Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ХШТ/63

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Оюунболд, хохирогч О.Б, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 264 дүгээр магадлалтай, Б.Г-д холбогдох эрүүгийн 2403002720425 дугаартай хэргийг хохирогч О.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой Б-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ээс 2,848,000 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 30,363,000 төгрөг, нийт 33,208,000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ээс 2,848,000 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 19,800,000 төгрөг, нийт 22,648,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Б-д олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч О.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А гаргасан гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр өвчний түүх болон шинжээчийн дүгнэлт хоорондоо эрс зөрүүтэй байсан тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинжилгээний байгууллагаар тогтоолгох тухай хүсэлт гаргахад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар гаргуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн... Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д зааснаар 5 дугаар зэрэглэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх ямар хууль болон журмыг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 4 дүгээр зэрэглэл рүү бууруулан тогтоосон нь тодорхой бус байна...

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай” 25 дугаар тогтоолын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд сэтгэцэд учирсан хор уршгийг өөрсдийн үнэлэмжээр зөрүүтэй тогтоож байгаа нь учир дутагдалтай байна. Иймд хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг шүүх, эсвэл шинжилгээний байгууллага тогтоох эсэхийг эцэслэн шийдвэрлэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/264 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунболд хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч Б.Г мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Анх удаа болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн. Зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Хавтас хэргийн 184 дүгээр талд авагдсан баримтын дагуу хохирогчид 14,950,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 130,800 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.

Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-т “нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох”, мөн зүйлийн 3.1.2-т “нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах” ёстой” гэж заасан байдаг. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Г-ийн хувийн байдал, эхнэр, 6 сартай хүүхдийн хамт түрээсийн байранд амьдарч, цагийн ажил хийдэг зэргийг харгалзан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг багасгаж 22,648,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

Тус шүүх хуралдаанд прокурор С.Батсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох  заалтуудыг зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад дараах хоёр нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

1.Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой байсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг тогтооход сэтгэцийн шинжилгээ хийлгэх, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шинжилгээний байгууллага шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар тус тус заасан. Хавтас хэргийн 183 дугаар талд авагдсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар нь зэрэглэл тогтоосныг танилцуулах баримт бөгөөд энэхүү маягтыг үндэслэн зэрэглэл тогтоосон гэж үзэхгүй.

2.Хохирогч О.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А-т хохирогчийн хуульд заасан эрхийг эдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүсээгүй байна. Тодруулбал, 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар талд анхан шатны шүүхэд хохирогч О.Б-ийн хууль ёсны төлөөлөгчөөр эхнэр Б.А-ыг томилуулах тухай хүсэлт авагджээ. Энэ хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлсний дараа гаргаж өгсөн ба Б.А-ыг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон шийдвэр хэрэгт байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу оролцогч гомдол, хүсэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно. Мөн хуулийн 15.4 дүгээр зүйлд зааснаар энэ тохиолдолд шийдвэр гаргахаар заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах ёстой. Энэ хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагаа нь албан ёсны байх чадвар, шинжээ алдах юм. Анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоогүй хүнийг оролцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хохирогчийн эрхийг хангах үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

 

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хохирогч О.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан билээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгчийн эрх үүрэг, үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан болно.

 

Хуулийг хэрэгжүүлж буй албан тушаалтан нь дээрх хуульд заасан эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг.

 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6077 дугаартай шинжилгээний дүгнэлтээр (1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дахь тал) хохирогч О.Б-ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоожээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо хохирогчийн өвчний түүхэнд бичигдсэн зарим гэмтлүүд шинжээчийн 6077 дугаартай дүгнэлтэд бичигдээгүй үндэслэлээр дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2123 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, хохирогчийн өвчний түүхэнд бичигдсэн гэмтлүүд авто ослын улмаас учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилжээ. (2 дугаар хавтаст хэргийн 53-55)

 

Үүний дагуу хохирогчийн биед өмнөх шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдээс гадна хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой “Баруун талын умдаг яс ацетабул дайрсан ясны хэлтэрхий бүхий бяцарсан, суудал ясны зөрүүтэй хугарал, ууцны яс урд доод хэсэгт сэлтэрсэн хугарал” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1199 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 91-94 дүгээр тал), мөн “доод үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүднүүдийн булгарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд тус тус нотлох баримтаар хэрэгт авагджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн биед учирсан гэмтлийг нэмж тогтоосон шинжээчийн 1199, 39 дугаартай дүгнэлтүүдийг шийдвэртээ огт тусгаагүй, дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтаар тооцох эсэх талаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан байна.

 

Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх тухай”  албан ёсны тайлбарын 2 дахь хэсгийн 2.6-д “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөөгүй үндэслэлээ өөрсдийн гаргасан шийдвэрт заавал заана. Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэхдээ нотлох баримтаар тооцсон болон тооцоогүй үндэслэлээ дүгнэлт, магадлагаа бүрээр  шүүх шийдвэртээ заавал тусгана.” гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

2.2. Аливаа зам тээврийн осол гарахад нөлөөлсөн бүхий л шалтгаан нөхцөл, түүний дотор замын хөдөлгөөнд оролцогч нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болохыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудад тулгуурлан хөдөлбөргүй тогтоож, осол гарахад буруутгагдаж буй этгээдийн гэм буруугийн хэр хэмжээг тогтоох нь энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримтлах нотолгооны стандарт юм.

 

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн “...явган зорчигч О.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 971 дугаартай магадлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр тал), мөн хохирогч О.Б-ийн цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2823 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал) тус тус хэрэгт авагдсан байх боловч шүүх эдгээр нотлох баримтын талаар дүгнэлт хийхгүй орхигдуулжээ.

 

Зам тээврийн осол гарахад явган зорчигчийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн эсэхийг тогтоох нь шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг оновчтой сонгож оногдуулахаас гадна Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана”, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг тогтооход харгалзан үзэх үндэслэлд хамаарах тул шүүх энэ талаар дүгнэлт хийх нь зүйтэй.

 

2.3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3-т “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг ойлгохоор хуульчилж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг шинжилгээний байгууллага хийж, дүгнэлт гаргахаар зохицуулжээ.

 

Мөрдөгч нь шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан, уг хор уршиг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу аль зэрэглэлд хамаарахыг тогтоосон дүгнэлтийг хохирогчид танилцуулж, хүлээн зөвшөөрвөл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-д гарын үсэг зуруулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргахаар хуульчилсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь хохирогч О.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулахгүйгээр, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 4 дүгээр зэрэглэлд (1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар тал) хамааруулан тогтоосныг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй, шинжилгээний байгууллагаар сэтгэцийн хор уршгийн үнэлгээ, дүгнэлт гаргуулах хүсэлтээ илэрхийлжээ.

 

Энэ талаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2123 дугаартай шүүгчийн захирамжид тусгагдсан байх боловч шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулж, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээний байгууллага дүгнэлт гаргаагүй байхад шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

2.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргахаар хуульчилсан байна.

 

Хохирогч О.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй үндэслэлээр эхнэр Б.А-ыг хууль ёсны төлөөлөгчөөр томилуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүхэд гаргажээ. Гэтэл шүүх 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Хохирогчид эрх, үүрэг танилцуулж, хууль сануулсан тухай” баримтад Б.А-аар гарын үсэг зуруулан, түүнийг шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэв.

 

3.Давж заалдах шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд доод шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэхдээ гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан магадлах үүрэгтэй билээ. Гэтэл анхан шатны шүүхийн дээр дурдсан хууль хэрэглээний алдааг илрүүлэн зөвтгөхийн оронд тухайн алдааг хэвээр үлдээснээс гадна анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй нотлох баримт болох шинжээчийн 39 дугаартай дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй тогтоол гаргасан нь 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хуулийн ноцтой зөрчилд хамаарах бөгөөд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

 

4.Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б.Г-ийг гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгахдаа түүнд гэрчийн эрх, үүргийг сануулан, холбогдсон хэргийнх нь талаар гэрчээр мэдүүлэг авсны дараа (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б.Г-ийн яллагдагчаар “...өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлсийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа...” (1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар тал) гэснээс өөр мэдүүлэг аваагүй байна.

 

Ийнхүү мөрдөгч нь гэмт хэрэгт яллагдагчаар татагдах илэрхий нөхцөл байдал тогтоогдсон Б.Г-ээс холбогдсон хэргийнх нь талаар гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ... мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан эрхээ эдлэх боломжийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Хэдийгээр уг мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй боловч  яллагдагч, шүүгдэгч холбогдсон хэргийнхээ талаар мэдүүлэг өгөх эсэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх” үндсэн эрхэд хамаарах тул цаашид Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх тухай”  албан ёсны тайлбарын 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна” гэж заасныг анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 264 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Эрүүгийн 2403002720425 дугаартай хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                Д.БАТБААТАР

                                                                       

Б.БАТЦЭРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                 Ч.ХОСБАЯР