Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Л.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгч: Э.У нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.У-д холбогдох 1922002420117 тоот хэргийг 2019 оны  11 сарын 4-ний  өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд 1989.04.10-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 2-р баг Ханангийн 1-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, / РД: …........../ Ч овогт Э.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож, талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шинжлэн судлаад

                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

           1/ Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Э.У нь Дундговь аймгийн Луус сумын 2-р баг Ханангийн 1-7 тоотод оршин байх гэртээ Л.О зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

           - Хохирогч Л.О-ийн: 2019 дүгээр 9 сарын 10-ны өдөр би гэрээсээ гараад малдаа явж байгаад саахалт айлын Угийд буутал тэднийх гүүгээ уяж байсан. Би тэнд гүүг нь уялцаж үрсний мах идсэн. Тэнд их олон хүн байсан тэгээд үрсний архи уусан. Үрс тараад Угийн сумын төвд байх гэрт нь ирсэн тэнд очоод нэг шил 0,5 граммын соёрхол архи уусан би их согтсон байсан. Нэг мэдсэн чинь У намайг зодоод гар гээд хөөж байсан. Юунаас болж маргалдсан талаар би сайн мэдэхгүй байна. Би У-гийн гэрт хамт байсан Эрдэнэсүх гэж хүнтэй маргалдсан тэрнээс болоод намайг зодсон байх. Би тэндээс гараад гэрэлтэй газар бараадаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/

           - Гэрч С.У:  Үрсний найр тараад сумын төвд байдаг гэртээ ирцгээсэн. Тэгсэн О араас гэрт хүрээд ирсэн. Гэрт ирээд манай нөхөр, Э, У, Б, О нар 0,5 грамын “Соёрхол” архи нэг шилийг ууцгаасан. Архи ууж байхдаа О манай гэрт нулимж шүлсээ хаяад, хажуудаа байсан хүмүүс рүүгээ агсраад байсан. Тэгэхэд манай нөхөр О-г чи одоо боль айлд ирчихээд манайхыг хүндлэхгүй байгаа юм уу гэхэд О хэсэг чимээгүй болж байснаа Э рүү “чамайг ална шүү та нар намайг мэдэх үү” гээд Эрдэнэсүх рүү далайгаад босоод ирэхэд манай нөхөр татаж хажуудаа суулгаад боль гээд хориход О манай нөхрийг чи муу чаддаг юм бол шаачих гээд заамдсан, тэгэхэд манай нөхөр О-г 2 удаа нүүрэнд нь цохьсон. Тэр залуу оройноос хойш зүгээр байхгүй, манайд ирсэн хүмүүс рүү ална, Луусийн муу сайн банди нарыг няц дэвсэнэ гээд хашгичаад гэрт агсам тавиад байсан гэх мэдүүлэг /хх-17-18/

          - Гэрч Г.Б: Хулд сумынх гээд нэг залуу У ахын гэрт нь ирээд хүмүүс рүү агсраад хэл амаар доромжлоод байхаар нь тэнд байсан хүмүүс тарцгаасан. Тэндээс гараад У ахын сумын төвд байдаг гэрт нь ирэхэд тэнд тэр Хулд сумын О гэдэг залуу байж байсан. О манай сумын Эрдэнэсүх ахыг үгээр өдөж хоргоогоод байсан, тэгэхэд У ах Оийг “чи зүгээр бай битгий хүн зүгээр суулгахгүй бай” гэсэн. О У ахын үгийг тоолгүй Э ахыг дээрэлхээд байсан Э ах дуугүй суугаад байсан. Сүүлдээ Э ах О-ийг “би чамайг яасан юм бэ чи яагаад хүнд томроод байгаа юм бэ гэсэн” чинь О босоод Э ах руу дайрсан, У ах О-ийг татаад хажуудаа суулгаад “чи одоо боль” гээд гуйсан. О та нар муусайн намайг мэдэхгүй байна даа гээд агсраад байхаар нь У ах хоёр удаа нүүрэн тус хэсэгт нь цохисон. О-ийн хамраас нь цус гарахаар нь У бид хоёр өргөж гадаа гараад цусыг нь угаах гээд ус аваад ирэхэд О алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-19-20/

       - Гэрч О.Г:  ...Угийн сумын төвд байдаг гэрт нь ирэхэд Хулд сумын О гэж танихгүй залуу Угийнд бид нарын араас хүрээд ирсэн. Гэртээ ирээд У нэг шил 0,5 граммын Соёрхол архи гаргасан. Тэр архийг У, Б, У, манай нөхөр Э, О нар хувааж ууцгаасан. Тэгэхэд О гээд тэр залуу манай нехөр Э “чи муу цэхийсэн ногоон юм, нүүрээ будчихсан юмуу чи” гээд хэл амаар доромжлоод байсан, тэгсэн чинь У “чи одоо айлд ирчихээд хүн зүгээр суулга гэсэн чинь О “Луусын муу залуучууд чаддаг юм бол зодолдъё” гээд хашхичаад байсан. Манай нөхрийг зүгээр сууж байхад нь ахиад “чиний муу банкны захирал чинь хамаагүй шүү” гээд хэрүүл өдөөд байхаар нь У татаж хажуудаа суулгаад “чи яах гээд байгаа юм бэ чамаас зүгээр суу гэж зөндөө гуйлаа айлд ирчихээд манайхыг хүндлэхгүй байгаа юм уу” гэхэд О “чи муу чаддаг юм бол шаачих” гэхэд У О-ийг нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон. Тэгэхэд Оийн хамраас нь цус гарсан У, Б хоёр цусыг нь угаах гээд гэрээс нь аваад гарсан. Төд удалгүй тэр хоёр нөгөө залуу чинь ус аваад ирэх хооронд алга болчихсон байна гээд ороод ирсэн. Тэгээд тэр хэд О-ийг машин мотоциклтой хайж байгаад олдохгүй байна гэж ирцгээсэн гэх мэдүүлэг /хх- 23-24/

         - Гэрч Г.У: Тэр өдөр Угийнх гүүгээ бариад би Угийн унагыг хамт уялцсан. Тэгэхэд Хулд сумын О гээд цэнхэр дээлтэй хүн согтуу ирсэн. Унагаа уяж дуусаад гэрт орж үрсний мах идэцгээсэн. Тэнд О хүмүүс рүү агсам тавиад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд орой болоод хүмүүс тарцгаасан. У бид нар Угийн сумын төвд байдаг гэрт нь ирэхэд тэр О гэдэг залуу араас хүрээд ирсэн. Угийн гэрт ирээд У нэг 0,5 граммын соёрхол архи нэг шилийг гаргаад тэрийг ууцгаасан. Тэгсэн О Э рүү агсам тавиад дайраад байсан. Эрдэнэсүх юм дуугараагүй чимээгүй байсан. Тэгэхэд У Оийг татаад хажуудаа суулгаад “чи зүгээр бай хүн зүгээр суулга” гэсэн. О улам чанга хашгичаад Э-г цохих гээд босоод ирхээр нь У Оийг хоёр удаа цохисон. О-ийн хамраас нь цус гараад Бямбажаргал бид хоёр өргөөд гадаа гаргаад цусыг нь угаах гээд ус аваад ирсэн чинь алга болчихсон байсан. Бид нар гадуур явж хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хх- 25-26/

          - Шинжээчийн 2019.09.19 өдрийн 225 дугаартай: Л.О-ийн биед зүүн нүдний зовхи, дух, баруун бугалга, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн хацар, дух, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Л.О-ийн биед үүссэн зүүн нүдний зовхи, дух, баруун бугалга, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн хацар, дух, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх33-35/

         - Шинжээчийн 2019.10.07-ны өдрийн 1252 дугаартай дүгнэлт “Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч Д.Дунгаамаагийн 2019.09.19-ний өдрийн 225 дүгнэлтийн 5-р хариултын тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэнтэй санал нийлэхгүй ба зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлээс бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Л.О-ийн биед үүссэн хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл бөгөөд хэдийд үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Л.О-ийн биед үүссэн зүүн дээд хиймэл 1-р шүдний хугарал нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой Л.О-ийн биед зүүн нүдний зовхи, дух, баруун бугалга, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн хацар, дух, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтлүүд нь 2019.10.10-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-43-44/ зэрэг баримтууд хамаарна.

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

 

Хохирогч Л.О-ийн бие махбодид учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлыг тогтоолгохоор 2 удаа шинжээч томилсон байх бөгөөд хэргийн материалд нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэнд “Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч-эмч Д.Дунгаамаагийн гаргасан 2019.09.19-ний өдрийн 225 дүгнэлтийн 5-р хариултын тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэнтэй санал нийлэхгүй ба зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлээс бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Л.Оийн биед үүссэн хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл бөгөөд хэдийд үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Л.Оийн биед үүссэн зүүн дээд хиймэл 1-р шүдний хугарал нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой Л.Оийн биед зүүн нүдний зовхи, дух, баруун бугалга, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн хацар, дух, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтлүүд нь 2019.10.10-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.

Хохирогч Л.О тухайн дүгнэлтийн “Л.Оийн биед үүссэн хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл” гэснийг хүлээн зөвшөөрөөгүй мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасны дагуу шалгаж үзэхэд уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гаргасан, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан “гэмтлийн зэрэг тогтоох журам”-д заасан шинжилгээ хийхэд баримталвал зохих зарчмын дагуу гаргасан дүгнэлт байна.

Тодруулбал: тухайн журмын 1.9.1-д “шинжлүүлэгч нь өмнө гэмтсэн, эсхүл ямар нэг өвчтэй байсан зэргийг харгалзахгүйгээр зөвхөн тухайн үед гэмтлийн улмаас үүссэн эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох”, 1.9.3-т шинжлүүлэгчийн биед илэрсэн хэд хэдэн гэмтлийг өөр өөр цаг хугацаанд үүссэн гэж үзвэл гэмтэл тус бүрт үүссэн хугацаа, үүсгэсэн хүчин зүйл болон эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” зарчмын дагуу гаргасан, анагаах ухаан, шүүх эмнэлгийн шинжлэх ухааны тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч хуульд заасан шаардлагыг хангаж гаргасан байх тул шүүх уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцсон болно. Уг дүгнэлтээр хохирогч Л.Оийн биед үүссэн “хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал” гэх гэмтэл нь хуучин гэмтэл гэдэг нь тогтоогдсон бөгөөд Э.Угийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 9 сарын 10-ны өдрийн орой Дундговь аймгийн Луус сумын 2-р баг Ханангийн 1-7 тоотод оршин байх гэртээ согтууруулах удаа хэтрүүлэн хэрэглэсэн Л.Оийн агсамнан согтуурсан үйлдэлд дургүйцэж, нүүрэн тус хэсэгт нь цохиж “зүүн нүдний зовхи, дух, баруун бугалга, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн хацар, дух, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд хиймэл 1-р шүдний хугарал” гэмтэл учруулсан болох нь хохирогч Л.Оийн мэдүүлэг /хх 9-10/, гэрч С.Уранбайгаль, Г.Бямбажаргал, О.Ганцэцэг, Г.Ууган-Эрдэнэ нарын мэдүүлэг /хх-17-20, 23-26 /, шинжээчийн 1252 дугаартай дүгнэлт /хх-43-44/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Угийн энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Л.О нь шүүх хуралдаанд үзлэг шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн, хот хооронд ирж очсон зардалд  болон үүдэн шүд сэргээн эмчлүүлэх зардалд нийт 3 сая төгрөгийг шүүгдэгч Э.Угээс нэхэмжилнэ гэж мэдүүллээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заасан байна.

 Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд  учирсан гэм хорыг шүүгдэгч Э.У хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Л.О нь  өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг Э.Угээс шаардах эрхтэй байна.

Хохирогчоос нийт 895177 төгрөгийн баримт гаргаж өгснийг хэргийн 78-101 дүгээр хуудсанд хавсаргасныг шалгаж үзэхэд хүний өдөр тутмын хэрэглээний зүйл үүнээс: гоо сайхны бараа, хүнс согтууруулах ундааны төлбөр, утасны нэгж худалдан авсан зардал, зарим баримт нь бүдэг, бичилт нь тодорхойгүй, Э.Уд зодуулснаас өмнөх цаг хугацаанд гарсан зардал, мөн Э.Уд зодуулсантай холбоогүй гарсан эм тарианы зардлын баримт зэрэг шалтгаанаар хэргийн 80-83, 86, 89, 90-92, 94, 95, 97, 101 дүгээр хуудсан дахь нийт 439515 төгрөгийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд хамаарахгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 455662 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Хохирогчийн зүүн дээд хиймэл үүдэн шүдийг сэргээхэд 300-н мянгаас 400-н мянган төгрөг шаардлагатай гэх боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй тул холбогдох зардлыг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

3/ Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.У нь2016 оны 7 сарын 19-ний өдөр Эрүүгийн  хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-62-68/ баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.У нь хөнгөн гэмт хэрэгт торгох ял шийтгүүлснээс хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялгүй болсон байна.

Гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан /агсамнан согтуурч, шалтгаангүйгээр бусдыг өдөөн хоргоосон, хэрүүл маргаан үүсгэсэн, айлын гэрт нус цэрээ хаясан г.м/ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эдгээр нөхцөл байдал болон ялгүй болсон, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.Уд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Ч овогт Э.У-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч овогт Э.У-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Шүүгдэгч Э.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ч овогт Э.У-ээс 455662 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 439515 /дөрвөн зуун гучин есөн мянга таван зуун арван таван/ төгрөг гаргуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.О нь зүүн дээд 1-р шүдийг эмчлүүлэх, нөхөн сэргээхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Угээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Уд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хохирогч Л.О-ийн амбулаторын картнаас 11 сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл бүхий хуудсыг хуулбарлан хэрэгт үлдээж, хохирогч Л.О-т картыг буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах О.Янжиндуламд даалгасугай.

   

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ