| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/01199/И |
| Дугаар | 181/ШШ2016/01166 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2016/01166
|
2016 оны 11 сарын 04 өдөр |
Дугаар 181/ШШ2016/01166 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны хүсэлттэй,
Лувсмаагийн Энхтамир /РД:АО73071513/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Энхтамир нь 2013 оны 6 дугаар сарын 28-ы өдөр Хас банктай 1700002009 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 11 000 000 төгрөгийн санхүүжилтийг жилийн 25,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар авсан. Л.Энхтамир нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу түрээсийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг огт төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.
Түрээсийн гэрээ байгуулж авто машин авах үедээ Л.Энхтамир нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг,13 дугаар хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 490 тоотод оршин суудаг байсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаар гэрийн хаягаар нь удаа дараа очиход, тухайн хаяг дээр амьдардаггүй, худалдаж авсан гэх өөр айл байсан.
Л.Энхтамирын гар утсны дугаар 99226106 нь холбогдох боломжгүй байдаг. Оршин суудаг эсэхийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооноос тодруулахад Л.Энхтамир нь тус хороонд бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй гэсэн тодорхойлолт өгсөн.
Иймд Л.Энхтамирыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь төлбөр нэхэмжлэх зорилгоор Л.Энхтамирыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
Л.Энхтамир нь 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1700002009 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 11 000 000 төгрөгийг жилийн 25,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авчээ.
Гэрээнийн үүргийн гүйцэтгэлийг шаардахаар Л.Энхтамирт хандах гэхэд түүний оршин суугаа хаяг тодорхой бус болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус хорооны засаг даргын тодорхойлолт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 115.2.1, 116, 118, 133 133.1.9- дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Лувсмаагийн Энхтамир /РД:АО73071513/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Л.Энхтамирыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО