| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2019/0100/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ө-д холбогдох эрүүгийн 1922002810128 тоот хэргийг 2019 оны 11 сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Хашаат овгийн Г-ийн Ө
Шүүгдэгч Г.Ө нь 2019 оны 10 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: ‘’Тэр өдөр С , Э , бид гурав 2 шил архи хувааж уусан. Найз охинтойгоо муудаад архи уусан байсан. Тэгэхэд Б-лын өрөөнд орсон байсан юм билээ. Тэгээд Б-ыг гэрт орж ирэхэд нь 2 цохисон, өөр юм болоогүй. Юунаас болж Б-ыг цохих болсноо сайн санахгүй байна. Болсон явдлыг сайн санахгүй байгаа, архи хэрэглээд байдаггүй. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Хохирогчид 500000 төгрөг өгсөн. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Урьд өмнө Б-тай муудаж байгаагүй.’’ гэв.
2. Хохирогч Э.Б-ын: ‘’...Би 2019 оны 10 сарын 17-ны шөнө хамт ажилладаг Б.С, Б.М нартай байрандаа амарч байтал шөнө 00 цагийн үед манай хаалгыг хүн тогшоод байхаар нь босоод хаалга тайлж өгсөн. Тэгэхэд манай салааны харуул Г.Ө согтуу зогсож байсан. Тэгээд манай гэрт Г.Ө орж ирээд араас нь Н.Э , Н.С нар хамт орж ирсэн. Тэгээд Ө надад хандаж хоёулаа гараад уулзая гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд Г.Ө-тай хамт байрнаас гарахад Н.Э , Н.С нар мөн араас гарч ирж байрны коридорт үлдээд Г.Ө бид хоёр байрнаас гарах гэхэд Г.Ө надад хандаж чи томроод байгаа юм уу гээд гараараа миний зүүн шанаанд нэг удаа цохисон. Тэгэхэд хажууд байсан Н.Э хориод биднийг салгасан. Тэгээд мөн Г.Ө надад хандаж хоёулаа гараад уулзая гэхээр нь би мөн л араас нь дагаж гараад байрны хаалганаас 10 орчим метр зайд байрны буланд очиход Г.Ө надад хандаж, нутаг нуга гэж ярьж байхад надтай хамт амьдардаг Б.С бид хоёр дээр хүрч ирээд юу болоод, яагаад байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би янз бүрийн асуудал болоогүй, зүгээрээ, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхэд Б.С буцаад Н.Э , Н.С нар дээр хүрч очоод Г.Ө-ын амьдардаг байр луу ороход Г.Ө бид хоёр бас араас нь дагаж орсон. Тэнд ороход Г.Ө , Н.С, Н.Э нарын урьд ууж байсан бололтой тал шил архи гаргаж тойруулж өгсөн. Тэр архинаас би уугаагүй. Тэгэхэд Г.Ө мөн л надад хандаж яагаад намайг ажлын байран дээр илүү үзээд байдаг юм бэ гээд уурлаад намайг орон дээр сууж байхад миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс Г.Ө-ыг надаас холдуулж салгасан. Тэгээд өөр зүйл болоогүй. Миний биед Г.Ө-аас өөр хүн халдаагүй. Би Г.Ө-ын биед халдаагүй. Би тухайн үед эрүүл байсан. Харин Г.Ө архи уусан согтуу байсан. Бидний дунд өр авлага, өс хонзонгийн шинжтэй асуудал байхгүй. Миний хамар мурийсан, толгой тухайн үед өвдөж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Эмчилгээнээс гарах зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Г.Ө миний эмчилгээний зардалд одоогоор 450000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-6-7/
3. Гэрч Н.Э-ын: “...Би 2019 оны 10 сарын 17-ны орой өөрийнхөө байранд хөзөр тоглож байгаад 22 цагийн үед хажуу айлын Г.Ө-ын амьдардаг өрөөнд орсон юм. Тэгэхэд Г.Ө надад найз охинтойгоо хэрэлдээд сэтгэл жаахан тавгүй байна гэх зүйлийн юм яриад надад нэг шил 0.75 литерийн Соёрхол нэртэй архи гаргаж өгсөн. Тэгж байтал гаднаас Н.С ганцаараа орж ирсэн. Тэгээд тэр архийг бид 3 хувааж уугаад шөнө 00 цагийн үед ууж дуусгасан. Тэгтэл С надад нэг шил архи байгаа гээд бас нэг шил архийг гуравуулаа уугаад, Г.Ө гараад хажуу хаалганд амьдардаг С-той уулзая, сэтгэл санаагаа хуваалцая гэж хэлээд хаалгыг нь тогшсон. Тэгтэл хаалгыг С-той хамт амьдардаг Э.Б тайлж өгсөн. Тэдний өрөөнд ороод Б.С, Э.Б нартай уулзаж , юм ярьж байгаад бид хамтдаа гарцгаасан. Тэгээд Г.Ө, Э.Б нар байрны гадаа уулзана гээд Н.С, Б.С бид гурав мөн кордиорт хүлээж байх зуураа тамхи татчихаад Г.Ө-ын гэр лүү орцгоосон. Араас Г.Ө, Э.Б нар орж ирсэн. Тэгээд бид нар үлдээсэн хагас архиа ууж дуусахад Г.Ө босоод Э.Б-ын хамранд нь гараараа нэг удаа цохисон. Яг ямар шалтгаанаар цохих болсныг мэдэхгүй байна. Тэгэхэд Э.Б ёоё хамар гээд хамраа дараад босоод ирэхэд нь би Э.Б-ын хамрыг барьж үзсэн. Тэгээд өөр зүйл болоогүй. Э.Б-ын биед Г.Ө-аас өөр хүн халдаагүй. Тухайн үед Э.Б огт уугаагүй эрүүл байсан, бусад нь согтуу байсан....” гэх мэдүүлэг /хх-10-11/
4. Гэрч Н.С-ын: ‘’Би 2019 оны 10 сарын 17-ны орой өөрийнхөө байранд 23 цаг өнгөрч байх үед ганцаараа ирэхэд манай байранд Ө , Э нар нэг шил 0.75 архи уугаад сууж байсан. Тэгээд архи дуусахад нь би өөртөө байсан нэг шил 0.5 литерийн архи гаргаж ирээд тэр архинаас бид гурав хувааж уусан. Г.Ө хажуу хаалганд амьдардаг С-той уулзая сэтгэл санаагаа хуваалцая гэж хэлээд хаалгыг нь тогшсон. ....Г.Ө, Э.Б нар байрны гадаа уулзана гээд гарсан. ...Тэгээд бид нар үлдээсэн архиа уугаад би амрах гээд орон дээр хэвтэж байтал Г.Ө, Э.Б-ын нүүрэн нь гараараа цохисон байх. Тэгэхэд Э.Б ёоё цохичихлоо, хамар гээд хамраа дараад босоод ирэхээр нь би босч очиход Э.Б-ын хамрыг цохичихсон байсан. Өөр зүйл болоогүй’’ гэх мэдүүлэг /хх-12-13/
5. Гэрч Б.С-ын ‘’…Хамт ажилладаг салаан захирагч нартай байрандаа амрах гээд хэвтэцгээж байтал шөнө 00 цагийн үед манай байрны хаалгыг хүн тогшоод байхаар нь надтай хамт амьдардаг Э.Б босоод хаалгыг тайлж өгсөн. Тэгэхэд манай ажлын Г.Ө нэлээд согтуу орж ирээд Э.Б-д хандаж хоёулаа гарч уулзая гээд Э.Б-ыг гэрээс аваад гарахад нь зөрөөд мөн манай ажлын Н.Э, Н.С нар мөн халамцуу орж ирээд амарцгааж байгаа юм байна гээд эргээд гараад явсан. Тэгэхээр нь би яаж яваа юм бол гэж бодоод босч хувцасаа өмсөөд гэрээс гарахад байрны үүдэнд Н.Э , Н.С нар тамхи татаад зогсож байсан. Би байрны гадаа зогсож байсан Г.Б , Г.Ө нар дээр очоод та нар юу болоод байна, гайгүй биз дээ гэж асуусан, тэгэхэд Г.Ө зүгээрээ бид нар нэг нутгийнхан уулзаж ярих юм байсан юм гэж хэлсэн. Тэгэхэд тэр хоёрын хооронд ямар нэгэн маргалдаж, муудалцсан зүйл болоогүй байсан. Тэгээд би эргээд Н.Э , Н.С нар дээр очиход манайд оръё гэхээр нь дагаад орсон. Тэгээд Н.Э, Н.С, Г.Ө нарын ууж байсан бололтой 0.5 литрийн тал шил архи байсныг Н.С бид нарт хундганд хийж өгсөн. Тэгээд ууж байсан архи дуусахад Г.Ө сууж байснаа босоод гэнэт Э.Б-ын нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд бид нар Г.Ө-ыг холдуулж салгасан. Тэгээд өөр зүйл болоогүй. Э.Б Г.Ө-ын биед халдаагүй, Э.Б эрүүл, Г.Ө согтуу байсан. Э.Б-ын хамар хавдсан байсан. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл, бэртэл учраагүй байсан’’ гэх мэдүүлэг /хх-16-17/
6.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 273 дугаартай: ‘’Э.Б-ын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хамар ясны хугарал, зовхинд цус хуралт , зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Хиймэл эд эрхтэн тогтоогдсонгүй. 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-19-20/
7. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Г.Ө нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Б-ын нүүрэн тус газар цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ө-хын хохирогч Э.Б-ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ө-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Ө-д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Г.Ө хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Э.Б шаардах эрхтэй байна.
Хохирогч Э.Б нь шүүгдэгч Г.Ө-аас 500000 төгрөгийг хүлээн авсан, одоо 2450000 төгрөг нэхэмжилнэ гэсэн тайлбарыг гаргасан боловч 2450000 төгрөгийн ямар хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаархи нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүхээс иргэний нэхэмжлэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй, өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч Э.Б нь шүүхээс хэлэлцээгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хашаат овгийн Г-ийн Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хашаат овгийн Г-ийн Ө-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 500000 /таван зуун мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Э.Б-ын нэхэмжлэлээс 2450000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ө-аас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ