Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

Шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1922002320116 тоот  хэргийг  2019 оны 11 сарын 14-ний  өдөр хүлээн  авч  хэлэлцэв. 

 

            Мэнгэт овгийн Б-ийн М

 

Шүүгдэгч Б.М  нь 2019 оны 8 сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг, ‘’Хөх хошууны бууц’’ гэх газарт .......... УНЛ улсын дугаартай ‘’Rimion’’ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Э.Ө-ын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт: ‘’Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөрийг бүгдийг өгсөн, хохирогч өөр юм нэхэмжлээгүй. Тухайн үед Ө, Ц хамт Гурвансайхан сумын ‘’Хүрэн дэл’’ гэх газар оччихоод буцаад явж байгаад орой 23 цагийн Ө  миний нойр хүрээд байна, чи машин барьчих гэхээр нь машиныг нь бариад явсан. Тэгэхэд үзэгдэх орчин муу, харанхуй шөнө байсан болохоор гэнэт жалга руу ороод явчихсан. Би хохирогчид хувийнхаа зүгээс эмнэлэгийн зардал, эргэлтийн явцад юм өгсөн. Нийт 300 гаран мянган төгрөгийн хохирол барагдуулсан. Энэ талаар баримт байхгүй. Э.Ө нь манай дарга байгаа юм гэв.

2. Хохирогч Э.Ө-ын “...Би 2019 оны 8 сарын 31-ний өдөр хамт ажилладаг М, Ц  нарын хамт өөрийн ........... УНЛ улсын дугаартай ‘’Rimion’’ маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Гурвансайхан сумын ‘’Хүрэн дэл’’ гэх газраас Дундговь аймгийн төв орох гээд явж байсан чинь миний нойр хүрээд Гурвансайхан сумын төв өнгөрөөд М-ыг машин бариад явчих, миний нойр хүрээд байна гээд М-аар машинаа бариулаад, би арын суудалд хөндлөн хэвтээд унтаад явж байтал гэнэт дээш үсрээд урд суудлын дэр хэсгийг цохьчих шиг болсон. Тэгээд машинаас буугаад харсан чинь үерийн уснаас үүссэн жалга руу орчихсон байсан. Тэгээд би С  рүү залгаад хүрз аваад ир гэсэн чинь С хүрз авч ирээд бид хэд машинаа, машинаар чирээд гаргасан. Тэгээд шууд аймгийн эмнэлэгт ирсэн. Эмнэлэг цагдаа дуудсан. 2019 оны 9 сарын 1-ний шөнө эмнэлэгт очоод эмчид үзүүлээд шууд дэлүү урагдалтай байна гээд дэлүүний хагалгаанд орсон. Тэрнээс хойш эмнэлэгт хэвтээд 2019 оны 9 сарын 9-ний өдөр эмнэлгээс гарсан. Одоо миний бие гайгүй байгаа. Урд, хойд гүпер бага зэрэг эвдрэлтэй байсан. Явах эд ангид ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Жалга руу ороход зүүн урд дугуй жоохон хойшоо болчихсон байсан. Тухайн үед запас дугуй хийгээд аймгийн төвд ирсэн юм. Бид хэд тухайн үед осол гэж бодоогүй, зүгээр эмнэлэгт үзүүлсэн нь дээр байх гээд эмнэлэгт ирсэн. Тэр нь зөв болсон байна лээ. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-22/

3. Гэрч Б.Ц-ийн: “...2019 оны 8 сарын 31-ний өдөр би хамт ажилладаг Ө, М  нарын хамт Гурвансайхан сумын Хүрэн дэл гэх газарт П гэх хүнтэй уулзах гээд очсон. П гэх хүнд Экскаватор зараад мөнгийг нь авах гээд очсон чинь мөнгө байхгүй байна гэхээр нь буцааж авахаар болоод, буцаад аймгийн төв рүү хөдөлсөн. Ө машинаа бариад явж байсан. Гурвансайхан сумаас өнгөрөөд зогссон. Тэгээд Ө  М-ыг ахын дүү машин барьчих, ахынх нь нойр хүрээд байна гэсэн. Тэгээд М  гадаа зогсож байсан чинь Ө ард суудалд ороод суучихсан. Тэгээд М машин бариад аймгийн төв рүү явсан. Би унтаж байгаад сэрээд зам хараад явж байсан чинь урд гэнэт зам дээр жалга гараад ирсэн. Тухайн үед 10 цаг 30 минут болж байсан. Тэгээд тормос гишгээд жалга руу орчихсон. Зогссоны дараа зүүн гар, тохой хэсгээрээ өвдөөд байсан. Ө хэвлий хэсгээр өвдөөд байна гэж байсан. Машинаас буугаад харсан чинь машин урд хэсгээрээ жалганд орчихсон байсан. Тэгээд Ө манай нөхөр С-г хүрз аваад хүрээд ир гэсэн, манай нөхрийг хүмүүс Авид гэж дууддаг. Манай нөхөр хүрз авч ирээд бид хэд шороог нь суллаад машинаар татаж гаргасан. Тэгээд бид хэд эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэг цагдаа дуудсан. Нээх аймар осол гараагүй, урд хэсгээрээ орсон болохоор цагдаа дуудах ёстой гэж бодоогүй, бид хэдийн биед ил харагдах гэмтэл байгаагүй. Тийм их хурдан яваагүй, 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Замаар явж байхад ямар нэгэн нүх, жалга байгаа нь харагдахгүй байсан. Гэнэт л жалга гараад ирсэн. Би хамгаалах бүсээ зүүгээгүй байснаас болж гараа гэмтээлээ, Ө  бүсээ зүүгээгүй, М-ыг зүүсэн, үгүйг мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-23/

  4. Гэрч Ц.С-ийн:  “...Би Улаанбаатар хотоос 22 цагийн үед Дундговь аймгийн төвд гэртээ байж байтал Ө над руу залгаад хүрз аваад ир, жалга руу орчихлоо аймгаас зүүн урд байна гэсэн. Тэгээд би зүүн урагш гараад явж байтал Ө-ын машин жалга руу урд дугуй нь орчихсон байсан. Тэгээд жалганы ирмэгийг нь бид хэд нураагаад машиныг татаж гаргачихаад Ө, Ц  хоёрыг би машиндаа суулгаад аймаг руу ирсэн. М  Ө-ын машиныг унаад ирсэн. Аймаг дээр ирээд эмнэлэгт Ө , Ц , М  гурав үзүүлсэн. Ө  цээжрүүгээ жаахан хатгаад байна гэж байсан. Ц тохой эвгүй болчихлоо гэж байсан. М зүгээр байна гэж байсан. Тухайн үед жалганд орчихсон болохоос машин тэрэг нээх эвдрэл гэмтэл байхгүй, хүмүүс бэртэж гэмтээгүй байсан болохоор цагдаад мэдэгдээгүй юм...” гэх мэдүүлэг  /хх-27/

5. Гэрч С.Х-ийн: ‘’....Манай хүү М айлын бага хүү. Манайх мал маллаж амьдардаг болохоор багаасаа хөдөө байсан. Машин техникт сонирхолтой болохоор санаа нийлэх хүмүүстэйгээ нийлж ажил хийж гэр бүл, эцэг, эхээ тэжээж байгаа хүн байгаа юм. Хүү маань 1 хүү, 1 охинтой, одоо эхнэр нь жирэмсэн, төрөх дөхөж байгаа. Ажилд сайн, архи дарс хэрэглэдэггүй, хамт олныхоо дунд нэр хүндтэй сайн хүүхэд байгаа юм...’’ гэх мэдүүлэг /хх-28-29/

6. Гэрч Б.М-ын: ‘’....Бид хоёр 2010 онд гэр бүл болоод амьдарсан. Одоо ам бүл 4, Хулд суманд амьдардаг. Нөхөр маань том машин барьж уурхайд ажиллаж, гэр бүлээ тэжээдэг. Нөхөр маань зан сайтай, төлөв даруу, шулуун шудрага, олон хүмүүстэй харилцаа сайтай, нийтэч, архи дарс хэрэглээд байдаггүй, сайн эцэг, сайн хань..’’ гэх мэдүүлэг /хх-30-31/

7. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 сарын 5-ны өдрийн 218 дугаартай дүгнэлтэд: “1.Э.Ө-ын биед дэлүүний урагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, хэвлийд мэс заслын шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Дэлүүний урагдсан шарх нь хэрэг явдал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.Амь насанд аюултай шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4. Ерөнхий  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 56.6-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 30 хувь” гэжээ.  /хх-39-40/

8. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 сарын 2-ны өдрийн 213 дугаартай дүгнэлтэд: “1. Б.М-ны биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ.  /хх-44-45/

9. Замын цагдаагийн тасгийн 2019 оны 9 сарын 4-ний өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ‘’1.’’Rimion’’ маркийн ........ УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 2.Хэргийн газрын үзлэг болон схем зурагнаас үзэхэд хурд тогтоох боломжгүй байна. 3. ‘’Rimion’’ маркийн ........... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуйн үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан байна ‘’ гэжээ. /хх-49/

10. ‘’Ашид билгүүн’’ ХХК-ий 2019 оны 9 сарын 11-ний өдрийн 152 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: ‘’Эвдэрсэн эд анги, зардал: Буфер /урд/ 20000 төгрөг, крыло /зүүн урд/ 48000 төгрөг, Хормой /зүүн/ 20000 төгрөг, будах зардал 130000 төгрөг,  шууд бус зардлын дүн 40000 төгрөг, нийт 258000 төгрөг’’ гэжээ. /хх53-54/

11. Дундговь аймгийн  шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 сарын 11-ний өдрийн 4909 дугаар шинжээчийн дүгнэлтэд: ‘’Шинжилгээнд ирүүлсэн Б.М, 27 настай гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн цусны хэмжээ нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байсан тул шинжилгээ хийх боломжгүй байв’’ гэжээ. /хх-59-60/

12. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хохирогч Э.Ө-ын өвчний түүх /хх-87-102/

13. 2019 оны 9 сарын 1-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5/

14. 2019 оны 9 сарын 1-ний өдрийн Замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-6-8/

15. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-13-15/

16.  2019 оны 10 сарын 24-ний өдрийн Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлд: ‘’Б.М-ны гэсэн №781517 дугаартай ‘’B, C, E, M’’ ангиллын жолооны үнэмлэхийг хураан авав’’ гэжээ /хх-17/

17. 2019 оны 9 сарын 16-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: ‘’Rumion’’ /NZE1511037215/ маркийн ....... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Э.Ө-т хүлээн өгч, тэмдэглэл үйлдэв’’ гэжээ.

18. Хэрэгт  цугларсан  бусад  баримтууд болон хураан авсан №781517 дугаартай жолооны үнэмлэхийг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2019 оны 8 сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг, ‘’Хөх хошууны бууц’’ гэх газарт ...... УНЛ улсын дугаартай ‘’Rimion’’ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Э.Ө-ын биед хүнд  хохирол учруулсан болох нь  тогтоогдож байна.

Уг осол гарахад тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан ‘’...харанхуйн үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...’’ гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь хэргийн 39-40, 49-рт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

  Дээрхи баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-д холбогдуулан Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч Б.М нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  болох ба эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.М нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  хорих  ялыг шүүгдэгч Б.М-д оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан байх тул шүүгдэгч Б.М-д 1 жилийн хугацаагаар тээврийн  хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэхүү ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах үүргийг хүлээлгэх дүгнэлтийг гаргаж байх боловч хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.М-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг  хүлээлгэх шаардлагагүй байна.

 

Харин шүүгдэгч Б.М-д тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Э.Ө  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч түүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон тул  хохирогч  нь цаашид гарах эмчилгээний талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М-аас нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.

Хэрэгт хураан авсан шүүгдэгч Б.М-ны ‘’B, E, C, M’’ ангиллын №781517 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзээд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Мэнгэт овгийн Б-ийн М-ныг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.М-д тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ө нь өөрт учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураан авсан шүүгдэгч Мэнгэт овгийн Б-ийн М-ны B, E, C, M ангиллын №781517 дугаартай жолооны үнэмлэхийг, гүйцэтгэх хуудасны хамт Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд даалгасугай. 

         7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                      Г.МӨНХБАТ