Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 501

 

“ЧҮК” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц хариуцагч Ч.Б, Б.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “ЧҮК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Б, Б.Т нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “...Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЧҮК” ХХК-ийн “...СБД-ийн  Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ч.Б, Б.Т нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: “...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-д заасныг баримтлан эрх бүхий татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаартай актаар “ЧҮК” ХХК-д ногдуулсан 7,945,479.1 төгрөгийн торгууль, 22,768,2 төгрөгийн алданги, 47,590.9 төгрөгийн хүүний төлбөр болох нийт 8,015,838.2 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлж”

3 дахь заалтаар: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т давж заалдах гомдолдоо: “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс нэхэмжлэгчийг “...Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-д заасныг зөрчсөн..., иргэн Б.Г нь 2011 онд “ЧҮК” ХХК-ийн нэрийг ашиглан 158,636,363 төгрөгийг орлого хүлээн авсан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй, үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоо Хувь хүний орлогын албан татварын ангиллаар суутгуулах боломж байхад үүнийг хэрэгжүүлээгүй, хороо хариуцсан байцаагчид аж ахуйн нэгжээрээ төлнө гэсэн тайлбар хэлдэг, нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэж чадахгүй байсан, татвар ногдох орлого түүний хэмжээ, үнийг татварын тайланд багасгаж тусгах зэргээр хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй...” гэсэн дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, үйл баримт татварын хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал, шүүхээс “ТХС” ХХК-тай гүйцэтгэсэн гэх 158,636,363 төгрөгт ногдох ажил үйлчилгээг хэн эрхэлж, татвар ногдох орлого олсон талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй.

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, ... татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж тодорхой заасан.

“ТХС” ХХК-д хийж гүйцэтгэсэн гэх 158,636,363 төгрөгийн вакум цонх, хаалт хийх ажлыг “ЧҮК” ХХК хийгээгүй бөгөөд энэ хэмжээний орлогыг олсон зүйл огт байхгүй.

Татварын албанд анх гомдол гаргасан “ТХС” ХХК нь “БК” ХХК, “ГС” ХХК нартай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний ажил үүргээ иргэн Б.Г-тэй Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хийсэн болохыг Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00811 дугаартай тогтоолд “... “ТХС” ХХК нь “БК” ХХК, “ГС” ХХК нартай цагаан хар замаска, вакум цонх хаалга зэргийг хийж нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр хийх ажлаа нэхэмжлэгч Б.Г-ээр туслан гүйцэтгүүлсэн болох нь ... баримтуудаар тогтоогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцсэн гэж үзнэ” гэж тодорхой дүгнэж шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Иймд маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэл болсон татвар ногдох ажил үйлчилгээг иргэн Б.Г, эсхүл нэхэмжлэгч нарын аль хийсэн болохыг дахин нотлох, энэ талаар дүгнэлт хийх эрх зүйн үндэслэл байхгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар албан татвар төлөгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд тус тус албан татвар ногдуулахаар заасан.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актад заасан ажил үйлчилгээг эрхлээгүй, 158,636,363 төгрөгийн үйл ажиллагааны орлого олоогүй тул орлогод хамаарах нэмэгдсэн өртгийн албан татвар тайлагнах, татвар төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Татварын хяналт шалгалтын явцаас эхлээд иргэн Б.Г өөрийн үйл ажиллагааны талаараа тодорхой мэдүүлсэн байхад үндэслэлгүйгээр “ЧҮК” ХХК-ийн үйл ажиллагааны орлогод тооцож, татвар төлөх ёстой субъектийг буруу тогтоосон.

2. Иргэн Б.Г-ийг татвар ногдох орлого олсон гэж дүгнэсэн боловч татвар ногдох орлогыг “ЧҮК” ХХК-ийн нэрийг ашиглан авсан нь тогтоогдсон энэ үйлдэл нь татвар төлөхөөс зайлсхийх үндэслэл болж байна гэж ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж тодорхой заасан.

Иргэн болон хуулийн этгээд нь өөр өөрсдийн нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд орж, өөрийнхөө нэрийн өмнөөс тус тусдаа хариуцлага хүлээдэг бие даасан этгээдүүд.

Иймд иргэн Б.Г-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийнхээ хүрээнд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж үйл ажиллагааны орлого олсон явдал, уг орлогоосоо төлөх татварыг Хувь хүний орлогын албан татварын ангиллаар суутгуулах боломж байхад үүнийг хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийг албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэх үндэслэл огт болохгүй юм.

Татварын хяналт шалгалтыг зөвхөн “ЧҮК” ХХК-д явуулаагүй бөгөөд иргэн Б.Г, Б.Б нарын хувь хүний албан татвар төлөлтийн үйл ажиллагаанд нь мөн адил хяналт шалгалт хийж, Б.Г-д татварын акт ногдуулсан байдаг.

Маргаан бүхий актад дурдсан ажил үйлчилгээг гүйцэтгэхдээ иргэн Б.Г нь “ЧҮК” ХХК-ийн нэр, хаяг, тамга, тэмдэг улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг огт ашигласан зүйл байхгүй бөгөөд хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй.

Гэтэл шүүх хуралдааны явцад Б.Г нь хувь хүний орлогын татвараа хэрхэн төлдөг талаар асуусан асуултад хариуцагчийн зүгээс ямар ч баримт, үндэслэлгүйгээр “...2015 онд хороо хариуцсан байцаагчийг дуудаж уулзахад аж ахуйн нэгжээрээ төлнө гэсэн тайлбар хэлдэг” гэсэн хариултыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, энэ талаар нэхэмжлэгч няцаагаагүй гэсэн тайлбарыг хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэнтэй огт нийцээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж тус тус заасан.

Гэтэл шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас уг асуултыг асуусныхаа дараа нэхэмжлэгч талын хэлсэн тайлбар, няцаалтыг авалгүйгээр “ямар ч хэцүү юм дээ” гэж хэлж, улмаар энэ байдлаа нэхэмжлэгч талаас уг нөхцөлийг үгүйсгэж чадаагүй гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасантай нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

“ТХС” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хандан “...Б.Г, Б.Б нарын “ТХС” ХХК-ийн захирал С.Н-аас бэлнээр тоолж авч, ажил гүйцэтгэсэн 176,181,000 төгрөгт оногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэргийг тооцон шалгах, “ЧҮК” ХХК-ийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох татвар хураамжийг хуульд нийцүүлэн шалгаж тогтоолгох” агуулгаар гаргасан гомдлын дагуу “ЧҮК” ХХК-ийн 2011 оноос 2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, СБД-ийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ч.Б, Б.Т нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаар актаар Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.4-д заасныг болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд 317,272,727.2 төгрөгийн зөрчил илрүүлж, 15,909,172.8 төгрөгийн нөхөн татвар, 7,945,479.1 төгрөгийн торгууль, 22,768,2 төгрөгийн алданги, 47,590.9 төгрөгийн хүү, нийт 23,925,011.0 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч “ЧҮК” ХХК-ийн хувьд 2011 онд 158,636,363 төгрөгийн вакум цонх хаалт хийх ажил гүйцэтгэсэн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татварт ногдох орлогыг бууруулсан, 2011 онд 158,636,363 төгрөгийн вакум цонх хаалт хийх ажил гүйцэтгэсэн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж татвар ногдуулаагүй зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй, уг үнийн дүнг ямар баримтуудыг үндэслэн, хэрхэн тооцоолж гаргасан, хариуцагчаас уг зөрчлийг хэрхэн хянан шалгаж, үйл баримтыг тогтоосон талаар шүүхэд бүрэн нотолж чадаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Тодруулбал, “ТХС” ХХК-ийг төлөөлж захирал С.Н, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “ГРК” ХХК-тай вакум цонх, хаалга нийлүүлж, барилгад суулгах, мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “БКЭА” ХХК-тай цагаан, хар замаска, паркетан шал, блинтус, вакум цонх, хаалга зэргийг хийж, нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр хийх ажлаа “ЧҮК” ХХК-иар бус иргэн Б.Г-ээр туслан гүйцэтгүүлсэн болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00811 дугаартай тогтоолоор нотлогдож байна.

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны /-ийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “Үйл ажиллагааны орлого”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч компанийн хувьд үйл ажиллагаанаас орлого олсон байх, мөн үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ нь тогтоогдсон байх хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй тохиолдолд дээрх хуулиудын холбогдох заалтыг үндэслэж хариуцлага хүлээлгэх боломжгүй байна.

Татварын алба нь тухайн иргэн, аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа явуулж, орлого олсон эсэхийг нягтлан тодруулсны үндсэн дээр татвар ногдуулах ёстой.

Энэ тохиолдолд Б.Г нь “ТХС” ХХК-тай гэрээ байгуулж, хувь хүнээр үйл ажиллагаа явуулж байгаа гэж хариуцагчаас үзэж байгаа бол Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар акт ногдуулах нь зүйд нийцэх бөгөөд Б.Г, Б.Б хоёр нь хувь хүнээрээ тайлан өгдөггүй байсан гэх шалтгаанаар аж ахуйн нэгж дээр нь татварын акт тавих хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварыг хэрхэн тайлагнах талаар холбогдох хууль тогтоомжуудаар нарийвчлан зохицуулсан тул эдгээр нь тусдаа харилцаа юм.

Гэтэл анхан шатны шүүх “...Маргаан бүхий захиргааны акт нь тухайн үед мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий татварын улсын байцаагч нараас Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар татвар ногдох орлого, түүний тоо хэмжээ, үнийг нь ... татварын тайланд багасгаж тусгах зэргээр хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан, мөн хуулийн 74.2, 74.3-д заасны дагуу торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... иргэн Б.Г-ийн ...  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийнхээ хүрээнд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж үйл ажиллагааны орлого олсон явдал, уг орлогоосоо төлөх татварыг Хувь хүний орлогын албан татварын ангиллаар суутгуулах боломж байхад үүнийг хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийг албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэх үндэслэл огт болохгүй” гэх гомдлыг үгүйсгэх боломжгүй.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Татварын хяналт шалгалтыг зөвхөн “ЧҮК” ХХК-д явуулаагүй бөгөөд иргэн Б.Г, Б.Б нарын хувь хүний албан татвар төлөлтийн үйл ажиллагаанд нь мөн адил хяналт шалгалт хийж, Б.Г-д татварын акт ногдуулсан” гэх гомдлын тухайд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв. 

Нэгэнт маргаан бүхий 250011025 дугаар актыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах эсэхийг дүгнэх шаардлагагүй.

Харин энэхүү магадлалаар иргэн Б.Г нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэхийг хянан шалгаж, хуульд заасан арга хэмжээ авах хариуцагчийн эрхийг хязгаарлаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 17 дугаар зүлийн 17.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧҮК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СБД-ийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ч.Б, Б.Т нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧҮК” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг, мөн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА

 

                              ШҮҮГЧ                                           С.МӨНХЖАРГАЛ

 

                              ШҮҮГЧ                                           Н.ДОЛГОРСҮРЭН