өргөхөд цохигдсон байж магадгүй гэдгээ хэлсээр байхад танхайрч, бусдад гэмтэл учруулсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Харин хохирогч З.Үжин нь согтуу байсан нь гэрч гэх түүний найз Б.Номингийн “бааранд орохоос өмнө тус бүр 2-3 пиво уусан байсан” гэх мэдүүлгийг шүүх хуралдаан дээр хэлж байснаар нотлогддог ба түүний зүй бус харьцаа хэрэг гарахад нөлөөлснийг шүүх үнэлээгүй.

Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгахад “...гэмт хэргийн улмаас бий болсон хор уршгийг бодитой үнэлэх явдал чухал” гэж тайлбарладаг төдийгүй хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэн өөр хоорондоо хэрэлдэж, зодолдсон бол танхайн гэмт хэргээр зүйлчлэхгүйг тайлбарласан байтал түүнийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Х.Түвшинжаргал нь хохирогч руу нэг ч үг хэлээгүй, бааранд би шүлсээ хаяагүй, хохирогч руу чиглэсэн үйлдэл огт хийгээгүй байхад түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг зөвшөөрөхгүй. Энэ үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол Х.Түвшинжаргалын гаргасан давж заалдах гомдолтой утга ижил байгаа. Хэрэг гарахад хохирогч нарын зүй бус үйлдлэл нөлөөлсөн. Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Хуульд заасан ялын доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн 49 хоног хоригдсон байдлыг зорчих эрхийг хязгаарлах шийтгэл рүү шилжүүлэн шийдвэрлэж өгнө үү..” гэв.

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.Түвшинжаргалын давж заалдах гомдлын тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч нарын үйлдлийг мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй бөгөөд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Х.Түвшинжаргалын танхайрсан үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийг журамлаж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн 6.8 дахь хэсэгт заасныг нийт 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал, мөн өнөөдрийн байдлаар цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуульд заасан 8 цагийн албадан ажил хийлгэх ялыг 1 хоногийн хорих ялтай дүйцүүлэн шийдвэрлэх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lazer” бааранд үйлчлүүлж байхдаа, “Х.Түвшинжаргалын нурууг илж, нүүр лүү нь алгадлаа” гэх шалтгаанаар А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нар Ч.Батболдыг газар унагаан нүүр лүү нь цохиж, толгой руу нь өшиглөн биед нь “уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, баруун шанаа хацарт цус хуралт, баруун талын завьжинд шарх” бүхий хөнгөн хохирол, А.Алтантөгс Б.Батсүрэнгийн толгой руу мөргөж, газар унагаан нүүр, толгой руу нь цохиж, өшиглөн биед “баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун сарвуунд шарх” бүхий хөнгөн хохирол тус тус учруулан эрүүл мэндэд нь санаатай халдсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Ч.Батболдын “...2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 21-22 цагийн орчим хамт ажилладаг Б.Батсүрэнгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lazer” бааранд орсон. Бүжгийн талбайд нь бүжиглэж байгаад нэг эмэгтэйг тохойгоороо шүргэчихсэн. Тэгтэл тэр эмэгтэй санаатай шүргэлээ гээд хэрүүл хийхээр нь би санамсаргүй шүргэсэн гэдгээ тайлбарлаж хэлээд эргэж хараад бүжиглэсэн. Тэгтэл тэр эмэгтэй элдвийн үгээр доромжлоод гараараа чичлээд байсан. Эргээд харсан чинь тэр эмэгтэй миний нүүр лүү гараа явуулахаар нь арагшаа гэдийсэн чинь цээж рүү цохисон. Тэгэхээр нь түүний нүүр лүү түлхээд унагаачихсан. Тэгтэл түүнтэй хамт бүжиглэж байсан залуу мөргөхийг завдсан. Би ухараад бид хоёр зууралдсан. Намайг шалан дээр унагаагаад нүүр лүү өшиглөж, толгой дээр дэвссэн. Тэр үед Б.Батсүрэн бүжиглэж байгаад ирсэн. Нөгөө залуу Б.Батсүрэнг барьж аваад зодсон. Эмэгтэй нь намайг босоход угзарч унагаагаад нүүр лүү өшиглөөд дэвсэж зодсон. Тэгээд миний хамраас цус гараад тонгойгоод суусан. Эмэгтэй, эрэгтэй хоёр нүүр лүү өшиглөөд байсан. Тэгээд цагдаа ирсэн...” /1-р хх-15-16/,

Хохирогч Б.Батсүрэнгийн “...2016 оны 10 дугаар сарын 26-ны 20 цагийн орчим хамт ажилладаг Ч.Батболдын хамт ажлаа тараад “Lazer” бааранд ороод хоёр хоёр шил пиво уусан. Бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Ч.Батболд нэг эмэгтэйг шүргэчихсэн. Тэгээд хэрүүл эхэлсэн. Ч.Батболд санамсаргүй шүргэчихлээ гэж тайлбарлаж хэлтэл тэр эмэгтэй түүнийг цохиход Ч.Батболд түүнийг зөрүүлээд мангасдаад унагаасан. Тэгэхээр нь салгах гээд очтол залуу нь үгийн зөрүүгүй мөргөөд газар унагаан нүүр, ам руу өшиглөсөн. Намайг босоход текний ойролцоо Ч.Батболдыг зодож байсан. Би салгахаар түүний нуруу руу 2 удаа цохисон. Гэтэл Ч.Батболдыг дахин унагаагаад зодсон. Тэгээд тэр залуу ширээн дээрээ очсон байснаа дахиж ирээд Ч.Батболдын нүүр лүү нь өшиглөсөн. Тэгээд түүний уруулыг сэтэлсэн байх...” /1-р хх-18-19/,

Гэрч А.Ариунжаргалын “...2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 30 минутын үед манай нөхөр Ч.Батболд над руу залгаад “хүнд зодуулчихлаа” гэсэн. Намайг очиход түүний уруулын дээд хэсэгт сэтэрч, цус гарсан, баруун шанаа нь хөхөрсөн, хүрэм нь урагдчихсан байсан. Мөн хамт ажилладаг Б.Батсүрэнгийн хамраас цус гарсан, уруулын доод хэсэгтээ язарсан, гарынх нь чигчий хуруу нь язарсан, өмд нь урагдсан байдалтай байсан. Тэдний хажууд өндөр залуу, нэг эмэгтэйн хамт аахилчихсан зодолдсон байдалтай зогсож байсан. Тухайн үед эмэгтэй нь нэлээн согтуу байдалтай, эрэгтэй нь гайгүй байсан. ...Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн зааланд тэр эмэгтэй намайг элдвээр хэлж, хэл амаар доромжлон дайрч давшлаад ...намайг үсдээд дарсан. Салгах гээд дийлэхгүй байтал жижүүрийн цагдаа салгаад гавлаад сандал дээр суулгахад орилоод хашгираад байсан. Тэр эмэгтэй миний зүүн хөмсөгний дээд хэсэгт маашиж, үс зулгаасан. Түргэний эмч ирээд манай нөхрийн уруул, Б.Батсүрэнгийн хуруунд оёдол тавьсан...” /1-р хх-64-66/,

Гэрч Ж.Цэнд-Аюушийн “...Намайг ирэхэд хоёр залуу зодуулсан байдалтай нэг нь суучихсан, нөгөө нь хэвтэж байсан. Өндөр залуу зодох гээд байхаар нь салгасан. Тухайн үед эмэгтэй нь нэг залуугийн дээр гарчихсан цохиод байсан. Тэр эмэгтэйг салгах гэхэд уурлаад над руу ундаа шидсэн. Ер нь тэднийг салгахаар дахин зодох гээд байсан. Зодуулсан залуучууд нэлээн согтолттой, хүн зодох тэнхэлгүй байсан. Маргаан юунаас болсныг мэдээгүй, тэр эмэгтэй салаавч гаргаад хэрэлдээд цохиод байсан...” /1-р хх-67-68/,

Гэрч Ш.Ганболдын “...23 цагийн орчим баарнаас зодоон болоод байна гэж дуудахаар нь ороход хоёр залууг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн зодож байхаар нь салгасан. Нөгөө хоёр эрэгтэй нь “энэ эхнэр, нөхөр хоёр бид нарыг зодчихлоо, цагдаа дуудаад өгөөч” гэсэн. Тэгж байтал зодуулсан залуугийн эхнэр нь ирээд цагдаа дуудсан. Туранхайдуу залуугийн хамраас нь цус гарчихсан, уруул нь язарсан, баруун гарынх нь хуруунаас цус гарсан байсан. Махлагдуу залуугийн дээд уруул нь сэтэрсэн, уруул, шанаа нь хавдсан байсан. Нөгөө намхан эмэгтэй, өндөр залуу хоёрын биед ил харагдах ямар нэгэн шарх харагдаагүй. Намайг дуудахаар нь ороход тэд хоёр эрэгтэйг нэг нэгээр нь шалан дээр хэвтүүлчихсэн дээр нь суучихсан цохиод байсан...” /1-р хх-69-71/,

Гэрч С.Эрдэнэчимэгийн “...Манайд үйлчлүүлж байсан хоёр залуу бүжгийн талбайд бүжиглэж байгаад талбай дээр бүжиглэж байсан намхан эмэгтэйг нэг нь шүргэчихсэн гэсэн. Гэтэл тэр залууг угзарч татаад, чичлээд алгадахаар нь зөрүүлээд алгадахад нөхөр нь гэх залуу нөгөө залууг цохиод унагаасан. Нөхөр нь тэр хоёрыг хоёуланг нь цохиод байсан. Тэгтэл эмэгтэй хоёр залуугийн нэгийг нь газар унагаачихсан дээр нь суучихсан зодоод байсан. Тэдний нэгийг нь салгахаар нөгөөх нь очоод зодоон хийгээд байсан...” /1-р хх-72-73/,

Гэрч Б.Уранчимэгийн “...Намайг ороход нэг залуугийн толгой, нүүрнээс цус гарсан байдалтай, шалан дээр нэлээн цус болчихсон сууж байсан. Хажууд нь өндөр залуу зодолдсон байдалтай, уурлаад зогсож байсан. Цаанаас нь нэг хүүхэн орилж хашгираад байсан...” /1-р хх-74-75/,

Гэрч Р.Батболдын “...Дуудлагын дагуу хаягаар очиход тус баарны доод давхарын бааранд хоёр залуу зодуулсан байдалтай цус болчихсон, хажууд нь намхан эмэгтэй, өндөр залуу хоёр зодолдсон байдалтай байсан. Тэр хоёр эхнэр, нөхөр гэсэн. Баарны ажилчид тэднийг тэнд байсан хоёр залууг зодсон гэсэн. Тэгээд тэдэнд хууль ёсны шаардлага тавихад нөхөр нь машинаас буугаад зугтаасан. Эмэгтэй нь машинд суухгүй, элдвээр хашгирч, маажих гээд дайраад байхаар нь гавлаад суулгасан...” /1-р хх-76-77/,

Гэрч Б.Батхүүгийн “...23 цагийн орчим Бэлх-113 чиглэлийн эргүүлийн офицер ахмад Р.Батболд зодоон хийсэн гэх эмэгтэйг гавлаад авчирсан. Араас нь түүний нөхөр гэх өндөр залуу орж ирсэн. Тэр эмэгтэй хэлтэс дээр орж ирээд орилж чарлаад нэг эмэгтэйг үснээс нь нь зулгаасан. Намайг очоод салгах гэхэд хөл, төмсөг рүү өшиглөсөн. Тэгээд түүнийг эрүүлжүүлэхээр саатуулах байранд хүргэсэн. Түүний нөхөр нь гэх залуу орилж хашгираад агсам тавиад байхаар нь саатуулах байрнаас машин дуудаж хүргүүлсэн...” /1-р хх-78-79/,

Гэрч П.Түдэвийн “...Зодоон болсны маргааш нь очиж хяналтын камерын бичлэгийг шалгахад 2 дугаартай камерт уг зодоон бичигдсэн байсан. Бичлэгийг устгах вий гэсэн үүднээс ухрааж байгаад өөрийн барьж байсан “Samsung noot 2” загварын гар утсанд хуулбарлан авсан...” /1-р хх-80-81/,

А.Алтантөгсийн сэжигтнээр өгсөн: “...Би эхнэрээ өмөөрч махлаг залууг нэг удаа мөргөөд түүнтэй ноцолдож байхад ар талд туранхай залуу нь эхнэр Х.Түвшинжаргалыг үсдээд дарчихсан цохиж байсан. Би эргэж хараад нүүр лүү нь цохисон чинь шалан дээр уначихсан. Тэгээд зөөгч, бармен нар ирж салгасан. Тухайн үед тэр хоёр газар уначихаад босохгүй байсан...” /1-р хх-113-114/,

Х.Түвшинжаргалын сэжигтнээр өгсөн: “...Зүс таних махлагдуу залуу нуруу руу цохисон. Тэгэхээр нь эргэж хараад “яаж байгаа юм бэ” гэхэд “чи муу янхан шүү дээ” гээд намайг цохих гэхээр нь түлхчисэн юм. Гэтэл миний нүүр лүү гараа зангидаж байгаад цохисон. Би нүүрээ дараад байж байтал манай нөхөр болиулах гээд ирсэн. Манай нөхөртэй зууралдаад байхаар нь болиулах гээд дундуур нь орсон. Тэр үед туранхай залуу нь намайг үсдээд толгой руу 2-3 удаа цохиод чирсэн. Тэгээд хүмүүс салгасан...” /1-р хх-119-120/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14814 тоот “Ч.Батболдын биед уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, баруун шанаа, хацарт цус хуралт, баруун талын завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний  өдрийн 15027 тоот “Б.Батсүрэнгийн биед баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун саруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-23/ гэх шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-55-57/ зэрэг нотлох баримтуудаар,

Х.Түвшинжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Lux” бааранд З.Үжинг үсдэж, нүүр лүү нь 2-3 удаа цохисноос түүний биед “зүүн нүдний дотор булан хэсэг, хөмсөгний дотор хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулан эрүүл мэндэд нь санаатай халдсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч З.Үжингийн “...2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилших шөнө 02 цагийн орчим “Lux” бааранд 2 найз эмэгтэйн хамт ороод 3 шил пиво захиалж уугаад бүжгийн талбайд бүжиглэж байтал хажуу талын ширээнд сууж байсан охин намайг чиглүүлээд нулимаад, шүлсээ хаяад муухай хараад нэг эмэгтэйтэй яриад байсан үйлдэл нь над руу хандаад байгаа юм шиг санагдсан. Түүний араас очоод баруун мөрөн дээр нь гараараа дохиод “хүүе чи яагаад...” гээд үргэлжлүүлж хэлэх завдалгүй намайг үсдэн зүүн хацар луу нүдний шилтэй хавсраад хоёр гурван удаа цохисон. Гэтэл нүдний шил хагараад ухархайн хэсгийг зүсээд нүүр дагаад цус урссан. Муухай хараад байсан шалтгааныг нь асуух гэж очоод зодуулсан...” /хх-150/,

Гэрч Б.Номингийн “...Намайг сууж байхад манай найз З.Үжин ирээд “урд талын охин над руу шүлсээ хаяад байна” гэсэн. Тэгээд З.Үжин нөгөө охин дээр очоод араас нь дуудаж байгаа харагдсан. Тэгтэл тэр охин эргэж хараад түүний нүүр лүү цохиж байгаа харагдсан. Тэгээд хамгаалагч дуудах гэтэл ирж байсан...” /хх-167/,

Гэрч З.Ганжаргалын “...бид хоёрын хажуу талын ширээнд сууж байсан хар нүдний шилтэй эмэгтэй манай найз Х.Түвшинжаргалыг үсдээд сандал дээрээс нь татаад унагаасан. Тэгээд хамгаалагч нар салгаад тэндээсээ цагдаагийн газар ирсэн...” /хх-181/,

Х.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би найз охинтойгоо ороод дөнгөж суугаад байж байтал З.Үжин хүрч ирээд миний нуруу руу цохисон. Би эргэж хараад “чи яаж байгаа юм бэ” гэтэл “үхсэндээ муухай хараад байгаа гичий вэ” гэхээр нь урагшаа хараад найз руугаа хэлэх гэтэл миний үснээс зулгааж доош нь дарсан. Би адилхан үсдэлцээд дээшээ болоход түүний нүднээс цус гарсан. Тэрээр нүдний шилтэй зогсож байсан. Хүмүүс ирээд биднийг салгасан...” /2-р хх-1-17/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15897 тоот “З.Үжингийн биед зүүн нүдний дотор булан хэсэг, хөмсөгний дотор хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-55/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба А.Алтантөгсөд 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх, Х.Түвшинжаргалд 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, А.Алтантөгс, Х.Түвшинжаргал  нарын хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулиар “Баривчлах ял” хэмээх ялын төрөл хасагдсан бөгөөд хуучин хуулийн (2002 оны) баривчлах ялыг уг хуулийн ямар нэг төрлийн ялаар дүйцүүлэн солих тухай эрх зүйн зохицуулалт байхгүй тул Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж зааснаар Х.Түвшинжаргалд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар 1 хоногийн баривчлах ялаас чөлөөлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Мөн 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд нь ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна.” гэж заасны дагуу Х.Түвшинжаргал, А.Алтантөгс нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээг шинэ хуульд нийцүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолд Х.Түвшинжаргалыг баривчлах ялаас чөлөөлсөн нэмэлт заалт тус тус оруулж, ялтан Х.Түвшинжаргалын “...шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах эсвэл зүйлчлэлийг өөрчлөхийг хүссэн...” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүний өмгөөлөгч Б.Болортуяа, Н.Дашдулам нарын “...Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн ял шийтгэл оногдуулахыг хүссэн...” давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр  шийтгэх тогтоолын:   

            тогтоох хэсэгт “...2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Түвшинжаргалыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

            тогтоох хэсгийн 1 дэх заалтын “А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, Х.Түвшинжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг,

            “А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд санаатай халдан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

            2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар А.Алтантөгсийг 260 цаг албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Х.Түвшинжаргалыг 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Х.Түвшинжаргалыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг,

            “2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Алтантөгсийг 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Түвшинжаргалыг 1300 нэгжээр буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 49 хоног цагдан хоригдсон хугацааг 735.000 төгрөгт тооцож, эдлэх ялаас нь хасан үлдэх 565 нэгжтэй тэнцүү хэмжээгээр торгох ял (565.000 төгрөгийн) оногдуулсугай.” гэж,

            4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар А.Алтантөгсийг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.” гэснийг,

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Түвшинжаргалыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Алтантөгсийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.” гэж өөрчлөлт оруулж, 3, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Х.Түвшинжаргалыг нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.   

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНСҮХ

 

                      ШҮҮГЧИД                                                               Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                                        Н.БАТСАЙХАН